Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

МАНСУУРУУЛАХ ЭМ, БОДИСЫН ТУХАЙ БИЕ ДААСАН ХУУЛЬТАЙ БОЛЪЁ

Ингэж хэлсэнд учир их бий. “Миний хүү мансууруулах бодис хэрэглээд байна. Тэр минь дөнгөж 14 настай шүү дээ. Бидэнд туслаач” гэж ирэх эцэг эх, “Гадаад улсад хар тамхины хэрэгт холбогдон ял авсан Монголын 36 иргэн бий. Тэдний дөрөв нь цааз, ес нь хугацаагүй хоригдох ялтай. Амьдын хагацал, асар их зовлон бэрхшээл, нулимс, цөхрөл, үхэл”, “Осолд орж, хүнд бэртсэн, хорт хавдрын сүүлийн шатандаа орсон хүмүүс өвчин намдаах зорилгоор морфин хэрэглэж байна. Үүнийг хэрэглэх давтамж нь ойртсоор эцэстээ донтож, энэ тарилга үгүй бол амьдарч чадахгүй болдог”, “Монгол орны газар нутгийн 15 га-д мансууруулах үйлчилгээтэй өвс (олсны төрлийн ургамал) ургадаг. Үүнийг түүж хэрэглэхээс гадна зарж борлуулах нь ч ихэссэн”, “Баар, цэнгээний газар, зочид буудалд насанд хүрээгүй хүүхдүүд гаaз үнэрлэж, өвс татах зэргээр мансуурсан гэх дуудлага цагдаагийнхныг тайван суулгахаа байлаа” Энэ мэтчилэн хар тамхи, мансууруулах бодистой холбоотой хэрэг зөрчил Монгол Улсын хэмжээнд нэмэгдсээр, үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх хэмжээнд хүрчээ. Гэвч авч хэрэгжүүлсэн дорвитой ажил нэг ч алга. Ядаж л Монгол Улсын аль аймаг, сум, багт мансуурагчид олон буйг судалж тогтоох хэрэгтэй баймаар. Гэтэл улсын хэмжээнд хар тамхи, мансууруулах бодисын хэрэглээ ямар байгааг тоосон ч үгүй, тоолсон ч үгүй өдий хүрлээ. Хар тамхи, мансууруулах бодисоос иргэдийг хамгаалах нийгэмлэгээс улсын хэмжээнд судалгаа явуулах санал хүсэлтээ Эрүүл мэндийн болон Хууль зүйн яаманд жил бүр уламжилсаар ирсэн боловч “Санхүүжилт байхгүй учраас боломжгүй” гэсэн хариулт авдаг аж. Бүхэл бүтэн улсын хэмжээний энэ асуудал төрийн бус ганц байгууллагын нуруун дээр ирж, эцэстээ тэд ч үйл ажиллагаа явуулахаас залхаж буйгаа нуугаагүй. Улсын хэмжээнд мансууруулах бодисын хэрэглээний талаар судалгаа явуулахад 70 орчим сая төгрөг шаардлагатай аж.

Судалгаа явуулснаар мансууруулах үйлчилгээтэй өвс хэр олон газарт ургаж байна, хэчнээн хүн хэрэглэж буйг мэдэх боломжтой. Ингэснээр мансууруулах үйлчилгээтэй өвсийг устгах, иргэдийн хэрэглээг багасгах, зогсоох, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах боломж бүрдэх юм. Өнгөрсөн онд Хар тамхи, мансууруулах бодисоос иргэдийг хамгаалах нийгэмлэгээс Улаанбаатар хот, Дархан-Уул, Орхон аймгийн их, дээд болон ерөнхий боловсролын сургуулийн 2000 хүүхдийн дунд судалгаа явуулжээ. Судалгаанд оролцсон хүүхдүүдийн 571 нь мансууруулах бодис ямар нэг хэмжээгээр хэрэглэж үзсэн гэжээ. Нэг хэрэглэгчийн цаана дөрвөн хүн бий гэж тооцдог. Тэгэхээр дээрх гурван газарт гэхэд 2000 гаруй хэрэглэгч байна гэсэн үг. Бяцхан тоо бодоход, хоёр сая хүний 571.000 нь хар тамхи, мансууруулах бодис хэрэглэж үзсэн гэж хэлж болохоор байгаа юм. Цаана нь 19 аймгийн иргэдийг судалгаанд хамруулаагүй гээд бодоход манай улсад цагаан тахал ямар аюултай хэмжээнд хүрсэн нь тодорхой харагдаж буй. Мансууруулах бодис хэрэглэдэг гэсэн 571 хүний 66 хувь нь нэг, 34 хувь нь 2-8 төрлийн мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эм бэлдмэл, бодис татах, уух, сорох, үнэрлэх, тарих зэрэг бүх л аргыг ашигладаг гэжээ. Бүр тодруулбал, тэдний 49 хувь нь өвс, 28 хувь нь лисергийн хүчлийн диэтиламид буюу LSD, 25 хувь нь морфин, 21 хувь нь шавар, 18 хувь нь экстаси, 18 хувь нь мөсийг голчлон хэрэглэдэг гэнэ. Түүгээр ч барахгүй хэлэн дороо уусган сорж хэрэглэдэг “марк” хэмээх төрөл ч бий болжээ. Хүүхэд багачууд, оюутан залуус энэ мэт элдэв төрлийн мансууруулагч хэрэглээд эхэлсэн нь аюулын харанга дэлдэнэ. 2013 онд хар тамхи, мансууруулах бодистой холбоотой 37 гэмт хэрэг, 77 гэмт үйлдэлд 99 хүн холбогдсон бол, 2014 онд 58 гэмт хэрэг, үйлдэлд 131 хүн шалгагдсан байна. Энэ нь өмнөх оноос 54 хүнээр нэмэгдсэн үзүүлэлт. Сүүлийн гурван жилийн судалгаанаас харахад ийм хэрэгт холбогдож, цагдаагийн байгууллагад шалгуулсан хүний 62.6 хувь нь 19-25 насныхан. Үүнээс үзвэл мансууруулах бодисыг голчлон залуус хэрэглэж байна.

Хэд хоногийн өмнө гурван саяулаа болсон монголчуудын хар тамхины хэрэглээ гамшгийн хэмжээнд хүрснийг дээрх тоо, баримтаас харж болно. Гэтэл үүнийг зохицуулах тусдаа хууль манай улсад алга. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хууль гэж бий ч энэ нь уялдаа холбоо, учир дутагдалтай байгаа юм. Хар тамхи, мансууруулах бодис хэрэглэдэг хүмүүстэй ажилладаг цагдаа, гааль, эмнэлэг, төрийн бус байгууллагынхан мансууруулах эм, бодисын тухай бие даасан хуультай болох шаардлагатай гэдэгтэй санал нэг байна. Учир нь сэтгэцэд нөлөөлөх эм бодис гэсэн ангилалд бүх төрлийн эм, бодис багтаж байгаа учраас зөвхөн мансууруулах эм, бодисын тухай бие даасан хууль боловсруулж, хэрэгжүүлэх хэрэгтэй гэж үзэж буй. Тухайлбал, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуульд мансууруулах бодисын хэмжээ, тоо ширхгийг заасан заалт байхгүй. Тиймээс биедээ нэг грамм, нэг кг хар тамхи равч явсан ч ялгаагүй адилхан хариуцлага хүлээж таарч байгаа юм. Мансууруулах үйлчилгээтэй өвс нь төмөр болон авто зам дагаж ургадгийн учир нь энэ хор тоосонцорт дуртайнх аж. Үрээ өөрөө цацаж, услаагүй байхад ч ургадаг энэ “гайхал”- ыг гурван жил шатаасны дараа л дахин ургадаггүй юм байна. Гэвч хөрөнгө мөнгөнөөс шалтгаалан жил бүр шатааж чаддаггүй нь харамсалтай. Үүнээс гадна хүчтэй үйлчилгээ үзүүлдэг шавар, мөс зэрэг мансууруулах бодисыг сорж хэрэглэх хүмүүс нэмэгдэж, хоёр хөршөөс энэ төрлийн мансууруулах бодисыг манай улсын хилээр сэмхэн давуулах нь ихэсжээ. Энэ байдал зохион байгуулалттай гэмт хэргийн шинжтэй болж буйг эх сурвалж хэлсэн. Хар тамхины хор уршиг манай улсад хэдийнэ нүүрлэж, удмын санд ч нөлөөлөөд эхэлсэн. Тиймээс нарийн, тодорхой заалттай хууль л хэрэгтэй байна. Тэгэхгүй бол цагдаагийн байгууллагынхан ч мансууруулах бодис хэрэглэсэн хүмүүст ямар арга хэмжээ авахаа мэдэхгүй байдалд орох нь. Мансууруулах бодис хэрэглэсэн хүмүүсийг цагдаагийнхан хурдан шуурхай илрүүлж, хорьж цагдаж буй ч ихэнх хэрэг нь эцэслэн шийдвэрлэгдэхээсээ илүү мөрдөн байцаалтын шатанд явж байна. Хар тамхинд донтсон хүмүүсийг шоронд хорилоо ч тодорхой хэмжээгээр “нөгөөх өө” авах шаардлагатай болдог гэнэ. Үгүй бол амиа ч алдах аюултай. Хөгжилтэй орнуудад хар тамхи хэрэглэгчийг хохирогч гэж үзэж, яллах шаардлагатай бол эмнэлэгт хэвтүүлэн эмчилсний дараа хорих газар луу явуулдаг аж. Хар тамхинд мансуурагчдаас согтууруулах ундаа үнэртэхгүй болохоор цагдаа нар Түр саатуулах байр луу авч явдаггүй бол, түргэн тусламжийнхан “Мансууруулах бодис хэрэглэсэн хүмүүс бидэнд хамаагүй” гээд тоодоггүй юм байна. Солиорлын байдалд орж, татаж унасан хүмүүст СЭМҮТ-ийнхөн л хордлого тайлах эмчилгээ хийхээс өөрөөр манай улсад тэдэнд үзүүлэх эмчилгээ, тусламж алга. Ингээд Хар тамхи, мансууруулах бодисоос иргэдийг хамгаалах нийгэмлэгийн захирал Б.Нямбаяраас зарим зүйлийг тодрууллаа.

Б.НЯМБАЯР: 10 ГАРУЙ ЖИЛИЙН ХУГАЦААНД ЗУРГААХАН ХҮНИЙГ Л МАНСУУРЛААС ГАРГАСАН


-Танай байгууллага долоо хоног бүр мансууруулах бодис хэрэглэдэг хүмүүстэй уулзаж, сэтгэл зүйн зөвлөгөө өгдөг юм байна. Хэчнээн хүн хамрагддаг вэ. Үр дүн гарч байна уу?

-Манай нийгэмлэг 1999 онд байгуулагдсан. Одоогийн байдлаар 20-50 орчим насны 90 гаруй хүн хамрагдаж байна. Тэдний 30 орчим хувь нь эмэгтэй. Бид тэднийг эрүүл мэндийн шинжилгээ, сэтгэл санааг нь өөрчлөх сургалтад хамруулдаг. Хар тамхинд хэтэрхий гүн донтсон хүмүүс хэрэглээгээ багасгая, эрүүл мэндээ бодъё гэж ирдэг. Сэтгэл зүйн сургалтын дараа олонх нь “Өнөөдрөөс хар тамхи хэрэглэхгүй” гэдэг боловч чаддаггүй. Бид 10 гаруй жилийн хугацаанд зургаахан хүнийг л мансуурлаас гаргаж чадсан.

-Эдгээр хүмүүс голчлон ямар төрлийн мансууруулах бодис хэрэглэдэг юм бэ. Юунаас болж ийм байдалд хүрдэг юм бол?

-80 гаруй хувь нь морфин хэрэглэдэг. Янз бүрийн осол, хүнд өвчний улмаас өвдөлтөө намдаах гэж морфин хэрэглэж эхлээд эцэстээ түүндээ донтдог. Мөн кокаин, героин, экстаси зэрэг мансууруулах бодис хэрэглэдэг хүн цөөнгүй. Ийм хүчтэй бодисыг амьдралын боломж сайтай хүмүүс голдуу хэрэглэдэг.

-Мансууруулах бодис хэрэглэдэг хүмүүсийн биеийн байдал амархан мууддаг шүү дээ. Эрүүл мэндэд нь тэр бодис яаж нөлөөлдөг вэ?

-Хар тамхи нь төв мэдрэлийн системийг гэмтээдэг. Олон жил хэрэглэвэл турж эцэн, арьс нь шаргалтаж, идээт бижрүү гарч, судасны хана нь хатуурч, нойргүйдэн, ядарч сульдан, бэлгийн сулралд ордог. Сэтгэхүйн чадвар нь эрүүл хүнийхээс доогуур. Мөн элэгний С вирус, ХДХВ буюу ДОХ-ын халдвар хялбар авч, хурдан өвчилдөг.

-Мансуурах энэ эмгэгийг эмчлэх арга юу байна?

-Төгс эмчилгээ хэрэгтэй. Гэтэл ийм эмчилгээ хийх эмнэлэг манай улсад байхгүй. СЭМҮТ хордлого тайлах л эмчилгээ хийж байна. Үүний дараа сэтгэл зүйн зөвлөгөө, сургалт хэрэгтэй. АНУ зэрэг оронд Дахин нийгэмшүүлэх төв гэж бий. Тэд хэрэглэгчдийг зохион байгуулалтай гэмт хэргийн хохирогч гэж үзэн, шоронд биш Дахин нийгэмшүүлэх төв рүү явуулдаг. Монголд ийм төв байхгүй болохоор мансуурагчдыг хаана хорих, бие нь муудвал яах вэ гэх зэрэг асуудал байнга гарч байна.

-Хар тамхи, мансууруулах бодисоос урьдчилан сэргийлэхийн тулд яавал дээр вэ?

-Хүүхэд багачуудад хор хөнөөлийг нь сайн тайлбарлаж, ойлгуулах хэрэгтэй. Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын хөтөлбөрт хар тамхины уршгийн талаар тусгайлан хичээл оруулах шаардлагатай. Хүүхэд багачууд хар тамхи гэж юу болох, ямар хор нөлөөтэйг нь мэдэхгүйгээс нэг нэгнээ дуурайж буруу алхам хийн, хохирч, эцэстээ амиа алдаж буй нь харамсалтай. Хугацаа нь дууссан морфин хэрэглэснээс болж амиа алдсан хүүхэд бий гээд ингээд тоочоод байвал барагдахгүй. Тиймээс эрх баригчид мансууруулах эм, бодисын тухай бие даасан хууль яаралтай боловсруулах хэрэгтэй байна. Цагдаа, гаалийн газрынхан ч гэсэн ийм хууль батлагдахыг хүлээж байгаа. Мансууруулах бодисоо сорох, татах, тарих тэр л хормын төлөө амьдарч буй олон зуун хүн бидний дунд байна. Гачлант энэ хүслээ биелүүлэхийн тулд юу ч хийхээс буцахгүй тэдний амьдрал аажмаар амьдын там болж хувирдаг. Тэдэнд бусдын адил гэр бүл, эд хөрөнгө, мэдлэг боловсрол, хүнлэг сэтгэл байсан. Хар тамхи гээчид урхидуулснаас хойш энэ бүх үнэт зүйлээ нэг нэгээр алдсаар эцэст нь өөрийгөө ч гээж, эмгэнэлтэйгээр төгсөж байна. Ирээдүйгээ ийм байдалд оруулахгүйн тулд, цөөхөн хэдэн монголчуудаа энэ тахлаас хамгаалахын тулд бид юу хийж чадах вэ.

Ч.БОЛОРТУЯА

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.