Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ч.СУВДАНЦЭЦЭГ: МИНИЙ ДҮҮГИЙН ҮХЭЛД ТҮҮНИЙ ЭХНЭР А.УРАНЦЭЦЭГ БУРУУТАЙ

“My car” автосервисийн ерөнхий захирал Ч.Батболд онц хэрцгийгээр амиа алдсан талаар гэр бүлийнхэн нь өчигдөр мэдээлэв. Энэ оны нэгдүгээр сарын 3-ны 11.00 цагийн үед Ч.Батболд “My car” авто сервис буюу өөрийн ажлын байрандаа хоолойдоо хоёр, хэвлий орчимдоо гурван удаа хутгалуулж нас барсан байна. Үүнээс гадна талийгаачийн эхнэр А.Уранцэцэгийн эгч А.Болормаа гэх эмэгтэй тухайн хэрэг гарсан газар мөн хутгалуулж, эмнэлэгт хүргэгджээ. Тодруулбал, нэгдүгээр сарын 3-нд “My car” автосервис компанийнхан дотоод ажилтай байжээ. Энэ үеэр Ч.Батболд тус компанийн нягтлан бодогч А.Болормаа хоёр муудалцан, чанга дуугаар бие бие рүүгээ дайрч эхэлсэн гэнэ. Ойр орчим байсан хүмүүсийг өрөөнөөс гаргаж, хоёулаа үлдсэн ч удалгүй хэрэг бишдэж, хүн орилох чимээнээр харуул болон бусад ажилтан цугларсан аж.

Тэр үед А.Болормаа хутгалуулаад, цус болчихсон, Ч.Батболд нас барсан байжээ. Талийгаачийн эхнэр А.Уранцэцэг Ч.Батболдыг амиа хорлосон гэж буй ч гэр бүлийнхэн нь хүн амины зохион байгуулалттай аллага гэж үзэж байна. Ингэж үзэх ч үндэслэл нотолгоо тэдэнд бий гэнэ. Учир нь хэрэг гарахын өмнө А.Уранцэцэг Ч.Батболдоос сална гээд дөрвөн хүүхдээ аваад явсан байж. Тэр үед нь талийгаач “Гэртээ ганцаараа байх эвгүй юм, намайг хүн дагаад байна” гээд дүү Ч.Отгонцэцэгийгээ дуудан хамт байжээ. Ингэхдээ тэрээр дүүдээ “Манай гэрт чагнах төхөөрөмж байгаа. Бид хоёрын яриаг Уранцэцэг чагнаж байна. Тэгээд намайг ийм тийм юм ярилаа гээд загнаад, занаад байна. Ах нь өмч хөрөнгөнөөсөө ээж, эгч, та нарын нэр дээр шилжүүлэх гэсэн юм. Бичиг баримтаа аваад ирээрэй. Миний бүтээсэн бүхнийг хэн нэгэн нураах гээд байх шиг байна” гэж ярьж байсан нь хамгийн их сэжиг төрүүлж буй аж. Тиймээс тэд А.Уранцэцэгийг нөхрийнхөө өмч хөрөнгөд шунаж, шунахайн сэдлээр энэ хэргийг үйлдсэн байх магадлалтай гэж хардаж буй.

Хуралд оролцсон талийгаачийн эгч Ч.Сувданцэцэгээс энэ талаар тодрууллаа.

-Та дүүгээ амиа алдсаныг хэзээ, яаж мэдсэн юм бэ?

-Хэрэг гарсан өдрийн 11.20 цагийн үед Уранцэцэг утсаар “Муусайн алчуурчид аа, танай ах чинь миний эгчийг хутгалаад хороочихлоо” гэж ярьсан. Би Налайхад амьдардаг болохоор дүү Отгонцэцэгээ яаралтай явуулсан юм. Тэр үед Батболдыг маань нас барсан тухай надад дуулгаагүй болохоор би эхлээд дүүгээ өнгөрснийг мэдээгүй. Тэгээд миний дүү Отгонцэцэг тухайн газарт очиход цагдаа, түргэн тусламжийн машин ирчихсэн, Батболд маань амьсгал хураасан байсан гэсэн. Яагаад тухайн үед Уранцэцэг дүүг минь амиа алдсаныг хэлээгүй юм бэ.

-Задлан шинжилгээний дүгнэлт юу гэж гарсан юм бол?

-Хүнд хорлогдсон эсвэл амиа хорлосон гэсэн дүгнэлт аль аль нь гараагүй. Бөөрөнхийлөөд байгаа юм.

-Тухайн хэрэг гарахад таны дүү Ч.Батболд, А.Болормаа хоёр л байсан гэж ойлголоо.

-Гаднаас өөр хүн орж ирсэн байх магадлалтай. Хэрэг гарах үед хяналтын камер нь ажиллаагүй гэсэн нь ч сэжигтэй. Уранцэцэг надад хэрэг гарсан тухай 11.20 цагийн үед утсаар хэлсэн ч өөр гэрчүүд 12.00 цаг өнгөрч байхад энэ хэргийг болсон гэж ярьдаг. Хэрэг гарах үед миний дүү согтууруулах ундаа хэрэглээгүй байсан. Энэ нь ч шинжилгээгээр нотлогдсон. Миний дүү хүний амь хороогоод дараа нь өөрийгөө хорлох хүн биш. Хоолойг нь хэд хэдэн удаа хэрчсэн байсан шүү дээ. Тиймээс бид гомдолтой байна. Уранцэцэгийн эгч Болормаа төв госпитальд зургаан хоног хэвтээд л эмнэлгээс гарсан байсан. Бие нь тийм муу байсан бол ингэж хурдан эмнэлгээс гарахгүй шүү дээ. Бас нэг сэжигтэй зүйл нь дүүгийн маань гар утсанд хэрэг гарсан болон түүнээс өмнөх хэдэн өдрийн ирсэн, залгасан бүх дуудлагыг “Мобиком” корпорацаас устгуулсан байсан.

-Талийгаачийн гэрт чагнах төхөөрөмж байсан гэлээ. Түүнийг шалгуулсан юм уу?

-Цагдаад хэлсэн боловч өдий хүртэл шалгаж, илрүүлсэн юмгүй байна. Уранцэцэг хэрэг гарсан өрөөний тавилга, хивс зэрэг бүх зүйлийг хаяж, нотлох баримтуудыг устгасан. Тиймээс цагдаагийн байгууллага хурдан шуурхай ажиллаж, үнэнийг олж тогтоогоосой гэж хүсэж байна.

-Шунахайн сэдлээр энэ хэргийг үйлдсэн гэж та ярилаа. Талийгаач тийм их хөрөнгөтэй хүн байсан юм уу?

-Миний дүү “My car” авто сервисийг анх үүсгэн байгуулж, 80 гаруй хүнийг ажилтай, амьдралтай болгосон. Саяхан л гэхэд Алтанбулагийн чөлөөт бүсэд барилга бариулсан. “Federal” дугуй засварын газар, Эрээн дэх салбар дэлгүүр зэрэг олон барилга байгууламж түүний нэр дээр бий. Гэхдээ өнөөдөр дөрвөн хүүхэдтэй, албан ёсоор салаагүй гэр бүл нь гэсэн үндэслэлээр бүх өмч хөрөнгө нь эхнэр Уранцэцэгт нь шилжиж байна. Энэ нь хуулийн бас нэг цоорхой. Мөнгөнд шунасан эмэгтэйчүүд үүнийг ашиглахыг үгүйсгэхгүй.

-Та бүхэн Уранцэцэгтэй уулзаж ярилцсан уу?

-Нөхрийнхөө оршуулган дээр ч ирээгүй хүн шүү дээ. 49 хоногийг нь өнгөрөөх гээд биднийг тэдний гэрт байхад бялуу, сагстай жимс, чихэр бариад орж ирсэн. Үнэхээр сонин сэтгэгдэл төрсөн. Өнөөдөр тэр хүүхэд асрагч, гэрийн үйлчлэгч, хоёр хамгаалагч, гурван өмгөөлөгчтэй байна. Юунаас айж ийм олон өмгөөлөгч авсныг ойлгохгүй юм. Хэвлэлийн хуралд талийгаачийн ээж 78 настай Д.Наранчимэг гуай нулимс дуслуулан суусан. Ямар ч шалтгаанаар бай үрээ алдсан эх хүн ийнхүү “сэмэрч” сууна. Хүн амины хэрэг гарсан “My car” автосервисийг лацадсан байсан ч удалгүй хэвийн үйл ажиллагаанд оруулжээ. Тус газарт очиход “Засвартай” гэсэн бичиг өлгөсөн байв.

Ч.БОЛОРТУЯА

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.