Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ХУУЧИН АСФАЛЬТАА ДАХИН БОЛОВСРУУЛААД ЗАМАА ӨВӨЛ, ЗУНГҮЙ НӨХДӨГ БОЛЛОО

 

Манай орны уур амьсгалын нөхцөл байдал, зам барилгын компаниудын ажлын хариуцлагагүйгээс хот, хөдөөд шинээр болон шинэчилж тавьсан хатуу хучилттай авто замууд жил бололгүй тараа таниулдаг. Хатуу хучилттай авто замын асфальт, бетон хучлага хатахдаа удаан тул хүйтний улиралд зам засах, шинээр тавих боломжгүй. Тиймээс замын хөдөлгөөнд оролцогчид цаг агаар дулаартал энхэл донхол замаар туучсаар осолд өртөх нь бий. Тэгвэл бид өвлийн улиралд ч замынхаа онгорхой цоорхойг нөхөж чадахаар боллоо. Нийтийн үйлчилгээний “Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ (Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар)-ынхан өвөл, зунгүй зам нөхөх зориулалттай, АНУ-ын “DOOSAN” компанид үйлдвэрлэсэн “Bobcat G40” загварын асфальт халаагч, боловсруулагч хоёр техниктэй болсон байна. Тэд өчигдөр Замын цагдаагийн газрын урд буюу “Баянмонгол” хорооллын ард талын төмөр замтай огтлолцсон уулзвар орчмын хагарч, цуурсан авто замыг нөхөж, уг техникийнхээ шидийг олон нийтэд танилцуулсан юм. Биднийг 11.30 цагт очиход “Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ-ын зүүн салбарын ажилтнууд зам засаж байв.

Тэд хагарч цуурсан замыг дор нь зүсэж, ховхлоод буцаан нөхөж байсан юм. “Улаанбаатар нэгтгэл”-ийн зүүн салбарын хяналтын инженер Ц.Ганбаатараас зарим зүйлийг тодруулахад “Хотын удирдлагууд энэ жил нийслэлийн төсвийн хөрөнгөөр манай “Улаанбаатар” нэгтгэлийн баруун, зүүн салбарт асфальт халаагч хоёр техник авч өгсөн. Нэг бүрийнх нь үнэ 280 сая төгрөг. Америкаас оруулж ирсэн уг төхөөрөмж жилийн дөрвөн улиралд авто зам засах, нөхөх зориулалттай, сүүлийн үеийн техник хэрэгсэл юм. Бид өмнө нь дулааны улиралд авто замаа засаж, шинэчилдэг байсан шүү дээ. Харин одоо улирлаас хамаарахааргүй боллоо. Энэ төхөөрөмж нь маш олон давуу талтай бөгөөд шинээр асфальт зуурдаггүйгээрээ онцлог. Өөрөөр хэлбэл, хуучин асфальтаа дахин боловсруулаад буцаагаад нөхдөг учраас эдийн засгийн хувьд өндөр үр ашигтай. Энэ төхөөрөмжөө бид хоёр хоногийн өмнөөс туршсан. Үр дүн нь маш сайн байгаа. Нийслэлд өнгөрсөн намар зам засварын ажил сайн хийсэн ч хүмүүсийн буруугаас нүх гарсаар л байна” гэж ярив.

О.БАТ-УНДРАХ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.