Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Тавантолгойн хоёрдугаар шатны хэлэлцээ эхэллээ

  Тавантолгойн ордын хөрөнгө оруулагчаар шалгарсан Монгол, Хятад, Японы түншлэлтэй хийх өргөтгөсөн хоёр дахь хэлэлцээ өчигдөр эхэллээ. Хэлэлцээг энэ сарын 5-наас албан ёсоор эхлүүлж, өнгөрсөн хугацаанд Монгол Улсын Засгийн газар хөрөнгө оруулагч талтай Тавантолгойн ордыг тойрсон асуудлаар нэгдмэл ойлголтод хүрчээ. Өөрөөр хэлбэл, “Тавантолгой” төслийн санхүүгийн байдал, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам байгуулахад Монголын талаас хийсэн ажил, хөрөнгө оруулалтын мэдээллийг задалж хэлэлцсэн аж. Түүнээс гадна Монгол Улс санхүүгийн ямар нэгэн эрсдэл үүрэхгүй гэдгийг хөрөнгө оруулагч талд учирлаж, хөрөнгө оруулалтын болоод концессийн гэрээний анхны төслийг хүлээн авчээ. “Бидний санааг зовоож байгаа бүх асуудал гэрээний төсөлд туссан” хэмээн хэлэлцээрт Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж буй Ажлын хэсгийн ахлагч, Монгол Улсын сайд М.Энхсайхан тодотгож байна.

Монголын “Energy Resources”, Хятадын “China Shenhua Energy”, Японы “Sumitomo” корпорацтай хийх Тавантолгойн ордод хөр өнгө оруулах асуудлаарх хоёрдугаар шатны хэлэлцээ эхлэхээс өмнө өчигдөр тэрбээр сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

-Хөрөнгө оруулагчдын зүгээс Монгол Улсын Засгийн газарт ямар нөхцөл тавьж байгаа вэ?

-Хөрөнгө оруулагчдын хамгийн их санаа зовж буй зүйл бол банкны шаардлага хангасан баримт бичгийг бид дундаасаа гаргаж чадах уу л гэж байгаа юм. Бидний гаргах баримт бичиг банкны шаардлагыг хангасан байх ёстой. Яагаад гэвэл энэ нь маш том төсөл учраас олон улсын банк, санхүүгийн байгууллагуудаас санхүүжихээс өөр гарцгүй. Түүнээс гадна Засгийн газар, хөрөнгө оруулагч өөр өөрсдийнхөө байр суурь, эрх ашгийг хамгаалсан, тэнцвэржүүлсэн баримт бичиг гаргах ёстой. Бид харилцан ашигтай байх зарчмыг анхнаасаа тохиролцсон. Харилцан ашигтай байхын тулд эрх ашгийн тэнцвэрийг хангахаас гадна бүхий л мэдээлэл, санаа зовоосон асуудлаа өөр хоорондоо солилцох учиртай.

-Бүх бичиг баримт банкны шаардлагыг хангасан байх ёстой гэлээ. Тэгэхээр олон улсын банкууд ямар шаардлага тавих вэ?

-Урт удаан хугацаанд хэрэгжих төсөлд ихээхэн хэмжээний мөнгө олгох гэж байгаа учраас банк эрсдэлээс эмээдэг. Тийм учраас тогтвортой байдлыг хүснэ. Татварын орчин, тэр ч бүү хэл төр засаг тогтвортой байхыг л шаардана.

-Тавантолгойн эдийн засгийн үр ашгийг хэрхэн тооцож байгаа вэ?

-30 жилийн хугацаатай энэ төсөл хэрвээ амжилттай эхэлж чадвал Монгол Улсын ДНБ болоод зарцуулалт, хөрөнгө босгох үнийн дүн хамгийн бага тооцоогоор 94 тэрбум ам.доллартай тэнцэж байгаа юм. Тэгэхээр энэ төсөл бол эдийн засгийн үлэмж үр ашигтай. Хамгийн гол нь хэлэлцээний явцад маш олон эмзэг асуудал хөнд өгдөнө, түүний тохироог олох явдал их чухал. Энэ долоо хоногийн хэлэлцээ тун хариуцлагатай, шийдвэрлэх үүрэгтэй.

-“Тавантолгой” төслийн санхүүжилтийг яаж шийдэх вэ?

-Төслийн 30 хувийг хөрөнгө оруулагч консорциум өөрсдийн хөрөнгөөр, 70 хувийг олон улсын банк, санхүүгийн байгууллагаас зээл авах замаар санхүүжүүлнэ. Харин үйл ажиллагааны зардлын (OPEX) тал дээр “Sumitomo” мөнгө босгох юм. Яагаад гэвэл Тавантолгойн нүүрсний борлуулалтын дийлэнхийг тэд хариуцна. Энэ төслийн бараг 20-30 хувийг “Sumitomo” худалдаж авч магадгүй. Хэлэлцээ амжилтад хүрч, бид гэрээгээ байгуулж чадвал мөн консорциум дотроо, өөрөөр хэлбэл “Energy Resources”, “China Shenhua Energy”, “Sumitomo” хоорондоо хөрөнгө оруулах хувиа тохирч, гэрээ байгуулах байх. Бид өөдрөг сэтгэлээр одоохондоо ингэж ярьж байгаа шүү. Гэхдээ бэрхшээл бий гэдгийг нуугаад яах вэ.

-“TBF International” гэх компани Тавантолгойд таван тэрбум ам.долларын хөрөнгө оруулах санал тавиад байгаа тухай өчигдрийн сонинуудад мэдээлсэн. Энэ талаар Та ямар байр суурьтай байна вэ?

-Гадаадын хэн нэг компани орж ирчихээд энэ төсөл дээр илүү хөрөнгө оруулах боломжтой байсан гээд ярьж буй нь Монгол Улс ардчилсан, нээлттэй орон учраас мэдээллийн эрх чөлөө байгаагийн л нотолгоо. Түүнээс биш хөр өнгө оруулъя гэсэн баталгаа биш. Засгийн газраас тодорхой уралдаант шалгаруулалт зарласан. Шалгарсан хөрөнгө оруулагчтайгаа тууштай хэлэлцээ хийж, үр дүнг нь үзнэ. Өөр асуудал байхгүй.

-Хэлэлцээрийг хүндрэл бэрхшээлийнх нь хамт 100 хувь гэж үзвэл одоо хэлэлцээ хэдэн хувьтай үргэлжилж байна вэ?

-50 хувьтай л байна.

Б.ЦЭЦЭГСҮРЭН

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.