Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

18 метр урт, 120 хүний суудалтай угсраа 20 автобус оруулж ирэхээр болжээ

Энэ онд тээврийн салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгох, дэвшилт техник технологи нэвтрүүлэх, уг салбарыг хөгжүүлэхэд шаардлагатай төсөл, хөтөлбөрийг нийслэлийн төсвөөс санхүүж үүлэх юм. Ашиглах хугацаа нь дууссан 600 гаруй том оврын автобусаас өнөөдөр иргэдэд үйлчилж байгаа. Тиймээс нийслэлийн Тээврийн газрынхан олон хүн тээвэрлэх хүчин чадалтай залгаа автобусууд оруулж ирэхээр төлөвлөөд буй аж. Энэ талаар тус газрын Захиргаа удирдлагын хэлтсийн олон нийттэй харилцах ажилтан Д.Болдоос тодрууллаа.

-Энэ онд хэчнээн автобусаар паркаа шинэчлэх гэж байна вэ?

-Манайх өнгөрсөн оны есдүгээр сард Нийслэлийн тээврийг хөгжүүлэх сан байгуулсан юм. Уг санд өдгөө нийслэлийн төсвөөс 20 тэрбум төгрөг төвлөрүүлээд байна. Энэ мөнгөөр тээврийн салбарын паркийг шинэчилнэ. Уг ажлын хүрээнд 2014 оны аравдугаар сард дунд болон их багтаамжийн, угсраа автобус оруулж ирэхээр гурван багц тендер зарласан юм. Үүнээс дунд багтаамжийн сонгон шалгаруулалтын тендер будлиантай болж, асуудал нь шийдэгдээгүй байна. Харин үлдсэн хоёрынх нь ажил цэгцэрч, одоогоор үнэлгээг нь хийгээд дуусаж байгаа. 2015 онд нийт 70 шинэ автобус үйлчилгээнд нэвтрүүлэхээр ажиллаж байна

-Угсраа автобус гэдэг монголчуудын хувьд цоо шинэ зүйл. Ийм автобус хэдийг оруулж ирэх вэ?

-18 метр урт, 120 хүний суудалтай байх юм. Эхний ээлжинд ийм 20 автобус оруулж ирэхээр болсон. Жолооч сургах, техник технологийн бүрэн бүтэн байдал, засвар үйлчилгээний эхний ээлжийн зардлыг тендерт ялсан компани өөрсдөө гаргах юм. Харин Тээврийн газрынхан цаашдын үйл ажиллагаа, засвар, үйлчилгээг нь хариуцна. Ингэхийн тулд тусад нь компани байгуулах уу, эсвэл Зорчигч тээврийн нэгтгэл (Автобус I, III, “Цахилгаан тээвэр” ХХК нэгдээд ийм нэртэй болсон)-ийн харьяанд шилжүүлэх үү гэдгийг одоогоор ярьж байна.

-Манайхан паркаа шинэчлэх нэрийдлээр гадаадаас хуучин автобус оруулж ирдэг. Дээрх 70 автобус цоо шинэ байж чадах уу?

-Их багтаамжийн автобусуудыг 12 жил ашиглаад хугацаа нь дуусдаг. Тиймээс манайхан өмнө нь гадаадад зургаан жил явсан хуучин автобус оруулж ирээд Монголдоо зургаан жил ашиглаад акталдаг байсан. Харин энэ жилээс бид арай өөр зарчмаар ажиллана. Их, бага багтаамжийн болон залгаа автобусууд бүгд цоо шинэ, үйлдвэрээс нь шууд нийлүүлэхээр харилцагч талуудтай тохиролцсон. Их багтаамжийн автобусуудыг БНСУ-ын “Хьюндай” ХХК-иас оруулж ирнэ.

-Угсраа автобусыг хаанаас авах вэ. Монголын нөхцөлд хэр тохиромжтой юм бол?

-Беларусь улсын МАЗ компани манайд нийлүүлэхээр болсон. Цаг агаарын нөхцөл бас бус хүчин зүйлийг харгалзан үзээд тус компанийнханд тодорхой шалгуур тавьсан. Тухайлбал, халаалт, хөргүүрийн систем, нэмэлт агааржуулагч суурилуулах, цантахаас сэргийлсэн давхар цонхтой байх шаардлагатай. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг бууж, суухад нь хүндрэлгүй байлгахаар зориулалтын шат хийх зэрэг стандарт тавьсан.

-Уг автобус 180 метр гэхээр нэлээд урт юм. Уулзвар, гарцаар эргэж, тойроход хэцүү байх болов уу. Аль чиглэлд, хэзээнээс явуулах вэ?

-Урт болохоор тойргийн радиус нь жирийн автобуснаас өөр л дөө. Тэгэхээр бид Энхтайваны өргөн чөлөө буюу хотын төв замаар явуулахаар төлөвлөөд байгаа. Эргэлтийн цэг нь Таван шар, Офицеруудын ордон байх юм. Одоогоор манай тойрог замууд угсраа автобусанд зориулагдааг үй. Тиймээс “Гудамж” төслийнхөнтэй энэ талаар ярьж, дээрх хоёр цэгийн эргэлтийн радиусыг нь томруулахаар санал, бичиг баримтаа хүргүүлээд байна. Угсраа автобусуудыг ирэх 6-7 дугаар сард оруулж ирэхээр зорьж байгаа. Учир нь хавар зам засварын ажлууд хийгддэг тул угсраа автобус явах боломжгүй.

-Шатахуун хэр зарцуулдаг юм бол. Билет таслагчаар хэдэн хүн ажиллах вэ. Нийтийн тээврийн үйлчилгээнд карт нэвтрүүлэх ажил юу болж байна?

-120 хүний суудалтай ч манайхан аль болох чихээд л явдаг шүү дээ. Билет таслагч хэдэн хүн байх гэх мэт зохион байгуулах ажлууд бий. Одоогоор хараахан тодорхой болоогүй байна. Шинэ учраас түлш харьцангуй бага иднэ. Картын тухайд БНСУ-ын дөрөв, Монголын дөрвөн компани нийлэн “Автобусны дата карт консерциум” байгуулсан. Том оврын автобусаар үйлчилдэг төрийн өмчит болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдтэйгээ тохиролцчихсон. Одоо хяналтын, мэдээллийн, цахим төлбөрийн систем нэвтрүүлэхээр ажиллаж байна. Удахгүй нийслэлийн ЗДТГ-тай гэрээгээ байгуулчихвал дараа нь компани байгуулах л үлдэнэ дээ.

-Өнөө жил 70 автобус шинээр үйлчилгээнд нэвтрүүлнэ гэлээ. Зөрүүлээд ашиглалтын хугацаа дууссан автобусуудыг актлах байх. 2015 онд хэчнээн автобус “тэтгэвэрт” гаргах бол?

-“Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ, ангилал ба үйлчилгээнд тавих ерөнхий шаардлага” MNS 5012:2011 стандартын дагуу тухайн автобусны нас, бүхий л зүйлийг харгалзан үзэж үйлчилгээнээс хасдаг. 2014 онд том оврын автобусаар үйлчилдэг есөн аж ахуйн нэгжийн 15, туслах болон буухиа үйлчилгээний 17 компанийн 151 автобус, таксины 10 аж ахуйн нэгжийн 32 таксийг нийслэлийн Тээврийн газрын бүртгэлийн сангаас хассан. Харин энэ онд их багтаамжийн 119 автобус “тэтгэвэрт” гаргахаар болсон.

О.БАТ-УНДРАХ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.