Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ҮКҮЛЭЛЭТЭЙ НӨХӨРЛӨСӨН “TIGERFISH”

 

А нука, давай ка, плясать выходи! …Хүүхэд насны дурсамж “Ну Погоди” кинотой салшгүй холбоотой. Туулай чоныг хэрхэн дөнгөж байгааг, чоно хариугаа авахаар “Чамайг даа” хэмээн төгсдөг энэ хүүхэлдэйн киноны цуврал бүрийг шимтэн үздэг байж билээ. Туулай, чоно хоёрын хөгжилтэй, сонирхолтой үйл явдлыг бүдүүн баргил хоолойтой чоно, цээлхэн хонгор туулайны дуугүйгээр төсөөлөхөд бэрх. Ход ход инээх туулайны хоолойгоор “TigerFish” хамтлагийн Б.Аззаяа дуулан суулаа. Үкүлэлэ хөгжмөөр тоглодог Монголын цор ганц хамтлаг бол “TigerFish”. Тус хамтлагийнхантай уулзахаар болсон даруйдаа л дөрвөн чавхдаст үкүлэлэ хөгжим дээр найруулсан хуучны сайхан дуунуудыг сонсон өөр ертөнцөөр хэсэгтээ аялсан. Биднийг очиход тэд бэлтгэлээ хийж байсан юм. “Ну Погоди” хүүхэлдэйн киноны туулайны инээдийг дуурайх гэж хэсэгтээ “мэрийдэг” байсан хүүхэд насны дурсамжаар аялуулсан тус хамтлаг “Ну Погоди”-гийн дуунаас эхлээд “Шөнийн галт тэрэг” хамтлагийн “Хайлсан шоколад”, “Нисванис” хамтлагийн “Гэрэлт ирээдүй намайг дуудна” зэрэг хуучны танил, дотно дуунуудыг энэ хөгжим дээр коверложээ.


-Хамтлагаа хэзээ байгуулсан бэ?

Г.Занданхүү (З.Х): -2011 оны зургадугаар сард байгуулсан. Хаш гэдэг найз маань бидэнд үкүлэлэ хөгжим авах мөнгө өгч, аз таарч манай нэг эгч Лос Анжелес явахаар болж, энэ хөгжмийг захиж авчруулсан. Хөгжим сарын дараа ирж, бид анх удаа л гартаа барьж үзэж байлаа.

-Гитараас арай жижиг юм. Хөгжмөө дөнгөж ирэнгүүт нь хамтлагаа байгуулсан гэлээ. Тоглож сурахад хэцүү байв уу?

З.Х: -Өмнө нь гитар тоглодог байсан болохоор дөхөмтэй байсан. Гэхдээ хөг нь өөр. Хамгийн нарийхан утас нь дээд талдаа байдгийг нь бид мэдээгүй. Яаж хөглөхийг нь мэдэхгүй, телевиз, интернэтээс л харж байлаа.

-Багадаа хөгжмийн дугуйланд явдаг байв уу. Хэзээнээс дуу хөгжимд дурласан бэ?

З.Х: -Бидний үед ах нар орцонд гитар тоглох нь их байсан. Тэднийг их дуурайдаг байлаа. 1998 онд “Хурд”-ын Отгонбаяр ах гитарын гурван сарын хугацаатай сургалт явуулж байсан. Энэ дамжаанаас хурууны зөв тавилт болон бусад зүйлийг сурсан.

Б.Аззаяа (А.З): -Багаасаа л дуу хөгжимд дурласан. 1990-ээд оны сүүл үед Г.Занданхүү, П.Дамдинсүрэн нартай цуг “Скрийм” хамтлагт гитар тоглодог байсан. 2000 оны дундуур “Шөнийн галт тэрэг”-т дуулдаг байлаа. 2014 оны эхэнд “TigerFish” хамтлагтаа орсон.

Б.Одгэрэл: -Багадаа дуу хөгжимд дуртай, орцонд дуулдаг ах нарыг их дуурайдаг байсан. 2000 оноос гитар тоглож сурсан. Дараа нь Д.Энхболд ахаар мэргэжлийн түвшинд заалгасан. Тэр жилдээ “Булсара” хамтлагт орж, өнөөг хүртэл тоглож байгаа.

П.Дамдинсүрэн: -Дунд сургуульд байхаасаа л хөгжим сонирхож эхэлсэн. Найзуудтайгаа нийлж янз бүрийн хамтлаг байгуулж байлаа. Соёлын коллежид дуу хөгжмийн багш мэргэжлээр сурч байсан. Би бас бөмбөр тоглодог. Үкүлэлэ хөгжим тоглох дуртай.

-Анхны юм бүхэн хүний сэтгэлд хамгийн их дурсамж үлдээдэг. Үкүлэлэ дээр найруулсан хамгийн анхны уран бүтээл юу байв?

З.Х: -Хамтлаг анх байгуулагдаад орос, англи дуунуудыг энэ хөгжим дээр найруулаад зоогийн газруудад тоглодог байсан. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард “Байгалиас ирсэн охин” цомгоо гаргасан нь бидний анхны бүтээл. Энэ нь бас Монголын анхны үкүлэлэ хөгжим дээр найруулсан цомог юм.

-Цомогт ямар ямар уран бүтээл багтсан бэ?

А.З: -1960-2000 он хүртэлх хугацаанд амьд хөгжмөөр тоглодог байсан хамтлаг, дуучдын дуунуудыг цомогтоо багтаасан. Цомогт хоёр аялгуу, найман дуу орсон. Тухайлбал, “Харанга”, “Хонх”, “Соёл-Эрдэнэ”, “Никитон”, “Нисванис”, “Шөнийн галт тэрэг” болон дуучин Отгоогийн уран бүтээл бий.

-Үкүлэлэ хөгжмийн манай улсын хамгийн анхны хамтлаг бол “TigerFish”. Монголчууд энэ хөгжмийг танай хамтлагаар дамжуулан мэддэг боллоо. Тэгвэл олон улсад хэр хөгжсөн байдаг юм бол?

З.Х: -Энэ хөгжим бий болоод 140 гаруй жил болж байна. Хавай арал дээр амьдардаг португал гаралтай иргэд тэнд ургадаг модоор хөгжим хийсэн гэдэг. Түүнийг нутгийн ард түмэн нь “Үкүлэлэ” гэж нэрлэсэн. “Үкү” гэдэг нь нохойн бөөс, “лэлэ” гэдэг нь үсрэлт “Нохойн бөөсний үсрэлт ” гэж нэрлэсэн байдаг юм билээ. Тэр нь 1930-аад онд Америкт дэлгэрсэн. 2000 он гараад дэлхий нийтээр энэ хөгжмийг мэддэг болсон. 2010 онд Английн хөгжмийн дэлгүүрүүдэд хийсэн судалгаагаар өнгөрсөн 50, 60 жилийн хугацаанд хамгийн их зарагддаг хөгжим нь банзан гитар байсан бол үкүлэлэ түүний амжилтыг эвдсэн гэж дүгнэсэн.

-Олон улсын фестивалиудад оролцох зорилт тавьж байна уу. Тухайлбал, Хавай арлын үкүлэлэ хөгжмийн наадамд оролцох уу?

З.Х:-Энэ нь бидний хамгийн том мөрөөдлийн нэг. Хавайн үкүлэлэ хөгжмийн 45 дахь фестиваль болно. Жил бүрийн долдугаар сард болдог дэлхийн хэмжээний хамгийн том фестиваль. Үкүлэлэ хөгжмийн наадам сард 5-6 удаа дэлхийн улс орнуудад болдог. Энэхүү наадам 3-4 өдөр үргэлжилдэг. Хавайгаас бидэнд хоёр жилийн өмнө урилга ирсэн. Энэ жил явна гэсэн төлөвлөгөөтэй байгаа.

-Фестивальд оролцохоос гадна олон улсад танигдах боломж хэр байдаг вэ?

З.Х:-Үкүлэлэ дардаг Сунхай Жун гээд залуухан солонгос хөгжимчин бий. Тэр Youtube-д өөрийн бичлэгүүдээ тавиад олон улсад танигдсан. Улмаар дэлхийн олон фестивалиуд түүнийг урьсан. Зөв маркетинг хийх юм бол олон улсад гарах боломж бий.

-Энэ хөгжим дээр дандаа аз жаргалын тухай дуу дуулдаг гэж сонссон.

З.Х: -Үкүлэлэ дардаг хүмүүст нэг тийм үг бий. Та энэ хөгжмийг барьсан байхад уйтгар гунигийг мэдрэхгүй гэж.

-Тэгвэл энэ хөгжмийг бариад дуулж байхдаа төрдөг сэтгэгдлээ хуваалцаач?

З.Х: -Уран бүтээл, урлаг гэдэг зүйл заавал аз жаргалтай, цоглог байх ёстой биш. Аливаа дууны үг гунигтай ч байж болно. Хамгийн гол нь хөгжмөө тоглох тэр л мэдрэмж гайхалтай. Энэ л аз жаргал байх. Дуртай юмаа хийж байхдаа л хүн аз жаргалтай байдаг шүү дээ.

-Хэчнээн дуугаа дүрсжүүлээд байгаа вэ?

З.Х: -“Байгалиас ирсэн охин” цомгийн таван дуу нь клиптэй болсон.

-Энэ хөгжмийг мэддэг залуус цөөнгүй болсон. Үкүлэлэ хөгжмийг сурах хүсэлтэй залуучууд хандаж байна уу?

З.Х: -Үкүлэлэ сонирхогчдын групп бий. Энэ группэд байдаг залуус дамжаа хичээллүүлэх үү гэж асуудаг. Бид гуравдугаар сараас сургалт явуулна.

-Танай хамтлагийн дууг сонсдог залуучууд цөөнгүй болжээ. Тоглолт хийх төлөвлөгөө байгаа юу?

З.Х: -2013 оны арванхоёрдугаар сард “Ну Погоди” тоглолт хийсэн. Энэ хүүхэлдэйн кино 20 ангитай. Нэг ангидаа л гэхэд 5-6 аялгуутай. Энэ хүүхэлдэйн киног багаасаа л үзсэн болохоор дуу нь бидний зүрх сэтгэлд шингэсэн байдаг. Дууг нь судлаад үзэхээр Украин, Беларусь, Унгар зэрэг тэр үеийн социалист дэглэмтэй орнуудын бүтээлүүдийг ашигласан байдаг. Энэхүү хүүхэлдэйн киноны дуунуудаас сонголт хийж Улсын филармонид тоглолт хийсэн. Өнгөрсөн онд CD-гээ гаргачихаад цомгийн баяр хийж байсан. Энэ зун гадаа талбайд тоглолт хийх төлөвлөгөө бий. Заавал тасалбартай биш ч байж болох юм.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.