Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Увхианы Батын тууль хайлсан бичлэгүүд эх орондоо ирлээ

Нэрт туульч Увхианы Батын хайлсан “Бум-Эрдэнэ”, “Далайн шар бодон”, “Түшээт ханы хөвгүүн Хүлэг-Эрдэнэ” туулийн бичлэгийг ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Дуун ухааны хөмрөгт Унгарын элчин сайдын яамны төлөөлөгч хүлээлгэн өглөө. Унгарын дипломатч Л.Кадар Монгол Улсад Элчин төлөөлөгчөөр ажилллаж байхдаа баруун аймгуудаар явж, монголчуудын соёл, түүхийн холбогдолтой олон баримт, хэрэглэгдэхүүн цуглуулсны нэг нь туульч У.Батын бичлэг аж. Л.Кадар уг бичлэгүүдээ профессор Б.Катуугийн хамт галиг үсгээр буулгаж, 2012 онд “Аврагдсан туульс” нэртэйгээр Будапешт хотноо ном болгон хэвлүүлжээ. Харин ШУА-д өгч буй уг бичлэг нь анх бичиж авсан хувилбар гэнэ. ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн захирал, академич Л.Болд “Ардын аман зохиол, нутгийн аялгуу судлалын сан хөмрөг ийнхүү баяжиж байгаад баяртай байна. Нэрт эрдэмтэд орон нутгаар явж байхдаа бичиж авсан тууль, ардын аман зохиолын хэрэглэгдэхүүнүүд Хэл зохиолын хүрээлэнд 1960-аад оноос хойш ирсээр байгаа. Швейцарийн хөгжлийн агентлагийн тусламжтайгааар авсан төхөөрөмж дээр тууль хайлсан бичлэгүүдийг үзэх, сонсох боломжтой. Туульч У.Батын тууль хайлах аялгуу, хөг нь давтагдашгүй, Монгол туулийн аялгууны хамгийн эртний шинж төлвийг хадгалснаараа онцлог юм. Мөн тэрбээр үлгэр домог зохиодог, ардын аман зохиолын баялаг мэдлэгтэй байсан” гэв.

ШУА-д хадгалж буй туульсын талаар Хэл зохиолын хүрээлэнгийн Аман зохиолын секторын эрхлэгч, доктор Т.Баясгалангаас тодрууллаа.

-Тууль хайлахын ач холбогдол нь юу вэ. Хэл зохиолын хүрээлэнд хэчнээн тууль хадгалж байгаа вэ?

-Тууль хайлна гэдэг монголчуудын уламжлалт соёлын нэг хэсэг. Харин өнөө үед хүмүүс үүнийг тайзны урлаг мэтээр ойлгодог болжээ. Тууль хамгийн багадаа хоёр зуугаас гурван зуун мөр шүлгээс бүтдэг. Эрт үед туульчаа хэд хоногийн өмнө залж, тусгай ёс дэглэмээр тахилга, тайллага хийдэг байсан юм билээ. Түүнчлэн монголчууд тууль хайлснаар буян хишиг хурж, гарлагын үүд хаагдан, өвчин зовлон арилна хэмээн үзэж, ихэвчлэн өвлийн улиралд хайлуулдаг байсан юм. Мөн туулийн баатар нь өсвөр, залуу үеийнхнийг эх оронч сэтгэлгээтэй, хүмүүжилтэй болоход их нөлөөлдөг.

-Унгараас авчирсан У.Батын туульс Монгол аман зохиолын сан хөмрөгт хэр чухал нөлөөтэй вэ?

-Энэхүү туульс нь манай архивт байгаа 1000 орчим туулиас эхний аравт эрэмбэлэгдэхээр ач холбогдолтой. Жишээлбэл, “Бум-Эрдэнэ”-ийн арав гаруй хувилбар байдгаас У.Батынх эртний Монгол туулийн хэв маягийг бүрэн хадгалж чадсан юм. Харин “Далайн шар бодон” туулийн гуравхан хувилбар байдгийн нэг нь энэ юм. Одоогоор туулийг сэргээх, өвлүүлэх асуудал Монголын аман зохиолын хамгийн тулгамдсан асуудлын нэг болоод байгаа.

-Аман зохиолын бичлэгүүдээ Хэл зохиолын хүрээлэн хэрхэн хадгалж, хамгаалдаг вэ?

-Бичлэг хэлбэрийн бүтээлүүдээ тоон системд шилжүүлэн хадгалахаар ажиллаж байгаа. Ингэснээр уг бүтээлүүдийг ард түмний дунд дэлгэрүүлэн таниулахад чухал ач холбогдолтой.

Г.Оюунтогтох

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.