Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ТА БИДНИЙ СОНГОЛТ МЭРГЭН БАЙГ

Улс орон хөгжлийн аль замаар явах нь зөв бэ гэдгийг тодорхойлох санал асуулга өнөөдөр 22.00 цагт дуусна. Зогсолтгүй өсөж буй ам.долларын ханшийг тогтоож, хямарч буй эдийн засгаа өөд татах хоёр хувилбар дэвшүүлж, “Бүгдээрээ хэлэлцээд зөвийг нь сонгоё” хэмээн шийдлийн Засгийн газрын тэргүүн Ч.Сайханбилэг уриалсан. Түүнд алдах эрх үгүй. Бас амжилттай ажиллах хугацаа тун давчуу байгаа. Тиймээс бүгдээрээ хэлэлцэх зарчмыг сонгосон нь энэ. “Оюутолгой” болон бүтээн байгуулалтын том төслүүдээ урагшлуулах уу, зардал хэрэглээгээ бууруулж, эдийн засгийн сахилга баттай болох замаар ханшаа тогтоох уу гэсэн хоёр хувилбарын аль нь зөв, бурууг сүүлийн хэдэн өдөр хэвлэлээр хангалттай шинжиллээ.

Үүнтэй зэрэгцээд “Үргүй зардал гаргалаа, Засгийн газарт бүх нам хамтарчихаад байхад заавал иргэдээс асуух хэрэггүй байсан юм” гэх мэт шүүмжлэл ч өрнөж байна. Энэ шүүмжлэлийн цаанаас эрх мэдлээ хуваалцахгүй гэх аминчхан айдас “үнэртэнэ”. Үнэндээ хэлбэр тойрон маргаснаас агуулгыг нь бараг хөндсөнгүй. Ч.Сайханбилэг Ерөнхий сайд танхимынхаа хүрээнд асуудлыг шийдэж хүчрэхгүй, чадахгүйдээ ард түмнээс асуугаагүй. Улс орон хөгжлийн чухал асуудлаа шийдэх салаа замын ирмэг дээр ирсэн байна. Үүнд энэ улсын бүрэн эрхт иргэн бүр оролцох ёстой гэдгийг л тэр ухамсарласан аж.

ШУУД АРДЧИЛЛЫГ ХЭРЭГЖҮҮЛЭВ

Үндсэн хуульд “УИХ бол хууль тогтоох дээд байгууллага мөн” хэмээн заасан. Хууль санаачлан өргөн барих эрх зөвхөн УИХ-ын гишүүд, Засгийн газар, Ерөнхийлөгч гэсэн гурван субъектэд бий. Энэ бол маш том эрх мэдэл, боломж. Ард түмэн энэ 76-г төлөөллөө болгон УИХ-д сонгосон, тэд бидний өмнөөс шийдвэр гаргадаг. Ингэхдээ ард түмэнтэйгээ зөвлөлдөж байсан нь үгүй. 1945 оны аравдугаар сарын 20-нд монголчууд тусгаар тогтнолоо баталгаажуулах бүх нийтийн санал асуулгад оролцсон түүхтэй.

Үүнээс хойш ард түмнээсээ асуусан хууль тогтоогч гарсангүй. Үе үеийн УИХ, Засгийн газар “Бид төгс” гэсэн зарчмаар л явж иржээ. Уг нь УИХ 1995 онд Бүх нийтийн санал асуулгын тухай хууль баталсан боловч нэг ч удаа хэрэглээгүй. Тийм эр зориг гарсангүй. Ард түмнээс асуучихвал өнөөх “халдашгүй” эрх нь хязгаарлагдчихна хэмээн түшээд айдаг нь нууц биш. 2011 онд Сонгуулийн тухай хуулиар санал асуулга явуулах тухай хэсэг гишүүн санаачилга гаргасан ч газар авалгүй замхарсан юм. Ийм айдсын хажуугаар Төрийн тэргүүн шууд ардчиллын тухай ярьж, аажмаар ахиц гарч байгаа. Хууль боловсруулах шатандаа иргэдийн саналыг сонсож, Төрийн ордон дахь Иргэний танхимд хэлэлцүүлэг хийдэг болсныг хэлж буй хэрэг.

Гэвч зөвхөн урьдчилж бүртгүүлсэн, Төрийн ордонд биеэр ирсэн иргэдийн хүрээнд хэлэлцүүлэг хязгаарлагддаг. Хэдийгээр зарим үед утсаар, цахим шуудангаар санал авдаг ч нийтийг хамарч бас л чаддаггүй. Гэвч энэ бол дэвшил. Шууд ардчиллын зарчмыг нэвтрүүлэхээр Ерөнхийлөгч хэдэн жилийн турш зүдэрч байх зуур шийдлийн Засгийн газрын тэргүүн түүнийг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлж, ард түмнээсээ асуулаа. Энэ бол амжилт.

САНАЛ АСУУЛГЫН ДҮНГ МАРГААШ ТАНИЛЦУУЛНА

Монгол Улсын үүрэн телефон хэрэглэгч иргэн бүрт гар утсаар нь дамжуулан санал асуулгын мессежийг илгээсэн. Төрийн шийдвэр гаргахад иргэнийхээ хувиар оролцож, хувь нэмрээ оруулахыг хүссэн хүн бүр нэг хувилбар сонгож, саналаа өгсөн байх. Мэдээллийн технологи, шуудан харилцаа, холбооны газрын цахим хаягт энэ тухай мэдээллийг шинэчлэн оруулж байгаа аж. Өчигдөр 15.25 цагт оруулсан мэдээгээр 3.306.145 иргэнд мессеж илгээснээс 205.708 хүн саналаа ирүүлсэн байлаа.

Санал асуулгыг өнөөдөр 22.00 цагт хаах тул амжаагүй хүмүүс үүнээс өмнө саналаа өгч, эрхээ эдлэх боломжтой юм байна. 76 гишүүн тогоон дотроо “шивнэлдэж” шийддэг уламжлалт аргачлалыг халснаараа Ч.Сайханбилэгийн шийдвэр онцлог байлаа. Мөн улс орны хэмжээний томоохон шийдвэр гаргахад Монгол Улсын иргэн бүрийн оролцох эрхийг нээж өгснөөрөө ач холбогдолтой байв. Улс төрийн тогтолцоонд ч цаашид энэ алхам салхи оруулж, зөв жишиг тогтооно гэж найдъя. Үйл явцыг энэ өнцгөөс нь харж буй иргэд Ерөнхий сайдад талархаж байгаа болов уу. Санал асуулгын дүнг маргааш нэгтгэж, танилцуулах юм билээ. Олонх ямар сонголт хийсэн байна, тэр замаар Засгийн газар ажиллана. Тиймээс та бидний сонголт мэргэн байг.

С.ТУУЛ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.