Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Р.Бат-Эрдэнэ: Шинэчлэл хийх хөрс суурь, уур амьсгал бүрдсэн

 

МУИС-ийн захирал Р.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.

-А.Галтбаяр захирал өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн. Үүнийг сургуулийн багш нартай холбон ойлгох нэгэн байхад Засгийн газар солигдсоноос боллоо гэх хүмүүс ч байна. Таныг захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилсон ч удалгүй сонгон шалгаруулалт явуулалгүйгээр захирал болголоо. Та хүсэлтээрээ захирал болсон уу. Эсвэл БСШУЯ-наас ийм үүрэг өгөв үү?

-БСШУ-ы сайд Л.Гантөмөр МУИС-ийн захирлаар ажиллах санал тавьж, би хүлээж авсан. Ийм санал тавьсан нь хэд хэдэн шалтгаантай. Гантөмөр сайд ажлаа авсны дараахан Дээд боловсролын бодлогын зөвлөл байгуулж, надаар ахлуулсан юм. Шинэчлэлийн хүрээнд юу хийж байгааг сайн мэдэх хүний нэг гэж үзэж, мөн шинэчлэлийг тасралтгүй үргэлжлүүлэхийн тулд энэ ажлыг надад санал болгосон. Би шинэчлэл эхлүүлж байсан багийнхныг мэднэ. Тэд юу хийхээр зорьж байсныг ч гадарлана. Тиймээс МУИС-д хийж байгаа шинэчлэлийн мөн чанарыг ойлгож байгаа.

-Галтбаяр захирлыг эсэргүүцэж байсан хүмүүс таныг хэрхэн хүлээж авч байна вэ?

-Одоохондоо бүх хүнтэй уулзаагүй байна. Эсэргүүцэж байсан хүмүүс надтай уулзах байх. Сургууль дээр бүтцийн өөрчлөлт, хөтөлбөрийн шинэчлэл хийж эхлэх үед би зарим яриа хэлэлцээрт орсон. Ингэхэд Багш нарын холбоо, Үйлдвэрчний эвлэлийн тэргүүлэгчид нь үүнд шүүмжлэлтэй хандаж байсныг санаж байна. Гэхдээ тэр нь шинэчлэлийг биш, тэр ажлыг зохион байгуулж байгаа арга хэлбэрийг эсэргүүцэж байсан. Өргөн хүрээтэй хэлэлцүүлэг, санал асуулга явуулсангүй гэх шүүмжлэл сонсогдсон. Шинэчлэл бол ганцхан өдрийн дотор бодож олсон зүйл биш. Монголын боловсролын байгууллага, “толгой” их сургуулиудыг олон улсын жишигт ойртуулах гэж чармайсан. 2010, 2011 онд МУИС-ийнхан энэ талаар хөтөлбөр, зохион байгуулалт, удирдлагын өргөн хүрээтэй судалгаа хийсэн байдаг. Тиймээс бүтцийн өөрчлөлт хийхдээ хүмүүсийн санал бодлыг сонсоогүй биш, сонссон.

-Та “Дээд боловсролын шинэчлэл” төслийн зөвлөхөөр ажиллаж байгаад захирал боллоо. Шинэчлэл хөрсөн дээр хэрхэн бууж байна вэ. Алдаа, оноо нь юу байх юм.

-Ер нь МУИС хэзээнээсээ хамгийн шилдэг багш нар ажилладаг, шилдэг оюутнууд сурдаг байгууллага. Тиймдээ ч одоо бүрэлдэхүүний хувьд чамбай, хүчтэй байгаа. Харин явах зүг чигээ тодорхойлоход санхүү болон удирдлагын механизм, эрх зүйн байдал хангалтгүй байна. Бүрэн гүйцэд болгох санал байнга гардаг ч улс төрийн хүрээнд шийдэгддэггүй. Наад зах нь сургуулийн эрх зүйн байдлын талаарх хууль тогтоомж тодорхой болоогүй. Их сургуулийн бие даасан байдал, академик эрх чөлөөний тухай их ярьдаг. Дээд боловсролын тухай хуульд нэмж тодотгох, эдийн засгийн хувьд их сургуулиудыг бие даалгах, суралцагчдын төлбөрөөс хараат бус болгох чиглэлээр зохицуулалт хийлгүй өдий хүрлээ. Гэхдээ болохгүй нь гэж хойш тавих бус, хийхийн төлөө явна. МУИС-ийн багш нарын бүрэлдэхүүн шинэчлэгджээ. Гадаадад их сургууль төгссөн залуу багш олон байна. МУИС-д шинэчлэл хийх хөрс суурь, уур амьсгал бүрдсэн. Багш, захирлуудтай уулзахад шинэчлэлийг дэмжсэн. Гэхдээ үүнийг хийх технологи, зохион байгуулалтын туршлагатай хүн байхгүй учраас бид өөрсдөө хийх явцдаа суралцаж байна. Тиймээс зарим тохиолдолд алдаа гардаг. Үүнийг хурдан засах шаардлагатай. Бас шинэ, хуучны зөрчил байна. Эдгээрийг арилгах хэрэгтэй.

-Бүтцийн өөрчлөлтийн хүрээнд бүрэлдэхүүн сургуулиа тав болгож цөөлсөн. Гэвч ингэснээр хөл, толгой нь олдохгүй байна гэх шүүмжлэл гарах боллоо.

-Бүтэц нь хөтөлбөрөө дагаад томорсон. Ялангуяа, Шинжлэх ухааны сургууль их том, дотроо байгалийн ухаан, нийгмийн ухаан, хүмүүнлэгийн гэсэн гурван салбартай. Шинжлэх ухааны сургуульд элссэн хүүхэд энэ гурвын алиных нь ч хичээлээс судалж, өргөн хүрээтэй хөтөлбөр сонгох боломж бүрдэж байгаа. Хуулийн, Бизнесийн, Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургууль хуучин байсан бааз дээрээ үйл ажиллагаа явуулж байна. Үлдсэн 12 сургууль нь Шинжлэх ухааны, Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургууль болж өөрчлөгдсөн. Байр, байршлын хувьд шинэ бүтцээрээ байрлаагүй. Лаборатори шилжүүлэхээс эхлээд асуудал байна. Судалгаа хийдэг, орчин үеийн тоног төхөөрөмж бүхий томоохон лаборатори байгуулъя гэхээр анги танхим олддоггүй. Олон жил болсон, тоосго өрж шавардсан, банзаар шал таазыг нь хийсэн барилгад нарийн, мэдрэмтгий тоног төхөөрөмж байрлуулах боломжгүй. Энэ бүхнээс харахад барилга байгууламжийг нь шинэчлэхгүй бол их сургуулийг судалгааны институт болгох хүндрэлтэй. Гэхдээ тэрийг тоочилгүй, сургуулийн хэмжээнд хийж болох туршилтыг хийж байна. Зарим нарийн туршилтыг хамтарч ажилладаг байгууллага болон гадаадад хийж, үр дүнг олон улсын нэр хүндтэй хэвлэлүүдэд нийтэлдэг. Жилээс жилд олон улсын хэмжээнд албан ёсны бүртгэлтэй бүтээлтэй багшийн тоо нэмэгдэж байна. Гэхдээ бүтээлийн ихэнхийг гадаадад, гаднын хүмүүстэй хийсэн байгааг бодох хэрэгтэй. Тэгэхээр эндээ бааз бүрдүүлэх шаардлагатай. Сүүлийн хоёр жилд БСШУ-ы сайд өөрийн багцаасаа их сургуулиудын судалгааны баазыг бэхжүүлэхэд дорвитой, урьд өмнө нь хийж байгаагүй хөрөнгө оруулалт хийсэн. Лабораториуд байгуулж эхэллээ. Заримыг нь захиалаад байна.

-Энэ жилийн элсэгчид хэзээ мэргэжлээ сонгох вэ. Шалгалт авах уу?

-Шалгалт авахгүй. Хөтөлбөр сонгуулах журам баталсан. Энэ дагуу хичээлийн жилийн сүүлчээр оюутнууд хөтөлбөрөө сонгоно. Оюутнууд урьдчилсан байдлаар хөтөлбөр сонгох саналаа ирүүлсэн. Оюутнуудын нэг жилийн хугацаанд цуглуулсан кредит, голч дүн, элсэлтийн ерөнхий шалгалтын оноог нэгтгэж, өөрсдийнх нь сонгохыг хүсэж байгаа мэргэжлээр нь жагсааж, сонголт хийлгэнэ. Нэг жилийн хугацаанд 24-өөс багагүй кредит цуглуулсан байх ёстой. Кредит цуглуулж чадаагүй бол сонголт хийлгэхгүй. Хөтөлбөр бүрт элсүүлэх хүүхдийн тоо хязгаартай. Эхний сонголтоороо хөтөлбөртөө орж чадаагүй бол хоёр, гурав дахь сонголтоороо өрсөлдөнө. Хөтөлбөр сонголтын эхний танадалтыг хичээлийн жилийн эхэнд хийсэн. Ингэхэд оюутнууд олон улсын харилцаа, хууль гэх мэт хүн бүрийн сонирхдог мэргэжлийг сонгох хандлагатай байсан. Танадалт хийсний дараа сургууль дээр Хөтөлбөрийн хороо байгуулан, хөтөлбөрөө танилцуулж, сурталчилсан. Ингээд дахин тандахад өөр дүр зураг ажиглагдлаа. Төдийлөн сонирхоод байдаггүй байгалийн ухааны хөтөлбөрийг сонирхох оюутны тоо нэмэгджээ.

-Ирэх жил МУИС-ийн төлбөр хэдэн хувиар нэмэгдэх бол?

-Намайг захирал болсны дараахан манай Удирдах зөвлөл хуралдаж, 2015 оны төсвөө баталсан. Боловсролын байгууллагын хувьд хичээлийн жил, санхүүгийн жил хоёр зөрдөг учраас асуудал үүсдэг. Төсөвт сургалтын төлбөрөөс бусад эх үүсвэрээс бүрдүүлэх орлогыг нэмж, төлбөрийг нэмэхгүй байхад анхаарахаар тусгасан. Ерөнхий боловсролын сургууль 12 жилд шилжиж байгаатай холбоотойгоор их сургуульд элсэгчдийн тоо цөөрнө. Би өөртөө том үүрэг даалгасан. Хандив цуглуулж, хөрөнгө босгож, орлого нэмэгдүүлэхэд анхаарч ажиллана.

-Шинэчлэлийн үр дүн хэзээ гарч эхлэх вэ?

-Шинэчлэл төдийд дуусна гэж хэлэхэд хэцүү. Манайх шиг байтугай нэр хүндтэй сургуулиуд ч байнга шинэчлэл хийж, өөрсдийнхөө хөтөлбөрийг сайжруулж, засаж байдаг. Тэгж байж өрсөлдөх чадвартай байна. Бид зорьж байгаа түвшин, төрхөндөө таван жилийн дотор хүрэх байх.

-Та аль намын гишүүн бэ?

-Би 1990-ээд оны эхээр Социал демократ намд элссэн. Анхны гишүүдийнх нь нэг. 2000 онд бусад намтай нэгдэж, Ардчилсан нам байгуулагдах хүртэл энэ намын гишүүн байсан. Тэрнээс хойш Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт орж, 2004 оны сүүлчээр Америкт сурч ирээд яаманд ажиллахдаа нам бус болсон. Одоо би аль нэг намын батлахгүй.

-Ингэж асуух болсон нь та аль ч намын үед Боловсролын яаманд ажиллаж байсан юм билээ. Хэлтэс, газрын дарга, бүр Төрийн нарийн бичгийн дарга хүртэл хийж байж. Энэ хугацаанд шинэчлэл яагаад хийгдээгүй юм бэ. Магадгүй тухайн үед таныг Гантөмөр сайд шиг дэмжих хүн байсангүй юу?

-Би Гэгээрлийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар 1996 онд томилогдохдоо Социал демократ намын гишүүн байсан. Тэр үед төрийн мэргэшсэн албыг улс төрөөс тусгаарлах процесс эхэлсэн юм. Хэдий намын батлахаа өвөрт өлж явсан ч төрийн ажлаа л хийх гэж хичээсэн. Ер нь би 1987 онд Дээд, тусгай дунд боловсролын улсын хороо гэж байх үеэс яаманд ажиллаж байлаа. Асуудлыг системийн эрх ашгийн үүднээс харах гэж хичээдэг ухаантай. Тийм болохоор аль нэг нам гэж туйлширдаггүй. Дээд боловсролыг шинэчлэх ажил 1980-аад оны сүүлч, 1990-ээд оны эхээр хэрэгжихэд би яамны түвшинд оролцсон. Мэргэжилтэн бэлтгэдэг тогтолцооноос боловсрол олгодог, хөтөлбөрт суурилсан тогтолцоо руу шилжих гол санаануудыг боловсруулахад оролцоод л явж байсан. Тухайн үедээ хэрхэн, яаж хийх талаарх мэдээлэл дутмаг байсан учраас хийж байсан алхмууд бүрэн гүйцэд биеллээ олоогүй. Гэхдээ хөтөлбөрийг ийм өргөн агуулгатай болгож, сургуулиудын бүтцийг орвонгоор нь өөрчилж байж хийх юм байна гэдгийг ойлгосон.

-2008 онд МУИС-ийн захирлын сонгон шалгаруулалтад та нэр дэвшсэн юм билээ. Тэгэхээр та энэ сургуулийн захирал болохоор эртнээс зэхэж байжээ.

-Би их сургуулиудын үйл ажиллагаанд сэтгэл дундуур явдаг байсан. Яам дүрэм, журам, шинэчлэлийн бодлого, төлөвлөлтийг батлаад байдаг. Гэтэл яамнаас гарсан шийдвэр, журам, түүний үзэл санаа, баримтлал сургууль, багшдаа хүрдэггүй. Тиймээс сургуульд нь ажиллаж үзье гээд Болормаа сайдын үед сонгон шалгаруулалтад орсон. Ний нуугүй хэлэхэд, тус сургуулийн санал бодлоо солилцдог байсан залуу багш нар надад санал тавьсан юм. Тэгээд орсон. Гэтэл зарим хүн над руу довтолсон. “Чи олон жил яаманд ажилласан. Систем дотор байгаа болохгүй, бүтэхгүй байгаа зүйл чамтай холбоотой. Чи яагаад сургуульд ажиллах гээд байгаа юм” гэж шүүмжилсэн. Биеийн байдал тиймэрхүү, эмнэлэгт байсан учраас сонгон шалгаруулалтаас нэрээ татсан.

-Иргэд сургуулиудын захирлыг мөнгө иддэг гэж харддаг. Танд хувийн бизнес бий юү?

-Байхгүй. Бизнес хийх чадвартай хүн гэж ч бодохгүй байна. Чаддаг байсан бол түүнийгээ хийх байсан байх. Сургуулийн бүх гүйлгээг шилэн дансанд оруулсан. Тэндээс мөнгийг юунд зарж байгааг өдөр тутам харах боломжтой. Иргэдэд хардах эрх нь байгаа шиг шалгах боломж бас бий.

-Та Монгол дахь америк сургуулийн удирдах зөвлөлийн гишүүн. Энэ ямар үүрэг, зорилготой байгууллага вэ?

-Боловсролын яаманд ажиллаж байгаад 2010 оны сүүлчээр ажлаасаа гарсан. Учир нь хэсэг хүний санаачилж Монгол дахь америк их сургууль байгуулах төсөл эхлүүлэх гэж байгаа гээд, тэнд ажиллах санал тавьсан юм. Гэхдээ энэ сургуулийг Цагаан сайдын үед ярьдаг байсан. “Монголдоо үлгэр дуурайл болохуйц сургууль байгуулъя. Америкийн Засгийн газарт санал тавья. Америкийн их сургууль олон оронд байна” гэсэн бидний яриа санаачлагч хүмүүст хүрсэн юм шиг байсан. Энэ бол Америкийн нэр хүндтэй сургуулиудын магадлан итгэмжлэгдсэн хөтөлбөрийг Монголд оруулж ирэх, төрийн бус, ашгийн бус байгууллага. Төслийн захирлаар ажиллаж байгаад төсөл санаачлагчдын саналаар Удирдах зөвлөлд нь ажиллах болсон. Үүсгэн байгуулагчдын тал нь америк хүмүүс. Монголд ашгийн бус, орчин үеийн их сургууль бий болгохоор чин сэтгэлээсээ зорьж байгаа. Би тэндээс цалин, урамшуулал авдаггүй. Энэ бол төрийн бус байгууллагын загвар. Корпорац маягийн, ашгийн бус засаглал. Эл байгууллагын засаглалаас МУИС-д бий болгох юмсан гэж мөрөөдөж байна.

Э.ЭРДЭНЭЦЭЦЭГ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.