Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ХИЙРХЭЛ

“Твиттер”, “Фэйсбүүк” хэмээх сошиал ертөнцөд хийрхэх, туйлшрах хэмээх халдварт “өвчин” тархаад удлаа, хэн ч тоодоггүй ээ. Энэ нь эболагаас ч аймшигтай гэвэл та итгэх үү. Халдвар нь маш хурдан тархаж, үг хэмээх вирусээр нь хүнийг “алж” байна, энэ ертөнцөд. Угтаа энэ өвчнийг анагаах вакцин нь дээрх цахим хуудсыг хаах, бүр мөсөн устгах явдал. Гэхдээ “Фэйсбүүк”, “Твиттер”-ийг биднээс хамааралтайгаар тийм ч амархан устгачихгүй бөгөөд нэг ёсондоо боломжгүй зүйл л дээ. Учир нь зөвхөн монголчуудын дунд энэ вирус нь хүчтэй тархаад байгаа учраас дэлхийн орнууд нэг их “тоохгүй” байх шиг байна. Өнөөгийн Монголд цахим ертөнц “доторлолдог”, эсвэл түүнд ухаан мэдрэлээ алдатлаа “дурласан”, донтсон хүмүүс бүгд туйлын “ухаантай” нь. Тэднээс өөр агуу, цэцэн мэргэн хүн манай улсад байхгүй. Та бүхэн анзаарсан болов уу. Тэд лайк, коммэнт цуглуулахын тулд долоо долоо хоногт олны анхаарал татам, дуулиан шуугиантай үйл явдлыг гол байгаа болгон онилж, санаатайгаар сошиал ертөнцөд нөлөөлж, цацдаг. Олны анхаарал татам гэснийг нэг үгээр хэлбэл, хийх ажилгүй, хэнээрхэл, туйлшрал нь туйлдаа хүрсэн хүмүүст зориулсан явган яриа, хов жив, худал хуурмаг зүйл л дээ. Түүнийг нь хэсэг бүлэг хүн өлгөн авч, өөрсдийн цахим хуудсаараа түгээж, лайк, коммэнт цуглуулан, түүнээсээ кайф авдаг гэх үү дээ.

Гэхдээ сошиал ертөнцийг утгаар нь ашигладаг мундаг хүмүүс бас бий. Өвдөж зовсон, өнчирч үлдсэн нэгнээ цахим сүлжээгээр алдаршуулан, тэдэнд туслахыг олон нийтэд уриалж, ажил хэрэг болгодог чадвартай, мэдлэгтэй, ухаантай залуус байгаа. Тэднийг үгүйсгэх гээгүй. Сайнаасаа саар нь дэндүү олон болсонд л асуудлын гол буй юм. Өнгөрсөн долоо хоног, тэрний өмнөх долоо хоногт вьетнамчуудыг нохой, муураар боодог хийдэг, монгол охидын биеийг нь үнэлүүлдэг гэхчилэн шуугьж гарав аа, “Фэйсбүүк”, “Твиттерээр”. Амтай болгон нь “Тэднийг хөөж, зайлуул. Ална, тална, муусайн вьетнамчуудыг” гэх мэтээр бүдүүлэг авирлав. Тэдэнтэй зугаацаж байгаа монгол охидуудын зургийг цахим хуудаст нийтэлснээс болоод нэг монгол охин амиа алдах шахлаа. Тэдгээр эмэгтэй вьетнамчуудтай зугаацсан гэсэн мэдээллийн дараа Монголын бүх охид муу муухайгийн “туйл” болцгоосон. Энэ бүхнээс нь харахад манай охид, залуус яасан ч агуу үндсэрхэг үзэлтэй юм бэ дээ. Вьетнамчуудыг харахаар ой нь гутаж, шүд амаа “ирлэж” байхын оронд тэднээс дээр машин засаад сурчихаач дээ, энэ олон ажилгүй залуус. Хамгийн сонин нь “Шинэ үе” продакшны залуу жүжигчин Т.Билгүүнийг сүүлчийн замд нь үдэх өдөр зарим хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлч, зурагчин тэнд очиж, мэдээ мэдээлэл бэлтгэн, уй гашууд автсан хүмүүсийн хавдсан нүдийг хальснаа буулган, цахим ертөнцөөр тараалаа. Яах гэж…

Монголчуудын оюун санаа, сэтгэлгээ нь ингэтлээ доройтон хоосорсон учраас энэ мэт хар мэдээ материалаар “хооллодог” хүмүүст зориулан ажиллах нь нэг ёсны зөв ч юм шиг. Тэд гэрэл гэгээтэй үйл явдлыг тоож хялайдаггүй учраас хэвлэл мэдээллийнхэн хүртэл энэ “зах зээлд” тааруулан ажиллах нь аргагүй биз ээ. “Цахим ухаантан”-уудын дараагийн халдлагын бай нь “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн санаачлагч, хөтлөгч П.Анужин. Түүн рүү “Хятадын эрлийз, хурлийз. Па Ну Жин гэдэг нэртэй юм билээ. Энэ одоо 2016 оны сонгуульд нэр дэвшлээ юү. Сонгогдлоо юу” гэх мэтээр учир утгагүй дайрч гарав. Санаатай ч юм уу, лайк, коммэнт цуглуулахын тулд гэвэл хүний нэр төрд ингэж эрээ цээргүй халдаж болдог юм уу. Үнэхээр гайхаад баршгүй, энэ цахим ертөнцийн “цэцэн мэргэд”-ийг. “Цахим ухаантнууд” баян хүмүүсийг үзэн яддаг. Яагаад гэвэл тэд өөрсдөө залхуу, арчаагүй болохоор. Хэрхэн мөнгө олж, амьдралаа дээшлүүлэх вэ гэж бодохын оронд хэн нэгэн хүний ганган машиныг хадаасаар зурахыг илүүд үздэг. Гадаад л хүн байвал хэн ч бай хамаагүй, бүгдийг нь үзэн яддаг. Хятад, солонгос, вьетнамчуудыг дарамталж зодон, холын хүмүүсийг айлган сүрдүүлж, ийм үйлдлийг нь олон нийтээрээ хөөргөн дэвэргэж, үзэн ядах нь “эх оронч хүмүүс”-ийн шударга үйлдэл гэж үү. Амаа билүүдэж, хий хоосон цэцэрхэж суухаар нийгэмд хэрэгтэй ганц ч болтугай юм хийгээсэй, энэ хүмүүс…

О.УНДРАХ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.