Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

АМГАЛАНБААТАРЫН ХӨВГҮҮД

“Нэр нэгтийн чих нэг”-д энэ удаа Амгаланбаатарууд “болзлоо”. Хотын зүүн зах, Амгаланбаатар хотноо мэндэлсэн гурван залуу төрсөн газрынхаа нэрийг амьдралын “хөтөч”-өө болгон хүлээн авсан бол нэг нь амгалан тайван, баатар хүү болох бэлгэшээлээр энэ алдрыг хүртжээ. Салбар бүртээ хийсэн бүтээсэн зүйл, хэлэх үгтэй дөрвөн залуугийн ертөнцөд тавтай морил.

1.Амгаланбаатар гэдэг нэрийг танд хэн өгсөн бэ. Ямар утга учиртай гэж тайлбарлаж байсан бэ?

2.Одоо хийж байгаа ажлаа сонгоход тань хамгийн их нөлөөлсөн хүн, эсвэл хүчин зүйл юу байв?

3. Танд шаардлагатай бүхнийг бэлдэж өгье, хариуд нь энд хийж байгаа ажлаа орхиод гэр бүлийнхэнтэйгээ нам гүм газар амьдраач гэдэг санал тавибал та хүлээж авах уу?

4. Амидай нарынхаа ажил үүргийг нэг удаа орлох эрхтэй болбол хийж чадах уу?

5. Амьдралдаа аз туршсан алхам хэр олон удаа хийж байсан бэ?

6. Та эмэгтэй хүнд цэцэг өгөхдөө өөрт таалагдсанаа сонгодог уу, эсвэл тухайн хүний дуртай цэцгийг мэдэж өгөхийг хүсдэг үү. Хамгийн сүүлд хэнд цэцэг бэлэглэсэн бэ?

7. Та ямар үед сэтгэл хангалуун, тайван амьдарч чадах вэ?

8. Таны хамгийн хайртай хүн хэн бэ?

9. Өөрчлөх боломж нь байгаа ч хийж, амжуулж чадаагүй зүйл байдаг уу?

10. Таныг хэн хамгийн их инээлгэдэг вэ?


ДАРГА БОЛООД ИНЭЭХЭЭ “МАРТЧИХЖЭЭ”

  • Манайх Улаанбаатар хотод орж ирээд Амгаланбаатарт анх буурь засаж, би III амаржих газарт мэндэлж, аав минь надад энэ нэрийг өгсөн түүхтэй. Гэхдээ намайг гурван настай байхад манайх Сүхбаатар руу эргээд нүүчихсэн юм.
  • Их урт зам туулж энэ ажил, албанд ирсэн дээ. Анх хуульч болохыг хүсэж, МУИС-д шалгалт өгсөн. Уг нь сурлага сайтай хүүхэд байсан ч МУИС-ийн хуулийн ангийн 10 хуваарийн зургааг нь алтан медальтай хүүхдүүд авч, үлдсэн дөрвийнх нь төлөө хөдөө, хотын хүүхдүүд өрсөлддөг байсан болоод ч тэр үү, тэнцээгүй. Энэ чиглэлээр ажиллахын тулд Нийгмийг аюулаас хамгаалах яамны сургуульд орох л боломж байсан болохоор, түүний тулд цэрэгт явсан. Харамсалтай нь би хилийн цэрэгт биш ардын армид алба хаасан болохоор энэ сургуульд элсэх боломж олдоогүй. Цэргээс ирээд янз бүрийн ажил хийсэн. Нисэхийн шалган нэвтрүүлэхэд ажилд орж, хилийн цэргийнхээ дүрэмт хувцсыг өмсөж, мөрөөдлөө гүйцээж дөрвөн жил ажиллаад Үйлдвэрчний эвлэлийн дээд сургууль байгуулагдахад анхны элсэлтээр нь англи хэл сурах зорилготой орж байлаа. Төгсөөд л энэ салбарт хүчин зүтгэж, одоо 18 дахь жилдээ ажиллаж байна.
  • Ийм боломж тохиовол дуртай явах болно. Орос кинон дээр гардаг тосгоны энгийн амьдрал их сайхан харагддаг шүү дээ. Одоо нийгмийн бухимдал, утаа униараас залхсан хүн болгон л ингэж амьдрах сонголт хийх байх.
  • Тохируулаад нэг загвар өмсчихөж мэдэх юм. Бас ажил хэрэгч дүрд тоглочих байх. Харин барилдаж бол чадахгүй.
  • Миний ажил аз турших эрхгүй. Олон хүний итгэл дааж яваа болохоор буруу зүйлд уриалж, өөрийнхөө муйхар шийдвэрээр зүтгэж болохгүй. Гарц байгааг харж байж л тэгж уриалах ёстой. Харин өдий хүртэл олон удаа сонгуульт албанд өрсөлдөж яваа маань хувь хүнийхээ хувьд аз сорьсон шийдвэр байсан болов уу.
  • Баглаатай цэцгээс илүү таримал цэцэг л авах дуртай. Гэхдээ энд, тэнд үйл ажиллагаанд уригдаж өөрөө их цэцэг авдаг болжээ. Түүнийгээ бол гэртээ аваад очно. Харин манай хүн таримал цэцгэнд илүү дуртай.
  • Ажил бүтэмжтэй бол сэтгэл тайван байдаг. Сая 20-иод хоног хөдөлмөр, нийгэм хамгааллын гурван талт хэлэлцээр хийж, цалин тэтгэвэрийн талаар шийдтэй хариулт авах гэж явлаа. Эдийн засгийн хямралыг олон нийт хүлээн зөвшөөрчихсөн болохоор нэг хэсэг нь биднийг “Битгий шантааж хий, боль” гэж шүүмжилсэн. Гэхдээ л Засгийн газар ард түмнийхээ талд шийдвэр гаргах ёстой.
  • Гэр бүлийнхэндээ, ээждээ хайртай.
  • Монгол хүний үнэлэмжийг л өндөр болгохыг хүсдэг. Манай гишүүд бидэнд итгээд, үүнийг өөрчлөх боломжтой гээд л дэмжиж байгаа. Гэхдээ би бүх шийдвэрийг гаргаж, эргэлт хийх мэдэлгүй. Одоогийн бидний авч байгаа цалин тэтгэмжийн л үүрэг гүйцэтгэж байгаа. Харин монгол хүн цалингаа аваад нүүр улайхааргүй амьдрах ёстой.
  • 2004 оноос хойш би бараг инээхээ больж л дээ. Өмнө нь байнга л инээж явдаг байсан гэж намайг мэддэг хүмүүс хэлж, шүүмжилдэг юм. Хийж байгаа ажил маань ч инээх боломж тэр бүр олгохгүй юм. Дарга гэдэг сэтэр зүүчихээд, зовлон яриад ирсэн хүний өмнөөс инээгээд суугаад байлтай биш дээ. Харин миний бага хүү намайг инээлгэдэг юм. Бага байхдаа л унтаад сэрэхээрээ уйлдагг үй, инээсээр босож ирдэг байсан юм. Одоо 13 настай. Хийж байгаа үйлдэл, байгаа байдал нь л намайг инээлгэдэг.


“БИ ИНЭЭХ ДУРТАЙ”

  • Надад энэ нэрийг хэн өгснийг асууж байгаагүй юм байна. Амгалан тайван, баатар шинжтэй эр хүн болоорой гэж бэлгэдсэн байх.
  • Нэг л мэдэхэд загварын ертөнцөд сонирхлоо дагаад хөл тавьчихсан. Би “Их засаг” сургуулийг олон улсын худалдаа, эдийн засгийн чиглэлээр төгссөн. Цаашид мэргэжлээрээ ажиллах бодолтой.
  • Ийм саналыг 50 нас хүрснээсээ хойш хүлээж авахад бэлэн байна. Нийгмийн бухимдал, стресс, мөнгөний төлөөх тэмцэл олон гэр бүлийг юуны төлөө амьдарч байгаагаа мартахад хүргэж, үнэт зүйлсийг нь үгүй хийж байна. Тиймээс байгальдаа ойртож, гэр бүлийнхэнтэйгээ тайван амьдарна гэвэл мэдээж сайхан. Зорилгоо тодорхойлчихоод биелүүлэхээр хичээж байгаа залуу хүний хувьд бүх юмаа бэлдүүлээд, амьдралаас “ангижрах” гэж оролдох нь утгагүй зүйл байх.
  • Мэдээж тэдний оронд очоод юу хийхээ мэдэхгүй, бас ганц хоногт бүгдийг суралцах боломжгүй учраас тухайн ажлыг хийх тэр мэдрэмжийг л хүртэхийг хичээнэ.
  • Бөх болохыг хүсдэг байсан юм л даа. Тэгээд заалны барилдаанд саваагүйтэж ороод аваргатай таарчихаад, бас ч гэж мөчөөгөө өгөхгүй барилдах гээд “хэмхчүүлэх” шахсан. Эргээд бодоход их зоригтой, эрсдэлтэй алхам байсан. Аз туршиж, зоригтой шийдвэр гаргаад алдаа гаргаж болох ч гэсэн гараа хумхин суухаас дээр санагддаг.
  • Тухайн хүнийхээ дуртай цэцгийг өгвөл сайхан. Бас хүндлэл, хайр дурлал эсвэл тэмдэглэлт үйл явдалд нь тохируулж сонголт хийнэ. Би хүнд маш цөөн удаа цэцэг өгч байсан юм байна. Хамгийн сүүлд найздаа цэцэг өгсөн.
  • Надад санаа амардаггүй хачин зан бий. Үүнийг дутагдал, давуу талын аль нь болохыг хэлж мэдэхгүй юм. Санаснаа хийчихээд нэг хэсэг л тайван байдаг. Тэгээд төд удалгүй дахиад л сэтгэл зовоох асуудал олж харчихаад ард нь гарах гээд үзнэ. Одоо ч гэсэн хийх ажил, сэтгэл зовох асуудал их байна.
  • Би эмээдээ хамгаас илүү хайртай. Эмээгийнхээ дэргэд хүн болж, хүмүүжсэн болохоор ухаан гэхээр зүйл жаахан ч гэсэн байгаа бол эмээгийн минь л ач.
  • Тийм зүйл их бий. Гэхдээ бүтэлгүйтэл ярихад эрт байна. Хийснийхээ дараа л хэлье.
  • Би инээх дуртай. Сэтгэл тавгүйтсэн үед амьдралд тохиолдсон хөгжилтэй явдлуудынаа бичлэгийг үзээд сайхан инээчихдэг. Гэхдээ намайг хүмүүс худлаа инээдэг гэж хэлдэг. Уг нь өөрийнхөөрөө л инээж байгаа нь тэр шүү дээ.


ӨВӨӨГИЙН АМИНЫ ГАНЦ ЗЭЭ

  • Амгаланбаатар хотод төрсөн болохоор надад энэ нэрийг өгсөн юм билээ. Гэхдээ нэрэндээ байгаа үгийн утгыг гаргасан амгалан тайван хүн биш. Бага байхаасаа л дэгдэгнэсэн, хөдөлгөөнтэй хүүхэд байсан. Одоо нас ахиад илүү буурьтай болж байгаа даа.
  • Намайг урлагийн хүн болоход миний өвөө нөлөөлсөн. Найруулагч, жүжигчин, олон төрлийн хөгжим тоглодог, элдэвтэй хүн байлаа. Өвөөгийн амины ганц зээ болохоор дагаад л хөдөө, гадаагүй явна. Тэгээд өвөөгөө тэнгэр рүү одсоны дараа, наймдугаар ангид байхдаа өөртөө тангараг тавиад жүжигчин болохоор шийдсэн.
  • Яруу найрагч Ц.Хулан “Зүлгэн дээр гэрээ бариад, зүгээр нэг амьдрахсан” гэж бичсэн шиг тийм амьдралыг хүсдэг л юм. Гэр бүлийнхэнтэйгээ л байхад тэгж амьдарч болно оо.
  • Аль алийг нь чадна. Багадаа бэртлээс болиод орхисон болохоос биш би самбогоор барилдаж байсан. Бөхийн хорхойтой. Амгаланбаатар зааныг аймгийн арслан байхаас нь л мэднэ. Бид нэг нутгийнхан. Би театрынхаа үйлдвэрчний хорооны тэргүүлэгч гишүүн. Тийм болохоор Амгаланбаатар даргын ажлыг нэг удаа хийж үзвэл сонирхолтой л санагдана.
  • Нэгэнт тулаад ирсэн юмнаас халширч буцдаггүй ч гэсэн түүгээр явсан гайгүүгээр дуудахыг хүсдэггүй. Эрсдэлээс хол байхыг хүсдэг.
  • Гал халуун хайрын бэлгэдэл болгож эхнэртээ улаан сарнай их өгдөг байлаа. Гэтэл өөр цэцгэнд дуртайг нь сарын өмнө л мэдлээ. Одоо Валентины өдрөөр тэр цэцгийг нь авч өгнө өө. Хонхон цэцэгтэй адилхан, хөхөвтөр өнгөтэй цэцэг байдаг юм билээ.
  • Хүүхдүүд эрүүл саруул, халуун ам бүлээрээ амьдарч байгаадаа сэтгэл хангалуун байгаа. Эдийн засгийн хувьд хязгаарлагдахгүй, хүссэн үедээ явах газар луугаа явчихдаг бол бас сэтгэл хангалуун байх юм уу даа. Би ч тэгтлээ баяжчихсан хүн биш болохоор дутагдах зүйл ч байх юм.
  • Гэр бүлийнхэндээ хайртай. Бас өвөө, эмээгийн хүүхэд байсан болохоор бурхны оронд байгаа тэднийгээ үргэлж санаж, дурсаж явдаг.
  • Өөрчлөх, амжуулах зүйл их л байна. Хүн болгон хүссэнээрээ биш, хүртсэнээрээ амьдардаг хорвоо болохоор аргагүй л байх.
  • Их инээд муутай. Тайзан дээр жүжиглэх, жинхэнээсээ инээх ялгаатай л даа. Гэхдээ би нэг удаа тайзан дээр үнэн сэтгэлээсээ инээсэн. Хөдөө “Надаар тоглосон хайр” жүжгийг тоглоод явж байтал Д.Ганцэцэг маань өвдөөд хот руу буцах болсон. Тэгээд манай жүжигчин Хулан оронд нь тоглох боллоо. Тэр үед Хулан үсээ хусчихсан байсан юм. Эхний үзэгдлүүд дээр толгойны боолт зүүгээд л дажгүй энгийн хувцастай тоглоод байлаа. Гэтэл жүжгийн төгсгөлд Хулан хуримын хувцастай, тэгсэн хэрнээ халзан толгойтой гарч ирээд би инээдээ барьж чадаагүй. Бүр чанга инээчихсэн. Манай хамт олон угаасаа л инээд наргиантай болохоор байнга л инээж явдаг даа.


НУТАГ РУУГАА “ГҮЙДЭЛТЭЙ” ЗАЛУУ

  • Би Төв аймгийн Аргалант сумын уугуул. Ээж минь хүндрэлтэй төрөх болоод түргэн тусламжийн машинаар хотод ирж, III амаржих газарт намайг төрүүлсэн юм билээ. Тэгээд л Амгалангийн орчимд төрсөн болохоор аав, ээж минь надад энэ нэрийг өгсөн.
  • Ээжтэй ах дүүсийн хүүхдүүд болох улсын начин Буянт гэж бий. Ээжийн талынхан бөхийн удамтай. Намайг дөнгөж хоёр настай байхад л хажуу айлын өвөө “Энэ хүү бөх болно” гээд зодог, шуудаг хийж өгсөн байдаг. Бас аавынхаа тоглолтод өмс өхөөр авчирсан монгол гутлыг өмсөж, бөх болж дэвж, шавж тоглож байснаа мартдаггүй юм. Намайг хүүхэд байхад Амгаа заан их алдартай байлаа. Манайх зурагтгүй болохоор нутгийнхаа нэг ахынд орж хааяа зурагт үзнэ. Намайг тэднийд оронгуут л “Аа, манай Амгаа заан ороод ирлээ” гэнэ. Ингэж явсаар л бөх болсон доо. Багаасаа секц, дугуйланд хичээллэж явсан. Эхлээд Спортын сургалтын төвд чөлөөт бөхөөр хичээллэж байгаад, дараа нь үндэсний бөх барилдсан. Манай багш А.Сүхбат аварга тэр үед ид барилдаж, хурдан шаламгайгаараа алдаршиж байлаа. Тэгэхээр нь бөх хүн хурдтай байх хэрэгтэй юм байна гэж ойлгох болсон. Багаасаа л өвөл нь цан, зун нь хөнгөн атлетикаар хичээллэдэг байсан.
  • Би зав л гарвал аймаг руугаа гараад давхичихдаг хүн. Мэдээж тийм нам гүм амьдралд дуртай. Долоо хоногт 4-5 удаа нутагтаа очно. Аймгийн төв дээр хашаатай болоод, гэр барьчихсан байгаа.
  • Жүжиглэж бас загвар өмсөж чадахгүй. Харин хүмүүсийн төлөө бол дуугарна шүү.
  • Аз турших тухай бол хэлж мэдэхгүй юм. Сайн бөх байхын тулд байнга бэлтгэл хийж, уйгагүй хөдөлмөрлөх л ёстой.
  • Эхнэртээ л цэцэг өгч байсан даа. Уг нь дуртай цэцгийг нь мэдэж өгвөл мэдээж сайхан байх.
  • Амьдралынхаа төлөө зүтгэх ёстой залуу насанд амар тайван байх гээд яах билээ. Тайван байх боломжтой байсан ч гэсэн өөртөө ажил гаргаад л амжуулаад явдаг даа.
  • Мэдээж гэр бүлийнхэндээ бүгдэд нь хайртай. Гэхдээ би ээждээ хамгийн их хайртай. Ээжтэйгээ 30 нас хүртлээ хамт байлаа. Миний одоо дуудуулж яваа нэр, цол энэ өчүүхэн амжилтаа би ээжийнхээ дэргэд л гаргасан. Намайг бөхийн төлөө бүхнээ зориулаад явахад намайг дэмжиж, ойлгож, миний төлөө амьдарсан хүн дээ.
  • Ашиглаж чадаагүй боломж олон бий. Жаахан харамсдаг л юм. Бэртлээс болоод чөлөөтөөр өө ч, үндэсний бөхөөрөө ч хангалттай сайн барилдсангүй.
  • Хошин урлагийн жүжигчин Баярмагнай миний найз. Бас Баасанбямба гэж нэг наргианч найзтай. Энэ хоёр маань намайг их инээлгэдэг юм. Би инээд муутай хүн.

Ж.СОЛОНГО

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.