Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ГАНТУЛГА: КОМПАНИУД ГАДААДЫН ЗАХ ЗЭЭЛД ӨРСӨЛДӨХҮЙЦ ТОМРОХ ШААРДЛАГАТАЙ

“Сүү” хувьцаат компанийн гүйцэтгэх захирал, МҮХАҮТ-ын Удирдах зөвлөлийн гишүүн Б.Гантулгатай ярилцлаа.

-Монгол Улсад үйлдвэрлэл хөгжихгүй байна гэж олон хүн ярьдаг. Үүнд юу саад болж байна вэ?

-Манай улсад аж ахуйн нэгжийн орлогын албан татвар ялгаатай байдаг. Ингэхдээ компанийн хэмжээгээр нь ялгасан байгаа юм. Жилд гурван тэрбум төгрөгөөс дээш ашиг олдог компани 25 хувийн татвар төлж байгаа. Энэ нь Монгол Улсад хувийн хэвшил өсөх, хөгжих, нэгдэхэд томоохон саад болдог хүчин зүйл. Монгол Улсад идэвхитэй үйл ажиллагаа явуулдаг 40.000 аж ахуйн нэгж байдаг гэсэн тооцоо бий. Гэтэл тэдгээрийн 90 хувь нь 10-аас цөөн ажилтантай жижиг компаниуд. Эндээс хувийн хэвшил, компаниуд туйлын хэврэг байгаа нь харагдаж байгаа. Төсөв бүрдүүлэхэд гол хувь нэмэр оруулдаг компаниуд нь эргээд татварын дарамтад орчихдог. Тэгэхээр энэ олон жижиг компаниуд тус тусдаа, нэг жижиг цехийн хэмжээнд л үйл ажиллагаа явуулж байгаа. Улмаар дотоодын зах зээлээ булаацалдан, дотроо бие биенээ шахаад, “түлхэлцээд” эхэлдэг. Тийм хэмжээнд үйлдвэрлэл явуулж байгаа компаниуд бүтээгдэхүүнээ экспортолно гэхээр адаглаад л ойрын Орос, Хятадын бүтээгдэхүүнтэй өрсөлдөх чадвар байдаггүй. Төрөөс үйлдвэрлэл, экспорт хүсэж байгаа бол том, жижиг гэж татварын ялгаа тогтоохоо болих хэрэгтэй. Одооноос компаниудыг олон болгох биш харин аж ахуйн нэгжүүдээ өсгөх, хүчирхэгжүүлэх талаас нь дэмжих бодлого барих нь зөв.

-Манай улсын экспортын 90 гаруй хувь нь зөвх өн уул уурхайн салбарт ногдож байгаа. Иймээс эдийн засгаа солонгоруулах нь чухал гэдэг. Та үүнтэй санал нийлэх үү. Эсвэл олон гэхээс илүүтэйгээр хөдөө аж ахуй гэдэг ч юм уу, цөөн салбараа онцгойлон хөгжүүлэх нь зөв гэж бодож байна уу?

-Товчоор хэлбэл хэт их солонгоруулах шаардлагагүй. Монгол Улсын Ерөнхийлөгч энэ сарын эхээр үндэсний үйлдвэрлэгчдийн төлөөлөлтэй уулзсан. Бизнесийнхэн бензин үйлдвэрлэмээр байна, нүүрснээс шингэн түлш, сүүнээс химийн бодис гаргаж авъя гэх зэргээр төслийн олон санаа гаргаж байсан л даа. Энэ олон салбарт ажиллах боловсон хүчин тэр дундаа нарийн мэргэжилтнүүд манайд хангалтгүй байдаг. Тус бүртээ 10 ажилтантай жижиг компаниуд бий болсныг эдийн засгаа солонгоруулж, тэр хэрээр үйлдвэрлэгчидтэй болж байгаа гэвэл эндүүрэл. Улсын хэмжээнд хөгжүүлэх ёстой тодорхой салбарууд байх ёстой. Үйлдвэрлэлд анхаарч байгаа бол эцсийн хэрэглэгч нь шууд ашиглах бүтээгдэхүүнийг л хийх талаар ярилцмаар байна. Зөвхөн дотоодод биш, дэлхийн зах зээлд чиглэсэн бүтээгдэхүүн гаргамаар байгаа. 20 жижиг үйлдвэр нэг салбарт үйл ажиллагаа явуулж хоорондоо өрсөлдөхийн оронд 4-5 томоохон компани болж нэгдэх хэрэгтэй. Ингэхдээ хөрөнгөө хувьцаа хэлбэрээр нийлүүлээд байгуулдаг, тэрийг нь төр дэмждэггүй юм гэхэд татварын бодлогоороо саад болдоггүй л байх хэрэгтэй. Одоо бол төр ч тэр, бизнес эрхлэгчид ч тэр хэт олон жижиг зүйл дээр “савчиж” асар их хөрөнгийг үр ашиггүй зарж байна. Үр дүнгээ өгч буй нь бий. Гэхдээ улсын хэмжээнд харвал алдаж буй цаг хугацаа, хөрөнгө мөнгө нь үр дүнтэй нь харьцуулбал чамлахаар байгаа. Тиймээс бид өөрсдийгөө тодорхой зүйлд чиглүүлэх, нэгдэх шаардлага үүсээд буй нь харагдаж байна.

-Тусдаа үйл ажиллагаа явуулдаг, цөөн ажилтантай жижиг компаниуд нэгдэх боломжтой гэж үзэж байна уу?

-Тийм ээ. Нэг бол нэгдээд, үгүй бол хамгийн сайн үйлдвэрлэж байгаа нь ашиг орлогоо олж томроод, бусад нь зах зээлийн жамаар шахагдаад гарах нь зүйтэй болов уу. Аливаа салбарт олон компани үйл ажиллагаа явуулж, өрсөлдөөнтэй байж л хөгжиж дэвжинэ. Гэхдээ олон гэдгийг зөв ойлгох хэрэгтэй. 2-3 компани дундаас ч хөгжил дагуулсан өрсөлдөөн гарна шүү дээ. Компаниуд зөвхөн дотоодын бус, гадаадын зах зээлд өрсөлдөхүйц томрох шаардлагатай. Монголын топ 100 компани гэж шалгаруулдаг. Тэднийг нөгөө үлдсэн 39.900 нь монополь, олигархиудын компани гэж нэрлэдэг. Гэтэл манай улсад том гээд байгаа тэр 100 компани нь Хятад, Оросын зах зээлд гарвал “жижигдэнэ”. Жишээлбэл, манай компани сүү үйлдвэрлэлээр Монгол Улсад тэргүүлдэг. Улаанбаатарчуудын сүүний хэрэглээний 75 хувийг дангаар хангаж байгаа. Дотооддоо үйлдвэрлэлээрээ ийм өндөр түвшинд байгаа ч Оросын зах зээлд гарах гэхээр хэн ч биш болчихдог. ОХУ-д бүтээгдэхүүн нийлүүлье гэхэд тэдний нэг сард худалдан авах бүтээгдэхүүнийг бид зургаан сарын хугацаанд үйлдвэрлэнэ. Малчид, фермерүүдийн өгч байгаа сүүний хэмжээ үүнд хүрдэггүй. Хэмжээний хувьд иймэрхүү зөрүүтэй байгаа нь гаднын компаниудтай нэг түвшинд хэлэлцээр хийж, хамтран ажиллахад бэрх болгож байгаа юм. Тэгэхээр өрсөлдөнө гэдэг нь бүр дараагийн асуудал болж байгаа биз. Гэтэл манай салбарын бусад үйлдвэр, компаниуд яах вэ? Компаниуд нэгдэх, хамтраад бүтээгдэхүүн экспортлох хэмжээнд томрох нь зүйтэй гэж ярьдаг хүмүүс бий. Гэхдээ хоёр компани нэгдээд үйл ажиллагаа, ашгийн хэмжээ нэмэгдээд ирэхээр 25 хувийн татвар төлнө гэвэл боломжгүй. Компаниудыг томроход татварын бодлогоор дэмжвэл жижиг компаниудад нэгдэх сэдэл төрөх эхлэл болно. Одоо бол нэгдэх сэдэл нь байхгүй болохоор нэгдэж, хамтрах дээд хувилбар нь холбоо, ТББ-аар хязгаарлагдаад байгаа юм.

-Таныхаар татварын ямар зохицуулалт байж үйлдвэрлэгчдийг өсөж, хөгжихөд түлхэц болох вэ?

-Миний бодлоор төр засаг үйлдвэрлэл хөгжүүлэхэд татварын зохицуулалтаар л оролцох нь зүйтэй. Жижиг, томоос нь хамаарч татвараа өөр тогтоодог бус, харин үйл ажиллагааны төрөл, чиглэлээр нь тогтоох нь илүү зөв. Одоогоор бизнес эрхлэгчдэд хамгийн амар хөрөнгөө өсгөх, ашиг олох боломжтой салбар бол гадаад худалдаа байгаа. Энэ нь эдийн засгийн хэмжээг л өсгөөд байгаа болохоос үүнээс Монгол Улсад үлдэх хөгжил гэж үгүй. Ер нь удаан хугацаанд огт өөрчлөгдөөгүй импортын татварын таван хувийг багахан хэмжээгээр нэмэгдүүлэхэд нэг их асуудал биш гэж боддог. Харин эсрэгээрээ үйлдвэрлэл эрхэлдэг, бүтээгдэхүүн экспортолж байгаа аж ахуйн нэгжүүдийг татвараар дэмжих заалтууд оруулах хэрэгтэй. Мэдээж үүнтэй зэрэгцээд өмнө дурдсан байгууллагуудыг хэмжээгээр нь хязгаарладаг татварын бодлогоос татгалзах хэрэгтэй. Одоо бол 40.000 аж ахуйн нэгжийн нийтлэг зураглал нь томрох сонирхолгүй, 10 орчим ажилтантай, гадаад худалдаагаар үйл ажиллагаа явуулдаг, тус тусдаа гүйцэтгэх захирал, ерөнхий нягтлантай жижиг компаниуд л харагдаж байгаа. Төр үйлдвэрлэгчдэд тусалж дэмжье, зохицуулъя гэхээрээ бизнес рүү хэт гүнзгий хутгалдаад орчихдог. Гоё төсөл хөтөлбөр санаачлаад, гаргаад ирдэг ч яг хэрэгжүүлэлт дээр нь дунд болон доод шатны төрийн албан хаагч, дарга нар танил талын компаниа дэмжээд тухайн салбарын тэнцвэрийг алдагдуулдаг, цэвэр зах зээлийн өрсөлдөөнгүй болгодог. Өөрөөр хэлбэл, бусад хүмүүсийн олон арван жил ажиллаж бий болгосон зүйлийг нь үгүй хийгээд эхэлдэг.

-Үйл ажиллагаанаас нь хамаарч хэрхэн зохицуулах нь зохистой вэ?

-Үйлдвэрлэл гэхээр бүгдийг хамруулж, татварыг нь хөнгөл гэж байгаа юм биш л дээ. Эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж буй, экспортод бүтээгдэхүүн гаргаж байгаа компаниудын татвар бага байя. Ноолууран бүтээгдэхүүнээр жишээ авъя. Хагас боловсруулсан байдлаар гаргаж байгаа бол татвар нь арай өөр, түүхийгээр нь гаргаж байгаа тохиолдолд бас өөр байхаар зохицуулах хэрэгтэй. Бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлээд гаргаж байгаа бол хамгийн бага байдаг ч юм уу.

-Гадаад худалдаа эрхэлдэг компани олон байх нь Монгол Улсын эдийн засагт ямар нөлөөтэй вэ?

-Нийтлэг хандлагыг харахад долларын ханшийн өсөлтөд Засгийн газар, Монголбанкийг их буруутгадаг. Гэтэл зах зээл дээрх валютын эрэлтийг бизнес эрхлэгчид, тэр дотроо гадаад худалдааны компаниуд өөрсдөө бий болгож байгаа. Хувь хүмүүсийн ам.долларын хэрэгцээ тийм ч өндөр биш шүү дээ. Гэхдээ гадаад худалдаа муу, бүх зүйлийг дотооддоо хийх юм байна гэж битгий туйлширч ойлгоорой. Миний өмнө хэлсэнчлэн чадах зүйлээ өөрсдөө хийцгээе, харин бусад оронд сайн үйлдвэрлэж чадаж байгаа, дэлхий нийт хүлээн зөвшөөрчихсөн бүтээгдэхүүнийг бол оруулаад ирэхэд асуудал байхгүй. Үйлдвэрлэж, хийж чадах салбаруудаа зөв тодорхойлох л хэрэгтэй.

-Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль хэлэлцэж байгаа. Энэ талаар юу гэж бодож байна вэ?

-Дэмжиж байгаа. Ийм хууль хэрэгтэй юү, үгүй юү гэсэн санал асуулгыг саяхан МҮХАҮТ-аас явуулсан. Долоон жилийн өмнө Татварын өршөөл үзүүлэх тухай хууль батлахад нийт компанийн хоёр хувь л хамрагдсан байдаг. Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль баталбал үйл ажиллагаа явуулснаасаа хойш үнэнчээр ажиллаж буй компаниуд хохирно гэдэг асуудлыг ярьж байгаа. Гэхдээ энэ хууль батлагдахгүй бол улс цаашдаа ч хохироод, далд эдийн засаг энэ хэвээр л байна гэсэн үг. Энэ нь эдийн засагт муу нөлөөтэй. Ийм хуулийг Европ юм уу, Америкт 100, эсвэл 200 жилд нэг л удаа баталдаг юм байна л даа. Харин манайд долоон жилийн дараа дахин батлах гэж байна хэмээн зарим хүн эсэргүүцэж байгаа. Гэхдээ 2007, 2008 онд хуулийг хангалттай хэмжээнд сурталчилж таниулаагүй, дээрээс нь бизнес эрхлэгчид өөрсдөө бүрэн ойлгоогүй. Хуульд итгээгүйгээс хэрэгжилт нь хангалттай хэмжээнд үр дүнгээ өгөөгүй. Үүнийг компаниудын хоёр хувь хамрагдсан үр дүнгээс харж болно. Тухайн үед Татварын өршөөл үзүүлэх тухай хуулийн давуу талыг ойлголгүй хамрагдаж чадаагүй асар олон аж ахуйн нэгжүүд одоо хүртэл хоёр тайлантайгаа явсаар байна. Компаниуд нэг тайлантай болоод татвараа үнэнчээр төлж эхэлбэл энэ жил болоод ирээдүй алсдаа эдийн засагт эерэг нөлөө авчирна.

Ц.БОЛОРМАА

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.