Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ТАВАНТОЛГОЙН ХЭЛЭЛЦЭЭРИЙГ ЗАСГИЙН ГАЗАРТ ДААТГАН ҮЛДЭЭЕ

УИХ-ын 16 гишүүн Тавантолгойн хэлэлцээрт эргэлзэж буйгаа илэрхийлж 20 зүйл бүхий асуулгыг Ерөнхий сайдад тавиад байгаа бол УИХын дарга З.Энхболд itoim.mn сайтад өгсөн “Үгэнд орохгүй бол М.Энхсайхантай УИХ хариуцлага ярьж болно” хэмээх ярилцлагадаа АНУ-ын “Пиибоди” компанийг хэлэлцээрийн гадна үлдээснийг буруу гэж байр сууриа илэрхийлжээ. Үүнээс үзвэл Тавантолгойн хэлэлцээрт саад хийх, цааш явуулахгүй байх сонирхолтой лообий бүлэг УИХ-д бий болсон бололтой. Тавантолгойд стратегийн хөрөнгө оруулагч шалгаруулах үйл явц бүтэн таван жил үргэлжилсний эцэст сая нэг эцэслэж, хэлэлцээрийг эхлүүлсэн. Ийм удаан хугацаанд дуншиж гараанаас гараад буй үед нь УИХ-ын даргаасаа эхлээд УИХ-ын нэр бүхий гишүүд нь шахалт үзүүлж байгаа нь“Тавантолгой” төслийг гацаах вий гэсэн болгоомжлолыг олон нийтэд төрүүлээд байна.

Уг нь энэ төсөл өмнөх парламентын үеэс яригдсан ч энэ мэт улстөржилт, сонгуулийн жил давхацсан зэрэг шалтгаанаас болоод хоёр дахь парламентынхаа үед арай гэж хөдөлсөн нь энэ. Тавантолгой бол Монголын ард түмний хувьцаат компани. Энэ утгаараа эх орныхоо эрх ашгийг дээдлэн, үр өгөөжийг нь хүртэхийн тулд бүтэн таван жил хүлээлгэсэн гэхэд болно. Гэтэл гэрээ хэлэлцээр эхлэнгүүт өнөө мэдэмхий улстөрчид бас л төмөр замчин, геологич болцгоон бичиг цаас шийдэлцэн шоудаж байгаа нь эх орны эрх ашиг биш, хэсэг бүлгийнхний ашиг сонирхолтой холбоотой юм биш биз гэх хардлагыг төрүүлээд байна. З.Энхболд бол УИХ-ын дарга. Төрийн өндөр албан тушаалтан. Гэтэл энэ хүн “Тавантолгой” төсөлд АНУын “Пиибоди” компанийг оролцуулах ёстой хэмээн мэдэгдсэн нь Засгийн газрын сонгон шалгаруулалтыг үл зөвшөөрч, эрх мэдлээрээ далайлган “үгэндээ оруулах” гэсэн мессеж хэмээн харагдаж буй.

УИХ, улстөрд нөлөө бүхий гишүүдийнхээ ашиг сонирхолд хөтлөгдөж, лообийд нь хэт автсанаас улс орныхоо хөгжлийг хэдэн жилээр ухраасан гашуун түүхийн мөр одоо ч Тавантолгойгоос балраагүй байна. Олон улсын зах зээлд нүүрсний үнэ тэнгэрт хадаж байх үед УИХ-ын гишүүд зөвхөн царигийн асуудлаар маргалдсаар төмөр зам ч үгүй, цариг ч үгүй долоон жилийг ямар ч үр ашиггүйгээр өнгөрөөсөн. Эцэст нь асар их баялагтай ч 700- 800 сая ам.долларын өртэй, дампуурах шахсан Тавантолгойн ордыг ашигтай ажиллуулж чадахгүйгээ төр хүлээн зөвшөөрч, гадаадын хөрөнгө оруулагчдаас тусламж гуйсан нь гашуун ч гэсэн үнэн. Гэсэн атлаа хөрөнгө оруулагчид арай гэж нааш хармагц нь үндэсний компаниа ч нэг ад үзээд л, хэлэлцээрт оролцогчдынхоо нэгийг нь гоочилж, нөгөөг санал болгож эхэлсэн нь “найдваргүй” гэсэн тодорхойлолттой Монголын нэр хүндийг дахин сэргэхээргүй унагаж мэдэхээр байна. Хэдийгээр эдийн засгийн хүндрэлтэй байгаа ч Засгийн газар гуймтгай мөртлөө голомтгой гэгчээр тендерт оролцогчдод маш өндөр шалгуур, хатуу болзол тулгасан. Үүнийг давж чадах цөөн хэдэн компани үлдсэнээс шалгуурыг бүрэн хангасан хэмээн Монгол, Япон, БНХАУ-ын хамтарсан консорциумыг хөрөнгө оруулагчаар шалгаруулсан. Гэвч тендерийн шалгаруулалтыг хангаж чадаагүй АНУ-ын “Пиибоди” компанийг УИХ-ын даргаасаа эхлээд улайм цайм лообийдож байгаа нь УИХ улс орны эрх ашигт үйлчилдэг гэж итгэх аргагүй.

Манай одоогийн парламентын гишүүдийн дийлэнх нь бизнесийнхэн. Үндэсний хэмжээнд салбартаа тэргүүлдэг компанийн эзэд УИХ-ыг голчлон бүрдүүлж байгаа. Тиймдээ ч УИХ-аас гаргаж байгаа бодлого шийдвэр, баталж буй хуульд бизнесийн бүлэглэлүүд шууд нөлөөлдөг болсон. Түүгээр ч зогсохгүй парламентаас гаргасан зарим шийдвэр нь одоо хүчин төгөлдөр мөрдөж буй хуулиудтайгаа зөрчилддөг байдал газар аваад байгаа. Өдгөө улс орны эдийн засаг хүндэрч, гадаадын шууд хөрөнгө оруулалт 74 хувиар буурсны буруутан нь ард түмэн биш. УИХ гүйцэтгэх засаглалынхаа ажилд хэт оролцон, мега төсөл, хөтөлбөрүүдийг улстөржүүлж, ашиг сонирхлоо тулгадаг байдал хэрээс хэтэрснээр улс орны эдийн засгийг ийнхүү дордуулсан. Гэхдээ энэ хүндрэлийг давж гарах, эдийн засгаа сэргээх үүргийг Засгийн газар үүрч байгаа. Харин ийм байдалд аваачсан УИХ ямар ч хариуцлага хүлээж байгаагүй. Асуудал бүхэнтэй орооцолддог УИХ-ын “зарчим” өөрчлөгдөөгүй цагт ямар ч том төсөл, хөтөлбөр Монголд хэрэгжиж үр ашгаа өгч чадахгүй л болов уу. Бас нэг мега төсөл “Оюутолгой”- н үйл ажиллагаа нь эхэлсэн ч УИХ дахь хэдэн гишүүний хэт улстөржилт, хэт хардалтаас болоод өнөөдөр “хэвтэрт” байгаа. Монголчуудаас шалтгаалах зүйл байхгүй гэж эрх мэдэлтнүүд мэдэгдэж буй ч сонгуулийн циклээр улстөрждөг манай төр, засагт Оюутолгойн хөрөнгө оруулагч нар итгэхгүй болчихоод байгаад л асуудлын гол учир нь бий.

Засгийн газар эдийн засгийн хүндрэлээс гарах арга замыг шийдэх санал асуулгыг иргэдийн дунд явуулсан. Санал асуулгын дүнг өчигдөр танилцуулахад иргэдийн 56.1 хувь нь бүтээн байгуулалтын том төслүүдийг дэмжиж буйгаа илэрхийлсэн гэжээ. Ард түмний төлөөлөл болсон эрхэм гишүүд ийм үед эдийн засгаа босгох ганц найдвар болж үлдсэн “Тавантолгой” төслийн гэрээ хэлэлцээрийг хийж, хэрэгжүүлэх бүрэн эрхийг Засгийн газарт олгож болдоггүй юм уу? Засгийн газар эрхээ эдэлсэн шиг эдэлж байж дараа нь хариуцлагаа хүлээсэн шиг хүлээх ёстой. УИХ эдийн засгийн хүндрэлээр далимдуулж стратегийн ордуудыг төрийн ямар ч хувь эзэмшилгүйгээр буюу 100 хувь “хувьчилж” болдог хууль бус жишиг тогтоосон. Ашигт малтмалын зэрэг хэд хэдэн хуулийн заалт зөрчиж Оюутолгойгоос дутахааргүй алт, зэсийн асар их нөөцтэй Цагаан суваргын стратегийн ордыг өнгөрсөн намар МАК компанид бэлэглэсэн.

Эдийн засгийн хүндрэлээр далимдуулан УИХ гүйцэтгэх засаглалынхаа саналыг энэ мэтээр үл харгалзан, эрх мэдлээ ашиглан “лообийдсон” шийдвэр гаргаж байхад “Тавантолгой” төслийн гэрээг УИХ-аар заавал батлуулах шаардлага байгаа ч юм уу, үгүй ч юм уу. УИХ-ын дарга ярилцлагадаа “Тавантолгой” зэрэг мега төслийг парламентаар хэлэлцүүлж, батлуулах ёстой гэсэн байр суурь илэрхийлжээ. Бүгдийг өөртөө төвлөрүүлэх гэсэн энэ парламент хууль санаачилж, батлах үндсэн үүргээ хангалттай биелүүлж чадаж байгаа бил үү. Өнөөдрийн байдлаар УИХ-д өргөн мэдүүлсэн нийт 119 хууль, тогтоолын төсөл байгаагаас хэлэлцүүлгийн шатанд 68, хэлэлцэж эхлээгүй 51 төсөл хаврын чуулганыг хүлээж буй. Ирээд үйн өв сангийн, Гэр бүлийн, Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний, Монгол Улсын сонгуулийн нэгдсэн хуулийн төсөл, Улс төрийн намын, Улс төрийн намын санхүүжилтийн тухай зэрэг нийгэмд хүлээлт үүсгэсэн, яаралтай хэлэлцэж батлах ёстой олон хууль байна.

Гэтэл УИХ энэ үндсэн ажлаа хийж амжихгүй байгаа атлаа Засгийн газрын дангаараа хариуцах боломжтой төсөл, хөтөлбөрүүдэд ханцуй шамлан орж, хошуу нэмэрлэх болсон нь Монголын нийгэмд хоосон улстөржилтөөс өөр зүйл авчирсангүй. Тиймээс цаашид УИХ нь бодлогоо тодорхойлж, Засгийн газар нь гүйцэтгэлээ хийж, үр дүн, хариуцлагыг УИХ нь Засгийн газартайгаа тооцдог эрүүл, зөв тогтолцоо бидэнд үгүйлэгдэж байна. “Тавантолгой” төсөл одоо урагшлах учиртай. Хэрэв зогсвол Монголд итгэх хөрөнгө оруулагч дахин гарч ирнэ гэдэг эргэлзээтэй. Гадаад ертөнцөд Монгол бол найдваргүй түнш гэсэн муу мессеж үлдээгээд одох хөрөнгө оруулагчдыг бид дахин дуудаж чадахгүй. Уул уурхайн хоёр дахь мега төслөө гацаачихвал гурав дахь боломжийг хаанаас хайх тухайд эрх мэдэлтнүүдээс асуугаад ямар ч хариулт олдохгүй.

Д.ОЮУН-ЭРДЭНЭ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.