Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Гацууртыг стратегийн ордод хамруулах төслийг хойшлуулах шаардлагагүй гэв

Эдийн засгийн байнгын хорооны  өчигдрийн хуралдаанаар Гацууртыг стратегийн ордод хамруулах буюу Тогтоолын хавсралтуудад нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. УИХ-ын гишүүн Г.Уянга уг асуудалд нухацтай хандахыг сануулж, хэлэлцүүлгийг хойшлуулан Ажлын хэсэг байгуулах горимын санал гаргасан юм. Тэрбээр өнгөрөгч амралтын өдрүүдэд эрдэмтэн, судлаачдын хамт энэхүү ашиглалтын тусгай зөвшөөрөл хамарч буй газар нутаг болох Ноён уул, ойр орчимд нь очиж танилцсан юм. Тиймээс ч тэрбээр “Уурхайн ашиглалтын үйл ажиллагаа газрын гүн дэх цэвдэгт нөлөөлвөл Хүннүгийн үеийн ховор нандин дурсгалуудад аюултай. Тэр хэсэг газарт Монгол орны ойн нөөцийн багагүй хувь хамаардаг. Тэндээс олборлох 50 тонн алтыг урьдчилаад зарчихсан болоод эл төслийг гарцаагүй батлах гэж зүтгээд байна уу. Тухайн компани ашиглалтын үйл ажиллагаа явууллаа гэхэд тэдгээр ховор олдворыг авран хамгаалах зардлыг хариуцаж чадах уу. Ганц олдвор гаргаж авахын тулд 100 гаруй хүн бүтэн зун ажиллах шаардлагатай болдог талаар мэргэжлийн хүмүүс хэлж байсан. Гэтэл тэнд 200 гаруй олдвор бийг судалж тогтоосон. Мөн цэвдгийн судалгаа огт хийгээгүй юм билээ. 50 тонн алт авахын тулд 303 га газар ашиглана гэж байгаа. Гэхдээ тусгай зөвшөөрөлд хамаарах нийт газар нутгийн хэмжээ 2300 га. Тэгэхээр ашиглахгүй хэсгийг нь яах юм бэ. Тэр хэсгийн зөвшөөрлийг хүчингүй болгож, хурааж болох уу. Түүнчлэн дараа дараагийн компаниуд эзэмшиж буй ордоо стратегийн болгох хүсэлт тавиад эхэлвэл яах вэ” гэж байлаа. Мөн Ц.Даваасүрэн гишүүн “Хүннүгийн үеийн 200 гаруй булш хиргэсүүрээс дөнгөж 10 гаруйг нь л судалсан. Энэ бол алтнаас үнэ цэнэтэй зүйл. Энэхүү тусгай зөвшөөрлийг эзэмшиг ч нь Бороогийн ордыг сүйтгэж, алтны татварыг 10-аас 2.5 болтол нь бууруулахад нөлөөлж чадсан байдаг” хэмээн эсэргүүцсэн. Түүнчлэн өмнөх хэлэлцүүлгийн үеэр эл төслийг дэмжиж байсан Х.Болорчулуун гишүүн “Ширээний араас шийдвэр гаргахын уршгийг ойлголоо. Тусгай зөвшөөрлийг Ноён уулын Ноён, Хатан оргилд нь тулгаад авчихсан байна лээ. Тус компанийнхан нийт талбайгааг дөнгөж 300 орчим га-г л ашиглана гэж байгаа ч “Үлдсэн ашиглахгүй хэсгээ буцаагаад өгчихнө биз дээ” гэхэд “Өгнө” гэж хэлэхгүй байгаа юм” хэмээн Г.Уянга, Ц,Даваасүрэн нарын саналыг дэмжиж буйгаа илэрхийлсэн.  Гэсэн ч Г.Уянга гишүүний санал олонхийн дэмжлэг хүлээсэнгүй.

            Харин Ц.Нямдорж гишүүн “Асуудлыг хэлэлцэх, эсэхийг нь шийдэхээс өмнө нягтлах хэрэгтэй байсан. Нягтлахын тулд Ажлын хэсэг байгуулах нь зөв. Гэсэн ч эцсийн хэлэлцүүлгийн шатанд Ажлын хэсэг байгуулах нь юу л бол доо. Хуралдааны горимоо баримтлах хэрэгтэй” гэж байсан юм. Мөн Уул, уурхайн сайд Р.Жигжид “Олборлоогүй алтыг худалдах бололцоо байхгүй” хэмээгээд “Яамны зүгээс соёлын үнэт зүйлийг хадгалж хамгаалах нь зүйтэй гэдэгтэй санал нийлж байгаа. Ажлын хэсгээс Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулийн дагуу тэрхүү талбайг стратегийн ач холбогдол бүхий ордод хамааруулах жагсаалтад оруулахаар санал оруулж ирсэн. Санал болгож буй талбайд археологийн болон палеонтлогийн олдвор байхгүй гэдгийг эрдэмтэд тогтоосон. Харин тухайн бүс нутагт нь ховор олдворууд бий.  Техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулахын өмнө тэр талбайд хайгуулын өрөмдлөг хийхэд цэвдэгтэй гэсэн мэдээлэл гарч ирээгүй юм билээ” гэсэн хариултыг өгсөн юм. Гишүүд ийнхүү хэлэлцээд тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо. 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.