Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ГАДААД ХАРИЛЦААГ ГАДАРЛАЖ, ДОТОРЛОДОГ ХҮМҮҮС ЭЛЧИН САЙД БОЛЛОО

“Элчин сайд” гэж элдвийн хүн очдог албан тушаал болсон юм уу” гэж дурамжхан хандах нь бий. Үнэхээрч үе үеийн Ерөнхийлөгчийн “хүмүүс”, үеэ өнгөрөөсөн улстөрчдийн орогнох байр, амралтын газар аятай болсон “Элчин сайд” гэх албан тушаалын үнэ цэнэ өндөр байх учиртай. Тэдгээрийг томилохдоо төдийлэн ач холбогдол өгдөггүйдээ ч тэр үү, томилогдож очсон хойноо улсаа төлөөлж суугаагийнхаа хэргийг гаргалгүй, харьд иргэдээ эзэнгүйдүүлж, хааяахан ирэх сайд, дарга нарын цүнх чирч гүйхээс өөр ажилгүй гэж шүүмжлүүлж, хууль бус үйлдэлд холбогдсон нь ч нэг бус биш ээ. УИХ-ын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар Элчин сайд нарын ээлжит томилгоог хийлээ. Тодруулбал, гадаадын есөн улсад суух Элчин сайдыг эргүүлэн татаж, шинээр томилсон юм. “Гадаад харилцааны яаманд анх ажилд орсон хүн 3-4 жил атташе, дахин 3-4 жил ажиллаж байж III нарийн бичгийн дарга, энэ албанд мөн л 3-4 жил болж байж I нарийн бичгийн дарга болдог бичигдээгүй хуультай. Ийн шат дараалуулан ажиллуулж, усыг нь шахаж, мэдлэгийг нь ахиулж, туршлага суулгаж байж 50 гарсан хойно нь зөвлөх, Элчин сайд болгодог” гэж дипломатчид ярьдаг. Энэ шаардлагад яв цав нийцэхгүй ч энэхүү томилгоо өмнөх жишигтэй харьцуулахад илүү мэргэжлийнх байлаа. Ядаж л тэд 2-3 гадаад хэлтэй юм. Өөрөөр хэлбэл, наанадаж Гадаад харилцааны яаманд ажиллаж үзсэн, цаанадаж хүлээн зөвшөөрөгдсөн дипломатчидэнэ удаа жин дарав.


Үүнийг нь ч гишүүд олзуурхаж буй нь илт. Тэдний зургаа нь Гадаад харилцааны яаманд газрын захирлаар ажиллаж буй бөгөөд энэ оны тавдугаар сарын 1 гэхэд хуучин Элчин сайд нарыг татаж, долдугаар сарын 1 гэхэд шинэ сайд нар нутгаасаа мордоно. Ингээд тэдэнтэй танилцъя. НҮБ-ын дэргэд суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Сүхболд. 1976 онд Сэлэнгэ аймагт төрсөн. Москвагийн Олон улсын харилцааны дээд сургууль (ОУХДС)-ийн “бүтээгдэхүүн”. “Шадар” дипломат цолтой. 1999 оноос Гадаад харилцааны яаманд мэргэжилтэн, атташе, III нарийн бичгийн дарга, дэд захирал болон захирлаар ажиллаж ирсэн. 2007-2010 онд НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газарт II нарийн бичгийн даргаар ажилласан нэгэн.Тэрбээр Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа байнгын төлөөлөгч, Элчин сайд гэсэн статусыг халж, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Нью-Йоркт суух анхны хүн болж буй. Гадаад харилцааны дэд сайд асан, УИХ-ын гишүүн Б.Болорын хүн ч гэгддэг. Түүнийг дэд сайд байхад нь тус яамны Төрийн захиргаа удирдлагын газрын дэд даргаар ажиллаж байсан юм билээ. Л.Болд сайдаар ирээд түүнийг газрынх нь даргаар дэвшүүлсэн. Гэсэн ч УИХ-ын гишүүн Л.Болдын тодорхойлсноор тэр бол “их эрх мэдэлтэй хүн”. Учир нь Л.Болд гишүүн Гадаад харилцааны сайд байхдаа яамныхаа Төрийн захиргааны удирдлагын газрын захирлаар ажиллаж байсан түүнийг халсан ч С.Сүхболд шүүхийн шийдвэрийн дагуу албан тушаалаа хэвээр хаших болсон. Тиймээс ч Л.Болд гишүүн С.Сүхболдыг Элчин сайдаар томилох, эсэхийг хэлэлцэх үеэр “АТГ-аас гаргасан төрийн байгууллагуудын шударга байдлын үнэлгээгээр манай яам хамгийн сүүлд “жагссан” нь Төрийн захиргааны удирдлагын газрын даргын үйл ажиллагаатай холбоотой шүү дээ. Үүнээс гадна түүнд хариуцлага тооцох нэг бус үндэслэл байсан. Үүнээс болж С.Сүхболд миний үед томилогдсон бүх хүнийг ажлаас халсан. АНУ-ын Сан Францискоруу томилогдон явах гэж байсан хүний тасалбарыг нь цуцалсан нөхөр. Тушаал буурууллаа гээд ажлаа хүлээлгэж өгөлгүй, хаяад явчихсан хүнийг буцаагаад авах шийдвэрийг монголын шүүх гаргачихсан байх юм. Ажлаа хаяад алга болохдоо шүүхэд зарга мэдүүлж явсан юм билээ. Тэгээд намайг огцрохыг хүлээж байгаад буцаад ирчихэж” хэмээн гомдоллосон.

Харин Б.Болор гишүүн “Төрийн захиргааны удирдлагын газрын захиралд тасалбар цуцлуулах эрх байхгүй. Түүний дээр Төрийн нарийн бичгийн дарга бийшүү дээ. Элчин сайдаар ажиллах хүндажлын туршлага, тушаал дэвших шат дараа гэж бий. Үүнийг баримтлалгүй явж ирсэн хүмүүс ч бий” хэмээнэ лээ. Тайландын вант улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Төгсбилгүүн. Тэрбээр атташегээс Элчин сайд хүртлээ ажилласан ахмад дипломатч Т.Төмөрхүлэгийн хүү. Аавыгаа Алжирт томилогдон ажиллаж байх үед буюу 1974 онд Алжирт төрсөн.Тайландын Сринакаринвирот, МУИС-ийн ОУХС, Австралийн Үндэсний их сургуулийг тус тус төгссөн. Тэргүүн шадар дипломат цолтой. 1999 оноос Гадаад харилцааны яаманд мэргэжилтэн, атташе, III нарийн бичгийн дарга, дэд захирал, захирлаар ажиллаж ирсэн. 2004-2007 онд Тайландын вант улсад суугаа Элчин сайдын яаманд атташе байсан. Дашрамд дурдахад,Т.Төмөрхүлэг дипломатч 1991-1996 онд Лаос улсад Элчин сайдаар ажиллаж байхдаа Тайландын вант улс, Камбожийг хавсарч байжээ. Энэтхэг улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Г.Ганболд.1957 онд Улаанбаатарт төрсөн. МУИС-иас гадна Москвагийн ОУХДС, Их Британийн Оксфордын их сургуулийг төгссөн. Тэргүүн шадар дипломатцолтой. 1980 оноос Гадаад харилцааны яаманд мэргэжилтэн, атташе, нарийн бичгийн дарга, дэд захирал болон захирлаар ажиллаж ирсэн. 1988-1991 онд БНЭУ-д суугаа Элчин сайдын яаманд атташегаар ажиллаж байжээ. АНУ болон ИБУИНВУ-д суугаа Элчин сайдын яаманд зөвлөхөөр ажиллаж байсан. Мэргэжил нэгт нөхөд нь “Гончигийн Ганболд шиг сэтгэлтэй ажилла” гэж залуучууддаа хэлдэг нь түүнийг илэрхийлэх нэгэн хэмжүүр биз ээ. Лаос улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Л.Галбадрах. Тэр бол Чадраабалын Лодойдамбын ганцхүү. 1959 онд Улаанбаатарт төрсөн. Москвагийн ОУХДС-ийг дүүргэсэн. Дипломат албаны Онц бөгөөд Бүрэн эрхт элчин цолтой. 1984 оноос Гадаад харилцааны яаманд атташе, нарийн бичгийн дарга, захирлаар ажилласан туршлагатай. Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбатын гадаад бодлогын зөвлөх явсан нэгэн. 1997-2001 онд БНСУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар ажиллаж байсан. 2013 оны долдугаар сараас Гадаад харилцааны яаманд тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайдаар ажиллаж байсан юм. 1990-ээд оны ардчилсан хувьсгалын үйл явцад “лидер биш ч лойдор байгаагүй” хэмээн өөрийгөө тодорхойлсон энэ эрхэм МСДН-ын анхны гишүүдийн нэг. Египет улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ч.Баярмөнх. Манай дипломатчид тус улсад Элчин сайдын яам байх хэрэгтэй, эсэх асуудлаар санал зөрөлддөг. Арабын ертөнцөд улсаа төлөөлөх хоёрхон Элчин сайдын нэгээр томилогдож буй эл эрхэм 1963 онд Улаанбаатарт төрсөн. Ханой хотын их сургууль, ОХУ-ын гадаад хэлний дээд сургуулийг төгссөн. Тэргүүн шадар дипломат цолтой. Улаанбаатар хотод суугаа Их Британийн Элчин сайдын яаманд орчуулагчаар ажлын гараагаа эхэлсэн тэрбээр Гадаад харилцааны яаманд атташе, нарийн бичгийн дарга, зөвлөх,хэлтсийн дарга, дэд захирал, захирлаар ажилласан туршлагатай. Мөн БНЧУ,БНСВУ дахь Элчин сайдын яаманд нарийн бичгийн даргаар ажиллаж байжээ. Дипломат албанаас гадна “Хаанброй”, “Монгол шилтгээн” ХХК-д гүйцэтгэх захирал хийж явсан нэгэн. Куба улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Батбаяр. 1957 онд Улаанбаатарт төрсөн. Ленинградын их сургуулийг дорно дахины, Японы Осакагийн Гадаад судлалын их сургуулийг япон судлаачаар төгссөн. Тэргүүн шадар дипломат цолтой. Шинжлэх ухааны байгууллагад мэргэжлээрээ ажиллаж гараагаа эхлүүлсэн тэрбээр 1999 оноос дипломат албанд дандаа дарга, зөвлөхөөр ажиллаж иржээ. Тэрбээр хамгийн сүүлд буюу 2013-2014 онд Гадаад харилцааны яамны Бодлого,төлөвлөлт, судалгааны газрын захирлын алба хашиж байсан юм. Польш улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Н.Батаа.1968 онд Улаанбаатарт төрсөн. Москвагийн ОУХДС-ийн төгсөгч. Тэргүүн шадар дипломат цолтой.1996-1997 онд Гадаад харилцааны сайдын туслахаар ажиллаж дипломат албатай холбогдсон тэрбээр тус яаманд мэргэжилтэн, атташе, нарийн бичгийн дарга, дэд захирал, захирлаар ажиллаж иржээ.

Сингапур улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Лхагвадорж. Бизнесийн хүрээнд түүнийг Жорж Төмөр гэх нь ч бий.Тэрбээр Элчин сайд нарын томилгооны энэ удаагийн ээлжинд дипломат албаны талаар “А” ч үгүй ганц нь. Томилох үеэр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагааны хэлсэнчлэн “Элчин сайд нарын томилгоонд мэргэжлийн бус ганц нэг хүн орж ирдэг өмнөх жишгийн дагуу” Сингапурт улсаа төлөөлөх эрх өвөртөлж буй нэгэн. Гэсэн ч гишүүд түүнийг олон улсын хөрөнгийн бирждээр амжилттай ажилласныг нь үнэлж“ стратегийн байрлал руу илгээлээ” хэмээн дэмжсэн. Нөгөө талаас гадаад харилцааг эдийн засагжуулах зорилт тавьж буй энэ үед бизнесмэн залууг Элчин сайдаар илгээх нь буруудахгүй байх мэдэх. Т.Лхагвадорж 1970 онд Улаанбаатарт төрсөн. Украины Аж үйлдвэрийн сургуулиас гадна АНУ-ын Колорадогийн Уул уурхайн дээд сургуулийг дүүргэсэн. 1990 оноос “Эрдэнэт”, “Монголросцветмет”, “Юнигаз”, “Энержи Ресурс”, “Вояжер Голд”, “Хүннү Коул”, “Вульф Петролеум” гэхчилэн хувь, хувьсгалын уул уурхайн компанид удирдах албан тушаал хашиж ирсэн, амжилттай яваа бизнесмэн. 2013онд Монголын залуучуудын холбооны “Next Stop” наадмаас эдийн засаг, бизнесийн салбарын “Оны залуу”-гаар тодорсон удаатай. Гэсэн ч түүнийг австраличуудтайн ийлж монголчуудаа луйвардсан гэж нэг хэсэг шуугисан. 676 сая тоннын нөөцтэй Үнст худаг нүүрсний ордынхоо ашиглалтын лицензийг Т.Лхагвадоржид алдсан гэх “Говь Хурах” компанийнхан арбитрын шүүхэд хүртэл хандаж байсан. Харин тэрбээр үүнийг хүлээн зөвшөөрдөггүй, хууль ёсны дагуу явж байгаа гэж тайлбарлаж ирсний зэрэгцээ “Говь Хурах” компанийнхан шүүхээс нэхэмжлэлээ татаж авсан юм билээ. Мөн тэрбээр ирэх сард болох Монголын хөлбөмбөгийн холбооны ээлжит их хурлаар сонгох холбооны ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвшээд буй. Сонирхуулахад, 2011 онд“Hero” сэтгүүлээс Монголын хамгийн баян зуун эрхмийг нэрлэхэд тэрбээр 100 сая ам.долларын хөрөнгөтэйгөөр 44 дүгээрт бичигдсэн аж. Австрали улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Чулуунхүү.1973 онд Улаанбаатарт төрсөн. Москвагийн ОУХДС, Шинэ Зеландын Виктория, Австралийн Флиндэрсийних сургуулийг тус тус төгссөн. Тэргүүн шадар дипломат цолтой. 1996 оноос Гадаад харилцааны яаманд атташе, нарийн бичгийн дарга, захирлаар ажиллаж ирсэн. Мөн БНТУ болон АНУд суугаа Элчин сайдын яаманд атташе, нарийн бичгийн даргын алба хашиж байжээ.

Б.НОМИН

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.