Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

АМЬ НАСАНД АЮУЛТАЙ ЭМЧИЛГЭЭ

Иргэд энэ өвлөөс гэнэт мэдэв үү гэлтэй харзны ус руу шуурцгаах боллоо. Энэ өвөл дулаахан байгааг хэлэх үү гунан, дөнөн үхрийн эвэр хуга хөлддөг гурав, дөрвөн есийн хүйтнээр харзны усанд орж байгаа хүн олон. Нийслэлийн иргэд ихэвчлэн Маршалын гүүрний цаана өөрсдөө цооног гаргаж, харзны усанд ордог аж. Мөн Чингис хааны хөшөөт цогцолборын ойролцоо Харзтайн ам руу зорьж очдог. Маршалын гүүрний цаана хүмүүсийн харзны усанд ордог гэх газар өнгөрсөн баасан гаригт очлоо. Хүмүүс харзны ус гэх боловч үнэндээ голын эрэг хавьд гаргасан том цооног байв. Цооногт нь жараахай хөвж байгаа харагдах юм. Биднийг очиход “Соната” маркийн машинтай хоёр эмэгтэй, нэг эрэгтэй “Харзанд орчихлоо” гэсээр дулаалчихсан зогсож байв. Нүүр, гар нь улайгаад бээрсэн байдалтай байсан ч тэд “Даарахгүй байна, халууцаж байна” гэв.

-Өнөөдөр харзанд хэр олон хүн орж байна?

-Биднийг ирэхэд хоёр машин дүүрэн хүн орж байсан, сая явчихлаа. Ер нь амралтын өдөр хүн их ирдэг юм байна. Боломж байвал ажлын өдөр хүн цөөтэй үед ирээд орчихдог юм.

-Харзны ус гэж өвөл хөлддөггүй, голын зайрмагтсан усыг хэлдэг юм билээ. Ингэж зориуд цооног гаргаж орох нь эмчилгээ болох уу. Энэ хавьд байгалийн харз байдаг уу?

-Хүмүүсийн ордог дөрвөн газар байдаг. Бүгдээрээ л цооног. Нөгөө гурав нь бөглөрчихсөн болохоор хотынхон энд л ирдэг. Байгалийн харзанд орж үзээгүй. Адилхан л хүйтэн ус болохоор ялгаагүй байх.

-Ингэж цооногт орохоосоо өмнө эмчээс зөвлөгөө авсан уу. Хүйтэн усанд орох нь шинжлэх ухааны үүднээс биед ямар нөлөө үзүүлдэг талаар судалж үзсэн үү?

-Хүмүүс сайн л гэдэг юм. Олны үгийг дагаад ордог. Бид байнга ороод муудсан юм алга. Харин биед сайн нөлөө үзүүлж байгаа нь мэдрэгддэг. Орохдоо л даардаг, гарч ирээд халууцаад байж суухын аргагүй болдог. Анх орж байгаа хүмүүс л халуун цай, шөл авчирдаг юм. Бид байнга ордог болохоор дасчихсан, сүүлдээ халуун цай, шөл уухаа больсон гэж тэд ярилаа. Харзны усанд ордог болоод жил гаруй болж байгаа Б.Ууганцэцэг “Би уулын явган аяллын клубийн гишүүн. Манай клубийн гишүүд ууланд алхаж, сагсан бөмбөг тоглох зэргээр эрүүл мэнддээ анхаардаг. Өнгөрсөн жилээс хэдэн гишүүн маань харзны усанд орж байя гэж уриалаад хамтдаа ордог болсон. Энэ жил дөрвөн удаа орсон. Анх орохдоо яаж орох вэ гэж айж байсан. Сэтгэл зүйгээ бэлдэх нь маш чухал юм билээ. Зориглоод орсны дараа арьс чангараад үр дүнгээ шууд өгсөн. Одоо бол даардаггүй. Орсны дараа хамаг бие халуу оргиод шатаж байгаа юм шиг болдог. Цагаан сараас өмнө орвол л сайн байдаг гэсэн. Харзны усанд ороход халуун цай, халаад, углааштай очих хэрэгтэй. Хүмүүс орох үедээ машинаа халаагаад, шалавчаа мөсөн дээр тавьдаг. Тэгээд усандаа орохдоо удах шаардлагагүй нэг булхаад гарч ирээд машиндаа орж халуун цай уугаад, дулаахан хувцаслах хэрэгтэй. Зарим хүн анх орсныхоо дараа гоё юм байна гээд дахиад ороод байдаг. Ингэж орох нь буруу л гэдэг юм билээ. Зарим хүн 9,10 настай хүүхдээ оруулж байсан гэх. Хүүхдүүд ч эцэг эхээрээ хэлүүлэлтгүй өөрсдөө орж байсан” гэлээ. Уламжлалт анагаах ухааны эмч, (Ph.D) Ч.Төмөрсүх “Монголчууд эрт үеэс харзны усанд ордог байсан гэх буруу ойлголт байдаг. Уг нь Буддын шашинд намар ус рашаан болдог 10 өдөр байдаг гэж үздэг юм. Тэр үеэр хөгшин, залуугүй гол мөрний усанд ордог гэдэг. Ингэснээр элдэв хууч өвчин, эмгэг арилдаг гэсэн байдаг. Билгийн тоолол жил бүр харилцан адилгүй байдаг учраас энэ өдрүүд намрын дунд, адаг сард гээд аргын тооллоор тухайн жилд өөр өөр өдөр таардаг. Манайхан ямар нэг үндэслэл, нотолгоогүй зүйлийг хүний амнаас сонсоод зөв, бурууг нь ялгалгүй шууд дагадаг. Тиймдээ ч одоо шинжлэх ухааны үндэслэлгүй зүйлд итгэн харзанд хамаагүй орж байна. Газар орны онцлогоос хамаараад тухайн үндэстний уламжлалт анагаах ухааны эмчилгээний арга харилцан адилгүй. Харзны усанд орвол бие эрүүл болдог гэсэн ойлголт нэлээд дээр үеэс христ, үнэн алдартны шашинтнуудаас манайд орж ирсэн байх магадлалтай. Учир нь оросууд өвөлдөө хүйтэн усанд их ордог. Монголчууд бол халуун рашаанд ихэвчлэн ордог. Манай уламжлалт анагаах ухаанд хүйтэн өвчнийг анагаахад халуун эмчилгээ хийдэг. Өвчин намдаах болон хаван буулгах зорилгоор иргэд тухайн газраа хүйтэн жин тавьдаг. Зөвхөн харзны ус гэлтгүй шинжлэх ухааны үндэслэлгүй элдэв эмчилгээнд итгэн өөрсдийгөө эмчлэх нь буруу. Ер нь яагаад эмч гэдэг хүн байдаг юм. Хүн өвчнөө эмчид л үзүүлж эмчлүүлэх хэрэгтэй” гэв.

Ц.НАМХАЙДОРЖ: ХАРЗНЫ УС ХҮНИЙ БИЕД ТУСТАЙ ГЭЖ ШИНЖЛЭХ УХААН НОТЛООГҮЙ

“Улаанбаатар Сонгдо” эмнэлгийн Зүрх, судасны эмч (Ph.D) Ц.Намхайдоржоос зарим зүйлийг тодрууллаа.

-Энэ жил иргэд харзны усанд их орж байна. Шинжлэх ухаанд харзанд орох нь хүний биед ашиг тустай гэж нотолсон зүйл бий юу?

-Өвөл хөлддөггүй, бага температуртай урсгал ус буюу харзанд хүний биед ашиг тустай ионы болон элементийн агууламж байдгийг үгүйсгэхгүй. Миний бодлоор ямар нэг хууч өвчингүй хүн биеэ чийрэгжүүлэх зорилгоор харзанд орж болно. Харин архаг хууч өвчтэй, өндөр настай, даралт нь ихсэх өвчтэй хүн харзанд орвол эрүүл мэндэд нь аюултай. Хүмүүс харзны усыг биеэ чийрэгжүүлэх хэлбэр болгох гэж байгаа бол ямар усанд, ямар хүн, ямар хугацаагаар, хэрхэн орох вэ гэдэг судалгаанд тулгуурлах хэрэгтэй. Ийм судалгаа одоогоор байхгүй. Мөн харзны ус хүний биед ашиг тустай гэдгийг шинжлэх ухаан нотлоогүй. Хүйтэн усанд орохоор хүний биед цочрол өгдөг. Хүн цочролд ороод ирэхээр, цочролоосоо гарахын тулд эд эс нь сэргэдэг. Хүмүүс амьдралын жирийн хэв маягаасаа өөр зүйлд татагддаг. Тэгээд зуршил болж эхэлдэг. Хүн байнга цочролд орвол тухайн хүний бие физиологид муу, сөрөг нөлөөтэй. Хүйтэн усанд ороход хүний судас агшдаг. Ийм үед огцом даралт ихсэх болон унах, хатгаа авах, хүндээр өвдөх эрсдэл бий.

-Зарим хүн 42 градусын халуунд хүний биеийн элдэв нян устдаг, харзны усанд орсноор хүний бие 60 градус хүртэл халж бүх өвчин устдаг гэх юм?

-Хүний биеийн дундаж халуун 36.5-37 градус байдаг. 41 градус хүртэл халуурахаар хүн яадаг билээ дээ. Тогтмол температуртай байж л хүний эд эрхтэнүүд зохих үүргээ биелүүлдэг. Ямар нэг байдлаар нянгийн эсрэг тэмцэж байгаа урвал 42 градусын халуунд нянг устгана гэсэн ойлголт шинжлэх ухаанд батлагдаагүй.

-Харзны усанд орж буй зарим хүн согтууруулах ундаа хэрэглэдэг. Энэ нь ямар хор уршигтай вэ?

-Бүр илүү аюултай. Архи уухаар хүний судас тэлж, хөлөрч, дулаанаа алдаж эхэлдэг. Тэлсэн судас хүйтэн усанд орохоор огцом агшиж, дулаанаа алдана. Хүний халуун 35 градусаас доош болбол биеийн температур буурна. Халуурахын эсрэг процесс явагдана. Судас огцом тэлэх нь муу нөлөөтэй. Согтууруулах ундаа хэрэглэсэн, зүрх судасны өвчтэй хүнийг саунд ч орохыг зөвшөөрдөггүй шүү дээ.

Т.БОЛОР-ЭРДЭНЭ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.