Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ХУЛАНГААР ЗУГААЦСАН ХУЛГАЙН АНЧИД

 

Монголчууд бид өнөөдөр байгальдаа хэт хатуурхаж, уул усаа хөндөж, ургамал амьтнаа устгасаар байна. Хэдийгээр ан амьтан байгаль дэлхий рүүгээ дайрч ашиг хонжоо олж байгаа гэсэн охорхон бодол анчид, эд эрхтэний наймаачдад байгаа ч хожмын нэг өдөр байгаль эх хариугаа авдаг гэдэг. Хэдий ийм домог яриа байдаг ч монголчууд бид түүнийг үл ойшоон ан амьтан, мод ургамал, газрын хэвлий рүүгээ дайрсаар л байна. Говь нутагт хулан хэмээх тэнгэрийн салхинаас бусдыг дээрээ гаргаж үзээгүй омголон амьтан бий. Хэдийгээр эрүүл мэндэд тустай гэх зүйл сонсогддоггүй ч хулгайн анчид бага бусаар авласаар өдгөө ховордсон ан, амьтны жагсаалтад орж, агнахыг хуулиар хориглочихоод байгаа. Уг нь XX зууны дунд үе хүртэл манай орны Зүүн гарын болон Алтайн өвөр говь, Их нууруудын хотгор, Баянхонгор, Өмнөговь, Дорноговь, Сүхбаатар аймгийн урд талын цөлөрхөг хээр газар, зүүн тийш Буйр нуур хүртэлх нутагт хулан тархаж байсан гэж “Улаан ном”-д тэмдэглэсэн нь бий. Гэвч сүүлийн 70 жилд Монгол хулангийн тархалтын нутаг дэвсгэр 50 хувиар багасан Дорноговь, Өмнөговь, Ховд, Говь-Алтай, Баянхонгор аймгийн нутагт үлдсэн гэх судалгаа байдаг юм билээ. Ингэж ховордсон амьтныг манайхан хайр найргүй агнасан нэгэн хэргийн хавтсыг сөхье.

ХУЛАН ЧОНОО ЯЛГАХГҮЙ АНЧИД ГАНЗАГА НИЙЛЭВ ҮҮ

Хадлан, тариа ногоогоо хураах их ажлын ард гарч, өвлийн идшээ бэлтгэх ид үе дөхөж байлаа. Хангай газарт өдийд идшээ бэлтгээд эхэлчихнэ. Харин говьд хараахан болоогүй байдаг бололтой. Яг ийм үед бог мал муулах ч тиймхэн. Тиймээс говь, талын бүсийнхэн зээр гөрөөс авлан идшиндээ нэмэрлэдэг гэхэд хилсдэхгүй. Энэ үед бас зарим айлд хурим найр үргэлжлэх нь ч бий. Ц.Батдэлгэр гэх Дорноговь аймгийн Эрдэнэ сумын харьяат залуу Мандах сумыг чиглэн дөрөө жийнэ. Ийнхүү хурдлах нь дүүгийнхээ найранд очих гэснийх. Ингэж явахаар гарахдаа найз Бат-Эрдэнийгээ хань татжээ. Найз нь ч уухайн тас зөвшөөрөхдөө замдаа “чоно агная” хэмээн буугаа авсан байгаа юм. Ингээд дүүгийнхээ найранд очоод хоёр хоногийг ардаа орхив. Найр өндөрлүүлээд Ц.Батдэлгэр А.Бат-Эрдэнэ, Д.Төгсбаяр, М.Алтансүх, Б.Түмэнцогт, Ж.Гантулга нар 2012 оны арваннэгдүгээр сарын 18-нд авд мордлоо. Мандах сумын нутаг Цагаан цав гэх газар хулан их байна хэмээн найран дундуур сонссон яриа бодитой эсэхийг мэдэх, болж өгвөл агначих санаа өвөрлөснийг энд хамт явсан хүмүүсийн зарим нь мэдээгүй ч байж болох. Дээрх газарт очихдоо тэд ачааны машинд хоёр мотоцикль ачиж, хоёр ч буу агссан байгаа юм. Цагаан цав өнгөрмөгц Хоньчийн талд хулан олноороо тааралдаж байна гэсэн яриа үнэний хувьтай байж. Дээрх хүмүүс ч ганзага нийлж, ангийн олз омогтой яваагаа магтан мотоциклиороо хулан хөөж буудсаар 5-6-г унагав. Ингэж явтал нэг мотоцикль нь эвдэрч, цааш явах боломжгүй болжээ. Харин нөгөө нь хуйлран одсон хулангийн хойноос хөөсөөр 3-4-ийг унагасны дараа сум нь дуусаж, нэг юм ангийн улайрлаасаа саллаа. Ингээд унагасан хулангуудаа тоолж, ачааныхаа машинд ачихад 10 хулан байж. Үүний долоо нь эр, гурав нь эм хулан байжээ. Тэд гэдэс толгой, шийрийг нь салгаж хаяад, махыг нь ачаад явж. Үүний мөрөөр нутгийн малчид орж хууль хяналтын байгууллагад дуудлага мэдээлэл өгснөөр цагдаа, мэргэжлийн хяналтын байгууллагынхан хэргийн эзэн холбогдогчийг тогтоох ажил эхэлжээ. Харин энэ хооронд тэд буцаж нэгнийхээ гэрт очоод авласан хулангийнхаа арьсыг өвчсөн байгаа юм. Халуунаар нь ачсан болоод ч тэр үү, заримынх нь мах үнэр орсон байсныг ан авын их олзтой тэд хаяж байсан гэнэ. Энэ тухай хавтаст хэрэгт А.Бат-Эрдэнэ “Бид Гантулгын болон Алтансүхийн мотоциклийг машины тэвшинд ачаад Үнэгт гэх газарт хоноод маргааш өглөө нь Мандах сумын Хоньчийн талд олон хулантай таарсан. Машинаас мотоциклио буулгаад Алтансүх өөрийнхөө мотоциклийг унаж ард нь Төгсбаяр суун, СКС буу агссан. Харин Гантулга өөрийнхөө мотоцикльтой ганцаараа хулан эргүүлж өгөхөөр явж, машиндаа Түмэнцогт бид хоёр үлдсэн. 16.00 цагийн үед бид нар хулан агнасан газарт нь очоод гэдсийг нь гаргаж, толгой шийрийг нь хаяад машинд арьстай нь ачсан. Маргааш өглөө нь манай гэрээс хойш нэг км орчимд жалганд алсан хулангийн арьсыг нь өвчиж янзалсан юм. Зарим нь дарагдаад ногоон туяатай болчихсон байхаар нь хаяж, гайгүй хэсгийг нь авсан. Бараг гурван хулангийн мах хаясан байх. Бид нар махаа хувааж авсан” гэжээ.

ХУЛГАЙН АНЧДЫГ УНАА, БУУГААР ХАНГАСАН ХҮМҮҮС ХЭРЭГТЭН БОЛОХ ШАХАВ

Хулан ийм олноор нь хайр найргүй агнасан дээрх хүмүүс махаа хувааж авсныхаа дараахан нь л хууль хяналтын байгууллагынханд баригдаж, эд мөрийн баримттайгаа аймаг руу “ачигджээ”. Мөрдөн байцаалтын явцад хэн нэг рүүгээ хэргээ чихэж, өөрсдөө уснаас хуурай гарах гэж оролддог нь ял шийтгэл эдэлж байсан зарим хүний гэм биш зан. Хулгайн анчдын дунд ч ял эдэлж байсан нэг бус хүн байсан. Тийм ч учраас ийм арга хэрэглэж үзэж. Гэвч хууль, хяналтын байгууллагынхан үнэн мөнийг нь тогтоож өгсөн юм. Тэдний хөлөглөсөн БНХАУ-д үйлдвэрлэсэн ачааны машин нь П.Баянмөнх гэдэг хүний нэр дээр бүртгэлтэй машин болохыг цагдаагийнхан шалгалтын явцад тогтоож, машин эзэмшигчийг дууджээ. Гэтэл уг машин нь П.Баянмөнхийн нэр дээр бүртгэлтэй л болохоос хэргийн холбогдогч Д.Төгсбаяр дөрвөн сая төгрөгөөр худалдан авсан байсан нь тодорхой болж. Хулгайн анчдыг авч явсан СКС буу бас хүнийх байжээ. Тэдэнд буугаа өгсөн иргэн өдгөө өөртөө л бухимдаж суугаа байх. Яагаад гэхээр түүний бууг хураан авч цагдаагийн байгууллагад шилжүүлж, тэрбээр эд хөрөнгөөрөө хохирсон нь мэдээж. Энэ хэргийн холбогдогч Д.Төгсбаяр “Цагаан цаваас цаашаа хулан ихтэй байна гэж хүнээс сонсоод нагац ах БатЭрдэнэтэй утсаар ярьж хуланд явах уу гэж санал болгосон. Тэр үедээ Ариунболд ахаас бууг нь аваарай гэж хэлсэн” гэж мэдүүлжээ. Бууны эзэн Б.Ариунболд энэ хэрэгт гэрчийн мэдүүлэг өгөхдөө “Бат-Эрдэнэ ах надад “Манай тэр хавиар чоно тайван байлгахгүй байна. Ээжийнхээс хэдэн мал барьжээ. Буугаа хоёр хоног хэрэглүүлээч” гэж гуйгаад байхаар нь зөвшөөрсөн. Ингээд СКС маркийн буугаа сумгүй өгч явуулсан юм. Хоёр хоногийн дараа Бат-Эрдэнэ “Ах нь хөдөөнөөс ирчихлээ буугаа ав” гэхээр нь хэлсэн хаягаар нь очтол баахан хулан агначихсан, эхнээс нь арьсыг нь өвчиж байсан. Чоно агнана гээд байсан чинь яасан бэ гэтэл Бат-Эрдэнэ ах “Чоно тааралдсангүй, цаашаа яваад хулан агнасан юм. Буугаар чинь хулан агнасанд уучлаарай” гэсэн. Би хүнд мотоцикль, машин, буугаа өгдөггүй юм. Гэтэл ийм юм болчихлоо” хэмээн мэдүүлжээ. Дорноговь аймаг дахь Сум дундын наймдугаар шүүх энэ хэргийг хэлэлцэн шийдвэрлэж гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан П.Баянмөнхийн нэр дээр бүртгэлтэй, Д.Төгсбаярын худалдан авсан гэх машиныг, шүүгдэгч М.Алтансүх, Ж.Гантулга нарын мотоциклийг хурааж улсын орлогод оруулах, М.Ариунболдын нэр дээр бүртгэлтэй СКС маркийн бууг Дорноговь аймгийн Цагдаагийн газарт шилжүүлэхээр болов.

240 САЯ ТӨГРӨГ ТӨЛЖ, 3-4 ЖИЛИЙГ ТОРНЫ ЦААНА ӨНГӨРӨӨНӨ

Ц.Батдэлгэр, А.Бат-Эрдэнэ, Д.Төгсбаяр, М.Алтансүх, Б.Түмэнцогт, Ж.Гантулга нарын агнасан хулангийн экологи-эдийн засгийн үнэлгээг цагдаагийнхан мэргэжлийн байгууллагаар гаргуулжээ. Улмаар иргэний нэхэмжлэгчээр Дорноговь аймгийн Байгаль орчны газрын мэргэжилтнийг томилсон байна. Иргэний нэхэмжлэгч Э.Ундрахгэрэл “Хулан нь нэн ховор амьтны жагсаалтад багтсан, агнахыг хориглосон “Улаан ном”-онд орсон амьтан. Монгол Улсын Засгийн газрын 2011 оны нэгдүгээр сарын 25-ны 23 дугаар тогтоолоор амьтдын экологи-эдийн засгийн үнэлгээг шинэчлэн тогтоосон. Түүнд эр хуланг есөн сая долоон зуун мянга, эмийг нь 11 сая төгрөгөөр тогтоосон. Тэгэхээр долоон эр хулан нь 67 сая 900 мянган төгрөг болно. Гурван эм нь 33 сая төгрөг. Улсад учирсан бодит хохирол нь 120 сая. Гэхдээ уг үнэлгээг хуулиар хоёр дахин нугалж төлүүлэх заалттай учраас хуулийн дагуу 240 сая төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна” гэжээ. Дээрх хүмүүс 2012 оны арваннэгдүгээр сарын 18-нд 10 хулан агнаад, 22-нд дахиад хоёр хулан нэмж хороосон нь мөрдөн байцаалтаар тогтоогдсон аж. Тиймээс иргэний нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч 12 хулангийн хохирлыг нэхэмжилсэн нь 240 сая төгрөг болж байна. Шүүх энэ хэргийг шийдвэрлэхдээ гэм буруутай нь тогтоогдсон дээрх хүмүүсээс хохирлыг хувь тэнцүүлэн гаргуулахаар болов. Улмаар Ц.Батдэлгэр А.Бат-Эрдэнэ, Д.Төгсбаяр, М.Алтансүх, Б.Түмэнцогт, Ж.Гантулга нарт гурван жил 10 хоногоос дөрвөн жилийн хугацаагаар хорих ял эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Г.ЦОЛМОН

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.