Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг танилцуулав

Манай улс төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн тогтолцооноос зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойших өнгөрсөн 25 жилийн дотор олон зүйл өөрчлөгдсөн. Тэр дундаа хөдөлмөрийн харилцаанд томоохон өөрчлөлт, шинэчлэлт гарч буйн илрэл нь 2014 оны байдлаар нийт аж ахуйн нэгжийн 85.2 хувийг арав хүрэхгүй ажилтантай хувийн хэвшлийнхэн эзэлж байгаа явдал гэнэ. Үндэсний статистикийн хорооны тайланд дурдсанаар Монгол дахь аж ахуйн нэгжүүдийн ердөө гуравхан хувийг 50-иас дээш тооны ажилтантай байгууллага эзэлж байна. Тэгэхээр 1999 онд баталсан Хөдөлмөрийн тухай хуулийг өнөөгийн нийгэм, эдийн засгийн хөгжлийн чиг хандлагатай уялдуулан иж бүрэн “шинэчлэх” шаардлага зүй ёсоор тулгарсныг энэ салбарынхан онцлов. Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг танилцуулах хэлэлцүүлэг өчигдөр Төрийн ордонд болж, олон талын төлөөлөл байр сууриа илэрхийлсэн юм.  

“Одоо мөрдөж байгаа хуульд тухайн үеийн нийгмийн шилжилтийн онцлогоос болоод ажилтнуудын нийгмийн баталгааг түлхүү тусгасан байдаг. Өөрөөр хэлбэл, жижиг, дунд аж ахуйн нэгж, албан бус секторт ажиллагсдын хөдөлмөрийн харилцааг зохицуулахад учир дутагдалтай байсаар байна. Түүнчлэн энэ хуулиар зөвхөн хөдөлмөрийн гэрээ байгуулснаас хойших харилцааг зохицуулж байгаа нь ажил олгогчид наанадаж хүний эрхийг зөрчихөөс эхлээд янз бүрийн хийдэл гаргах нөхцөл бүрдүүлдэг. Тиймээс Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-аар яаралтай хэлэлцүүлэхэд та бүхний үнэтэй санал чухал” гэж Хөдөлмөрийн сайд С.Чинзориг хэлэв.

Хөгжиж буй орнуудын хөдөлмөрийн харилцааны онцлогийг олон жил судалж буй Дэвид Тажман 2010 оноос хойш энэ хуулийн төсөл дээр ажиллаж байгаа аж. Олон улсын хөдөлмөрийн байгууллагын зөвлөх тэрбээр “Хөдөлмөрийн харилцааны социалист хэв маягаас зах зээлийн нийгэмд нийцсэн хэлбэр лүү хурдан шилжих нь чухал. Гэхдээ ажилтан, ажил олгогчийн хооронд хөдөлмөрийн харилцаа үүсгэх үйл явцаас Засгийн газар аль болохоор хол байж, хоёр талт хамтын хэлэлцээг дэмжих, эсвэл ямар нэгэн маргаан шийдвэрлэх үед л оролцдог байвал зүгээр. Шилжилтийн эдийн засаг бүхий орнуудын жишээнээс харахад Засгийн газар ажиглагчийн байр сууринаас талуудын хөдөлмөрийн харилцаанд оролцдог. Бас нэг чухал зүйл бол Хөдөлмөрийн хуульд заалтуудыг хэт нарийвчлан, тодорхой тусгаж өгөх нь хамтын хэлэлцээ хийх сэдэл, санаачилгыг бууруулж, улмаар ач холбогдлыг нь ч үгүй хийдэг” хэмээн зөвлөсөн.

 

 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.