Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

М.ЭНХБААТАР: ИРГЭД, АЖ АХУЙН НЭГЖҮҮДИЙН ӨМНӨ ХҮЛЭЭСЭН ҮҮРЭГ, АМЛАЛТАА БИЕЛҮҮЛЭХИЙН ТУЛД БИД БҮХНИЙГ ХИЙНЭ

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлын хүрээнд Баянзүрх дүүргийн 13, 14 дүгээр хорооны 235 га газарт “Бүрд констракшны гэр хорооллын дахин төлөвлөлт” ХХК, “Моннис Урбан Девелопмент” ХХК, “Цагаан хуаран консалтинг” ХХК, “Зургаан талт” ХХКиуд төсөл хэрэгжүүлж байна. 2015 онд энд 850 айлын орон сууц ашиглалтад орно

УИХ-аар баталсан “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн хөтөлбөр, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага”-ын баримт бичиг, нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгасны дагуу Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдах 24 байршил баталсан. 1547.8 га, 16109 нэгж талбар бүхий дээрх 24 байршилд нийтдээ 80 мянга орчим орон сууц ашиглалтад орох юм. Өнгөрсөн онд төсөл хэрэгжүүлэгч компаниуд газар чөлөөлөх, инженерийн шугам сүлжээ, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, зураг төсөл боловсруулах, ажлыг хийж гүйцэтгэсэн бөгөөд ирэх гуравдугаар сард барилга угсралтын ажлаа эхлэхээр төлөвлөжээ. Тиймээс гуравдугаар сарын 1-нээс өмнө төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжийн Цахилгаан, дулаан, эрчим хүчний эх үүсвэр, инженерийн шугам сүлжээ, замын зургийн хөрөнгийг шийдвэрлэж өгөхийг НИТХ-ын дарга бөгөөд Гэр хорооллын дахин төлөвлөлтийн Төслийн удирдах хорооны дарга Д.Баттулга холбогдох албаны хүмүүст нь үүрэг болгоод буй. Эдийн засгийн хямралын үед Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл ямархуу дүр зургаар үргэлжлэх тухай иргэддээ мэдээлэл өгөх үүднээс Гэр хорооллын хөгжлийн газрын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга М.Энхбаатартай ярилцлаа.

-Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслөөр 2015 онд ямар ажил хийхээр төлөвлөөд байна вэ?

-Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэхээр сонгосон 24 байршилд үйл ажиллагаа шат дараатайгаар үргэлжилнэ. 1547.8 га, 16109 нэгж талбар бүхий томоохон газар нутгийг хамарч байгаа нүсэр том төсөл учраас ажлын явц байршил бүрт харилцан адилгүй байгааг ойлгох хэрэгтэй. Энэ онд эхний ээлжийн 12 байршилд барилга угсралт, инженерийн шугам, сүлжээний ажил үргэлжлэн хийгдэнэ. Тухайлбал, Баянзүрх дүүргийн VIII, XIII, XIV, XVI хороо зэрэг байршилд гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд баригдах 1000 орчим айлын орон сууц ашиглалтад орно. Харин хоёрдугаар ээлжийн найман байршилд инженерийн шугам, сүлжээний зураг төслөө батлуулах, иргэдтэй байгуулсан гэрээний дагуу газраа чөлөөлөх, зарим барилгын суурийг тавьж, угсралтын ажлыг эхлүүлнэ. Сүүлд баталсан дөрвөн байршлын хувьд энэ оны эхний хагаст иргэдтэйгээ зөвшилцөж, гэрээ хэлэлцээ хийгдэнэ. Үүний дараагаар төс өл хэрэгжүүлэгч компаниуд албан ёсоор зураг төслөө батлуулж, газар чөлөөлөх ажлаа эхлүүлнэ.

-Энэ ажлын бодит үр дүнг иргэд эхнээсээ мэдэрч байгаа болов уу. Нэг, хоёр иргэний зөрүүд, амиа бодсон зангаас болж нийтийн эрх ашиг хөндөгддөг байдал багасах хандлага ажиглагдах юм уу?

-Иргэдийн ойлголт, хандлага янз бүр л дээ. Гэхдээ ер нь овоо нааштай байгаа шүү. Анх 2013 онд иргэд энэ төслийг дэмжиж байгаа хэрнээ үүнд итгэх, эсэхээ мэдэхгүй байсан. Бас төсөл хэрэгжүүлэгч компанидаа эргэлзэж байлаа. Тэгвэл 2014 оноос ажил эхлээд явахаар “Энэ төсөл ямар ч гэсэн ажил хэрэг болох юм байна. Одоо харин тухайн компанитайгаа газрын үнэлгээгээ хэрхэн тохирох вэ” гэдэг болсон. Харин сүүлийн үед иргэд “Энэ компани надтай хийсэн гэрээний хугацаандаа багтаж орон сууцаа ашиглалтад оруулах нь уу, түрээсийн зардлаа өгөх нь үү” гэх мэтээр илүү бодит харилцаа үүсгэж, гэрээ хэлэлцээний түвшинд хүрч байгаа нь төслийн үр дүнг харуулж байна. Мэдээж бас ганц нэг байршилд цөөн тооны иргэд үүнийг ойлгохгүй, ажилд саад болох тохиолдол бий. Гэхдээ дийлэнх олонх нь дэмжиж байгаа шүү.

-Эдийн засгийн хямралаас болоод Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөлд зарцуулах хөрөнгө хумигдсан уу. Тэгсэн бол үүнээс болоод төслийн үйл ажиллагаа удаашрах магадлалтай биз дээ?

-Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр инженерийн шугам сүлжээний ажлууд, барилга угсралт, авто зам, сургууль, цэцэрлэгийн байр барих зэрэг дэд бүтцийн асуудлыг нь шийддэг. Эдийн засгийн хямралаас болоод энэ хөрөнгө оруулалт өнгөрсөн хоёр жилийнхээсээ буурсан. Тухайлбал, өнгөрсөн хоёр жилд улс, нийслэлийн төсвийн санхүүжилтээр 147.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн бол энэ жил 18.5 тэрбумыг төсөвлөсөн. Гэхдээ үүнээс болоод энэ төслийнхөө үйл ажиллагааг зогсоохгүйн төлөө, иргэд, аж ахуйн нэгжүүдийнхээ өмнө хүлээсэн үүрэг, амлалтаа биелүүлэхийн тулд нийслэлийнхэн боломжтой бүх арга хэмжээг авч ажиллана. Нөгөө талаар энэ төслийг хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд хэрэгжүүлж байгаа учраас эдийн засгийн хямрал мэдээж тэдэнд нөлөөлнө. Гэхдээ дахин төлөвлөлтийн ийм төсөл үр ашигтай байдаг учраас гадаад, дотоодын хөрөнгө оруулалт татах боломж их юм билээ. Гадаадын олон оронд энэ төслийн үр шимийг мэдэрчихсэн, гар бие оролцсон байдаг учраас “Монголд хэрэгжиж байгаа ийм төсөлд хөрөнгө оруулаач” гэсэн саналыг уриалгахан хүлээж аваад, туслах боломжтой гэсэн үг л дээ.

-Улс, нийслэлээс гаргадаг төсөв хөрөнгө нь танагдахын хэрээр компаниудын үйл ажиллагаа доголдвол иргэдээсээ арайхийж олж авсан итгэлийг нь буцаагаад алдах эрсдэлтэй байх.

-Үгүйсгэхгүй. Гэхдээ ямар ч байсан төсвийн хэмнэлтээс болоод компаниудын үйл ажиллагаа зогсох, үүний улмаас иргэд орон сууцандаа орж чадахгүй болох тийм нөхцөл байдал үүсгэхгүйн төлөө бид хаана хаанаа хичээнэ. Компаниудын төлөвлөлтийн үйл ажиллагаанаас хамаараад он онд шаардагдах төсөв нь өөр байдаг. Тиймээс энэ жилийн оногдсон төсвөө зөв хуваарилж, шаардлагатай газруудынхаа дэд бүтцийг шийдэх чиглэл баримтална. Аж ахуйн нэгжүүдээ бүхий л талаар дэмжиж, иргэдээ аль болохоор хурдан хугацаанд орон сууцанд оруулахын төлөө ажиллана. Эдийн засгийн хямралын эгзэгтэй энэ цаг мөчийг хамтдаа даван туулж, энэхүү ач холбогдолтой төслийг амжилттай үргэлжлүүлэхэд иргэд та бүхний минь итгэл, дэмжлэг ч чухал гэдгийг хэлмээр байна. Одоогийн нөхцөл байдлаас шалтгаалаад, магадгүй та бүхэнд санал болгох компаниудын үнийн дүн өмнөхөөсөө буурахыг үгүйсгэхгүй. Тэгэхээр хаана хаанаа биенээ ойлгоод, энэ ажлаа зогсоохгүй байх шаардлага бидний өмнө тулгарч байна. Энэ бол барилгын 34 компанид л хамаатай, тэдэнд ашигтай ажил бус. Энэ бол орон сууцны 24 хорооллын бүтээн байгуулалт. Дахин төлөвлөлтийн төс өл хэрэгжиж буй 24 байршилд баригдах нэг хорооллын бүтээн байгуулалт доод тал нь 130 га талбайд сүндэрлэнэ. Гэтэл манай III, IV хороолол 30-40 га талбай эзэлдэг гээд бодохоор бид ямар том бүтээн байгуулалтын ажил руу зориглон орсон бэ гэдэг нь харагдах байх. 2015 онд улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хоёр байршилд шинээр сургууль, цэцэрлэг барьж, гурван байршлынхыг өргөтгөн, хоёр байршилд авто замын барилга угсралтын ажил хийхээр төлөвлөжээ.

Л.ГАНЧИМЭГ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.