Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Саусгоби сэндс”-ийн экс удирдлагад ял оноов

“Саусгоби сэндс” компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан АНУ-ын иргэн Жастин Капла, санхүүгийн ерөнхий менежер асан Филиппиний иргэн Хиларион В.Кажуком ЖР, Кристобал Ж.Дэвид нарт холбогдох хэргийг Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны II шүүх өнгөрсөн долоо хоногийн лхагва гаригаас эхлэн гурав хоногийн турш хэлэлцэн баасан гаригт шийдвэрлэлээ. Шүүх хурал болохоос хоёр хоногийн өмнө “Саусгоби сэндс” компанийн эрх бүхий албан тушаалтнууд хэвлэлээр төлбөртэй мэдэгдэл гаргаж “…холбогдох эрх бүхий байгууллага, албан тушаалтнууд хуулийн хүрээнд асуудлыг шударгаар шийдвэрлэнэ гэдэгт найдаж байна. “Саусгоби сэндс” ХХК Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчсөн, татвар төлөхөөс зайлсхийсэн гэх гэмт хэргийн шинжтэй нэг ч үйлдэл хийгээгүй гэдгээ үүгээр хариуцлагатайгаар мэдэгдэж байна” хэмээсэн.Хэрэгт холбогдсон гадаадын иргэдийн ажиллаж байсан компанийн одоогийн эрх бүхий албан тушаалтнууд ийнхүү мэдэгдэл гаргасан нь шүүх, шүүгчийн хараат бус байдалд хөндлөнгөөс нөлөөлөх гэсэн оролдлого болохыг хуульчид хэлж байна. Жастин Капла нарын хэрэгтэй холбогдуулж гадаад, дотоодоос манай хууль, шүүхийн байгууллагынханд нөлөөлөх гэсэн оролдлого удаа дараа гарсан талаар хэвлэлээр мэдээлж байв. АНУ-ын Сенатын хоёр гишүүн манай хуулийн байгууллагынханд хандаж захидал бичсэн, НҮБ-аас тайлбар шаардсан, шүүх хурлын өмнө ийнхүү мэдэгдэл гаргасан нь ийм хардлага төрүүлсэн юм. Гэвч Монгол Улсын шүүх эрх мэдлийн байгууллага хэний ч нөлөөнд оролгүй, хавтаст хэрэгт цугласан нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэлээ. Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны II шүүх Жастин Капла, Хиларион Кажуком, Дэвид Кристобал нарыг Эрүүгийн хуулийн 166 дугаар зүйлд заасан татвар ногдох онц их хэмжээний орлого, эд хөрөнгө, ажил, үйлчилгээ, бусад зүйлийг нуун дарагдуулсан гэм буруутайд тооцов. Шүүгдэгч Жастин Капла, Кристобэл Дэвид нараас нэг сая төгрөгийн эд хөрөнгө хурааж,  таван жил 10 сар, Хиларион Кажукомоос нэг сая төгрөгийн эд хөрөнгө хурааж, таван жил зургаан сарын хугацаагаар хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр боллоо. Харин иргэний  хариуцагч “Саусгоби Сэндс” ХХК-аас 35.2 тэрбум төгрөг гаргуулж, улсын орлого болгуулахаар шийдвэрлэлээ. Шүүгдэгч болон иргэний нэхэмжлэгч нар анхан шатны шүүхийн шийдвэрт сэтгэл дундуур байсан бөгөөд тогтоолоо гардаж аваад давж заалдах өргөдөл гаргана гэдгийг өмгөөлөгч нар нь хэлсэн.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.