Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Гоё Монголыг муухай болгосон БОДЛОГОГҮЙ ДАРГЫН БАЛАГ

Хөвсгөл аймгийн Хөгжимт драмын театрын 32 уран бүтээлч өнгөрсөн зун Европын хотуудад болсон олон улсын үндэсний бүжгийн фестивальд эх орноо төлөөлөн оролцсон тухай бид мэдээлж байсан. Орон нутгийн театрын уран бүтээлчид яндашгүй баялаг өв соёлоо дэлхийд алдаршуулахаар явж буйгаа зарлан Улаанбаатарт ч тоглолт хийж байсан юм. Түүнчлэн олон улсын бүжгийн наадамд амжилттай оролцоод ирсэн гэдэг үзүүлэлтээрээ тус театрынхан оны шилдэг уран бүтээлчийн шагналыг МҮОНТ-ийн “Соёл Эрдэнэ” нэвтрүүлгийнхнээс гардаж байв. Харамсалтай нь бүх зүйл тийм ч сайн байгаагүй аж. Монголчууд уран бүтээлчдэдээ хүндэтгэл үзүүлж, эх орноо сурталчлаад ирсэнд нь талархал илэрхийлж байсан бол тэдний гурван сарын аялал саадгүй үргэлжлээгүй нь саяхан тодорхой боллоо.

Тус бүжгийн фестивальд Монголын уран бүтээлчдийг оролцуулж, Дэлхийн бүжгийн холбоонд Монгол Улсыг нэгтгэх бэлтгэл ажлыг 2012 оноос хойш хийж байсан “Үүрдийн Монгол” төрийн бус байгууллагын тэргүүн Б.Эрдэнэхуяг саяхан эх орондоо ирж, бидэнд хандсан юм. Түүний мэдээлснээр, монгол бүжиг, хөөмий, дуу, хөгжим олон орны үзэгчдийн анхаарлыг татаж, гайхашруулж байсан ч Хөвсгөл аймгийн Хөгжимт драмын театрын дарга Н.Сэржмятав нь долоон уран бүтээлчийнхээ хамт наадмыг дундаас орхиж, холбоо харилцаагүй явснаас болж үлдсэн бүжигчид, хөгжимчид нь ачаалалтай ажиллаж, нөхцөл байдалдаа тохируулан шинэ уран бүтээл тухай бүрт нь хийж явсан гэнэ. Мөн фестиваль зохион байгуулагчид нь Монголын уран бүтээлчид замын дундаас алга болсонд гайхширч, байнга тэднийг асуухын зэрэгцээ наадамд оролцох нэрээр цагаачлахаар иржээ хэмээн болгоомжилцгоосон гэсэн. ССАЖ-ын сайдаас үүрэг авч, харьяа яам, газрын дарга, театрынхаа өмнөөс олон улсын байгууллагатай гэрээ байгуулж, Монгол Улсаа сурталчлах гэж явсан хэрнээ Н.Сэржмятав дарга яагаад уран бүтээлчдээ орхин, үүргээ умартан түрүүлж буцсаныг ойлгоход бэрх юм. “Үүрдийн Монгол” төрийн бус байгууллагын тэргүүн Б.Эрдэнэхуягийн ярьсныг сийрүүлэн хүргэе.

ХАРИУЦЛАГААС ЗУГТДАГ ХЭРНЭЭ ШАГНУУЛАХ ДУРТАЙ ДАРГА

Уран бүтээлчид өнгөрсөн оны тавдугаар сарын 28-наас наймдугаар сарын 21-нийг дуустал Европын хотуудад болох 12 фестивальд оролцох гэрээтэй байжээ. Тэдний замын болон байр, хоолны зардлыг фестиваль зохион байгуулагчид хариуцаж харин цалинг нь Монголын талаас өгөх өөр болсон байна. Анх зохион байгуулагчид ҮДБЭЧ-ын бүжигчдийг наадамд оролцуулах төлөвлөгөө боловсруулан танилцуулсан боловч Монголд ирсний дараа байдал өөрчлөгдөж ССАЖ-ын сайд асан Ц.Оюунгэрэлийн зөвлөснөөр Хөвсгөл аймгийн Хөгжимт драмын театрын уран бүтээлчдийг авч явах болжээ. Тус театрын дарга нь уран бүтээлчдээ хариуцан ажиллахын зэрэгцээ, фестивалийн үзэгчдэд ая дуугаа өргөх өөр хамт явсан юм билээ. Фестивалийн эхний сарын турш монголчууд амжилттай оролцож, үзэгчид болон зохион байгуулагчдаас өндөр үнэлгээ авч явтал театрын дарга Н.Сэржмятав үеийн дөрвөн уран бүтээлчийн хамт архидан согтуурч, бусад уран бүтээлчдээ гүтгэн доромжилсноор бүх үйл явдал эхэлжээ. Хурал хийж хамтдаа маргаанаа шийдвэрлэх санал гаргах үед нөгөө таван хүн болон Н.Сэржмятав даргын дүү Н.Баярсайхан, Н.Алтанцэцэг, хөгжимчин Т.Болорцэцэгийн нөхөр, бүжигчин О.Алзахг үй нар нутаг буцах тухай яриа гаргаж, наадмыг дундаас нь орхижээ.

Дарга нь үлдсэн 24 уран бүтээлчээ ажлаа үргэлжлүүлэхийг тушаагаад бусад долоон хүнээ ятгаж, эргүүлж авчирна гээд явсан ч тэд ирээгүй гэдэг. Мөн Н.Сэржмятав дарга олон улсын наадамд оролцохоор яваа багт мэргэжлийн бус хүмүүс буюу өөрийн дүү Н.Алтанцэцэг, Н.Баярсайхан нарын хөгжимчин, бүжигчин нэрээр оруулж бусдадаа түвэг удсан гэнэ. Тэд ийнхүү бусдыгаа орхисноос үлдсэн сар гаруй хугацааны тоглолтыг 24 уран бүтээлч нь үргэлжлүүлж, бүжигчнээр явсан залуу нь дуулж, нэг хөгжимчин нь франц дууг морин хуур дээр найруулан тоглож, эх орныхоо нэрийг харлуулахгүйн тулд хичээн зүтгэсэн аж. Уран бүтээлчдээ орхиод одсон дарга нь Германд байдаг хүргэн дүү дээрээ очиж хагас сар орчим амьдраад дараа нь нутагтаа ирснийг Б.Эрдэнэхуяг судалгаа хийж мэджээ. Харин нөхөртэйгээ уулзах зорилготой явсан мэт театрынхнаа орхисон Н.Алтанцэцэг уран бүтээлчдийг тоглолтоо дуусгаад Монголд ирэхэд нь хамт онгоцноос буусан гэдэг. Хөвсгөл аймгийн Хөгжимт драмын театрын уран бүтээлчид эх орондоо ирсэн даруйдаа энэ бүх асуудлыг харьяа яамандаа мэдэгдэж, арга хэмжээ авахуулахыг хүссэн боловч Н.Сэржмятав дарга тэднийг онгоцны буудал дээр автобустай тосож, шууд нутаг руугаа буцжээ.

Түүнчлэн энэ талаар ямар нэгэн яриа гаргахгүй байхыг даалгасан байна. Театрын зарим уран бүтээлчтэй утсаар холбогдож юу болсон талаар тодруулахад тэд эхэндээ даргатайгаа тэрсэлдэж, бодит байдлыг дээд шатны байгууллагадаа мэдээлэхийг хүссэн ч ССАЖ-ын яам татан буугдсан учраас тэдэнд дуугүй байхаас өөр гарц үлдээгүй гэнэ. Аймагтаа мэргэжлийн урлагийн ганц байгууллагатайн зэрэгцээ эзэмшсэн мэргэжлээрээ л ажиллах хүсэлтэй уран бүтээлчдэд даргынхаа үгэнд орохоос өөр арга байсангүй. Тэгтэл уран бүтээлчдээ хүний нутагт орхиод, хариуцлагаас зугатаж ирсэн дарга нь арванхоёрдугаар сард шилдэг уран бүтээлчийн шагнал гардаж, МҮОНТ-ийн шууд нэвтрүүлгээр гарсан тухай залуу бүжигчид гайхан ярьж байсан.

Зүүн гар талаас Б.Эрдэнэхуяг, бүжигчин Б.Баттогтох, О.Эрдэнэ-Очир

 

54 САЯ ТӨГРӨГИЙН ҮНЭТЭЙ БҮЖГИЙН ХУВЦАС НЬ САРЫН ДОТОР ГАНДЖЭЭ

Олон улсын үндэсний бүжгийн фестивальд оролцох Хөвсгөл аймгийн Хөгжимт драмын театрын уран бүтээлчдийн хувцсыг шинэчлэхэд зориулж 54.830.000 төгрөгийг Соёл урлагийг хөгжүүлэх сангаас гаргаж өгөхийг зөвшөөрсөн ССАЖ-ын сайдын тушаал миний өмнө байна. Тэд ийм хэмжээний мөнгөөр 32 бүжигчинд хувцас хийлгэсэн боловч шинэ “өмсгөл” нь гурван сарын тоглолтын ая даалгүй урагдаж, гандаж, сүүлдээ уран бүтээлчид уранхай гуталтай бүжиглэж байсан гэнэ. Мөн хотуудын төв талбайд олон улсын уран бүтээлчидтэй хамт параданд оролцохдоо манай бүжигчид ганц байгаа гутлаа гамнаж, пүүз, кет, углааштай алхсан бичлэгийг ч Б.Эрдэнэхуяг үзүүлэв.

Бүжгийн гутал 60 мянган төгрөгийн үнэтэй байдаг. 20 гаруйхан бүжигчинд хоёр ээлжийн гутал хийлгээд аваад явчих боломж байсан ч тэгээгүй юм билээ. Мөн Францад даргадаа хаягдан үлдсэн уран бүтээлчид бичлэг хийлгэж, ямар үйл явдал болсныг ярьсан байв. Тэдний бичлэгт өгүүлснээр бол уран бүтээлчдийг Европ руу явахад зориулан Аймгийн ЗДТГ-аас долоон сая, Мөрөн сумын захиргаанаас 700.000, Хөгжимт драмын театрын хамт олон 700.000 төгрөг өгсөн боловч энэ мөнгийг хамт олондоо зориулаагүй хэмээж байв.

МОНГОЛЧУУД ЦАГААЧЛАХААР ЗУГТСАН БАЙЖ БОЛЗОШГҮЙ ГЭЖ ЗОХИОН БАЙГУУЛАГЧИД НЬ БОЛГООМЖИЛЖЭЭ

Монгол Улсыг төлөөлөн 32 уран бүтээлч Францад хөл тавьсан учраас фестиваль зохион байгуулагчид тэднийг 24-үүлээ тоглолт хийхэд маш их гайхаж, байр, хоолны зардлыг 32 хүнээр төлөвлөн төлснөө дурдаж, “Үүрдийн Монгол” төрийн бус байгууллагаас зардлын зөрүүг нэхэмжилжээ. Мөн “Монголын найман уран бүтээлч цагаачлах зорилготой алга болсон байж магадгүй гэсэн мэдээллийг бусдадаа урьдчилан тарааж” болгоомжилж байсныг ч ярьсан юм. Ийнхүү эх орноо сурталчлахаар явсан уран бүтээлчид маань гоё уран бүтээлээ муу авир, хариуцлагагүй зангаараа баллаж, бүр ч дордуулж орхижээ.

БИЕ ДАВХАР ГЭДГЭЭ НУУЦАЛЖ ЯВСАН БҮЖИГЧИН НЬ ЕВРОПТ ОЧООД ҮР ХӨНДҮҮЛЖЭЭ

Н.Сэржмятав дарга фестивалийг орхин нутаг буцах санал гаргахдаа “Үүрдийн Монгол” төрийн бус байгууллагын тэргүүн Б.Эрдэнэхуягт хэд хэдэн заалттай шаардлага хүргүүлжээ. Үүндээ Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчиж амралтгүй ажиллуулсан, чанаргүй хоол өгснөөс гурван хүн ухаан алдсан гэж бичжээ. Фестиваль зохион байгуулагчид дэлхийн олон орны уран бүтээлчдийг урьчихаад өлсгөнө гэж байхгүй гэдгийг Б.Эрдэнэхуяг хэлсэн. Мөн бүх уран бүтээлчдийг Европт амрааж, аялуулж, усан паркаар зугаалуулж бусадтай туршлага солилцох боломж олгосныг хэлсэн. Түүнтэй хамт ярилцлага өгөхөөр ирсэн хоёр бүжигчин ч үүнийг нотолж байсан юм. Харин фестивальд оролцож байсан нэг монгол бүжигчин хоёр ч удаа ухаан алдсан гэнэ.

Тэр бүсгүй энэ тоглолтод оролцохын тулд бие давхар гэдгээ нууж, Францад очсон хойноо жирэмсний хордлогоос болж хоол идэж чадахгүй явжээ. Ингэж явсаар сульдаж ухаан алдсан аж. Тэр ч бүү хэл хүүхэдтэй болохыг хүсээгүй гэж учирлан гуйж, театрын дарга болон бусад уран бүтээлчид нь батлан дааснаар тэндхийн эмнэлэгт үр хөндүүлжээ. Мэдээж Монголтой харьцуулахад Европын эрүүл мэндийн үйлчилгээ өндөр өртөгтэй. Уран бүтээлчид эрүүл мэндийн даатгалтай явсан учраас мөн л фестиваль зохион байгуулагчдад бүх учир байдлаа тайлбарлан тэднээс зардлыг нь гаргуулж, үр хөндүүлсэн юм билээ. Энэ мэтээр бүжгийн урлагаар дамжуулан эх орноо сурталчлах гэсэн монголчуудын заримынх нь увайгүй үйлдлээс болж монголчууд архиддаг, зохион байгуулалтгүй, найдваргүй гэж ойлгогдоход хүрсэн нь харамсалтай.

Б.ЭРДЭНЭХУЯГ: ЭХ ОРНОО ГЭСЭН СЭТГЭЛЭЭ ХЭЗЭЭ Ч ГЭЭХГҮЙ

“Би 13 дахь жилдээ Францад амьдарч байгаа. Шүүхийн албан ёсны зөвшөөрөлтэй орчуулагч төдийгүй өөр байгууллагад ч хуулийн дагуу ажилладаг. Харин “Үүрдийн Монгол” төрийн бус байгууллага бол миний эх орноо гэсэн сэтгэлийн илэрхийлэл юм. Олон улсын хэмжээнд өв соёлоо таниулах боломж байгааг, түүнд нь би хөтөлж чадахаа мэдэж байгаа учраас энэ ажлыг сайн дураараа хийдэг юм. Бүжгийн фестивальд монголчуудаа оролцуулахын тулд хоёр жил хөөцөлдөж, мөн Монголд ирээд ССАЖ-ын сайдтай нь уулзаж, гэрээ байгуулсан учраас маш их итгэлтэй байсан. Гэтэл одоо фестиваль зохион байгуулагчид надаас асар их мөнгө нэхэмжлээд байна.

Тиймээс энэ бүхнийг шийдүүлэх гэж Монголд ирсэн. Харамсалтай нь яам татан буугдаж, гэрээнд гарын үсэг зурсан сайд болон Соёл урлагийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга З.Баянзул нь ажлаа өгсөн учраас энэ бүхнийг шийдвэрлэх хүн алга. БСШУЯ-нд хандсан ч өмнө нь болсон асуудлын тухай бид мэдэхгүй, дараагийн удаа харин хамтран ажиллахад бэлэн шүү гэж хэлсэн. Тэгэхээр одоо надад ганц л арга үлдсэн. Би фестиваль зохион байгуулагчдад юу болсныг бүгдийг нь л хэлнэ. ССАЖЯ татан буугдсан учраас эргээд хандах байгууллага алга гэдэг мэдээллээ.

Ж.СОЛОНГО

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.