Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ДҮҮРГҮҮДИЙН ЭМНЭЛГҮҮД АРХИЧДЫГ ОРОГНУУЛДАГ ГАЗАР БИШ

-Эмнэлгүүд өвчтөнд үзүүлэх нийт төсвийнхөө 40-50 хувийг согтуу хүмүүсийг эрүүлжүүлэхэд зарцуулж байна-

Хүн хэлэхээс, цаас чичихээс нааш гэдэг үг бий. Эрүүлжүүлэх байруудыг дүүргүүдийн эмнэлэгтэй нэгтгэснийг хүн бүр мэдэх ч ачир дээрээ байдал ямар байгааг хараад үнэхээр хэлэх ч үг олдсонгүй. Залуусын хэлдгээр өнгөрсөн баасан ахын “төрсөн өдрөөр” нийслэлийн хамгийн олон хүн амтай Сонгинохайрхан дүүргийн XIV төв буюу Сонгинохайрхан Эрүүл мэндийн төвийн эрүүлжүүлэх байраар УИХ-ын эмэгтэй гишүүд орсон юм. Тэнд байдал үнэхээр хүнд байна. Биднийг 22.20 цагт очиход есөн хүн эрүүлжүүлэгдэхээр ирсэн байв. Тэдний хоёр нь эмэгтэй, үлдсэн нь 30-50 насны эрчүүд. Нэг хүн архины гүн хордлоготой, шоконд орсон тул эмч нар түүнд эрчимт эмчилгээ хийж байв. Хоёр ортой эрүүлжүүлэх өрөөнд оруут үнэр танар гэж авах юм алга. Хоёр эмэгтэй орон дээр, үлдсэн нь газраар зулсан байв. Нэг нь “Хөөе би бие засмаар байна. Наад камераа холдуулаач. Та нар юу юм. Ална, тална” гэж агсрав. Сувилагч “Битгий гадуур нь шээчихээрэй” гэсээр түүнийг хөтлөн ариун цэврийн өрөөнд оруулав. Өвдөж зовсон битгий хэл эрүүл хүмүүст ч тэдний орилох хашгичих нь үнэхээр түвэгтэй санагдаж байв. Бүтэн 24 цаг согтуучуудыг маллах гэсээр эмнэлгийн тусламж авах ёстой хүмүүсдээ цаг зав гаргаж чадахгүй байгаагаа эмч нар учирлав. Тус Эрүүл мэндийн төвийн Яаралтай тусламжийн тасгаар 2013 онд 8666 өвчтөн үйлчлүүлснээс 853 хүнд архины хордлого тайлах эмчилгээ хийжээ. 2014 онд энэ тоо нэг дахин нэмэгдэж, 11098 хүн эмнэлгийн тусламж, үйлчилгээ авсанаас 12 хувь нь архины хамааралтай эмчилгээ хийлгэсэн байна. Тэгвэл энэ оны эхний нэгдүгээр сард л гэхэд 180 хүнд архины хордлого тайлах эмчилгээ хийж, нэг хүн нас бараад буйг тус тасгийнхан хэлсэн юм. Мэдрэлийн тасгийн их эмч Н.Долгорсүрэн “Нэгдүгээр сарын 1-нээс ачаалал улам нэмэгдэж байна.

Хоногт 70 хүнд үйлчилж байгаагаас 10-15 хувь нь тасарсан, согтсон хүмүүс ирдэг. “Тэд зүгээр унтана гэж байхгүй. Хоорондоо зодолдоно. Агсам тавьж, эмнэлгийн эд зүйлс эвдэлж, хэмхэлдэг. Сүүлдээ бүр манай асрагч, сувилагчид гар хүрсэн тохиолдол олон гарлаа. Ийм тохиолдолд цагдаа дууддаг ч тэднийг авч явах нь ховор. Дан эмэгтэйчүүд шөнө жижүүрлэж хонодог тул биеэ хамгаалж ч чаддаггүй. Өнөөдөр л гэхэд Яаралтай тусламжийн тасгаар 29 хүн үйлчлүүлсний ес нь архины хордлоготой хэвтэж байна. Дөрөвхөн ортой тасгийн хоёрыг нь согтуучууд эзэлчихээр хүнд өвчтэй хүргэгдэж ирсэн хүмүүсээ яах билээ. Архины хордлогоор хэвтэн эмчлүүлж байсан хүний орон дээр өвчтнүүдээ хэвтүүлэхээр ар гэрийнхэн уурлаж бухимддаг. Үнэр танар нь тэсвэрлэхийн аргагүй болохоор арга ч үгүй биз. Өвчтөнүүд сүүлдээ бидэн рүү дайрч давшилж байна. “Танайх эмнэлгийн байгууллага уу, аль эсвэл шорон уу” гэдэг. Бид согтуучуудыг эрүүл болгож, архины хордлогыг нь тайлж өгснийхөө төлөө нэг ч төгрөг авдаггүй. Манай эмнэлэг 2014 онд л гэхэд сэхээн амьдруулах яаралтай тусламж, үйлчилгээнд 60 сая төгрөг зарцуулснаас яаралтай тусламжид 40 сая, түүний 60 хувийг согтуу иргэдийн эмчилгээ, үйлчилгээнд зориулсан байх жишээтэй. Нэг үгээр хэлэхэд эмнэлгийн байгууллага тэр чигтээ эрүүлжүүлэх байр болчихоод байна. Одоо бүр ар гэрийнхэн ч амар болсон. “Энийг эрүүл болгоод өг” гээд аваад ирдэг. Тэднийг унтуулаад, өглөө нь явуулдаг. Эргэж ирэхгүй бол сайн л байна. Гэтэл орой нь буцаад согтуу ирдэг. Эмэгтэйчүүд болон жирэмсэн эхчүүд ч олон ирэх боллоо. Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуулийг эргэн харахгүй бол эмнэлгийн тусламж зайлшгүй шаардлагатай иргэд согтуучуудын ард үлдэж байна” гэж ярьсан. ЭМСЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга Д.Нарангэрэл “УИХ гишүүдэд байдал ямархуу байгааг газар дээр нь үзүүллээ. Дүүргийн эмнэлгүүд өвчтөнд үзүүлэх нийт байнат өсвийнхөө 40-50 хувийг согтуу хүмүүсийг эрүүлжүүлэх арга хэмжээнд зарцуулж байна. Түүнээс гадна эмнэлгийн орчин тойрныг бохирдуулж, өвчтөнүүдийн сэтгэл санаанд дарамт үзүүлэн, эмнэлгийн ажилчдыг үйл ажиллагаагаа хэвийн явуулахад нь саад учруулж байна” гэсэн бол УИХ-ын эмэгтэй гишүүн С.Одонтуяа, Л.Эрдэнэчимэг нар “Бид Ерөнхий сайд, УИХ-ын дарга, Хууль зүйн сайдтай энэ талаар зөвшилцсөн. Эрүүлжүүлэх байруудыг орон нутгийн харьяанд юм уу, эсвэл салбар хоорондын зохицуулалт бүхий эрүүлжүүлэх тусгай байр бий болгох зайлшгүй шаардлагатай юм байна.

Согтуу хүмүүс цагдаагийнхны хамгаалалтад байх ёстой. Харин тэнд нь эмч, сувилагч нарын орон тоог бий болгох замаар энэ асуудлыг шийдэхгүй бол эмнэлгийн байгууллагууд энэ үйл ажиллагааг цаашид явуулах ямар ч боломжгүй нь харагдаж байна. Хууль батлагдтал 1-2 сарын хугацаа орно. Энэ хооронд эрүүлжүүлэх байрны асуудлыг түр журмаар зохицуулах талаар санал тавина” гэсэн юм. Тэгвэл салбарын сайд Г.Шийлэгдамбаас зарим зүйлийг тодруулахад “Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуулийн хэрэгжилтээс болж цагдаа хүчний байгууллагуудын үүргийг эмнэлэг хүлээж, энэ салбарт хүндрэл үүсгээд буйг олон түмэн харж байна. Эмнэлгийн орчин нөхцөл бохирдож, эрүүл ахуйн болон эмчилгээ, үйлчилгээ доголдоход хүрээд буй. Уг нь эмнэлгүүд архины гүн хордлоготой иргэдэд тусламж, үйлчилгээ үзүүлэх ёстой атал архи уусан хүн бүрийг эрүүлжүүлдэг газар болжээ. Хууль хэрэгжиж эхэлсэн гуравхан сарын хугацаанд эмнэлгүүд эмчилгээний төсвөөсөө 47.563.303 төгрөгийг согтуучуудын эмчилгээнд зарцуулсан байна. Гэтэл энэ мөнгийг согтуу иргэдэд зарцуул гэж эмнэлгийн төсөвт тусад нь тусгаагүй. Хоногт Яаралтай түргэн тусламжийн төвд иргэдээс 1000 гаруй дуудлага ирдгийн 40 орчим хувь нь архинаас хамааралтай ханддаг. Хуучин ЦЕГ-ын харьяанд эрүүлжүүлэх байр байхад жилд дунджаар 65500 хүн эрүүлжүүлэгдэж, нэг хувь нь л эмнэлгийн тусламж авдаг байж. Харин хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаас хойш нийслэлийн харьяа Нэгдсэн эмнэлгүүд 2980 согтуу хүнд тусламж, үйлчилгээ үзүүлсэн байна. Тэдний 90 хувь нь эмнэлгийн тусламж авах шаардлагагүй, зүгээр л хоног төөрүүлэх гэж хандсан нь дээрх судалгаа харуулж байна. Тиймээс гишүүд эл асуудлыг яаралтай анхааралдаа авч, шийдвэрлэх хэрэгтэй” гэж хэлсэн юм. Хууль зүйн салбарынхны хуулийн шинэчлэл нь энэ мэт амьдралд нийцэхгүй байгааг бид харлаа. Цус харваад амь тавих гэж буй хөгшин, даралт нь ихсээд байна гэх тулгар бүсгүй, хаана ирснээ ч мэдэхгүй ээжийнхээ энгэрт наалдан уйлагнах нялхас, эмч нарын хөдөлгөөн бүрийг горьдонгуй ширтэх хүмүүсийн хажууд энэ архичид арай биш ээ.

О.БАТ-УНДРАХ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.