Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

МОНГОЛЫГ ТОЙРСОН МӨНГӨ

 

Монгол Улсын төлбөрийн тэнцлийн өнгөрсөн жилийн тайлан Төвбанкны цахим хуудаснаа өчигдөр нийтлэгдлээ. Урсгал болон хөрөнгө, санхүүгийн тэнцэл, гадаад валютын цэвэр нөөц гэхчлэн эдийн засгийн эрүүл мэндийн онош үзэгдэх энэ тайлангаас гадаадын шууд хөрөнгө оруулалтын дүн мэдээ олны анхаарлыг татах нь гарцаагүй. Монголд орсон шууд хөрөнгө оруулалтын хэмжээ оны эцсээр 644.3 сая ам.доллар болж, өмнөх оноос 74 хувиар буюу 1.55 тэрбум ам.доллараар буурсан таагүй мэдээ энд байна. Хөрөнгө оруулалтын газрын дарга С.Жавхланбаатарын тооцоолж байсан нэг тэрбум ам.долларын түвшинд хүрч хараахан чадсангүй. Хөрөнгө оруулалтыг царцаасан гэх элдэв учир шалтгаан өнөөдрийн монголчуудад сонин зүйл биш.

Хэвлэлээр өнгөрсөн хугацаанд хангалттай мэдээлсэн. Гэхдээ… ШИНЭ ШУУГИАН “Гадаадын хөрөнгө оруулагчдыг айлгасан татварын хэрэг гурван жилийн эцэст цэгцэрч, “SouthGobi Sands”-ийн гүйцэтгэх захирал, санхүүгийн ерөнхий менежер асан эрхмүүдэд таван жилийн хорих ял оноолоо …” хэмээн “South China Morning Post” сонин энэ сарын 1-ний дугаартаа мэдээлж, Зүүн Өмнөд Азийн уншигчдад хүргэжээ. “Гадаадын уул уурхайн компанийн захирлыг хорих ялаар шийтгэв” нэртэй эл мэдээллээс гадна “Татвараас зайлсхийсэн хэргээр Монгол Улс Америкийн нэг, Филиппиний хоёр иргэнийг хорилоо” хэмээн “Reuters” зэрэг олон улсын мэдээллийн томоохон агентлагууд дамжуулсан. Үнэнийг хэлэхэд “South- Gobi Sands” компанийг тойрсон скандал олон улсад дэгдэж, Монгол Улсын “хацрыг ягаартал” чичилж байна, энэ өдрүүдэд. Магадгүй та, бид 644.3 сая ам.доллараа их хэмжээний хөрөнгө оруулалт байжээ хэмээн харах өдрүүд хожим үүсэх вий гэж болгоомжилсон байр суурийг шинжээчид дайж байна. 35 тэрбум төгрөг төсөвт орж ирэх боловч 35 их наяд Монголоос зугтлаа гэх нэгэн ч байна. Шүүхийн шийдвэрийн зөв, бурууг энд шинжлэх гэсэнгүй. Харин манайхны татвар тооцох аргачлал, нягтлан бодох бүртгэлийн стандартад асуудал бийг дотоодын нэг бус эдийн засагч хэлж байна.

“Дэлхийн стандартаар “авирлавал” манайд орж ирэх хөрөнгө оруулалтад хязгаар байхгүй” хэмээн Эдийн засгийн хөгжлийн дэд сайд асан О.Чулуунбат одоогоос нэг жил гаруйн өмнө цохож байлаа. Нөгөөтэйгүүр, “Шүүх хурлын үеэр орчуулгатай холбоотой асуудал үүсэж байсан. Энэ асуудлаас улбаалан шүүгдэгчид шүүх хурлын үеэр орчуулгыг ойлгохгүй байгаагаа мэдэгдэж, өөрсдийгөө ч мөн ойлгуулж чадахгүй байгаагаа илэрхийлсэн” хэмээн АНУ-ын Элчин сайдын яамнаас мэдэгдэл гаргажээ. Манай татварын байгууллага олон улсын нягтлан бодох бүртгэлийн стандартыг яаралтай нэвтрүүлэхгүй бол гаднын хөрөнгө оруулагчидтай хэл амаа ололцохгүй нь гэсэн дүр зураг эндээс харагдаж байна. Энэ үйл явцын үр дүнд, нэг үгээр хэлбэл “Монгол Улс- Гадаадын хөрөнгө оруулагчдыг хорьдог, саатуулдаг улс” гэсэн нэг л цонхоор дэлхий ертөнц биднийг харж эхэллээ. “Оюутолгой” төслийн хоёрдугаар шатны удаашралаас гадна “SouthGobi Sands”-ийн хэргийн улмаас хөрөнгө оруулагчид биднээс дөлсөөр байх нь.

ШҮҮХ ХУРЛЫН МАРГААШ

Мэдээж тааламжтай үр дүн гараагүй. Монголчууд алдсан хөрөнгө оруулалтаа эргүүлэн татах гэж өнгөрсөн хугацаанд багагүй хичээсэн. Гэхдээ хөрөнгө оруулагчид эерэг мэдээллээс илүү сөрөг мэдээлэлд мэдрэг. Жастин Капла нарыг таван жил гаруй хугацаагаар хорих шийдвэр гарсны дараа олон улсын хөрөнгийн зах зээлд Монголтой хамаатай үнэт цааснуудын индекс уналаа. Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй компаниудыг шүүвэл өчигдрийн байдлаар “Wolf Petroleum”, “Aspire Mining”, “Xanadu Mines”, “Haranga Resources”-ийн үнэт цаасны ханш 5-12.5 хувиар сулраад байна. Мөн “Mongolia Energy Corporation”-ий хувьцааны үнэлгээ 2.5 хувиар хямдарсныг Хонконгийн хөрөнгийн биржийн цахим хуудаснаас 276 кодоор хайн, мэдэж болно.

Хамгийн сүүлийн мэдээллээр АНУ-ын зүгээс Монгол Улсад үзүүлэх эдийн засгийн тусламжийн талаар яриа хэлэлцээг түдгэлзүүлэх шаардлагатай гэсэн мэдэгдлийг Улаанбаатар дахь Америкийн худалдааны танхим гаргаад байна. Тодруулбал, АНУ-ын Мянганы сорилтын корпорацийн тусламжид Монгол Улсыг хоёр дахь удаагаа хамруулах яриа хэлэлцээг нэн даруй зогсоохыг хүсэж буйгаа эл танхимын ТУЗийн дарга Жэксон Кокс “Bloomberg” агентлагт мэдээлжээ. 2013 оны есдүгээр сард эцэслэсэн эхний гэрээний үр дүнд АНУ-ын Мянганы сорилтын корпорацаас Монгол Улсад таван жилийн хугацаанд 285 сая ам.долларын хөрөнгө оруулсан байдаг аж. Эл тусламжид хоёр дахь удаагаа хамруулахаар Мянганы сорилтын корпорацын Удирдах зөвлөл шийдвэрлэснийг гүйцэтгэх захирал Дэйна Ж.Хайд нь өнгөрсөн арванхоёрдугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгчтэй утсаар ярьж мэдэгдсэн билээ.

“Энэ тусламжид хамрагдахын тулд тухайн улс ил тод байдал, шударга ёс, авлигатай тэмцэх асуудлаар тодорхой шаардлагуудыг хангасан байх ёстой. Шүүхийн алдаатай шийдвэрийн улмаас Америкийн иргэн Монголын шоронд хоригдож байгаа нөхцөлд хэлэлцээрийг нэн даруй зогсоох хэрэгтэй” хэмээн Жэксон Кокс ярьжээ. Хэрвээ Мянганы сорилтын корпорац хэлэлцээг үнэхээр зогсоовол энэ нь шүүхийн шийдвэрийн улмаас Монгол Улсын эдийн засагт шууд хохирол учирч буй анхны тохиолдол болох бололтой. Монгол Улс бодлогын алдааны улмаас эдийн засгийн, хөрөнгө оруулалтын хохирол хангалттай амслаа. Жилд таван тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татаж байсан ч өнөөдөр нэг тэрбум ам.долларт ч хүрэхгүй байна. Дэлхийн стандартад нийцүүлэн ажиллах хэрэгтэй гэдгийг энэ үйл явдал харууллаа. Тавантолгойн хөрөнгө оруулалт, Тавдугаар цахилгаан станцын гэрээний ачаар ирэх жил 2-3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татна гэсэн нь ч эргэлзээтэй болж хувирлаа.

Б.ЦЭЦЭГСҮРЭН

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.