Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ДЭД САЙДУУДЫГ ЦОМХТГОЖ ТОГЛОСОН НЬ

 

УИХ-д “цэцэрлэгийн насныхан” суудаг нь үнэн аж. Өнөөдөр баталснаа маргааш үгүйсгэх нь энд байдаг л зүйл болчихсон. Ийм орон гарны жишээ өнгөрсөн пүрэв, баасан гаригт өрнөлөө. Энэ оны улсын төсвийн тодотголын хоёрдугаар хэлэлцүүлгийн үеэр гишүүн С.Ганбаатар “Дэд сайд нарыг цомхтгох” санал гаргасныг Байнгын хороо дэмжээгүй юм. Уг нь УИХ-ын чуулган дээр гишүүд дэмжээгүйг дэмжиж санал өгсөн бол дэд сайд нарыг цомхтгохгүй үлдэх байв. Гэтэл юу хэлэлцэж, баталж байгаагаа ч ойлгодоггүй шахам түшээд маань Байнгын хорооны дэмжээгүй саналыг дэмжсэнгүй. Өөрөөр хэлбэл, дэд сайд нарыг цомхтгохыг дэмжсэн шийдэл гарсан гэсэн үг. Гэвч маргааш өглөө нь л Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан дээр энэ саналыг “босгож” орхих нь тэр. Тэр хооронд бөөн л юм болсон сурагтай.

НЭГ ДЭД САЙДЫН ЖИЛИЙН ЗАРДАЛ 34.5 САЯ ТӨГРӨГ

Ийм тооцоог эрхэм гишүүн С.Ганбаатар хийжээ. Дэд сайдын цалин, түүнд зориулах хангамж, жолооч, бас бус зүйлд жилд 34.5 сая төгрөг зарцуулдаг байна. 17 дэд сайдын орон тоог цомхтговол төсвийн зардлыг 586.5 сая төгрөгөөр хэмнэх аж. Хэмнэлтийг өөрсдөөсөө эхлэхийг лоозогнодог хүмүүсийн хувьд энэ байж болох л санал. Дэд сайд бол үнэндээ илүү алба. Түүнд хийх ажил гэж бараг байхгүй. Сайд нь эзгүй үед Төрийн нарийн бичгийн дарга орлочихно. Дэд сайд зүгээр л эрх ямба эдлээд бэлгэдлийн чанартай сууж байдаг гэхэд болно. Тиймээс дэд сайдын орон тоог цомхтгох нь зөв санал байв. Гэхдээ цагаа олсонгүй. Ч.Сайханбилэг шинэ танхимаа байгуулах үед л С.Ганбаатар энэ саналаа гаргаж, бусад нь дэмжих ёстой байв. Гэтэл тэр үед хэвлэлийнхэн л энэ сэдвийг хөндөөд өнгөрсөн. Шийдлийн Засгийн газар дэд сайдаа цомхтгохгүй гэдэг нь ч ойлгомжтой болж, марафон өрнөв. Бүр маш их өрсөлдөөнтэй байсныг уншигчид санаж буй байх. МАН-д ногдсон долоон квотын төлөө 40, АН-ын таван квотод 30 гаруй хүн өрсөлдсөн. Төрд хэрэггүй ч хувь хүндээ ашигтай суудал байдаг бололтой юм. Тиймээс л ийм олон хүн өрсөлдөж, хэдэн зуун сая төгрөгөөр тоологдох “хандив” намдаа өгсөн нь сугарч чадсан тухай мэдээлэл тэр үед хөвөрсөн. Тэд “шархаа нөхөх”-өөр төлөвлөгөө боловсруулаад, сандал суудал, өрөөгөө тохижуулаад сар болж байтал С.Ганбаатар дээрх саналыг оруулж, алмайрсан гишүүд нь дэмжиж орхисон хэрэг. Тиймээс өнөөх 17 дэд сайд цус харвах шахав. Үнэндээ пүрэв гаригт чуулганы хуралдааныг цаг сунган хийсэн юм. Ор дэр, дулаан хөнжлөө бодон үүрэглэж суусан гишүүд ямар учиртай санал өгч байгаагаа ч ойлгоогүй байж мэднэ. Ингээд чуулган завсарлав. Харин АН, МАН-ын дарга нар, эсрэг санал өгсөн гишүүдийн утас пүрэв гаригаас баасан гаригт шилжих шөнөжин хангинаж, дэд сайд нартаа “агсам тавиулж” хоносон сурагтай. Дэд сайд болохын тулд эр хүний 13 мэхээ хэрэглэсэн улс аргагүй биз. Ингээд баасан гаригийн үүр цайхад л энэ “алдаа”-гаа яаж засах төлөвлөгөөг хоёр намынхан нийлээд боловсруулчихсан байв.

“ХУУЛЬ ХООРОНДЫН ЗӨРЧЛИЙГ АРИЛГАНА”

Ийм албаны томъёолол бодож олжээ. “Дэд сайдыг цомхтгохын тулд эхлээд Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах ёстой байсан. Тэгээгүйгээс хууль хооронд зөрчил үүслээ” гээд л гүйцээ. Төрийн байгуулалтын байнгын хороооны баасан гаригийн хуралдааны үеэр гишүүн Р.Гончигдорж Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн тав дахь хэсэг, 181 дүгээр зүйлийг тус тус хүчингүй болсонд тооцох тухай гэсэн хоёрдугаар зүйлийг дэмжих боломжгүй гэсэн зарчмын зөрүүтэй санал гаргаж, бусад нь дэмжив. Ингээд жолооч, хамаг хангамжтайгаа “алга болох” гэж байсан дэд сайд нар эргэн ирлээ. Залгуулаад чуулганы хуралдаан дээр “Бүх яамны дэд сайдын орон тоог хасаж, тэдний ажлын албаны нарийн бичгийн дарга, жолооч, автомашины болон холбогдох зардлыг хасах” тухай санал хураалтыг хүчингүй болсонд тооцох санал хураалгахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 63.8 хувь нь дэмжсэн юм. “Агсам тавьсны” хэрэг ч гарч, андуурсан гишүүд нь алдаагаа засав. Үр дүнд нь УИХ гэж тоглоом, шоглоомын газар байдгийг ард түмэндээ батлаад л дууслаа. Харин С.Ганбаатар Байнгын хорооны дарга А.Бакейг Цэцэд өгөхөө мэдэгдсэнээр УИХ-ын даргын тодорхойлсон “нэг өдрийн популизм” өндөрлөв.

С.Туул

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.