Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хайгуулын тусгай зөвшөөрөл авахаар 373 АЖ АХУЙН НЭГЖ БҮРТГҮҮЛЖЭЭ

 

Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дугаарыг өнгөрсөн даваа гаригаас цахим системээр олгож эхлээд байна. Эхний ээлжийн 30 өргөдлийн дугаарыг уржигдар ямар нэгэн алдаагүйгээр аж ахуйн нэгжүүдэд олгосон тухай Ашигт малтмалын газрын даргын үүрэг гүйцэтгэгч Д.Үүрийнтуяа өчигдөр мэдээллээ. Дугаар авсан аж ахуйн нэгжүүд өчигдрөөс өргөдөл, холбогдох баримт бичгээ АМГ-т өгч эхэлжээ. Өргөдлийн журмаар хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмших хүсэлтээ 500 гаруй аж ахуйн нэгж өнгөрсөн хугацаанд Ашигт малтмалын газарт илэрхийлсэн байна. Түүнээс 377 нь VPN төхөөрөмж (280 мянган төгрөг) худалдан авч, өргөдлийн дугаар олгох цахим системд нэвтрэх эрхтэй болжээ. Харин даваа гаригийн байдлаар 373 аж ахуйн нэгж бүртгүүлснээс 30 нь өргөдлийн дугаараа авсан байна. Дашрамд анхааруулахад, АМГ-аас нэг өдөрт 30 дугаар олгох бөгөөд аж ахуйн нэгжүүд маргааш нь цахим дугаарт заасан цагт өргөдлөө холбогдох бичиг баримтын хамт АМГ-т биечлэн хүргэх аж. АМГ-ын Кадастрын хэлтэс өргөдлийг хүлээн авч, түүнд дурдсан солбицлыг хайгуулын тусгай зөвшөөрөл олгох нийт талбайн солбицлоос тухайн өдөртөө багтаан хасаж, нийтэд мэдээлэх гэнэ. Тиймээс цахим дугаарыг ажлын нэг өдөр өнжиж, тухайлбал, эхний долоо хоногт даваа, лхагва, баасан гаригт, дараагийн долоо хоногт мягмар, пүрэв гаригт олгохоор тогтжээ. Үүнтэй уялдуулан системд нэвтрэх эрхээ нэг долоо хоногийн хугацаатай авсан аж ахуйн нэгжүүдийг хоёр долоо хоног, нэг сар нэвтрэх эрх авсан байгууллагыг хоёр сар системд нэвтрэх боломжоор хангах болсныг АМГ-аас уламжиллаа. VPN төхөөрөмжийг ашиглан цахим системд долоо хоног нэвтрэх эрхийг 500 мянга, нэг сар нэвтрэх эрхийг хоёр сая төгрөгөөр тогтоосон. Ийм эрх авах төлбөрийг арилжааны банкаар дамжуулан төлсөн учраас хэдэн аж ахуйн нэгж долоо хоног, мөн хэд нь нэг сар нэвтрэх эрх авсан нь одоогоор тодорхойгүй байгаа аж. Хайгуулын тусгай зөвшөөрөл олгох асуудлаар Уул уурхайн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батхүүгээс зарим зүйлийг тодруулав.

-Өргөдлийн журмаар хайгуулын тусгай зөвшөөрөл олгох ажил хэр хугацаанд үргэлжлэх вэ?

-Өдөрт 30 аж ахуйн нэгжийн хүсэлтийг судлахад өргөдлийн журмаар хайгуулын тусгай зөвшөөрөл олгох ажил гурван сарын хугацаанд дуусна гэж тооцож байгаа. Ашигт малтмалын газрын хүн хүчний бололцоог авч үзвэл нэг аж ахуйн нэгжийн өргөдлийг 15 минут судална. Иймд нэг өдөрт нийт 30 аж ахуйн нэгжийн хүсэлтийг судлах боломжтой. Өөрөөр хэлбэл, Монгол орны нутаг дэвсгэрийн баруун хагас буюу уртрагийн 104 дүгээр меридианаас баруун тийших есөн сая га талбайд хайгуулын тусгай зөвш өөрлийг гурван сарын хугацаанд олгож дуусна.

-Ашигт малтмал хайх тухайн орон нутгийн засаг, захиргаанаас аж ахуйн нэгжүүд зөвшөөрөл авах шаардлагатай юу?

-Тийм. Цахим системээр дугаар авсан аж ахуйн нэгжүүд АМГ-т хандана. Тэнд өргөдөл болон бусад баримт бичгийг хянан үзэж, зөвшөөрсөн тохиолдолд тухайн орон нутгийн ИТХ-д хүсэлт тавина. Хүсэлт тавьсан талбайд хайгуул хийхийг зөвшөөрөх, эсэхийг орон нутгийн ИТХ хуулийн дагуу 30 хоногийн хугацаанд тухайн аж ахуйн нэгжид мэдэгдэх учиртай. Тэд зөвшөөрсөн тохиолдолд аж ахуйн нэгж лицензээ АМГ-аас авна. Гэхдээ орон нутгаас хориглосон, тусгай хамгаалалттай бүс нутгийг бид үлдээсэн. Монгол Улсын нутаг дэвсгэрийн 19.9 хувь буюу 31 сая га талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгоно шүү дээ. Тусгай зөвшөөрөл олгох боломжгүй газрыг хасаад, боломжтойг нь энд үлдээсэн байгаа. Тэгэхээр тухайн орон нутгийн ИТХ татгалзах магадлал бага.

-Үүнээс хэдий хэмжээний орлого улсын төсөвт төвлөрөх бол?

-Тусгай зөвшөөрөлтэй холбоотой бүх орлого төрийн дансанд орно. Зөвхөн лицензийн төлбөрөөс л гэхэд гурван тэрбум орчим төгрөг төвлөрүүлэх тооцоо бий. Түүнээс гадна тусгай зөвшөөрөлтэй нэг талбайд аж ахуйн нэгж жилд 100 сая орчим төгрөгийн хайгуул хийдэг гэсэн судалгаа байдаг. Ингэж үзвэл дор хаяж 15 орчим тэрбум төгрөгийн ажил хийх нь.

-Мөн 10.1 сая га талбайд сонгон шалгаруулалтын журмаар тусгай зөвшөөрөл олгоно. Үнээр өрсөлдүүлэх зарчим баримтлах учраас үндэсний компаниуд хоосон хоцорч, гадаадын мөнгөтэй компаниуд хөрөнгө оруулагч болох нь гэж зарим хүн үзэж байна. Ер нь үндэсний компаниудыг хамгаалах боломж энд бий юү?

-Өмнө нь төрөөс тодорхой хэмжээгээр хайгуул хийсэн, ашигт малтмалын нөөц байж болзошгүй бүс газрыг энд сонгосон байгаа. Ийм талбайн тусгай зөвшөөрлийн сонгон шалгаруулалтад орохдоо аж ахуйн нэгж нь төрөөс сүүлийн дөрвөн жилд тухайн талбайд хийсэн судалгааны ажлыг нэг га талбайд 2344 төгрөгөөр тооцож, түүнээс дээш үнэ санал болгох ёстой. Гэхдээ мөнгөөр өрсөлдөх нь үнэлгээний 50 хүртэлх оноог л авна. Боловсон хүчин, хайгуулын ажлын төсөл зэрэг бусад хүчин зүйлийг тооцож, үлдсэн 50 хувийг үнэлнэ. Үндэсний компаниудад давуу боломж олгох зэрэг асуудлыг үүнд харгалзаж үзнэ.  

-Хэзээнээс эхлэх вэ?

-Орон нутгаас нь санал аваад, зөвшөөрсөн газруудаас ээлж дараатай сонгон шалгаруулалт зохион байгуулна. Тийм учраас хугацаа шаардана.

Б.ЦЭЦЭГСҮРЭН

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.