Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

130 ГАРУЙ ХҮНИЙ ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ЗАЛИЛСАН ЭТГЭЭДҮҮД ЭХНЭЭСЭЭ ОРГОН ЗУГТЖЭЭ

“Хайрт минь үүнийг хар даа. Сүүлийн үеийн загварын сайхан машинууд байна. Үнэ нь ч боломжийн юм. Гэртээ сууж байгаад л хүссэн машинаа захиалж болох юм байна шүү дээ. Аль өнгө, загвар нь зүгээр байна. Машинаа авчихаад хэдүүлээ хотын гудамжаар салхи татуулан давхина шүү”… Энэ жаргалтай мөч удалгүй харамсал, маргаан болж хувирав. “Чи эхлээд сайн судалж үзэхгүй яасан юм. Луйварчдад хамаг мөнгөө алдчихлаа. Одоо яах юм бэ”.

Яг л ийм үйл явц 130 гаруй хүний амьдралд тохиолджээ. Япон машины онлайн худалдаа гэсэн сайхан зарын цаана юу нуугдаж байсныг тэд мэдсэнгүй. Техник технологи хөгжиж, аливаа зүйл амар хялбар болохын зэрэгцээ луйварчдын арга заль улам л нарийссаар байдаг аж. Тодруулбал, 130 гаруй хүн www.negtugrug.com, www. avtotried.mn вэб сайтаар дамжуулан машин захиалж, урьдчилгаа мөнгө болох тэрбум төгрөгөө завшуулжээ. Зарим нь ийм юманд итгэж их хэмжээний мөнгөө өгч байдаг “гэнэн тэнэгүүд” байна даа гэж бодож болох ч энэ бол бодит явдал. Тэд өнөөдөр банкны зээлээс өөр юмгүй үлдсэн байна. “Гүн бэйс”, “Дэлхийн тамга”, “Алтан самурай”, “Алтан гүүр” гэх дөрвөн компанийг ерөнхийлөн хариуцдаг Т.Дамдиндоржийн ээж Загдаа, дүү Т.Энхтөр, түүний эхнэр Түмэндэмбэрэл нар хүмүүсийг цахим луйвардаа урхидахад хамгийн их үүрэг гүйцэтгэжээ.

Т.Дамдиндоржийн дүү Т.Энхтөр, түүний эхнэр Түмэндэмбэрэл машинтай болно гэсэн олон хүний итгэлийг уландаа гишгэчихээд, байгаа хэдийг нь халааслаж аваад БНСУ-руу оргон зугтсан байна. Энэ хэргийг 2014 оны аравдугаар сараас Баянзүрх дүүргийн цагдаагийн II хэлтэст шалгаж байгаа юм. Гэвч ганц ч хүн хохирлоо барагдуулж чадалгүй өдий хүрчээ. Тэд арга ядахдаа өчигдөр хэвлэлд хандсан юм. “Японоос хямд үнэтэй автомашин зуучилж өгнө” гэсэн зараар олон хүний толгойг эргүүлж, халаасан дахь хэдийг нь өлхөн сэгсэрсэн хэргийн гол эзэн нь Т.Дамдиндорж. Түүнийг өнгөрсөн оны аравдугаар сараас хэрэг үүсгэн шалгаж, эхэлжээ. Гэхдээ үүнээс өмнө мөнгөө луйвардуулсан хохирогчид Баянзүрх, Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст хандсан байна. Тухайн үед хэргийг шийдвэрлэн хохирлыг нь барагдуулж байсан учраас чимээгүй өнгөрөөд байж. Т.Дамдиндорж ба түүний нөхдийн ийнхүү урд хормойгоороо хойд хормойгоо нөхөх үлгэр удаан үргэлжилсэнгүй, дөрвөн компаниа дампууруулж хаалгаа барьснаар эцэс төгсгөлгүй шунасан луйврын мөнгөө барагдуулж чадахгүйд хүрчээ.

Энэ мэт явсаар 130 гаруй хүн тэрбум төгрөгөөр хохирсны дараа л энэ хэрэг олон нийтэд ил болов. Уг нь ганц хоёр хүн мөнгөө луйвардуулснаа мэдэж эхлээд цагдаад хандахад л тухайн вэб сайтын үйл ажиллагааг зогсоож, олон нийтэд сэрэмжлүүлэн, залилангийн хэргийг газар авахуулахгүйгээр зогсоох боломжтой байсан. Хурдан хохирлоо барагдуулж, мөнгөнийхөө барааг харах гэсэн хүмүүс энэ хэргийг цагдаагийн байгууллага хэрхэн шийдэхийг тэсэн ядан хүлээж буй. Гэтэл хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байсан Т.Дамдиндорж, Доржсүрэн, Батбаатар нар батлан даалтаар суллагджээ. Үүгээр ч зогсохгүй Т.Дамдиндорж батлан даалтад гарснаас хойш нэг ч удаа байцаалтад ирээгүй, сураггүй алга болсон гэнэ. Цагдаа нар түүнийг эрэн сурвалжилж байгаа аж. Т.Энхтөр, Түмэндэмбэрэл нар БНСУ-руу оргон зугтсан шиг Т.Дамдиндоржийг ч гэсэн хил гараад явчих вий гэж болгоомжилж буйгаа хохирогчид нуугаагүй. Мөн БНСУ-аас мөнгө шилжүүлнэ гэсэн хуурамч бичиг баримт үйлдэн факсаар илгээдэг байсан нь улс дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэг байж болзошгүй хэмээн сэжиглэж буй.

Хэдэн арван сая төгрөгөө сайхан мөрөөдлийнхөө хамт “салхинд хийсгэсэн” эдгээр хохирогчдын нэг Ж.Отгонбатаас цөөн асуултад хариулт авлаа.

Ж.ОТГОНБАТ: ЖИЙП МАШИН ЗАХИАЛЖ, УРЬДЧИЛГАА 18 САЯ ТӨГРӨГ ӨГСӨН

-Та яагаад онлайнаар машин захиалсан юм бэ. Луйвардуулснаа яаж мэдэв?

-Avtotried.mn вэб сайтад байршуулсан машинууд гадуур зарж байгаагаас хямд үнэтэй, үйлдвэрлэгдээд удаагүй, км-ын заалт нь бага байсан л даа. Тиймээс л онлайнаар захиалга өгсөн юм. Өнгөрсөн оны зургадугаар сарын 30-нд тус сайтын байранд очиж, онлайнаар харж байгаад жийп машин сонгосон. 28 сая төгрөгийн үнэтэй. Тэгэхдээ эхлээд урьдчилгаа 10 сая төгрөг өгсөн. “Японоос таны машиныг худалдаж авсны дараа найман сая төгрөг өгөөрэй” гэсэн. Түлхүүрээ авахдаа үлдсэн 10 сая төгрөгийг нь өгөх гэрээтэй байсан юм. Тэгээд долдугаар сарын 8-нд “Таны машиныг сонголоо” гэж над руу утсаар ярьсан. Би маргааш нь очиж, гэрээ байгуулаад, найман сая төгрөг өгсөн. Залилуулж байгаагаа мэдээгүй болохоор тээвэрлэхэд хугацаа орох байх гэж бодоод яаруулаагүй. Гэрээ ёсоор бол наймдугаар сарын 26-нд миний захиалсан машиныг авчрах байсан юм. Гэтэл есдүгээр сарын дунд болоод байхад машин маань ирдэггүй. Тэгэхээр нь Уранчимэг гэх борлуулагч эмэгтэйтэй уулзтал “Ченжийн машины контейнерт таны машиныг хийгээд явуулчихаж. Тэд мөнгөө төлөхгүй асуудал үүсгэсэн бололтой. Тэрнээс таны машин гааль дээр ирчихсэн байгаа” гээд хэдэн тийшээ явуулаад байхаар нь сэжиглэж эхэлсэн. Тэгээд захирал нь гэх Т.Дамдиндоржтой уулзахаар очтол зугтаад байсан.

-Тэгэхээр нийт 18 сая төгрөгөө алджээ. Энэ мөнгөө банкнаас зээлсэн үү?

-Хадгаламжиндаа байсан мөнгөө шавхаад л өгсөн.

-Та хэн гэдэг хүний дансанд мөнгөө шилжүүлсэн юм бэ?

-“Гүнбэйс” ХХК-ийн төв байрны ерөнхий нягтлан Сайхантуяа гэх эмэгтэйн дансанд мөнгөө шилжүүлсэн.

-Цагдаагийн газарт мэдүүлэг өгсөн биз дээ?

-Өгсөн. Т.Дамдиндорж цагдаад баригдахаасаа хэдхэн хоногийн өмнө хүртэл хүмүүсийн мөнгийг залилаад явж байсан байна лээ. Тиймээс мөрдөн байцаалтыг хурдан шуурхай, үнэн бодитой явуулж, ямар үндэслэл, шалтгаанаар Т.Дамдиндоржийг батлан даалтад гаргаснаа тайлбарлаж өгөхийг хүсэж байна.

ӨМГӨӨЛӨГЧ Н.ЦЭВЭЭН: ЗОХИОН БАЙГУУЛАЛТТАЙ ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХ ГАЗАРТ ШАЛГУУЛАХ ХҮСЭЛТЭЭ ХҮРГҮҮЛСЭН

-Аvtotried.mn, Negtugrug.com сайтын үйл ажиллагааг зогсоосон уу?

-Цахилгаан холбоо компаниас эдгээр сайтын үйл ажиллагааг албан ёсоор хаасан.

-Нэг хохирогч бүр 140 сая төгрөгөө залилуулсан байх юм.

-Тийм. Хамгийн бага нь зургаа, дээд тал нь 140 сая төгрөгөөрөө хохироод байна. “Lexus 570” машин хоёрыг захиалсан хүн ч бий.

-Батлан даалтад гарсан Т.Дамдиндорж байцаалтад ирэхгүй байгаа гэлээ. Энэ тохиолдолд ямар хариуцлага тооцдог юм бэ?

-Цагдаагийн байгууллага эрэн сурвалжилж байна. Байцаалтад санаатайгаар ирэхгүй бол Эрүүгийн хуулийн 261 дүгээр зүйл заалтаар гурван жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэдэг.

-Та бүхэн цаашдаа ямар арга хэмжээ авах төлөвлөгөөтэй байна вэ?

-Энэ бол зохион байгуулалттай, гэр бүлийн шинжтэй гэмт хэрэг. Хэргийг шалгаж байгаа үйл явц хохирогчдод илүү нээлттэй байх ёстой. Энгийн залилангийн хэрэг биш. Олон арван хүний амьдрал, маш их мөнгөтэй холбоотой учраас энэ хэргийг хурдан шуурхай шийдвэрлэж, иргэдийн хохирлыг барагдуулж өгөхийг хүсэж байна. Т.Дамдиндорж хуурамч тамга тэмдэг ашиглаж гэрээ хийдэг нь илэрсэн. Энэ луйвар анхнаасаа шунахайн сэдэлтэй, санаатай үйлдэл байсан. Тиймээс бид улсын Ерөнхий прокурорт гомдол гаргасан. Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газарт шалгуулах хүсэлтээ албан ёсоор хүргүүлсэн.

Ч.БОЛОРТУЯА

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.