Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Газар хөдлөлтийн гамшгаас сэргийлэх зөвлөл бүрэлдэхүүнээ шинэчлэв

Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөл өчигдөр хуралдан, бүрэлдэхүүнээ шинэчлэн баталж, ажлын алба байгууллаа. Уг  зөвлөлийн ажлын алба нь Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгийн шуурхай удирдлагын газар байх юм. Зөвлөлийн дарга нь Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх. Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнд 2014 онд орсон өөрчлөлттэй холбогдуулан Барилга хот байгуулалтын сайд, нийслэлийн Засаг дарга хоёр тус зөвлөлийн орлогч даргаар ажиллахаар болжээ. Гишүүд нь Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлал, Хүнс, хөдөө аж ахуй, Эрүүл мэнд, спорт, Уул уурхай, Эрчим хүчний дэд сайд нар, ХЗЯ, Сангийн яам, БХБЯ, БХЯ, БСШУЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга нар, ОБЕГ, МХЕГ, Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын дарга нар, Одон орон, геофизик судалгааны төвийн захирлаас бүрдэж байна. Нарийн бичгийн даргаар нь Шадар сайдын гамшгаас хамгаалах асуудал хариуцсан зөвлөх, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны ахлах референт, ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга нарыг томиллоо.

Засгийн газар 2011 онд 95 дугаар тогтоолоор газар хөдлөх аюулаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангахад мэргэжлийн байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулан зохицуулж, нэгдсэн удирдлагад оруулах зорилгоор байнгын ажиллагаатай зөвлөл байгуулж, “Газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах үндэсний чадавхийг бэхжүүлэх төлөвлөгөө” баталсан юм.

Уг зөвлөл өнгөрсөн хугацаанд нийслэл дэх орон сууц, олон нийтийн зориулалттай 3000 гаруй барилгын 328-д нь газар хөдлөлт тэсвэрлэх байдал, чанар шалгах үзлэг шалгалт хийж, 856-д нь дүгнэлт гарган паспортжуулж, мэдээллийн санд оруулсан байна. Үүний зэрэгцээ хүн амьдрах шаардлага хангахгүй барилгыг буулгаж, дахин төлөвлөлтөд хамруулж эхэлжээ.  

 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.