Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хуульд нэмэлт оруулах тухай

“Банкин дахь мөнгөн хадгаламжид баталгаа гаргах тухай хууль” 2008 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс хэрэгжиж эхэлсэн бөгөөд 2009 оны 3 дугаар сарын 6-ны өдөр нэмэлт, өөрчлөлт оруулж банкинд байршуулсан харилцахын үлдэгдлийг төрийн баталгаанд хамруулсан. Энэ нь арилжааны банкуудын харилцах, хадгаламж гадагшлах урсгалыг тогтвортой болгох, Олон улсын валютын сангаас Засгийн газарт олгох зээлийн урьдчилсан нөхцлийг хэрэгжүүлэх зорилготой байлаа.
    Хууль хэрэгжиж эхэлснээс хойш банкууд хуулийн зүйл, заалтуудыг гуйвуулан ашиглах хандлага ажиглагдаж байгаа тул төсөвт учирч болзошгүй эрсдлийг Засгийн газар бууруулах шаардлагатай болж байна.
Иймээс банк хоорондын захаас болон гадаадын банк, санхүүгийн байгууллагаас татан төвлөрүүлсэн харилцах, хадгаламж, тухайн банкинд зээл, зээлтэй адилтган тооцох бусад актив хөрөнгө, баталгаа, батлан даалтын өр төлбөртэй этгээдийн болон түүний холбогдох этгээдийн харилцах, мөнгөн хадгаламжийг төрийн баталгаанд үл хамруулахаар хуулийн төсөлд тусгажээ.
Учир нь банкны удирдлага харилцагч банкны санхүү, төлбөрийн чадварын талаар дүгнэлт хийн, эрсдлийг тооцож үзэн харилцах, хадгаламжийг байршуулах ёстой. Хуульд банк хоорондын захаас татан төвлөрүүлсэн хөрөнгийг хамруулсан нь эрсдэл өндөртэй банкуудад өндөр хүүтэй зээл олгон үүнийгээ хадгаламж гэж бүртгэж, эцэстээ алдагдлыг төрд үүрүүлж болзошгүй байгаа юм.
Мөн тухайн банкны холбогдох этгээд болон зээл, зээлтэй адилтган тооцох актив хөрөнгө, баталгаа, батлан даалттай этгээдийн харилцах, хадгаламжийг төрөөс гаргаж байгаа баталгаанаас хасахаар хуулийн төсөлд тусгажээ.
Санхүү, төлбөрийн чадварын хүндрэлд орсон болон орж болзошгүй банкууд хэт өндөр хүү зарлан, эрсдэл даах чадвараас их хэмжээний хөрөнгийг татан төвлөрүүлж, үүгээр дамжуулан банкны системийн найдвартай, тогтвортой, байдал, хүүгийн дундаж түвшинг бууруулахад сөрөг нөлөө үзүүлэхийн зэрэгцээ төрөөс гарч болзошгүй зардлын хэмжээг ч зүй бусаар нэмэгдүүлж байна. Иймд төрийн баталгаанд хамрагдах харилцах, хадгаламжийн хүүг Монголбанкны бодлогын хүүгийн түвшингээр хязгаарлах зохицуулалтыг нэмэхээр төлөвлөжээ.
Төрөөс гаргасан хадгаламжийн баталгаанаас хадгаламжийн даатгалын сонгодог тогтолцоонд аажмаар шилжүүлэх шаардлага гарч байна. Хадгаламжийн даатгалын сангийн үйл ажиллагааны эх үүсвэрийг одооноос бэлтгэж эхлэх зорилгоор банкууд төрийн баталгаанд хамрагдаж байгаа мөнгөн хадгаламж, харилцах дансны үлдэгдлийн дүнгийн 1 хувьтай тэнцэх хэмжээний шимтгэлийг жил бүр Засгийн газрын Монголбанкин дахь тусгай дансанд төлөх зохицуулалтыг хуулийн төсөлд тусгалаа.
Засгийн газар, Монголбанк хамтран “Иргэдийн мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хууль”-ийн төслийг боловсруулан УИХ-д өргөн мэдүүлэхээр бэлтгэж байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.