Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Татварын буцаан олголт

 

Үүргээ биелүүлсэн иргэн ЭРХЭЭ ЭДЛЭХ БОЛОМЖ 

Татварын алба, хэлтсүүд хөл тавих зайгүй, хүнээр дүүрэх өдрүүд хаяанд ирээд байна. Хувь хүн өөрийн болон банк, санхүүгийн байгууллагаас авсан зээлийн хөрөнгөөр амьдран суух зориулалтаар анх удаа орон сууц барих, худалдан авахад зарцуулсан 30 сая төгрөгөөс дээшгүй хэмжээний орлогыг албан татвараас чөлөөлөхийг Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлд заасан байдаг. Түүнээс гадна албан татвар төлөгч иргэн Таны төрсөн болон үрчилсэн хүүхэд гадаад, дотоодын их, дээд сургуульд элсэн суралцаж байгаа бол түүний сургалтын төлбөрийн хэмжээгээр татварын хөнгөлөлт үзүүлэх тухай энэ хуулийн 24 дүгээр зүйлд мөн тэмдэглэсэн нь бий. Хөнгөлөлт, чөлөөлөлт авахыг хүссэн иргэдийн өргөдлийг харьяалах татварын алба, хэлтэс нь нэгдүгээр сараас авч эхэлдэг ч хоёрдугаар сар гармагц хөл хөдөлгөөн нь улам нэмэгдэж, дугаарлан хонох тохиолдол гарах нь ч цөөнгүй. Цалин, хөдөлмөрийн хөлс, үйл ажиллагааны орлого, тэр ч бүү хэл төлбөрт таавар, бооцоот тоглоом, хонжворт сугалаа, спорт тэмцээний гээд өнгөрсөн жилийн бүхий л олз Таны орлогод хамаарна. Гагцхүү эдгээрээсээ хувь хүний орлогын албан татвар төлсөн иргэн хуульд заасан хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдах боломжтой байдгийг энд дурдах илүүц биз. Өөрөөр хэлбэл, татвар төлж үүргээ биелүүлсэн иргэн Танд эрхээ эдлэх боломжийг энэ нэг сар гаруйн хугацаа олгодог юм. Татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх иргэдийн тоо жил бүр 10 орчим мянгаар нэмэгддэг гэсэн тойм тооцоо бий. Засгийн газраас орон сууцжуулах хөтөлбөр хэрэгжүүлж буй сүүлийн жилүүдэд энэ тоо эрчимтэй нэмэгдэж буй. Энэ сарын 26-ны байдлаар л гэхэд 28.9 мянган иргэнд орон сууцны ипотекийн зээл шинээр олгосон дүн мэдээ байна. Хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх энэ боломжийн тухай сүүлийн цөөн жилд хүмүүс илүү сайн мэдэх болжээ. Гэсэн ч олон бичиг баримт бүрдүүлэхээс төвөгшөөж хөнгөлөлтөө авахгүй үлдэх нэгэн байсаар байна. Хуулийн хугацаанд амжиж, харьяалах татварын хэлтэстээ тайлангаа өгөхийг Танд сануулъя. 

Б.ЦЭЦЭГСҮРЭН 

АЛБАНЫ ХҮНИЙ ҮГ


Д.БОЛОР-ЭРДЭНЭ: Орон сууц худалдан авсан ОРЛОГОО НОТЛОХОД ХАМГИЙН ИХ БЭРХШЭЭЛ ТУЛГАРДАГ

Татварын ерөнхий газрын Татвар хураалтын удирдлага, арга зүйн газрын татварын улсын ахлах байцаагч Д.Болор-Эрдэнэтэй ярилцлаа.

-Хувь хүний орлогын албан татвар (ХХОАТ) төлсөн иргэн хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдах боломжтой. Манай улсад хэдийнээс татварыг буцаан олгож эхэлсэн юм бол?

-ХХОАТ-ын тухай хуулийг 2007 онд шинэчлэн найруулснаас хойш өдгөө найм дахь жилдээ татварын хөнгөлөлт олгож байна. Уг хуульд заасны дагуу цалин, хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах болон бусад орлого, үл хөдлөх болон хөрөнгө борлуулсны орлого, төлбөрт таавар, бооцоот тоглоом, эд мөнгөний хонжворт сугалааны орлого, урлагийн тоглолт, спортын тэмцээний шагнал, наадмын бай шагнал зэрэг орлого олсон иргэн албан татвар төлдөг. Үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны орлогод хоёр, спорт, урлагийн тоглолтоос олсон орлогод тав, хонжворт сугалааны орлогод 40, бусад орлогод 10 хувийн албан татвар ногдуулна. Тайлант онд орлого олж, түүнээсээ ХХОАТ төлсөн иргэн бүр татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх боломжтой. Энгийнээр тайлбарлахад татвараа төлж үүргээ биелүүлсэн иргэн бүр эрхээ эдэлнэ.

-Одоогоор хэчнээн төрлийн татварт хөнгөлөлт, чөлөөлөлт олгож байна вэ. Хэдэн хувийг нь чөлөөлдөг юм бол?

-Хуульд заасны дагуу албан татвараас чөлөөлөх орлогын 16 заалт, албан татварын хөнгөлөлт эдлүүлэх дөрвөн заалт байдгаас татвар төлөгч өөрөө тайлагнадаг нь албан татвараас чөлөөлөх орлогын нэг заалт, татварын хөнгөлөлтийн гурван заалт бий. Албан татвараас чөлөөлөх орлогод орон сууцны, албан татварын хөнгөлөлт эдлүүлэхэд үр тариа, төмс, хүнсний ногоо, жимс, тэжээлийн ургамал тарьсан иргэний зөвхөн тухайн үйлдвэрлэлээс олсон орлогод ногдуулах татварыг 50 хувь хөнгөлөх, оюутны сургалтын төлбөрөөс хөнгөлөх заалтууд хамаарна. Дээр хэлсэнчлэн тухайн жилд олсон орлогоосоо ХХОАТ төлсөн иргэд хуулийн дагуу хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдаж байгаа. Тухайн иргэн анх удаа хувьдаа орон сууц худалдан авсан, эсвэл барьсан тохиолдолд 30 сая төгрөгөөс дээшгүй орлогыг татвараас чөлөөлүүлнэ. Жилд олсон орлогоосоо ямар төрлийн татварыг хэдэн хувь төлснөөс хамааран буцаан авах дүн өөр өөр байдаг. Иргэд 30 сая төгрөгийн 10 хувь болох гурван сая төгрөг буцаан авна гэж ойлгодог ч үнэн хэрэгтээ Татварын алба тооцоо хийхдээ тухайн иргэний татвар ногдох орлогоос уг хөнгөлөлтийг хасаж тооцно гэсэн үг юм. Жишээ нь, зөвхөн цалингийн орлоготой иргэн Д-гийн хувьд авч үзье. Д сард 500.000 төгрөгийн цалинтай. Жилийн нийт орлогын дүн зургаан сая төгрөг. Үүнээс эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлд төлсөн 600.000 төгрөгийг хасахад 5.4 сая төгрөгийн орлогын дүн гарна. Иргэн Д анхны жил орон сууцны чөлөөлөлтөд хамрагдаж байгаа тул татвар ногдох орлогын дүн болох 5.4 сая төгрөгөөс 30 сая төгрөгийг хасна. Чөлөөлөлтийн дараах татвар ногдуулах орлогын дүн болох -24.6 сая төгрөгийн дүнгээс дараагийн жилүүдэд чөлөөлөлтөө эдлээд явна. Иргэн Д-гийн тухайн жилд хувь хүний орлогын албан татварт төлөх дүн 540.000 төгрөг байна. Үүнээс хуульд заасны дагуу 84.000 төгрөгийн хөнгөлөлтийг хасаж 456.000 төгрөгийн татвар төлсөн байна. Энэ тохиолдолд иргэн Д ХХОАТ-т төлсөн 456.000 төгрөгийн илүү төлөлтийг буцаан олгоно. Дараагийн жилд иргэн Д-гийн орлого нэмэгдээгүй тохиолдолд энэ дүнгээр буцаан илүү төлөлтөө буцаан авна.

-Иргэд энэ талаар тун бага мэдээлэлтэй байх шиг санагддаг. Тухайлбал, орон сууц авчихаад яг хэчнээн төгрөг хөнгөлүүлэхээ мэддэггүй. Зарим нь бүр ийм хөнгөлөлт байдгийг ч мэддэггүй юм билээ. Иргэд хэр хамрагдаж байна вэ?

-Холбогдох хуульд заасны дагуу Татварын алба хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, татвар төлөгчийг мэдээллээр ханган зөвлөгөө өгөх, сургалт, сурталчилгаа явуулах үүрэгтэй. Үүний дагуу байцаагч бүр иргэн, аж ахуйн нэгжид сургалт, сурталчилгаа, зөвлөгөө өгөх ажлыг байнга зохион байгуулж байгаа.

-Иргэдийн тайлангаа өгч дуусгах ёстой хугацаа нэлээд ойртлоо. Татварын албаны ачаалал хэр нэмэгдэж байна вэ?

-ХХОАТ-ын тайлан, татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийн материал өгөх иргэдийн тоо нэмэгдэж, энэ оны эхнээс нэлээд ачаалалтай болсон. Зөвхөн нийслэлийн хэмжээнд энэ сарын 21-ний байдлаар татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдэлж буй иргэдийн 34.5 хувь нь хамрагдсан гэсэн судалгаа гаргасан. Татварын ерөнхий газраас ачаалал бууруулах, цаг хэмнэх зорилгоор ХХОАТ-ын тайлан болон татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх бичиг баримтыг шуудангаар хүргэх үйлчилгээг “Монгол шуудан” компанитай хамтран зохион байгуулж байна. Иргэн оршин суугаа газартаа хамгийн ойр орших шуудангийн салбарт материалаа аваачиж өгч болно. Баталгаажуулсан тайлангийн танд очих хувийг шуудангийн салбараас хүлээн авна. Олон ажилтантай байгууллагын хувьд татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх албан хаагчдын бичиг баримт, тайланг ажлын газрын ойролцоох шуудангийн салбарын ажилтнаар авахуулах боломж бүрдүүлсэн.

-Иргэд бичиг баримтаа бүрдүүлэхдээ юм уу, эсвэл өөр зүйлээр чирэгдэл учруулах тохиолдол хэр олон гардаг вэ?

-Татвар төлөгч иргэд тухайн орон сууцыг худалдан авсан орлогоо нотлох тал дээр бэрхшээл үүсдэг. Иймээс иргэд байр худалдан авахдаа орлоготой холбоотой бичиг баримтаа анхнаас нь сайн бүрдүүлбэл чирэгдэл бага гарна. Мөн хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх хүсэлт дээрээ банк, дансны дугаараа үнэн зөв бичих шаардлагатай. Өөр хүний юм уу, банк, дансаа буруу бичсэнээс дахин залруулах асуудал гарч хугацаа алдах нь цөөнгүй.

-Бичиг баримтаа бүрдүүлж хөнгөлөлтөө авах эрх нь үүссэн иргэнд хэзээ мөнгө олгох вэ?

-Сангийн сайдын 2009 оны 104 тоот тушаалаар баталсан Албан татварын хасалт хийх, буцаан олгох, тэдгээрийг нягтлан бодох бүртгэлд тусгах журмаар үүнийг зохицуулдаг. Татвар төлөгчийн илүү төлсөн татварыг буцаан олгох асуудлыг Санхүү, төрийн сангийн хэлтэс хариуцдаг.

Ч.МӨНХЗУЛ

ӨДРИЙН СУРВАЛЖЛАГА 

3000 гаруй иргэний материалыг хүлээн авчээ 

Иргэн бүр татвараа төлөх ёстой гэж мэдэх ч түүнийхээ тодорхой хувийг буцаан авах боломжтойг тэр бүр мэддэггүй. Зарим нь мэддэг ч олон бичиг баримт бүрдүүлэхээс халшран хөнгөлөлтөөс хоцрох нь түгээмэл. Тэгвэл энэ жил татварын хөнгөлөлт эдлэхээр материал бүрдүүлж буй иргэн хэр олон байгаа, тэдэнд ямар асуудал тулгарч буйг сурвалжиллаа. Нэлээд ачаалалтай, цөөнгүй хүн чөлөөлөлтөд хамрагддаг учир Баянгол дүүргийг сонгов. Тус дүүргийн Татварын хэлтсийнхэн иргэдийн материалыг энэ сарын 10-наас авч эхэлсэн бөгөөд уг үйл ажиллагааг зохион байгуулах Ажлын хэсэг байгуулжээ. Мөн дөрвөн багт хуваагдан ажиллаж буй гэнэ. Нэгдүгээр багт нь хувь хүний орлогын албан татварын хэсгийн байцаагчид байгаа бөгөөд тэд иргэдийн бүрдүүлсэн материалыг үзэж шалгаж буй бол хоёрдугаар хэсэг нь тайлангаа программ руу шивж оруулах үүрэгтэй аж. Гурав дахь хэсэг нь бичиг баримтыг нь нарийвчлан шалгах зэрэг шат дамжлагатай юм байна. “Тодорхой хэмжээний ачаалал үүсдэг ч хэсэг болгон хувааж, зохион байгуулалт сайтай ажилласны ачаар өнгөрсөн жилийнхийг бодвол бараг л дараалалгүй байна” гэж тус хэлтсийн байцаагчид хэллээ. Татварын хөнгөлөлт авахаар тус хэлтэст ирсэн хүн цөөнгүй байв. Иргэд “Дөнгөж материал авч эхлэхэд нэлээд ачаалалтай байснаа одоо дараалал багасаад байна. Энэ хугацаанд л амжуулж өгөхгүй бол сүүлчийн хэд хоногт хүн шавчихдаг” гэж ярилаа.  Мөн “Татварын ерөнхий газрын цахим хуудсан дахь бүрдүүлэх материалын жагсаалтын дагуу бичиг баримтаа бүрдүүлчихээд дүүрэг дээр ирэхэд заримыг нь нотариатаар батлуулсан байх ёстой гээд буцааж байна.


Дор хаяж 2-3 удаа ирж байна шүү дээ” гэх зэргээр бэрхшээл тоочиж байв. Жилээс жилд үл хөдлөх хөрөнгийн тоо нэмэгдэж буйг дагаад татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдах иргэдийн тоо ч өсөж байгаа. 2012 онд Баянгол дүүрэгт 5000 гаруй иргэн хөнгөлөлтөд хамрагдаж байсан бол дараа жил нь 1000 гаруйгаар нэмэгджээ. 2013 онд Баянгол дүүргийн 6471 иргэн татварын буцаан олголтод хамрагдаж, тэдэнд 5.4 тэрбум төгрөг зарцуулсан байна. Тэгвэл одоогоор 3000 гаруй иргэнтэй холбоотой 2.4 тэрбум төгрөгийн материал хүлээн авч, хянаж шалгаад нийслэлийн Татварын газарт хүргүүлэхэд бэлэн болгожээ. Дүүргийн татварын байцаагчдын мэдээлснээр орон сууц худалдаж авсны татварын хөнгөлөлтөд хамрагдах иргэд хамгийн олон байдаг юм байна. Дараа нь оюутны сургалтын төлбөрийн хөнгөлөлт ордог аж. XIII хорооны иргэн “Оюутны сургалтын төлбөрийн хөнгөлөлтөд анх удаа хамрагдах гэж байгаа. Нийт есөн төрлийн бичиг баримт бүрдүүлсэн. Эхний удаа ирж юу бүрдүүлэхийг нэлээд харж судалж, хэр дараалал үүссэн байгааг нь ажиглаад дараа нь бүх материалаа бүрдүүлж ирээд л бүтчихлээ. Сургалтын төлбөрийн 10 хувийг хөнгөлдөг гэсэн. Одоо хяналтын шатандаа явж байгаа гэж хэлсэн” гэв. Дүүргийн Татварын хэлтсийн зүгээс хэрхэн ажиллаж байгаа талаар ахлах байцаагч Б.Цолмонгоос тодруулахад “Манайх татвар төлөгчдийг аль болох чирэгдүүлэлгүй хөнгөн шуурхай үйлчилж байна. Тухайн иргэн анх удаа татварын хөнгөлөлт эдлэх гэж байгаа үед орлого нотлох буюу ямар хөрөнгөөр энэ байраа авсан тухай материал нь дутуугаас олон удаа буцаж, манайд ч, өөрсдөдөө ч хүндрэл учруулах тохиолдол бий. Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ нь өөр хүний нэр дээр байгаад тэр хүн нь нас барвал өвлөх, шилжих эрх нь жилийн дараа үүсдэг. Хуулийн энэ хугацааг мэдэхгүй хүн цөөнгүй байгаа нь нэлээд ажиглагдаж байна” хэмээсэн юм. 

Ч.ЗУЛ 

ТА АСУУ-“ӨНӨӨДӨР” ХАРИУЛЪЯ 

7-12 ТӨРЛИЙН БАРИМТ, БИЧИГ БҮРДҮҮЛНЭ 

Татварын чөлөөлөлт эдлэхдээ дараах материалыг бүрдүүлэх юм байна. Орон сууцны чөлөөлөлт анхны жилд эдэлж байгаа иргэн 12 төрлийн баримт бичиг бүрдүүлэх бол хоёр ба түүнээс дээш жилдээ энэ чөлөөлөлтөд хамрагдаж буй татвар төлөгч зургаан төрлийн баримт, бичгийг өргөдөлдөө хавсаргах шаардлагатай аж. Бүрдүүлсэн материалаа өөрийн биеэр Татварын хэлтэст аваачихаас гадна шуудангаар хүргүүлэх боломж бий. 

2014 оны Хувь хүний орлогын албан татварын татвар ногдох орлогын чөлөөлөлт эдлүүлэх үед бүрдүүлэх материалын жагсаалт:     

  • Чөлөөлөлтөд хамрагдахаар гаргасан иргэний хүсэлт   
  • Иргэний үнэмлэх, хуулбарын хамт    
  • Нийгмийн даатгалын дэвтэр, хуулбарын хамт    
  • Үл хөдлөх, эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, хуулбарын хамт    
  • Зээл олгосон банк, санхүүгийн байгууллагатай байгуулсан гэрээ, төлбөрийн баримтын хамт    
  • Орон сууцны захиалгын болон худалдах, худалдан авах гэрээ    
  • Орон сууц худалдан авах болон хувьдаа орон сууцны барилга барихад зарцуулсан орлогын эх үүсвэрийг нотлох баримт, мөнгө төлсөн баримт    
  • Хөрөнгийн үнэлгээний тайлан   
  • Үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны албан татвар төлсөн баримт    
  • Татвар төлөгч иргэний орлого татварын бүртгэлийн дэвтэр   
  • Ажлын газрын цалингийн тодорхойлолт    
  • Тухайн иргэний харьцдаг банк, дансны дугаар 

Харин хүүхдийнхээ сургалтад төлсөн, баримтаар нотлогдож байгаа төлбөрийн хэмжээгээр албан татварын хөнгөлөлт эдлэхдээ дараах материалыг бүрдүүлнэ. 

2014 оны Хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлт эдлэх үед бүрд үүлэх материалын жагсаалт:     

  • Хөнгөлөлтөд хамрагдах иргэний хүсэлт    
  • Иргэний үнэмлэхийн хуулбар    
  • Хүүхдийн төрсний гэрчилгээ эсхүл үрчилсэн гэрчилгээ, хуулбарын хамт    
  • Суралцаж буй оюутны сургуулийн тодорхойлолт    
  • Сургалтын төлбөр төлсөн баримтууд    
  • Татвар төлөгч иргэний орлого татварын бүртгэлийн дэвтэр    
  • Ажлын газрын цалингийн тодорхойлолт   
  • Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар    
  • Орлого нотлох бусад баримт    
  • Тухайн иргэний харьцдаг банк, дансны дугаар 

“ӨНӨӨДӨР”-ИЙН АСУУЛТ 

-Татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдахад хүндрэлтэй асуудал тулгарч байна уу? 

С.ТҮВШИНБАЯР (Баянгол дүүргийн I хорооны иргэн): -Орон сууцны татварын хөнгөлөлт анх удаа авахаар долоо хоногийн өмнөөс материалаа бүрдүүлсэн. Урьдчилгаа төлбөрийн бүрдүүлэлт дээр хаанаас энэ мөнгөө олсон буюу эх үүсвэрээ батлах гэдэг нь нэлээд түвэгтэй юм байна. Дүүргийн татварын хэлтсийнхний үйлчилгээ боломжийн. Аль болох тусалж дэмжин, зааж өгч байгаа ч зохион байгуулалт сайнгүй санагдлаа. Дарааллын дугаар тараах юм уу, эсвэл хороо хороогоор нь хувааж үйлчилбэл илүү шуурхай, дараалал хүлээж байгаа хүмүүс ч бухимдахгүй шүү дээ. Би өглөө ирээд нэг материал дутуу гээд буцсан. Уг нь материалаа зөв бүрдүүлэх юм бол түвэг учрахгүй байх. 17-18 төрлийн материал бүрдүүлээд байна. 

Д.АРИУНЖАРГАЛ (Чингэлтэй дүүргийн XIX хорооны иргэн): -Сургалтын төлбөрийн татварын хөнгөлөлтөд анх удаа хамрагдах гэсэн ч миний материалыг буцаачихлаа. Ээж маань хувиараа ажилладаг. Гэхдээ татвар, нийгмийн даатгалаа төлдөг. Харин төсвийн байгууллагад ажилладаггүй, хувь хүний орлогын албан татвар төлдөггүй болохоор намайг хөнгөлөлтөд хамрагдаж болохгүй гэнэ. Мэдээлэл муу байснаас нэлээд бичиг баримт бүрдүүлж, цаг алдлаа. 

Б.АЛТАНШАГАЙ (Баянгол дүүргийн IV хорооны иргэн): -Шаардлагатай материалуудаа дөнгөж цуглуулж эхлээд байна. Анхны жил орон сууцны татварын хөнгөлөлт авах гэж байгаа юм. Бичиг баримтаа бүрдүүлчихвэл Татварын хэлтэс дээр нэг их уддаггүй юм шиг байна лээ. Нэлээд дараалалтай байна. Татварын хэлтсийнхэн нэг л их ажилтай хүмүүс байх юм. Маягт дээр нь мэдэхгүй, ойлгохгүй зүйл зөндөө байхад заавар зөвлөгөө өгөхгүй. Энэ материал нь ямар учиртай юм, хаанаас авах вэ гэхээр хэлж өгөх хүн байхгүй. Байр худалдаж авсан иргэд банкинд материалаа өгчихөөд аваагүй байдаг болохоор буцаж очоод шүүлгэнэ. Хүндрэлтэй тал нь гэвэл хэтэрхий олон “цаас” нэхэх юм. Нэг нь л дутуу бол байцаагч нь хүлээж авахгүй гээд буцаана. Татварын хөнгөлөлтийн материал хүлээж авах хугацаанд иргэдэд зөвлөх нэг хүн ажиллуулбал зүгээр юм. Хүн ажиллуулдаггүй юм гэхэд ямар бичиг баримт болохыг нь нэлээд сайн тайлбарлах хэрэгтэй байна. Мэргэжлийн хүмүүс нь завгүй гээд сайн хэлж өгөхгүй, иргэд нэг нэгнээсээ л асуух юм. Зөвхөн өөрсдөө ойлгох юм бичиж хэвлэчихээд байж болохгүй. 

С.ОРГОДОЛ (Чингэлтэй дүүргийн IX хорооны иргэн): -Орон сууцны татварын хөнгөлөлтөд хамрагдахаар хэд хоног бичиг баримт бүрдүүллээ. Манайх хашаандаа байшин барьсан юм. Би хувиараа хөдөлмөр эрхэлдэг. Харин эхнэр маань төсвийн байгууллагад ажилладаг. Сард 200.000 төгрөг нийгмийн даатгалд төлдөг. Хөрөнгийн үнэлгээний төв 24 сая төгрөгөөр манай байшинг үнэлсэн. Байшин барьсан мөнгөө олсон хөрөнгийн эх үүсвэрээ баталгаажуулах хэрэгтэй юм байна. Манайх бага сага хуримтлалтай байсан, бас машинаа зарсан юм. Хөрөнгийн үнэлгээний төвд хашаа, байшингаа 60.000 төгрөгөөр үнэлүүлсэн. Ер нь их ажил болдог юм байна. Бүрдүүлэх материалын анкетаа л гэхэд 1000 төгрөгөөр авсан. Гэтэл энэ бүгд хий дэмий ажил болж байх шиг байна. “Одоо хаана очих хэрэгтэй вэ”, “Яах вэ” гээд асуухаар зааж, зөвлөх хүн алга. 

Б.ЦЭЦЭГСҮРЭН

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.