Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Б.Болд: Шарилыг нь хурдан авмаар байна гэсэн хүсэлт гаргасан

Хошин урлагийн “Шинэ үе” продакшны хамт олон ӨМӨЗО-д аялан тоглолтоор явж байгаад автомашины осолд орж, жүжигчин Т.Билгүүн газар дээрээ нас барсан харамсалтай явдал олныг цочирдуулаад байна. Тус продакшны зүгээс “Энэ сарын 23 буюу баасан гаригийн өглөө ӨМӨЗО-ы Зүүн үзэмчин хошуунаас Хайлаар хот руу нисэхээр онгоцны буудал руу явахад жүжигчин Т.Билгүүн, Р.Алтансүх, А.Энхжин нар хамтдаа нэг машинд суусан юм. Гэтэл тэдний сууж явсан машины хажуунаас чингэлэг ачсан хүнд даацын машин хүчтэй мөргөснөөс жүжигчин Т.Билгүүн нас барж, А.Энхжингийн хавирга гэмтэж, Р.Алтансүх хөнгөн бэртэл авсан. Бидэнд нөхөж баршгүй гарз тохиолоо. Маш их харамсаж байна” гэсэн мэдэгдэл гаргасан юм. Тус продакшны ахлагч, гавьяат жүжигчин Н.Ариунболд болон бусадтай нь холбогдох гэсэн боловч утас нь мессеж роуминг үйлчилгээ идэвхжүүлсэн байлаа. Тиймээс ГХЯ-ны Консулын газрын дэд дарга Б.Болдоос ямар арга хэмжээ авч буй талаар тодрууллаа.

-Жүжигчин Т.Билгүүн амиа алдсан талаар та бүхэн хэзээ сонссон бэ. Ямар арга хэмжээ авав?

-Талийгаачийн дүү нь фэйсбүүк хуудсандаа ослын тухай бичсэнээр хэвлэл мэдээллээр цацагдаж эхэлсэн. Тэр даруйд нь бид Хөххот, Эрээн дэх Консулын газарт албан ёсны мэдээлэл авах чиглэл өгсөн. Шилийн гол аймгийн нутагт энэ осол гарсан юм билээ. ГХЯ-ны Консулын газар, Хөххот болон Эрээн дэх Консулын газартай хамтарч ажиллаж байна. Талийгаачийн ар гэрийнхэн энэ сарын 23 буюу баасан гаригийн орой Шилийн гол аймагт очсон. Манай Консулын газраас хүмүүс хамт очиж ар гэрт нь шаардлагатай тусламж үзүүллээ. Талийгаачийн шарилыг хурдан авмаар байна гэсэн хүсэлт ар гэрийнхнээс нь гаргасан. Үүний дагуу бямба гаригийн орой талийгаачийн шарилыг Эрээнд хүргэж, Замын-Үүдэд аваачсан. Тэнд Улаанбаатараас ирсэн олон хүн тосож авсан.

-Бэртэл авсан Р.Алтансүх, А.Энхжин нарын биеийн байдал ямар байгаа бол. Энэ талаар мэдээлэл байна уу?

-Баасан гаригт ирүүлсэн мэдээгээр Шилийн гол аймгийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна гэсэн. Харин өнөөдөр (өчигдөр) холбогдоход тэднийг Хөххотын эмнэлэгт шилжүүлнэ гэж байсан.

-Монгол Улсын иргэн гадаадад амиа алдсан тохиолдолд Консулын газраас ямар туслалцаа үзүүлдэг юм бэ?

-Шаардлагатай мэдээллийг гэр бүлд нь хүргэнэ. Нас барсан тохиолдолд шарилыг нь авах юм уу, эмнэлэгт байлаа гэхэд эргэж очвол Консулын газрын төлөөлөл газар дээр нь очиж тусламж үзүүлж, тухайн орны холбогдох хүмүүстэй уулздаг. Тухайн орны Элчин сайдын яаманд хандаж виз гаргуулах зэрэгт тусалдаг. Талийгаачийн ар гэрийнхэн “Иргэдэд туслах сан”-д хандаж шарил чандарлах, тээвэрлэхтэй холбоотой бусад зардлыг эргүүлэн авч болдог.

-Осол юунаас болж гарсан талаар шинэ мэдээлэл ирэв үү?

-Цагдаагийн байгууллагын эцсийн дүгнэлтийг хараахан ирүүлээгүй байна. Хөххотын Консулын газраас “Пажеро” маркийн автомашин том оврын машины чиргүүлтэй мөргөлдөж осол гарсан гэж мэдэгдсэн. Шинжээчдийн дүгнэлтээр хэний буруугаас осол гарсан нь тодорхой болно.

Ч.ТУЯА

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.