Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ НЭРТЭЙ ШОУНЫ БАЛАГ

Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 60 дугаар тогтоолын дагуу нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг сонгон шалгаруулах журмаар ажилд авсан юм. Үүнийг боловсролын салбарт өөрчлөлт шинэчлэл хийх нүдээ олсон шийдвэр гэж олон хүн талархан хүлээн авсан. Харамсалтай нь сонгон шалгаруулалттай холбоотой гомдол санал өдийг хүртэл тасрахгүй байна. Боловсролын салбарт 15-25 жил зүрх сэтгэлээ зориулан ажилласан олон захирал, эрхлэгч “гудамжинд гарсан” бололтой. Тэдний нэг нь Сонгинохайрхан дүүргийн 62 дугаар сургуулийн захирал асан Ш.Сарантуяа. Тэрбээр өөрийгөө хууль бусаар ажлаасаа халагдсан хэмээн бидэнд хандсан юм. Үүнд нийслэлийн Боловсролын газрын дарга Ц.Отгонбагана хэрхэн хандаж буйг тодрууллаа.

Ш.САРАНТУЯА: ДЭЭД ШҮҮХЭЭС ДАВСАН ЭРХ МЭДЭЛ ТЭДЭНД БАЙХГҮЙ

-Сонгон шалгаруулалтыг ер нь яаж явуулсан юм бэ. Та өөрийгөө яагаад хууль бусаар ажлаасаа халагдсан гэж үзэж байгаа юм?

-Би Сонгинохайрхан дүүргийн ерөнхий боловсролын 62 дугаар сургуулийн захирлаар ажиллаж байгаад сонгон шалгаруулалтад оролцсоны дараа 2014 оны гуравдугаар сард ажлаа өгсөн. Сонгон шалгаруулалт гэдэг луйвар болсон. Таван шалгалтын оноогоор би хоёрдугаарт орж, нөөцөд үлдсэн. Хачирхалтай нь эхний байранд орсон хүн сонгон шалгаруулалтын нэг төрөл болох ярилцлагын шалгалтад ороогүй хэрнээ хамгийн өндөр оноо авсан байсан. Нэг шалгалтаа өгөөгүй хүнийг түрүүлсэнд тооцдог ийм зарчим хаана байдаг юм бэ. Энэ нь шударга өрсөлдөөн мөн үү. Сонгон шалгаруулалт Төрийн албаны зөвлөлийн 60 дугаар тогтоолын дагуу явагдсан. Энэ тогтоолыг мөрдөж эхэлсэн өдрөөс хэрэгжүүлэх ёстой болохоос энэ үед ажил, албан тушаал эрхэлж байсан захирал, эрхлэгчдэд хамаарах ёсгүй. “Тогтоол батлагдахаас өмнө албан тушаал хашиж байсан захирал, эрхлэгчид хамаарна, тэднийг заавал сонгон шалгаруулалтад оруулж, дахин томилно” гэсэн заалт байхгүй. Шүүхээс ч гэсэн хуулийг эргүүлэн ашиглаж болохгүй гэсэн шийдвэр гаргасан. Гэтэл миний ажлын байранд сонгон шалгаруулалт явуулаад, шалгаруулалтыг шударга бусаар дүгнэсэн. Тиймээс би Иргэний хэргийн шүүхэд хандсан юм.

-Шүүхээс ямар шийдвэр гарсан бэ?

-2014 оны гуравдугаар сараас гурван шатны шүүхээр явлаа. Эцэст нь захирлын ажилд нь эргүүлэн авч, ажилгүй байсан хугацааны олговрыг тооцон гаргуулах шийдвэр гарсан. Гэтэл намайг түр орлон гүйцэтгэх албан тушаалд тавина гээд байгаа юм. Би үүнийг хүлээн зөвшөөрөхгүй. Энэ мэт олон захирлыг түр албан тушаалд тавиад буцаагаад халсан тохиолдол цөөнгүй. Ер нь нийслэлийн Боловрсолын газрын дарга Ц.Отгонбагана, Захиргаа санхүүгийн хэлтсийн дарга Ц.Мягмар, нийслэлийн Засаг даргын орлогч дарга Ц.Энхцэнгэл нар сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нарыг ажлаас нь халахын тулд зохион байгуулалттай арга хэмжээ авч байна. Захирал, эрхлэгч нь солигдсон ихэнх сургууль, цэцэрлэгт хамт олныг турхирах, зохиомол хэрэг үүсгэх байдал гарсан. Эдгээр газраар яваад багш, ажилтнуудтай нь уулзахад л мэдэгдэнэ дээ. Тухайлбал, Сонгон шалгаруулалт зарлах арга хэмжээ авч өөрийн анд найз, хамаатан садан, нутаг нугынхнаа ажлын байраар хангаж байна.

-Түр орлон гүйцэтгэгч гэсэн албан тушаал манай улсад байхгүй болсон биз дээ?

-Тийм. Түр орлон гүйцэтгэгч гэх албан тушаал хүчингүй болсон. Үүнийг удирдах албаны ажил хийж байгаа хүмүүс мэдэж л баймаар юм. Жил орчим ажилгүй байснаасаа болж сэтгэл зүйгээр их хямарч байна. Эдийн засгийн хямралтай энэ үед хоёр хүнийг нэг албан тушаалд цалинжуулаад байж боломгүй л санагдах юм.

-Та одоо 62 дугаар сургуулийн захирлаар ажиллаж байгаа А.Батжаргалыг ярилцлагын шалгалтад ороогүй гэлээ. Нотлох зүйл танд байгаа юм уу?

-62 дугаар сургуулийн захирлын сонгон шалгаруулалтад найман хүн өрсөлдсөнөөс тав нь дараагийн шалгалт өгөх эрхтэй болсон юм. Надад нотлох баримт бий. Цаг нь болохоор ил гаргана. Ярилцлагын шалгалт дуустал Батжаргал ирээгүйг би гэрчилнэ. Гэтэл маргааш нь сонгон шалгаруулалтын дүн гарахад Батжаргал нэгдүгээр байрт бичигдсэн байсан. Тэгэхээр нь би шалгалт авсан хүмүүст гомдол гаргасан. Ярилцлагын шалгалтыг дуу бичлэгийн хэрэгслүүр ашиглаж явуулна гэж заасан байсан. Тиймээс тэр хүний бичлэгийг сонсохыг хүссэн ч өдий хүртэл надад үзүүлээгүй. Сонгон шалгаруулалтын дүнд гомдолтой байгаа олон захирал, эрхлэгч бий. Тэд шүүхэд хандсан. Цаашид тэр хүмүүстэй хамтран энэ шударга бус байдлыг илчлэх болно.

Ц.ОТГОНБАГАНА: Ш.САРАНТУЯАГ ЗАХИРЛЫН АЛБАН ТУШААЛД НЬ ЭРГҮҮЛЭН ТАВИНА

-Бидэнд сонгон шалгаруулалт булхайтай болсон гэж хэсэг захирал, эрхлэгчийн төлөөлөл хандсан юм. Тэдний нэг нь 62 дугаар сургуулийн захирал Ш.Сарантуяа. Энэ сонгон шалгаруулалт зөвхөн сул орон тоо гарсан сургууль, цэцэрлэгийн удирдах албан тушаалтанд хамааралтай байсан юм биш үү. Яагаад ажлаа хийж байгаа хүмүүсийн дунд сонгон шалгаруулалт явуулсан юм бэ?

-2007 оны нэгдүгээр сараас хойш томилогдсон сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нарын дунд сонгон шалгаруулалт зарласан. Сонгон шалгаруулалтад ороогүй захирал, эрхлэгч нарын ажлыг сул орон тоо гэж үзсэн. Сонгинохайрхан дүүргийн 62 дугаар сургуулийн захирал асан Ш.Сарантуяа 2005 онд “Ирээдүй цогцолбор” сургуулийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан юм билээ. Гэхдээ энэ албан тушаал нь мөнгө захиран зарцуулах, нэгдүгээр гарын үсэг зурах эрхтэй хүн биш. Тиймээс түүнийг 2005 онд бус 2008 онд 42 дугаар сургуулийн захирлаар томилогдсон цагаас нь захирлын алба хашиж байсан гэж үзээд сонгон шалгаруулалтад оруулсан.

-Одоо 62 дугаар сургуулийн захирлын алба хашиж буй А.Батжаргалыг ярилцлагын шалгалтад ороогүй гэх юм. Энэ үнэн юм уу?

-Ш.Сарантуяа анх энэ асуудлаар шүүхэд хандсан ч нэхэмжлэлээ татаж авсан. Ярилцлагад ороогүй хүнийг захирлаар ажиллуулна гэж байхгүй.

-Ярилцлагын шалгалтын үед дуу хураагуур ашиглана гэсэн байдаг. Үүнийг сонсох боломжтой биз дээ?

-Дуу хураагуур бол байгаа байх.

-Захирлын ажилд нь Ш.Сарантуяаг буцаан томилох тухай гурван шатны шүүхийн шийдвэр гарсан байх юм.

-Үг дуугүй биелүүлэх хуультай. Ш.Сарантуяаг захирлын ажилд нь буцаан томилохоор болсон.

-Тэгвэл яагаад өдий хүртэл ажилд нь эргүүлэн авахгүй байгаа юм бол?

-Бид Ш.Сарантуяаг 62 дугаар сургуулийн захирлын албан тушаалд түр орлон гүйцэтгэгчээр ажиллах санал тавьсан.

-Түр орлон гүйцэтгэгч гэх албан тушаалыг хүчингүй болгосон шүү дээ.

-Энэ зөвхөн нийслэлийн 62 дугаар сургуульд хамаатай асуудал биш. Бүх яамны төрийн нарийн бичгийн дарга нар түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байна. Тэгвэл улс орон даяараа хууль зөрчиж байгаа юм биш үү.

-Танд энэ мэтчилэн сонгон шалгаруулалттай холбоотой гомдол санал хэр ирж байна вэ?

-Ажлаасаа үндэслэлгүй халагдсан гэж 3-4 хүн хандсан.

Ч.БОЛОРТУЯА

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.