Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ЗАНДАНШУУЛСАН ШАРИЛЫГ 300 САЯАР ХУДАЛДАХААР ТОХИРОЛЦСОН ГЭВ ҮҮ

Сонгинохайрхан дүүргийн нутгаас 200 гаруй жилийн настай занданшуулсан шарил олдсон гэх мэдээлэл цахим хуудсуудаар дүүрэн байна. Гэвч үнэндээ уг шарил тус дүүргийн нутгаас олдоогүй аж. Сонгинохайрхан дүүргийн IX хорооны нутаг, Баруун баян уулын гудамжинд суух Э-гийн хашаанд хөдөөнөөс шарил авчран нуусан тухай мэдээллийг Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын ажилтнууд авчээ. Ингээд уг шарилыг эд мөрийн баримтаар хураан авч, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд шилжүүлэн, тусгай зориулалтын саванд түр хадгалуулж буй гэнэ. Тэдэнд хүлээлгэж өгөхийн өмнө бурханч лам Г.Пүрэвбатыг урьж шарилыг үзүүлжээ. Түүнтэй өчигдөр холбогдоход “Хөдөө явж байна. Занданшуулсан шарилыг үзсэн. Насжилтыг нарийвчлан тогтоосны дараа хэний шарил байж болох талаар дүгнэлтэд хүрэх боломжтой” гээд утас нь салсан юм. Занданшуулсан шарил өндөр үнээр худалдахыг завдсан үйлдлийг өдгөө Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн II хэлтэст шалгаж буй бөгөөд түүнийг авчирсан хүнд ямар зүйл ангид зааснаар сэжигтнээр тооцох нь тодорхойгүй байгаа гэнэ. Учир нь манай Эрүүгийн хуульд булш сүйтгэх гэсэн зүйл заалт байх боловч тэр нь эртний булш, хиргисүүрт хамааралгүй. Тиймээс цагдаа, прокурорын байгууллагынхан энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх тал дээр толгойгоо гашилгаж буй юм байх.

ЗБГХТГ-ын эх сурвалж “Эртний занданшуулсан шарил худалдах гэж байгаа тухай мэдээллийг манайхан авч, шалгаад Сонгинохайрхан дүүргийн нутагт айлын хашаанд авчирсан байхад нь саатуулсан. Өдгөө шалгалтын ажиллагаа үргэлжилж байна. Бид шарилыг ШШҮХ-д хүргэхдээ бурханч лам Г.Пүрэвбатыг урьсан юм. Тэрбээр “Хутагт хувилгаан, гэгээнтнийг оршуулах зан үйлийн дагуу занданшуулсан шарил байна” гэж хэлсэн” хэмээлээ. Бурханч лам Г.Пүрэвбат өнгөрсөн мягмар гаригт ШШҮХ-нд очоод “Очир завилгаагаар суулгасан, зүүн мутрыг тэгш атгуулж, баруун мутрыг ном номлохын ерөөлтэйгөөр өргүүлсэн, зохих журмын дагуу сайтар занданшуулсан шарил байна. Он удаан жилийн явцад шарил чийг авснаас нуруу нь бөгтийж, дал, сүүж хэсэгтээ гэмтжээ. Холбогдох байгууллагаар насыг нь тогтоолгосны дараа хэн гэдэг хутагт, хувилгаан, гэгээнийх болохыг судар номоос харж тогтоох боломжтой” гэжээ. Тухайн шарилын нүүр царайнаас харахад 70-80 орчим настай, уруул дээг үүрээ сахалтай хүн байсан нь тод харагдаж буй талаар эх сурвалжууд хэлсэн юм. ШШҮХ-гийн эх сурвалж “200 жилийн настай гэж яг тогтоосон зүйл байхгүй. Судалгаа шинжилгээний ажлыг холбогдох эрдэм шинжилгээний байгууллагынхан хийнэ. Тэд ч ингэж тогтоогоогүй байгаа” гэж байлаа.

Харин шарилыг худалдах гэж байсан Э 200 гаруй жилийн настай шарил хэмээн хууль хяналтын байгууллагынханд ярьснаас дээрх дүгнэлтэд хүрээд буй аж. Бидэнд олдсон мэдээллээр уг занданшуулсан шарилыг хутагт хувилгаад олон төрсөн Завхан аймгаас олсон бололтой. Олдохдоо ширэнд боодолтой байсан хэмээн зарим эх сурвалж ярьж байна. Харин өөр нэг эх сурвалж “Ховд аймгаас олдсон” гэж байгаа юм. Уг шарилыг 300 сая төгрөгөөр худалдах гэж байсан гэх мэдээлэл ч өчигдөр цагдаагийнхны дунд тарсан байв. Ямартай ч Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газар, Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтсийнхэн шуурхай, сайн ажиллаж, түүхийн ховор, чухал олдворыг наймаачдын гараар орж, дамжин худалдагдахаас нь өмнө олж авлаа. Хэрэв цагдаагийн байгууллагынхан мэдээллийн мөрөөр шалгаж, уг наймааг таслан зогсоогоогүй бол хил гаргаж алдчих ч байсан юм билүү. Магадгүй буддын шашинт аль нэг улсынхан худалдаж аваад Итгэлт хамбаас өмнө насалж байсан хувилгааны занданшуулсан шарил олдлоо хэмээн эргэлч, мөргөлчдийг татаж болзошгүй байв. Хэдэн жилийн настай занданшуулсан шарил болохыг Археологийн хүрээлэн, шинжлэх ухааны бусад байгууллага тогтоосны дараа ямар нэгэн шийдвэр гарах байх. Улаан-Үдэд Итгэлт хамбын ийм шарилаар бизнес хийж сая сая жуулчид, мөргөлчдийг татаж байгаа. Монголчууд ч гэсэн энэ шарилаа ямар хутагт, хувилгааных вэ гэдгийг нь тогтоочихоод үнэхээр 200 жилийн настай нь батлагдвал хойд хөршийнхөн шигээ жуулчид, мөргөлчдийг татаж яагаад болохгүй гэж.

Г.РАВЖАА

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.