Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Эртний Римийн Луперкиас “Гэгээн Валентин”-ний түүх эхэлдэг

Цаг хугацаа усны давалгаа мэт биднийг элээж оддог уу, эсвэл биднийг тойрон байдаг уу… Хайр гэж чухам юу вэ? Бид дурлахаараа эгээ л хүүхэд мэт хөөрч, аз жаргалаар умбадаг ч, цагаа олоогүй хайр нандин бүхнийг хаяж явах хүчтэй гэж үү… Цаг хугацаа алсрахад хайр хөрдөг үү…Анхны хайр сэтгэлийн тээр тэнд нуугдчихаад бодох төдийд л хамгийн гэгээн аялгуу эгшилүүлэн зүрхний гүнд мөнхөд оршдог билээ.

“Хайр” гэсэн ганц л үг хүний сэтгэлд үгээр илэрхийлж, үзгээр сийлэмгүй аз жаргал, догдлолыг бэлэглэдэг. Гэхдээ энэ хамгийн эгэл хэрнээ энэ дэлхийн хамгийн хүчтэй ч байж болох зүйлийг хүмүүс бид тийм гээд тодорхойлж чаддаггүй.

Магадгүй таахын аргагүй байсандаа өнөөдрийг хүртэл мөнх байдаг биз. Хэрвээ хайрыг таадаг байсан бол, ямар нэгэн гаргалгаа байсан бол өнөөдөр хүн төрөлхтөн ойлгочихно шүү дээ. Шекспир, Гомероос эхлээд суутнууд хүртэл хайрын тухай олон гаргалгаа хийж,түүний тухай дуу, роман,яруу найраг хэдэн мянгаараа бий. Гэвч өнөөг хүртэл нууц хэвээр байж, тийм гэхийн аргагүй догдлолыг төрүүлдэг.

 Хайрын хамгийн гэгээн илэрхийлэл, түүний бэлэг тэмдэг болсон баяр бол “Гэгээг валентин ”.

Эртний Римийн Луперкиас гэгээн валентины баярын түүх эхэлдэг. Луперкали бол  “тэчъяадсан” хайрын бурхан Juno Februata  болон жил бүрийн хоёрдугаар сарын 15-нд тэмдэглэдэг байсан мал сүргийн бурхан Фавнагийн хүндэтгэлд зориулсан эротик наадам юм. Луперк гэдэг нь Фавна бурхны нэг нэр нь билээ.

Эртний Римд хүүхдийн эндэл асар өндөр байжээ. МЭӨ 276 онд гэдсэн дотроо нярай үхэх буюу зулбах “тахлын” улмаас Рим  арай л сөнөчихөөгүй байна. Мэргэч, төлөгчид төрөлтийг нэмэгдүүлэхийн тулд эмэгтэй хүнийг золигт гарган шийтгэж арьсаар нь зан үйл хийхийг зарлажээ. Хүмүүс ямар нэгэн шалтгаанаар цөөхөн хүүхэдтэй буюу эсвэл ор хүүхэдгүй байдаг байв. Иймээс хүүхэдтэй болохын тулд  хараал идэж, мэхлэн төөрөгдүүлсэн зан  үйлийг харахаар гүйлддэг байв.

МЭӨ 494 онд I Геласий эцэг Луперкали наадам хийхийг хориглохыг хичээж оронд нь МЭӨ 269 онд Римийн император II Клавдийгийн  зарлигаар залуучуудын дунд хөдөлгөөн өрнүүлсний улмаас цаазлагдсан тэнгэрийг ивээгч Гэгээн Валентиний баярыг зарлажээ. Тэрээр хоёрдугаар сарын 14-ний өдөр цаазлагдсан юм.

Дараа нь дундад зууны үед Франц, Англи зэрэг улсуудад Гэгээн Валентиний тухай домогтой холбоотойгоор хайртай хосууд сүмд нууцаар гэрлэх нь ихэсжээ. Домог болсон эртний, балар харанхуй цагт Римийн хатуу, яхир II Клавдий хаан эрчүүдийг эхнэр авч гэр бүлтэй болсноос эх орныхоо төлөө дайнд явсан нь дээр гэж үзэн  эрчүүдэд эхнэр авахыг, хүүхнүүдэд хайртай залуутайгаа гэрлэхийг хоригложээ. Харин Валентин нь жирийн нэг ламтан байв. Тэрээр дурласан хосуудыг өрөвдөж, хайрладаг болохоороо шөнийн харанхуйд азгүй тэднийг нууцаар гэрлүүлдэг байжээ.

Удалгүй Валентин ламтны “үйл ажиллагаа” илэрснээр түүнийг цаазын зарлиг гарган шоронд хаяжээ. Валентин шоронд байхдаа нэгэн харгалзагчийн үзэсгэлэнт охин Жулитэй танилцсан байдаг. Дурласан ламтан үхэхийнхээ өмнө хайртай бүсгүйдээ хайраа илчилсэн захидал бичээд, харин өөрөө МЭӨ 269 оны хёрдугаар сарын 14-нд цаазлагджээ.

Мөн Римийн пап I Геласий хоёрдугаар сарын 15-нд болдог Луперкалийн наадмыг 14 –ны өдөр болгон өөрчилсөн байна. Хэсэг хугацааны дараа Луперкалийн наадам устан үгүй болж Валентиний баяраар солигджээ..

Гэгээн Валентины баяраар хүмүүс хайртай дотны болон хүндэтгэлтэй ханддаг хүмүүстээ цэцэг, чихэр, тоглоом, агаарын бөмбөлөг, ялангуяа хайраа илчилсэн, шүлэгтэй, хайр дурлал, сайн сайхныг хүссэн зүрхний хэлбэртэй ил захидлыг бэлэглэдэг.

АНУ-ын Баярын ил захидал, мэндчилгээний холбооныхны судалгаагаар ил захидал, мэндчилгээний борлуулалтаараа  Гэгээн Валентиний баяр нь зул сарын баярын дараах байрыг эзэлдэг байна.

XIX зуунд Валентины баярын ил захидал илгээх нь Англи улсад моод болсон байлаа. 1847 онд Эстер Хоуланд гэртээ өөрийн гар хийцийн ил захидлыг британи загвараар хийж Вустер, Массачусетс мужид салбараа нээн нэлээд амжилтанд хүрчээ. XIX зуунаас эхлэн гар хийцийн ил захидлууд байр сууриа алдаж, үйлдвэрийн аргаар хийх нь олширсон байна.

Ийнхүү ил захидлын үйлдвэрлэл XIX зуунаас эхлэн АНУ-д хүчээ авснаар тус улсын баяр худалдаа үйлдвэрлэлийн шинжийг тодорхойлж эхлэв.

М.Болор

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.