Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ХҮНД МАШИН МЕХАНИЗМЫН САЛБАРТ ОХИД “ХҮЧ СОРИНО”

Зөвхөн охидод зориулсан мэргэжил сурталчлах өдөрлөг өчигдөр болов. Тэгэхдээ бидний мэдэх уламжлалт оёдол, хатгамал, талх нарийн боовны чиглэлийнх биш шүү. Охид уул уурхай, зам, барилгын хүнд машин механизмын мэргэжил “сонирхож” байна, цаана чинь. Хөдөлмөрийн яам, Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг, Техник, технологийн дээд сургууль хамтран өчигдөр “Охидын өдөрлөг” хэмээх содон нэртэй, өвөрмөц арга хэмжээ зохион байгууллаа. Дэлхийн 16 оронд уламжлал болгон зохион байгуулдаг “Girls day” өдөрлөгийг Монголд анх удаа хийж буй нь энэ. Төгсөх ангийн охидод техник, мэргэжлийн боловсролын тухай ойлголт өгөх, цаашлаад эрчүүдийн ноёрхол тогтсон авто зам, барилга, уул уурхай зэрэг салбарт эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх зорилготой ийм арга хэмжээ Европын орнуудад ихээхэн нэр хүндтэй, бас үр дүнтэй болж өнгөрдөг юм байна.

Манайхны хүнд хүчир, хэцүү гэж ойлгодог дээрх салбаруудад үнэндээ эмэгтэйчүүд эрчүүдээс ч илүү хурдан амжилт олох боломжтойг тэдний жишээ олон улсад харуулж байгаа аж. Тиймээс уул уурхай, зам, барилгын салбар эрчимтэй хөгжиж буй Монгол орны хувьд чадвартай, хариуцлагатай боловсон хүчин зайлшгүй хэрэгтэй учраас охидод эдгээр мэргэжлийн давуу талыг ойлгуулан сурталчлахаар зорьж буйгаа Техник, технологийн дээд сургуулийн Нийгмийн түншлэл, ажил мэргэжлийн чиг баримжаа хариуцсан ажилтан Л.Түмэнжаргал ярилаа. Нийслэлийн ерөнхий боловсролын ес, арванхоёрдугаар сургуулийн IX, XII ангийн охид өдөрлөгт оролцож байв.

Тэднийг хэд хэдэн хэсэгт хуваарилаад, тус сургуулийн дадлагын газруудаар оруулж, ажлын зах зухаас бодитоор мэдрүүлэх нь өдөрлөгийн бас нэг чухал хэсэг гэсэн. Ингэснээр охидын “Би үүнийг хийж чадах болов уу” гэсэн эргэлзээ, болгоомжлолыг үгүй хийж, ирээдүйн мэргэжлээ итгэл үнэмшилтэйгээр сонгоход нь туслах ач холбогдолтой юм байна. Түүнчлэн Техник, технологийн дээд сургуультай хамтран ажилладаг “Номин холдинг”, “Дельта холдинг”, “Төв АЗЗА”, “Могул”, “Азийн зам”, “Стимо”, “Акума”, “Сайн инженеринг” тэргүүтэй арав гаруй аж ахуйн нэгж, байгууллага өдөрлөгт оролцож, мэргэжлийн зөвлөгөө өглөө.

Тэд зөвхөн уул уурхай, барилга, зам гэлтгүй, хүнсний үйлдвэрлэл, автомашины засвар, худалдаа үйлчилгээ, зочид буудал, зоогийн газрын тогооч, үйлчлэгч гэхчилэн олон төрлийн ажил, мэргэжлийн ялгаа, онцлог, ач холбогдлыг охидод тайлбарлав. “Төв АЗЗА” компанийн хүний нөөцийн менежер Г.Алтантуяа “Манайд авто замын, хөдөлмөрийн аюулгүй байдлын, материалын инженер гээд олон ажлын байр бий. Авто зам гэдэг утгаараа манай салбарт эмэгтэй инженер бараг байдаггүй. Эмэгтэйчүүд ажилд тууштай, нягт нямбай, хариуцлагатай учраас уг нь энэ чиглэлийг сонгоод ажиллавал амжилт гаргах боломж их.

Тиймээс үүнийг охидод сайн тайлбарлаад ойлгуулахаар “Нээрээ тийм юм байна шүү” гэцгээж байна” хэмээв. Бидний хажууханд нэгэн барилгын компанийн менежерээс зөвлөгөө авч байсан, нийслэлийн арванхоёрдугаар сургуулийн XII ангийн сурагч Г.Солонгоос сэтгэгдлийг нь асуухад “Барилга бол миний хувьд тохироог үй, хэцүү юм шиг санагдлаа. Амархан ажил гэж бодож байсан чинь үгүй юм байна. Түрүүн тоосго анх удаа барьсан чинь айхтар хүйтэн байхаар нь их гайхаж цочсон. Тэгэхээр өөр мэргэжил сонгох хэрэгтэй боллоо” хэмээн үнэнээ хэллээ. Барилгын салбарынхан мөнгө их олдог гэсэн олны цуурхлаар мэргэжлээ “харанхуй” сонгочихсон бол энэ охин алдах байжээ.

Тиймээс өдөрлөгийн үр дүн эндээс харагдах болов уу. Гэвч манайд авто зам, барилга, уул уурхайн салбарт эмэгтэйчүүд ажиллах гэхээр хэд хэдэн хүндрэл бэрхшээл тулгардаг аж. Тухайлбал, манай хөдөлмөрийн аюулгүй байдлын шаардлага нь эрэгтэйчүүдийн бие бялдрын онцлогтой уялдуулсан байдаг учраас бүсгүйчүүдэд арай л ахаддаг байна. Тиймээс энэ чиглэлээр хууль, журамдаа өөрчлөлт оруулахаар төсөл боловсруулсан тухайгаа Хөдөлмөрийн сайдын зөвлөх Ц.Нямсүрэн хэлсэн юм.

Өдөрлөгийн бас нэг хүндэт зочин нь үе тэнгийнхэндээ лекц уншихаар Дархан-Уул аймгийн барилгын МСҮТ-өөс ирсэн Б.Мөнгөншагай охин. Тэрбээр “Монгол ур чадвар” мэргэжлийн боловсролын уралдаанд хавтанцрын төрлөөр улсад нэгдүгээр байр эзэлж, ирэх наймдугаар сард Бразилд болох дэлхийн ур чадварын тэмцээнд оролцох эрхтэй болсон аж. Б.Мөнгөншагай “Есдүгээр ангийн боловсролтой МСҮТ-ийн хүүхдүүд гэж дорд үзэгдэхээс бүү эмээ. Өөрийнхөө дуртай мэргэжлээ сонгоод, эзний ёсоор хичээх юм бол ямар ч их сургууль төгссөн хүнээс дутахааргүй амжилтад хүрэх боломжтой” хэмээн үеийнхэндээ уншсан лекцийнхээ эхэнд онцлов.

Л.ГАНЧИМЭГ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.