Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ЭМНЭЛГИЙГ ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БОЛГОСОН НЬ ЭМГЭНЭЛ ҮҮ, ИНЭЭДЭМ ҮҮ

 

Хэдхэн сарын өмнө охин минь хатгалга тусаад дүүргийнхээ Нэгдсэн эмнэлэгт хэвтэхэд нэгэн согтуу нөхрийг “номхруулах” гэж эмч, сувилагчид үйлээ үзэж буйтай таарсан юм. Амнаас нь цагаан хөөс сагасан согтуу нөхөр ойр хавьдаа байсан тоног төхөөрөмжийг өшиглөж, ойртож ирсэн сувилагчийг түлхэн, муухай орилно. Түүний дэргэдэх орон дээр бас нэг согтуу эмэгтэй гутал, хувцастайгаа нам унтаж байв. Ийм дүр зураг эрүүл мэндийн байгууллагуудад бий болоод багагүй хугацаа өнгөрлөө. Тодруулбал, Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, “Эрүүлжүүлэх байр нь эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын харьяалалд ажиллаж, эрүүлжүүлэх үйл ажиллагааг эрүүл мэндийн байгууллага бие даан хэрэгжүүлнэ” гэж заажээ. Энэ хууль 2014 оны нэгдүгээр сарын 1-нээс хүчин төгөлдөр болсон ч хэрэгжилт нь туйлын хангалтгүй байгаа юм. Эмнэлгийн ажилтнууд уг хуулийн заалтыг хэрэгжүүлэх гэж хэрэндээ л зүтгэж байгаа ч өдөр өнгөрөх тусам энэ нь амьдралаас “тасархай” хууль болсон нь батлагдсаар байгаа билээ. Биеэ авч явах чадваргүй болтлоо согтож, гудамж талбайд “тасарч” унасан хүмүүсийг эрүүл мэндийн байгууллагад хүлээлгэн өгч буй нь хавтгайрсан архидалтыг багасгах чухал алхам гэж цагдаагийн байгууллагынхан үзэж байгаа аж. Тэд “Манай улс архи, согтууруулах ундаа үйлдвэрлэх, худалдах, хэрэглэхийг хуулиараа хориглоогүй. Тэгсэн хэрнээ хэрэглэсэн хүнийг хорьж, цагддаг. Бага хэмжээний архи уугаад эрүүл мэндийн шалтгааны улмаас гудамж талбайд унасан хүнийг эрүүлжүүлэх байранд хорьж, түр хугацаанд саатуулна гэдэг хүний эрхийг зөрчиж буй хэрэг” гэж байсан.

Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Хэвлэл мэдээллийн төвийн ахлах байцаагч, ахмад Ё.Лхагвасүрэн “Цагдаагийн байгууллага эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлдэг бус, хууль сахиулах газар. Бидэнд нарийн мэргэжлийн эмч, шинжилгээ авах тоног төхөөрөмж байхгүй. Тиймээс гудамж талбайд ухаанаа алдан унасан согтуу хүмүүсийг эрүүл мэндийн байгууллагад хүлээлгэн өгч байгаа. Харин гэр бүл, ойр тойрныхондоо агсам тавьж, хэрэг зөрчил гаргасан, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон, гэмт хэрэгт холбогдсон хүмүүсийг Түр саатуулах байранд саатуулж байна. Үүнийг ялгаж ойлгох хэрэгтэй. Түүнээс биш согтсон хүн болгоныг эмнэлэгт хүргэж өгөөд цагдаа нар зүгээр суугаад байгаа юм биш. Эрүүл мэндийн байгууллагад хүлээлгэн өгсөн хүмүүс эмч, сувилагчийг хэл амаар доромжилж, агсам тавьж эд хөрөнгийг нь эвдэх, биед нь халдвал буцаагаад цагдаагийн байгууллагад авчирч байгаа” гэсэн юм. Энэ нь нэг ажлаа олон дахин хийж цаг, хүчээ дэмий барж байгаагаас ялгаагүй юм. Учир нь өнгөрсөн онд архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн 64943 хүнийг цагдаа нар саатуулж, 2436-г нь эрүүл мэндийн байгууллагад шилжүүлсэн байна. Гэвч тэдний 1753-ыг нь эмнэлгүүд хүлээн авах боломжгүй гээд цагдаагийн байгууллагад буцаажээ. Мөн 186-г нь эмч үзээд Түр саатуулах байранд байлгахад эрүүл мэндийн ямар нэгэн шалтгаангүй гэж, цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгчээ. Тэгэхээр нийт эрүүлжүүлэгдэж байгаа хүний 1.8 хувь нь л эмнэлэгт, үлдсэн нь Түр саатуулахад “тухалдаг” болж таарч байна. Дулаан газар, цагдаагийн хамгаалалтад хоног төөрүүлчихээд эрүүл болоод, 4500 төгрөгийн төлбөр төлөөд явдаг байсан бол одоо бүр эмчилгээ хийлгээд гарч буй нь “Сохорсон биш завшив” гээч болж, архичдыг давраасан хэрэг гэж эмч нар үзэж байна. Эмнэлэгт ирж буй согтуучуудын олонх нь гэр оронгүй, оршин суух хаяггүй, гудамжны гэгддэг хүмүүс байдаг гэнэ. Тухтай орчинд эмчилгээ хийлгээд гарсан тэд эргээд ирэх гэж зүтгэдэг болсон талаар ч дуулгав. Өвчтэй хүмүүстээ үйлчилж хүчрэхгүй байгаа эмнэлгүүдэд согтуу хүмүүсийг нэмээд өгчихөөр юу болох нь ойлгомжтой. Эмнэлэгт ядарч зүдэрсэн, өвдөж ёолсон хүмүүс л ирдэг.

Тэдэнд амгалан тайван, цэвэрхэн ая тухтай орчин, сайн эмчилгээ үйлчилгээ хэрэгтэй. Гэтэл архи, хир буртаг үнэртүүлсэн, ухаанаа алдтал согтон, орилж хашгирсан хүмүүс өвчтөнүүдийн биеийн байдлыг улам дордуулдаг байна. Согтуу хүмүүс эмч сувилагч, өвчтөнийг айлган сүрдүүлэх, амь насанд нь заналхийлэх, цохиж зодохын зэрэгцээ эмнэлгийн орон дээр өтгөн, шингэнээ гадагшлуулж орхидог гэнэ. Үүнийг нь цэвэрлэх гэж үйлчлэгч нар үгээ хэлнэ. Уг нь эрүүл мэндийн байгууллага хамгийн цэвэрхэн, халдварт өвчин тархах нөхцөлгүй орчинд үйл ажиллагаа явуулах ёстой. Энэ байдлын талаар Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн ерөнхий эмч О.Бямбаагаас тодруулсан юм. Түүнтэй уулзахаар очиход тус эмнэлгийн хүлээн авахаас архины үнэр сэнгэнэж байсныг нуух юун.

О.БЯМБАА: БИД СОГТУУ ХҮМҮҮСТЭЙ БИШ ӨВЧТӨНҮҮДТЭЙГЭЭ АЖИЛЛАМААР БАЙНА

-Танай эмнэлэгт хоногт хэчнээн согтуу хүн ирж байна вэ?

-Энэ сарын эхний найман өдөр согтуу 43 хүн ирсэн. Хүлээн авах тасагт өчигдөр л гэхэд насанд хүрсэн 26 хүн үйлчлүүлсний 13 нь согтуу. Тэдний дөрөв нь хаана байгаагаа ч мэдэхгүй “тасарчихсан” байдалтай ирсэн. Бид согтуу хүмүүстэй биш өвчтөнүүдтэйгээ л ажилламаар байна. Хууль ийм болсон гээд 102, 103 -ынхан согтуу хүмүүсийг эмнэлгийн босго давуулаад л орхиод явдаг. Согтуу хүмүүс эмч, сувилагч руу дайрч, хэл амаар доромжилж, Хүлээн авах тасгийн хаалга, мэдээллийн самбарын шилийг хагалах зэргээр зохисгүй аашилдаг. Энэ нь бидний ажилд хүндрэл учруулж байна.

-Эрүүл мэндийн сайд согтуу иргэдэд зориулж тусгай өрөө, ор гаргахыг эмнэлгүүдэд үүрэг болгосон шүү дээ.

-Манайх Эрүүл мэндийн даатгалаас 80 хувь санхүүждэг, төрийн үйлчилгээг гэрээгээр үзүүлдэг хувьд шилжсэн эмнэлэг шүү дээ. Өвчин их байгаа энэ үед согтуу хүмүүст тусгайлан гаргах ор ч алга. Тиймээс Эрүүл мэндийн сайд болон хууль боловсруулагчид эмнэлэгт ирж, нөхцөл байдлыг харж, өөрчлөх хэрэгтэй.

-Эмнэлгээр үйлчлүүлснийхээ төлөө төлбөр төлөх ёстой. Та бүхэн үйлчилгээнийхээ төлбөрийг авч чадаж байна уу?

-Манай эмнэлэг архины хордлого тайлах эмчилгээ хийдэг. Үүндээ төлбөр авдаг. Гэхдээ энд ирж байгаа согтууруулах ундаа хэрэглэсэн хүмүүсийн олонх нь бичиг баримт, гэр оронгүй. Тэднээс юу авах билээ. Гэсэн ч манай эмч, сувилагч нар цагдаа, түргэн тусламжийн эмч нарын авчирсан хүмүүсийг бүртгээд, анхны тусламж үзүүлж, хордлого тайлах эм тариа хийгээд явуулж байна. Өчигдөр гэхэд согтуу ирсэн 14 хүнээс гурван л төлбөр төлсөн. Нэг нь таван төрлийн эмчилгээ хийлгэж, 14.300, нөгөө нь дөрвөн төрлийн эмчилгээ хийлгээд 13.000 төгрөг төлсөн гэж жижүүр эмч тэмдэглэсэн байна лээ. Өвчтэй хүмүүст зориулах эм тариагаа согтуу хүнд зарцуулмааргүй байна. Эмнэлгийн бичиг баримтад согтолт гэдэг онош тавиад сууж байгаа нь үнэхээр харамсалтай гэв. Эмнэлгийн тусламж үйлчилгээ авчихаад төлбөрөө төлөхгүй байгаа хүнийг цагдаад мэдэгдэхийг Цагдаагийн байгууллагаас зөвлөсөн юм. Ийм зөрчил гаргасан хүнд хуулийн дагуу арга хэмжээ авч, шүүхэд шилжүүлэн мөнгө гаргуулах, боломжгүй бол албадан ажил хийлгэх юм байна. Энэ мэтчилэн хуулийн дагуу арга хэмжээ аваад ирэхээр архидалт багасна гэж үзэж байгаа аж. Харин эмнэлгийн ажилтнууд согтуу хүний гарт эмч, сувилагч, өвчтөн амиа алдах ч аюултай учраас амьдралаас хол тасархай хуулиа өөрчлөх хэрэгтэй гэж байлаа.

Ч.БОЛОРТУЯА

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.