Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

УРЛАГТ МӨНХӨРСӨН НЭРТ ЗУРААЧ

 

Цаг хугацаа улиран өнгөрөх авч үл мартагдах үйлс, их хүмүүсийн тухай дурсамж хийгээд тэдний бүтээл туурвил нь мөнхөд оршиж байдаг жамтай. “Энэ орчлонд мөнх юм гэж юу байна. Хэрвээ байдаг бол тэр нь гагцхүү хүний ой ухаан буюу” хэмээн Их Монгол гүрэн улсын далай хаан Өгөдэй нэгэнтээ айлдсан буй. Эрт үед бидний чин зоригт өвөг дээдэс дэлтэй сум шиг морьдоо хүлэглэн ургахуйгаас жаргахуй наран хүртэлх дэлхий дахиныг төвшитгэн олон хэлний үндэстэн угсаатныг нэгэн төрийн жолоонд оруулж эв баясалд багтаасан давтагдашгүй үйлсийг гүйцэлдүүлсэн түүхийн нууц, амьд зураг нь оюунлаг монголчуудын удамшил, ой ухаанд хадгалагдан буухиалсаар манай үед хүрчээ. Монголын түүхэн сэдэвт уран зураг, бүтээл туурвилаараа өнгөрсөн үеийн дээдсийн үнэн түүх, тэмцэл тулаан, дайчин шинж чанар, гэгээрсэн оюун бүхий дүрүүдийг хойч үеийнхэндээ нээж харуулахыг амьдралынхаа зорилгоо болгосон ховорхон хүн бол манай шинэ үеийн дүрслэх урлагийн нэрт төлөөлөгч, олон шавь нартаа Пүүжээ багш хэмээн хүндлэгдсэн уран зураач Батцэндийн Пүрэвсүх байсан буюу. Б.Пүрэвсүх авьяаслаг уран зураач, багш төдийгүй цаг үеэсээ түрүүлэн сэтгэгч, оюун санаагаараа өнгөрсөн үеийн түүхэн агуу үйл явдлуудтай холбогдсон ер бусын нэгэн байлаа.

Түүхэн сэдэвт олон бүтээлийнх нь хэдэн зуун таталбар ноорог, загвараас өнөөдөр хараад тэгж хэлж байгаа юм биш, амьд ахуйд нь ойр дотно явж үл мартагдах үг сургаалийг нь сонсож, бие сэтгэлийн баяр баясгалан, шаналал гунигийг мэдэрч, сургалтын хүнд бэрх шалгуур бүхий ДУДС-ийн хичээлийн танхим, уран бүтээлийн хийгээд судалгааны баялаг материал, номын цуглуулга цогцолсон гэрээр нь орж гарахдаа урьд өмнө дуулаагүй, сонсоогүйг сонсож, үзэж хараагүй зураг дурсгал үзэж, тухайн үед хаанаас ч олж авахааргүй үнэт мэдээлэл, санаа, итгэл үнэмшлийг балчир оюунаа хөгжүүлж явсныхаа хувьд Пүрэвсүх багшийнхаа талаар би бусдаас дутуугүй мэдэх юм. 1960-аад оны дунд үеэс нэрд гарсан зураач О.Цэвэгжав, Д.Амгалан, Б.Чогсом нарт шавь орж ХБДС-ийн уран зургийн ангид суралцахаасаа л уран зургийн арга ухааны зэрэгцээ дэлхийг донсолгож домог түүхэнд мөнхөрсөн дундад эртний Их Монгол гүрэн хийгээд Богд хаант Монгол Улс, 1921 оны хувьсгалчдын намтар түүх, хэлмэгдлийн хар шуурганд өртөгсдийн тухай уншиж түүнээс ихийг ухаарч ойлгон үнэн мөнийг олохын тулд залуу наснаасаа ихээхэн хичээл зүтгэл зориулсан нь цаашид түүний амьдралын утга учир болсон гэмээр. Энэ сэдвээр олон сайхан бүтээл туурвисан нь амьдралынхаа сүүлийн жилүүдэд “Мандухай цэцэн хатан”, “Мөнх тэнгэрийн хүчин дор” хэмээх түүхэн сэдэвт уран сайханы кинонд ерөнхий зураачаар ажиллахад нь бэлтгэл суурь болсон нь эргэлзээгүй. Эртний түүхээ судлан баялаг материал цуглуулж, уран бүтээлийнхээ үндсэн сэдэв болгосон түүний үлгэр жишээгээр эх түүх, Монголын суу заль, төрөлх Богд Чингис хаанаа дээдэлж өв дурсгалаа судлан цуглуулах, хадгалж хамгаалах сэтгэлтэй, тал бүрийн авьяас чадалтай шавь нарын нэгэн үе урлахуй ухааны эрдэмд хичээнгүйлэн суралцаж өсөн өндийсөн. ДУДС-д багшилж байхдаа тэрбээр багш, оюутнуудыг манай нэртэй түүхч, эрдэмтэн, судлаачидтай уулзалт хийлгэх ажлыг зохион байгуулж байснаас О.Намнандорж гуайн “Хилийн чанад дахь монголчуудын дурсгал” хэмээх сонирхолтой яриа ой санаанд минь тодхон үлджээ. Тухайн үед манай сургуулийн багш нар Зөвлөлтөд урлагийн өндөр боловсрол эзэмшсэн тэргүүний залуу сэхээтнүүд байсан нь оюутнууд бидэнд үнэхээр аз завшаантай явдал бөгөөд бидэнд дүрслэх урлагийн ер бусын увидас, авьяас билгээ хөгжүүлж насан турш суралцаж өөрийн ертөнцөө нээж сэтгэж бүтээж амьдрахын учрыг ухааруулж өгсөн буюу.

Пүүжээ багш туйлын энгүүн, уужуу, тайван, төв шударга, олон таван үггүй, хаа нэгтээ хэлэх үг нь хэн хүний орой руу орж ихийг бодогдуулдагсан. Хаа ч явсан Өрнийн их зураачдын амьдрал, уран бүтээлийн тухай ном юм уу, Монголын тухай гадаадад хэвлэсэн ном уншиж тэмдэглэл хийснээ авч явна. Францын их зураач Писсаро, Ренуарын ном уншиж явсан нь миний сэтгэлд тод үлджээ. Хаант Оросын нийслэл Санкт-Петербургэд XIX зууны сүүлч XX зууны эхээр хэвлэгдсэн Төв Азийг судлаачдын аяллын тухай нэн ховор номууд түүний номын санд байхыг бид үзэж суухдаа энэ бүхнийг яаж олж авч байв аа гэхэд “Хойно сурч байхдаа урд шөнө нь нэг ном оллоо гэж зүүдэлнэ. Тэгээд маргааш нь “Старая книга”, “Букинист” хэмээх хуучин номын дэлгүүрт очиход тэнд Монголын тухай нэг ном ёс мэт байдагсан” гэж хуучилж билээ. Багшийн номын санд Монголын түүхийн тухай баялаг материал хадгалсан дотоод, гадаадын хуучин, шинэ номуудаас гадна 1911 оны Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн, 1921 оны Ардын хувьсгалын партизанууд, 1930-аад оны хэлмэгдсэн эх орончдын гэрэл зургийн цомог ховор байх тул зарим зургийн учрыг асуухад багш хуучирч шарласан гэрэл зургаас тодрох түүхт хүмүүсийн тухай цөөн үгээр хэлнэ. Тэрбээр шавь нараа нас залуу гэлтгүй уран бүтээлч гэдэг талаас нь ихэд хүндэтгэн үзэж урам хайрлан, авьяасыг нь цаг үргэлж тэтгэж өөдрөг сэтгэл, итгэл, найдвар бэлэглэдэг байсан нь өнөө эргэн санахад бахтай. Нэг шинэ ном, ховор гэрэл зураг олбол би хамгийн түрүүнд Пүүжээ багшид үзүүлэхээр гүйж очиход багш өөр нэг шинэ бүтээлээ эхэлчихээд судалгааны зургуудаа дэлгэн, зургийнхаа эх загвар санааг гаргаж тавиад найз нөхөд, шавь нартайгаа урлаг хийгээд түүхийн тухай халуун яриа өрнүүлж ном, гэрэл зургийн цомог үзэцгээж их л хөгжилдөн сууцгаах үе ч тааралдана. Иймэрхүү уулзалт надтай мөн ч олонтаа тохиолдож морьтны хишиг явганд гэгчээр багшийн буянд олон сайхан зураач, сэхээтэн нөхөдтэй танилцаж билээ. Багш дэлхийн болоод Монголын түүх урлагийн сэдвээр “Дүрслэх урлаг” сэтгүүлд “Инжинааш зураач байсан нь”, “Уран зураг бүтээлч хандлага”, “Ян Матейко” зэрэг урлагийн урсгалуудын талаар сонирхол татсан өгүүлэл бичсэн юм. Түүний туурвисан “Хөдөлмөрийн баатар Тэгшжав”, “Сүхбаатар залуучуудын дунд”, “Эрдэмтэн Мянгат”, “Саж ламыг баривчилсан нь”, “Амарсанаа” хэмээх том хэмжээний уран зургуудыг нь үзэсгэлэнгийн танхимд тавигдахын өмнө хэрхэн эхлэх, дуусгах хүртэлх бүхий л үйл явцыг үзэж амждаг цөөн хэдэн хүний нэгэн нь би байлаа.

“Талын баатрууд” бүтээлийг нь харахад анх гаргасан загвар дээрх морьтон баатрууд юу юугүй дайран довтолж ирэх эрчимт хөдөлгөөн, дүрүүдийн дайчин чанарыг тэр л бадрангуй цоглог сэтгэлээрээ буулгаж, салхинд хийсэх тугны дэрвэн исгэрэх чимээ, уухайн дуунд хүч нэмэх тосон будгийн хөгжимлөг бичилт лүгээ түүхэн агшныг нэгтгэн тодруулсан даа. “Амарсанаа” бүтээл том хэмжээний уран зургуудаас нь цэвэр тунгалаг өнгө, зохиомж дүрслэлийн жин эзэлхүүнээрээ ялгарч дорвитой том бүтээл болсон билээ. Гэрэлтэй дулаан өнгө зохируулсан Пүүжээ багшийн уран зургууд нь И.Е.Репиний сургуулийн сонгодог сургалтаар эзэмшсэн арга ажиллагаагаар бүтээгдэж байсан бөгөөд тэрбээр бусдыг дагаж дуурайн элдэв янзын урсгал чиглэлд авталгүй өөрийн сурсан арга барилдаа үнэнч явсныг туурвил бүтээлүүд нь гэрчилнэ. Тосон будгийн оновчтой бичилт, өнгөний зохирол нийлэмж, зохиомж болон усан будгийн харьцаа, бийрийн эрчтэй зураас үнэхээр мэргэжлийн ур чадвар, уран сайхны өндөр түвшинд бүтээгдэж байсан нь зураачийн үлдээсэн үлэмж их өвөөс мэдэж болно. Хар бэх, бор хүрэн усан будгаар хийсэн түүхэн сэдэвт бүтээлүүдийнх нь загвар таталбарууд зураачийн онгод мэдрэмж, урлахуйн нууц, уран зурааслал, зохиомжийн эрэлхийлэл, сэтгэлийн асар их эрч хүч, бадрангуй цог хийморийн тусгал болж байдгаараа өөрийн гэсэн өвөрмөц онцлогтой.

Тиймээс ч Пүүжээ багшийн эхэн болоод дунд үеийн бүтээлүүдийнх нь үлдэж хоцорсон загваруудыг харж ажиглаж байхад хожим Монгол түмний түүхийн сэдэвт дорвитой том бүтээлүүд түүний гараас гарна гэдгийг урьдчилан олж харсан хүмүүн тэр үед байсан болов уу. Тийм ээ, тэр нь Дундад эртний Монголын түүхэнд мөнхөрсөн алдарт хүмүүсийн амьдрал тэмцлийг харуулсан “Мандухай цэцэн хатан”, “Мөнх тэнгэрийн хүчин дор” хэмээх уран сайхны киног бүтээхэд ерөнхий зураачаар ажиллаж, кино зохиолынх нь үйл явдал, зураг авалтын шийдлүүдээр тоймгүй их бүтээл туурвисныг багшийн гэргий, үр хүүхдүүд нь нандигнан хадгалсаар байна. Дээрх түүхэн сэдэвт киноны зураг авалт, дэглэлтээс үзэхэд зураачийн анхны санаа загвар ихээхэн үүрэг гүйцэтгэсэн нь тодорхой харагддаг бөгөөд ерөнхий зураачаар ажиллахын зэрэгцээ хээр гадаах зураг авалтад бэлтгэх, олон мянган цэргүүдийн зэр зэвсэг, хувцас, туг хиур хийх, орд өргөө барих, нүүдэл суудлын хөдөлгөөн зэрэг их ажилд бие сэтгэлээрээ хүчлэн зүтгэсэн билээ. Монголын өнгөрсөн үеийн баатарлаг түүхийн зураглал түүний бие, сэтгэл оюунд олон жилийн турш оргилон буцалж байсан тул манай кино урлагийн түүхэнд урьд өмнө гараагүй том хэмжээний сайхь хоёр кинонд ерөнхий зураачаар ажиллана гэдэг өөрт нь тохиосон ховорхон аз завшаан, тэнгэрийн таалал гэдгийг тэрбээр хэнээр ч хэлүүлэлтгүй мэдэж байсан, түүнийгээ хожим хойно дуурсагдах сайн нэртэйгээр бүтээсэн юм. Монголчуудын үндэсний бахархал, урлаг соёлыг хөгжөөн бадраах үйлсэд эдгээр кино үнэлж баршгүй хувь нэмэр оруулсаар байгаа. Мөн хожим хойно ч ач холбогдлоо алдахгүй нь тодорхой. Орчин цагийн Монголын уран зураг болоод киноны урлагийн хөгжилд түүхэн сэдэвт уран бүтээлээрээ жинтэй хувь нэмэр оруулан дүрслэх урлагийн залуу халаа, авьяаслаг эрдэмтэн судлаачдыг сурган хүмүүжүүлэх үүргийг нэр төртэй биелүүлж өвөг дээдсийнхээ давтагдашгүй түүх, урлаг соёлыг хүндэтгэн дээдэлж, уран бүтээлээрээ алдаршуулан, урлаж туурвихын үлгэр жишээг харуулж чадсанаараа зураач Б.Пүрэвсүх нүүдэлч малчин удамт монгол түмэнд үеийн үед дуурсагдах бөлгөө.

С.БАДРАЛ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.