Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Аагим цагийн сэрүүн сонголт

Зуны халуун нар төөнөж, хувцасгүй шахам алхчихмаар байна уу? Халуунд нозоорсон бие тань нимгэн майк, богино өмд, банзал, сэрүү татуулам даашинз хүсэж л байгаа байх. Тэгвэл эл хүслийг тань биелүүлэхээр 2010 оны зуны загварын шоунуудыг сонирхон үзэж, загвар зохион бүтээгч нарын шинэ шийдлийг хараад доорх хувилбаруудыг санал болгож байна.


БАНЗАЛТАЙ АНДУУРАМ БОГИНО ӨМД
Банзалтай андуурам богино өмдийг загвар зохион бүтээгчид зөвлөж байна. Армийн гэмээр хэв маяг энэ онд загварын ертөнцөд хүч түрэн орж ирж байгаа учраас хүрэмний мөр шовх дөрвөлжин эсвэл өндөрлөгөөтэй болж өөрчлөгдсөн. Үүнийг даган богино өмд ч бас цэрэг хэв маягаар төрхөө өөрчлөн калпитай болсон. ийм загварын богино өмдийг банзалтай хослуулсан нь эмэгтэйлэг шинжийг тодруулах гэсэн загвар зохион бүтээгчийн санаа юм. Мөн богино өмдний бүсэлхийн орчим даавуугаар өндөрлөгөө хийх болжээ. Энэ нь зуны улиралд хөлс шингээж, зузаан оёдолтой эмжээрт бие үрэгдэхээс сэргийлдэг аж.


САЛХИНД ДЭРВЭХ “САВААГҮЙ” ХОРМОЙ
Охид дэрвэгэр хормойтой урт банзлыг хэдэн жилийн өмнөөс сонгон зуны гоёлынхоо нэг хэсэг болгожээ. Харин энэ жил шулуун хормойтой намирсан урт даашинз түүнтэй байр булаалдан хувцасны шүүгээнд нэмэгдэх бололтой. АНУ-ын загвар зохион бүтээгч Эн Тэйлор 2010 оны зуны загварын багцдаа ийм төрлийн даашинзыг түлхүү оруулжээ. Байгалийн элдэв зураглал, хээ хуараар “гоёх” нь дээрх даашинзны онцлог. Хааяахан салхинд дэрвэж, халуунд нозоорсон биеийг сэрүүцүүлэх шидтэй “саваагүй хормойт”-оос нэгийг сонгоход илүүдэхгүй шүү.


“NOMADS” БУЮУ НҮҮДЭЛЧИН ХЭВ МАЯГ
Шинэ зууны бүсгүйчүүд биедээ аль болох эвтэйхэн байх чөлөөт загвартай хувцсыг зуны улиралд сонгох болжээ. Өсгийгүй шаахай, энгийн хийцтэй даашинз, банзал, аялагчийнх шиг богино өмд, цамц бол энэ хэв маягийн төлөөлөл юм. Тиймээс том саравчтай сийрсэн малгай, тод өнгийн өргөн хүрээтэй нүдний шил, чулуун ээмэг, далайн гаралтай ясан чимэглэл, тааран цүнхийг хувцсандаа тохируулан сонгох боломжтой.
Загвар зохион бүтээгчид “Эдийн засаг доройтох бүрт эмэгтэйчүүдийн банзлын хормой урт болдог” гэсэн дүгнэлт хийсэн байдаг. Дэлхийн I, II дайны дараа ч энэ үзэгдэл давтагдаж байсан гэдэг. Харин өнгөрсөн жилүүдийн санхүүгийн хямралын дараа урт хормойтой даашинз моодонд орж буй нь санамсаргүй хэрэг биш бололтой.

Ж.СОЛОНГО

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.