Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“ДОГОЛОН” НАЙРАЛ ХӨГЖМҮҮДЭЭ “БҮТЭН” БОЛГОХ ЮМСАН

Эдийн засгийн хямралыг давах их аян өрнүүлж, хаа сайгүй хасах, танах, хэмнэх тухай ярьж байгаа энэ өдрүүдэд соёлын салбарынхан тун хүнд байдалтай байна. Он гарсаар цалингаа авч чадаагүй яваа соёлын салбарынхан цомхтгол гээч нь биднээс холуур өнгөрөөсэй хэмээн залбирч суугаа. Эрүүл мэнд, боловсролын салбарт цомхтгол хийхгүй гэдгийг албан ёсоор мэдэгдчихээд буй. Харин соёлын салбарынхны тухай юу ч дурдаагүй. Магадгүй эрх баригчид соёл, урлаг, шинжлэх ухааны салбарынхаа ач холбогдол, үр нөлөөг ойлгодоггүй байх. ССАЖЯ-ыг татан буулгах тухай УИХ-ын чуулганаар хэлэлцэх үед Л.Болд гишүүн “Уугуул иргэнтэй улс болгон Соёлын яамтай байх ёстой. Манайхан өмнө нь хоёр хөрштэйгээ найрсаг харилцаатай боллоо гээд Батлах хамгаалах яамаа татан буулгана гэж байсан. Ингэж яавч болохгүй” гэж хэлсэн удаатай. Харин түүнээс өөр хүн энэ салбарынхны төлөө ач холбогдолтой үг хэлж чадаагүй. Шийдлийн Засгийн газарт соёлын асуудал дагнан хариуцсан яам байхгүй болж БСШУЯ-нд харьяалуулаад байгаа. Бүхэл бүтэн яамтай байгаад амжуулаагүй их ажлын ард Соёлын бодлого зохицуулалтын газар дангаараа гарах мэдээж амаргүй.

Бодлогогүй, олигтой хуульгүй, нийгмийн хамгааллын асуудлаа шийдүүлж чадаагүй хэдий ч соёл, урлагийн салбарынхан байгаа бүхий л нөөц бололцоогоо ашиглан уран бүтээлээ туурвиж яваа. Бүжгэн жүжиг, дуурь балет, тоглолт үзээд алга ташиж, сэтгэлээ баярлуулж, уйтгар гуниг, стрессээ үлдэн хөөдөг хэрнээ тэр хэмжээгээр тэдэндээ талархал илэрхийлж, бодитой дэмжлэг үзүүлж чадахгүй байсаар өнөө хүрчээ. Үргэлж бэлгэдлийн шинжтэй тушаал, тогтоол гаргаж, том нэр зүүлгэдэг ч ар дахь ажил нь бахь байдгаараа л өрнөдөг. Тухайлбал, Монгол Төрийн их найрал хөгжмийг 120 хүнтэйгээр байгуулах тухай зарлигийг 2005 онд Монгол Улсын Ерөнхийлөгч гаргасан байдаг. Улмаар Засгийн газрын тогтоол, БСШУ-ы сайдын тушаал гарсан хэдий ч өдий хүртэл орон тоо нь нэмэгдээгүй л явна. Аргагүйн эрхэнд “доголон” Төрийн их найрал хөгжим бүрэн харагдахын тулд Хөгжим бүжгийн коллежийн оюутнуудыг том хэмжээний тоглолтын үеэр дайчилдаг. Ажлын уялдаа холбоо, боловсон хүчний бодлого алдагдсанаар Төрийн их найрал хөгжмийн орон тоог эцэслэн шийдэж, хөгжимчдөө бүрдүүлээгүй хэрнээ 10-аад жилийн өмнө хөгжмийн зэмсгүүд худалдаж аваад хадгалчихжээ.

Зарлигийн хэрэгжилтийг хангахын тулд ингэсэн хэмээн албан тушаалтнууд тайлбарласан гэдэг. Олон жилийн турш дуугараагүй эдгээр зэмсгийн зарим нь элэгдэлд орж, хэрэглэх боломжгүй болсон гэнэ. Хэтэрхий харалган, үрэлгэн, сэтгэлгүй ажил л гэж үүнийг хэлэх байх. ҮДБЭЧ-ын ерөнхий удирдаач Н.Буянбаатараас энэ тухай тодруулахад “Арван жил өнгөрөхөд хэрэгжээгүй Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын тогтоол, сайдын тушаал гэж байдаг юм байна. Уг нь жилдээ 14 орон тоо нэмсээр, таван жилийн дотор их найрал хөгжмөө 120 хүнтэй болгоно гэж тооцож байсан. Гэтэл одоо бид 65-уулаа л ажиллаж байна. Хөг дутуу, тоглох хөгжимчингүй болох үе ч бий. Одоо манайд ХБК-ийн дөрвөн оюутан ажиллаж байгаа. Их бишгүүр хөгжим тоглох хүнгүй сууна. Хэдэн жилийн өмнөөс баялаг бишгүүрчин бэлтгэх шаардлагатай байна гэж хөөцөлдсөөр ХБК-д хүүхэд элсүүлж, одоо тэд гуравдугаар курст сурч байна. Соёл, урлагийн салбарын боловсон хүчин бэлтгэх бодлого сүүлийн 20 жилд алдагдсаны тод жишээ энэ. Яривал их зүйл бий. Цаашилбал, хөгжмийн зэмсгийн үйлдвэрлэл, нийлүүлэлтийн тухайд ч ээдрээтэй асуудал бий” гэв. Хөг дутуу, хөгжимчин шаардлагатай байгаа газар зөвхөн ҮДБЭЧ биш. ДБЭТ-ын симфони найрал хөгжмийн орон тоог ч нэмэгдүүлэх шаардлагатай. Долоо хоногт хоёр удаа дуурь, балет тоглож, түүний зэрэгцээ концерт хийдэг тус театрын удирдаач, урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Туулайхүү “Анх манай оркестрыг 70 хүнтэй байхаар баталсан юм билээ. Гэхдээ одоо бид 55 хүний орон тоотой. Тэр тоогоороо л ажиллаж байна. Байгаа бүх бололцоогоороо уран бүтээлээ хийж байгаа ч энэ найрал хөгжмийг 120 хүнтэй болговол уран бүтээлчид хэвийн ажиллаж чадна. 60 нь дуурь, 60 нь балетаа тоглоод явах ёстой. Улс орон хөгжиж, хүн амын тоо нэмэгдэхийн хэрээр урлаг соёлын салбарынхан олон болох ёстой. Эндээс хасаж, танаж бууруулах ямар ч боломжгүй. Тэглээ гээд бид болохгүй, бүтэхгүйг ярьж гар хумхин суулгүй нэг хүн хоёр хүний ажил хийгээд л явж байна” хэмээн ярив. Гэхдээ ДБЭТ-ын симфони найрал хөгжимд сүүлийн арав гаруй жил босоо ятга хөгжим эгшиглээгүй.

Өнгөрсөн жил ДБЭТ-ынхан төсөл хэрэгжүүлж, хандив цуглуулан энэ мэргэжлээр хоёр оюутан Австрид сургахаар болсон. Тэгвэл Улсын филармонийн симфони найрал хөгжимд үлээвэр хөгжимчид болон челист, эрдүү хийлч дутуу байгаа гэнэ. 78 хүний орон тоотой энэ найрал хөгжим өдгөө 68-уулаа л ажиллаж байгаа. Хөгжимчдөө бүрдүүлье гээд ч ажиллах мэргэжлийн уран бүтээлч олдохгүй байгаа тухай Ч.Даваасүрэн дарга учирласан. Хөгжмийн зэмсгээс труба дутуу байгаа тул хамтран ажилладаг Японы байгууллагаас тусламж хүссэн гэнэ. Хэдий болтол Монголын хамгийн том оркестр гадаадын чуулга, театраас “гуйлга гуйж”, тусламжийн хөгжим авч суух ёстой юм бол. Өнгөрсөн онд эдгээр байгууллага хамтран Монгол Улсад мэргэжлийн найрал хөгжим үүсэж хөгжсөний 90 жилийн ойг тэмдэглэсэн. Есөн жилийн дараа 100 жилийн ой нь тохиоход энэ хэвээрээ “доголон” байхгүй юмсан. Хөгжимчин болохын тулд хамгийн багадаа 10 жил суралцдаг юм билээ. Тэгвэл энэ салбарын бодлого алдагдсан 20 жилийн түүхийг хэдхэн жилд залруулах боломж үгүй тул эдийн засгийн хямралыг далимдуулан хасах танах гэж бүү оролдоосой. Хувийн компанийн үйлчлэгчийн дайтай цалин авчихаад тэнгэрлэг уран бүтээл туурвиж, зүрх сэтгэлээрээ баян амьдардаг хүн тэднээс өөр үгүй юм шүү.

Ж.СОЛОНГО

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.