Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ерөнхий сайд асан Н.АЛТАНХУЯГ “НҮҮРС” хөтөлбөрийн хэргээр АТГ-т мэдүүлэг өгчээ

Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөхөөр ажиллаж байсан Л.Гансүх болон бусад хүнд Засгийн газраас хэрэгжүүлж байсан “Нүүрс” хөтөлбөрийн хөрөнгийг завшиж, үрэгдүүлсэн гэсэн үндэслэлээр АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэн дуулиан шуугиантайгаар шалгаж эхэлсэн. Гэвч тус газар, прокурорын байгууллага хамтран Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулахын өмнөхөн энэ хэргийн шалгалтын талаар хэвлэлийнхэнд дэлгэрэнгүй мэдээлэл өгснөөс хойш хэрхсэн нь тодорхойгүй таг чиг болоод буй.

Уг хэргийн талаар Нийслэлийн прокурорын газрын эх сурвалжаас тодруулахад “Мөрдөн байцаалт удахгүй дуусаж, прокурорын хяналтад ирэх дөхөж байгаа” гэсэн юм. Мөрдөн байцаалтын шатанд тодорсон мэдээллээр Засгийн газраас “Нүүрс” хөтөлбөр хэрэгжүүлэх тухай ямар нэгэн тушаал шийдвэр гаргаагүй болох нь тогтоогдсон аж. “Нүүрс” хөтөлбөр гэдэг нь энэ хэрэгт холбогдсон хэдхэн хүний хийсэн хууль бус үйлдэл гэж мөрдөгч, прокурорын байгууллагынхан үзсэн гэх мэдээлэл байна.

Уг хэрэгт холбогдсон хүмүүсээс тайлбар мэдүүлэг авч дууссан бөгөөд хамгийн сүүлд Ерөнхий сайд асан, УИХын гишүүн Н.Алтанхуягаас АТГ-ын мөрдөн байцаагч мэдүүлэг авсан гэнэ. Энэ талаар прокурорын байгууллагын эх сурвалж “Түүнийг ажлынх нь өрөөнд буюу Төрийн ордонд АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн байцаагч очиж гэрчийн мэдүүлэг авсан” гэлээ. Н.Алтанхуягаас гэрчийн мэдүүлэг авсан гэх мэдээллийг АТГ-ынхан үгүйсгэсэнгүй.

“Нүүрс” хөтөлбөрийн хүрээнд 2012, 2013 онд 249 мянган тонн нүүрсийг 6.8 тэрбум төгрөгөөр “Багануур”-аас худалдаж авч, иргэдэд нэг тонныг нь 80 мянгаар борлуулж, 19.9 тэрбум төгрөгийн орлого олжээ. Гэвч уг хөтөлбөрийг хэрэгжүүлсэн MGL SB болон MGL SBD компани ямар ч ашиггүй ажилласан гэж Засгийн газрын нөөц хөрөнгөөс 854 сая төгрөг гаргуулахын зэрэгцээ Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас 1.5 тэрбум төгрөгийн зээл авсан нь тогтоогдсон. Харин Үндэсний аудитын газрын шинжээчдийн дүгнэлтээр дээрх хөтөлбөрийг хэрэгжүүлснээр уг хоёр компани 4.9 тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж, “Багануур” хувьцаат компанид хамгийн багадаа 2.8 тэрбум төгрөгийн алдагдал учирсан гэж үзсэн юм.

Дашрамд дурдахад, Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг Дүүргийн иргэний хэргийн анхан шатны II шүүхэд өнгөрсөн оны арваннэгдүгээр сард нэр төр сэргээлгэх нэхэмжлэл гаргасан билээ. Уг хэргийн хариуцагчаар нь тухайн үед Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах өргөдөл гаргасан нэр бүхий 26 гишүүний нэг, МАН-ын Д.Хаянхярвааг шүүх дуудсан байсан. Уг хэрэг мөн л чимээгүй болсон билээ. Учрыг тус шүүхийнхнээс тодруулахад, нэхэмжлэгч Н.Алтанхуяг хариуцагч нартай эвлэрснээр иргэний хэргийг хаасан гэсэн мэдээлэл өгөв.

Г.РАВЖАА

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.