Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ш.ЭНХБАТ: ЭДИЙН ЗАСАГ ХЯМРАХ ҮЕД ХАМГИЙН ТҮРҮҮНД АРД ИРГЭДИЙНХЭЭ ЭРҮҮЛ МЭНДЭД САНАА ТАВЬДАГ ЖИШИГ БИЙ

 

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Ш.Энхбаттай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Ирэх сарын 1 гэхэд 150 ортой хүүхдийн эмнэлэг байгуулна гэсэн амлалт худлаа болж байх шиг байна. Эхэндээ нэлээд дориун хөдөлж, энд тэндхийн байр сав үзээд байсан ажлын хэсэг ч одоо таг болов. Танд шинэ эмнэлгийн ажлын явцын талаар ямар нэгэн мэдээлэл байна уу?

-Хүүхдийн эмнэлэг байгуулах тухай асуудал саяхных биш шүү дээ. Сүүлийн 30 жилийн турш үүнийг ярьж байна. Улаанбаатар хотыг 500 мянган хүн амтай байхад дүүрэг бүрт 100 ортой эмнэлэг, гурван амаржих газартай байвал болно гэж төлөвлөсөн. Үүнээс хойш нийслэлийн хүн ам гурав дахин нэмэгдсэн. Дээрх тооцоогоор бол Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэгт тус бүр гурван Нэгдсэн эмнэлэг байх шаардлагатай. Гэтэл бүх зүйл бахь байдгаараа. Өнгөрсөн онд монголчууд түүхэндээ анх удаа 81 мянган шинэ хүн хүлээж авлаа. Удахгүй гурван сая дахь иргэнээ өлгийдөж авах гэж байна. Хүн амын тал хувь нь аж төрдөг нийслэлд энэ хугацаанд хүүхдийн ганц эмнэлэг, амаржих газар бариагүй шалтгааныг би сэтгэл, санаачилга, зүтгэл дутсаных л гэж хардаг. Бас төрийн тогтвортой бодлого байхгүйтэй холбоотой. Нэг Засгийн газар гарч ирээд эмнэлгийг оффис болгодог, нөгөөх нь оффисыг эмнэлэг болгох гээд зүтгээд байгаа чинь ерөөсөө л бодлого алдагдсаны илрэл. Жил бүрийн арав, арваннэгдүгээр сард томуу, томуу төст өвчин ихсэхээр гэнэт ухаан ороод, хүүхдийн эмнэлэг гэж ярьдаг ч хэсэг хугацааны дараа мартдаг. Энэ үед хэн ачааллыг үүрч гардаг вэ гэхээр нийслэлийн Эрүүл мэндийн газрын харьяа дүүргийн Нэгдсэн эмнэлэг, хүүхдийн тасаг, өрхийн эмнэлгүүдийн эмч, ажилтнууд. Жил бүр л ингэдэг. Тийм учраас одоо энэ асуудлыг бодлогын түвшинд авч үзэх цаг нь болсон. Хүүхдийн эмнэлэг байгуулах тухай яриа гарахад л би хэлсэн. “Заавал яамдын байрыг суллаж хүүхдийн эмнэлэг байгуулах гээд байхын оронд Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгээ буцаагаад зориулалтаар нь ашиглаач ээ. Эмнэлэг оруулж болохгүй байр гэж байна шүү дээ” гэж. Тэр эмнэлгийн тухайд гэвэл энэ жилдээ багтаж байгуулагдвал их юм. Гэвч тэгэхийн тулд зургаан тэрбум төгрөг шаардлагатай.

-Яагаад вэ. Тэрбум гаруй төгрөгийн төсөв байхад л болно гээд байсан шүү дээ?

-Эмнэлэг юм чинь, адаглаад өрөө болгонд нь угаалтуур байх хэрэгтэй. Тэгээд мэс заслын, эрчимт эмчилгээний, сэхээн амьдруулах тасаг байна. Оношилгоо хийх лаборатори, рентген аппарат гээд олон зүйл шаардлагатай. Мэргэжлийн бус хүмүүс харин нэг өрөөнд ор тавьчихвал эмнэлэг болчихно гэж ойлгодог шиг байгаа юм. Тийм юм хэзээ ч байхгүй. Нэг барилга олоод, сэтгэлийн хөөрлөөр түүндээ эмнэлэг оруулж болохгүй. Ялангуяа хүүхдийн эмнэлэг бол том хүнийхээс өөр, онцлогтой. 100 ортой хүүхдийн эмнэлэг байгууллаа гэхэд тэдэнтэй хамт 100 эцэг, эх нь хэвтэж, үр хүүхдээ сахина биз дээ. Одоохондоо бид 0-5 настай хүүхдийн эмнэлгийн тухай л яриад байна. 5-18 настай хүүхдүүдийг эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамруулдаг эмнэлэг Монголд байна уу. Бодлогогүйн хар гай энэ.

-Ханиад томууны ид үе шувтарч байгаагаар далимдуулаад орхиж, мартаж болохгүй асуудал энэ биз дээ?

-Тэгэлгүй яах вэ. Би яамныханд ний нуугүй хэлсэн. “Бүтэхгүй зүйлийн төлөө та нар ингэж нэгнээ хуурах хэрэггүй. Томуу, томуу төст өвчний ачаалалтай үеийг бид яаж ийгээд даваад гарна. Та нар харин бодлоготой, төлөвлөгөөтэй зүйлээ л хий” гэж. Гэтэл тэгээгүй. Харин манай нийслэлийн Эрүүл мэндийн газрынхан өнгөрсөн оны долдугаар сард энэ асуудлыг Удирдлагын зөвлөлийн хурлаараа оруулсан. Улаанбаатар хотод хүүхдийн эмнэлэг, амаржих газар зайлшгүй нэмж барих хэрэгтэй гээд бид аль зун нийслэлийн төсөвт нэг тэрбум төгрөг суулгасан. Одоо бид амаржих газар, хүүхдийн эмнэлгийнхээ газрын асуудлыг шийдчихээд, зураг төслөө хийлгэх гэж байна. Бодлого гэдэг чинь энэ. Уг нь энэ бодлогыг яам боловсруулж, нэгтгэн зангидах учиртай юм. Тэгж чадахгүй байгаа учраас бид яамныханд “Өөрсдөө юу хийхээ мэдэхгүй байж, бусдад яаж хийхийг нь битгий заа” гэж хэлдэг болсон. Яам юу хийхээ мэдэхгүй байгаа учраас манай харьяа байгууллагуудын орны зохицуулалтыг өөрсдөө хийсэн мэтээр яриад сууж байна. Амбулаторийн үзлэгийн арваас дээш хувийг томуу, томуу төст өвчин эзлээд эхлэхээр бид өрхийн эмнэлгүүдийг амралтын өдөргүй, уртасгасан цагаар ажиллууллаа. Дүүргүүдийн эмнэлгийн Дотор, Мэдрэлийн тасгийн орнуудыг суллаж, хүүхдийн 375 ор гаргалаа. Тэндхийн өөр мэргэжлийн эмч, сувилагч нарыг Хүүхдийн тасгуудад дэмжлэг болгон авчирч ажиллуулах зэргээр боломжтой бүх арга хэмжээг авч, зохицууллаа.

-Танайхан хаана амаржих газар, хүүхдийн эмнэлэг байгуулахаар төлөвлөж, газрын асуудлыг нь шийдсэн юм бэ?

-Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хурлаар энэ асуудлыг гурван хувилбартайгаар авч хэлэлцсэн. Нэгдүгээрт, Сүхбаатар дүүргийн II поликлиникийн хуучин байрыг нураагаад, оронд нь хүүхдийн авсаархан эмнэлэг байгуулъя гэж ярьсан. Хоёрдугаарт, “Ионсей” эмнэлгийг татан буулгасан учраас барилгыг нь нурааж, газар дээр нь төрөлжсөн Эрүүл мэндийн төв барих тухай юм. Сүүлийнх нь Хан-Уул дүүрэг буюу Яармагийн дэнж дэх 300 ортой Эх, хүүхдийн эрүүл мэндийн төвийн барилгыг гүйцээж, ашиглалтад оруулах тухай байсан. 2010 онд Засгийн газар, УИХ-аар хэлэлцүүлээд, хөрөнгө мөнгийг нь шийдүүлсэн тэр барилгын ажил 68 хувьтай явж байгаад гүйцэтгэгч хоёр компанийн маргаанаас болоод зогссон шүү дээ.

-Та эрүүл мэндийн салбарын бодлогын асуудлыг багагүй хугацаанд хариуцан ажиллаж байсан хүн. “Ийм бодлого баримтлах ёстой” гээд хэлээд байхад таны үгийг үе үеийн сайд нар хүлээж авдаггүй байсан юм уу?

-Сүүлийн жилүүдэд Монгол Улсад мөрдөж байгаа эрүүл мэндийн салбарын нэлээд хэдэн хуулийн төслийн ажлын хэсгийг би ахалсан. Хамгийн сүүлд гэхэд л Эрүүл мэндийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг ахалж ажилласан. Тэнд хэд хэдэн сайхан санаа байсан юм. Тухайлбал, хүн амынхаа эрүүл мэндийн төлөө дотоодын нийт бүтээгдэхүүний таваас доошгүй хувийг зарцуулж байя гэдэг санал дэвшүүлснийг Байнгын хороо дэмжээд, УИХ-ын чуулганаар оруулсан. Гэтэл чуулган дээр гишүүд “Наадах чинь яасан сайхан санаа вэ” гэнгүүтээ өөр өөрсдийнхөө хариуцсан салбар луу татаж аваад, үндсэн саналыг маань унагачихсан. Хөдөө аж ахуйн салбарынхан “Манайд дотоодын нийт бүтээгдэхүүний арваас доошгүй хувийг зарцуулах ёстой” гэж байхад, соёл, боловсролынхон 20-иос доошгүйг гэх мэтээр тал талаас нь өлгөж аваад замхруулсан даа. Төрийн нэгдсэн бодлого байхгүй учраас эцэстээ монголчууд хүнээсээ илүү ямаандаа мөнгө гаргадаг шүү дээ.

-Тэгэхээр 150 ортой эмнэлгийн асуудлыг түр хойш тавиад дараагийн гарц, ямар боломж байгааг судлах хэрэгтэй болох нь. Одоогийн нөхцөл байдалд танд ямар гарц, боломж харагдаж байна вэ?

-Цаг хугацаа, хөрөнгө санхүү, боловсон хүчин, тоног төхөөрөмж гээд олон асуудал шийдэгдээгүй байна шүү дээ. Тиймээс яамны зүгээс дүүргүүдийн Нэгдсэн эмнэлгийн байрыг өргөтгөх тухай бас яриад байгаа. Гэвч үнэндээ 30 жилийн өмнө зориулалтын бусаар баригдсан байруудыг одоо өргөтгөөд ямар нэмэр байх вэ. Таван жилийн дараа өнөөхөө нураах болно. Тэгэхээр миний хувьд ганц гарц харагдаж байгаа. Яармагийн дэнжид барьж байгаад ажил нь зогссон, 300 ортой Эх, хүүхдийн эрүүл мэндийн төвийн барилгыг дуусгаж ашиглалтад оруулах л хамгийн зөв гарц юм. Барилгын ажил нь зогсоод гурав дахь жил рүүгээ орж байхад энэ барилгыг бариад дуусгая гэж хөөцөлдсөн сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга байгаагүй. Уг нь тэр төвийг ашиглалтад оруулчихвал нэг сумаар хоёр, гурван “туулай буудах” боломжтой. Тэндхийн 100 ор нь хүүхдийнх, 100 нь амаржих газрын зориулалттай. Тиймээс одоо бид “Яармагийн дэнж дэх 300 ортой эмнэлгийн байраа улсын төсвөөс, яамныхаа балансаас гаргаад, нийслэлд шилжүүлээд өгчих. Тэгвэл бид мөнгө хөрөнгийг нь шийдээд, барилгын ажлыг түргэн дуусгаж, боловсон хүчин бэлтгэх, шаардлагатай тоног төхөөрөмж авах гээд бүх зүйлийг өөрсдөө хариуцаж чадна” гэдгээ хэлсэн.

-Энэ онд Монгол Улсын эмийн төсвөөс нэлээд хэдэн тэрбумыг хассан гэсэн. Үүнээс үүдэлтэй хүндрэл нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудад илүүтэй мэдэгдэх байх даа?

-Өнгөрсөн онд Эрүүл мэндийн сайдын төсөвт эмийн багцад зориулж 69 тэрбум төгрөг төсөвлөсөн байдаг. Энэ онд үүнийг есөн тэрбум төгрөг буюу 18 хувиар буурууллаа. Харин хүн ам маань 81 мянгаар өслөө. Гэтэл УИХ-аас баталсан ам.доллартай харьцах төгрөгийн ханш 1500. Өнөөдөр бид эмээ авахдаа нэг ам.долларыг 1940 төгрөгөөр бодож байна. Энэ хэрээр бидний авах эмийн тоо, нэр төрөл буурна биз дээ. Дээрээс нь эмийн өртөг дэлхийн зах зээлд нэмэгдсээр байгаа. Тэгэхээр төсвөөс тануулсан 18, ханшийн зөрүүний 20, эмийн өртгийн 10 хувийн нэмэгдэл гээд энэ бүхнийг тооцохоор манай эмнэлгүүд зургаан сар нь эмтэй, үлдсэн хугацаанд нь эмгүй байна гэсэн үг. Манай харьяа эмнэлгүүдийн хувьд асуудал бүр дордоно. Өнгөрсөн оныхтой харьцуулахад эмийн төсөв нь 28 хувиар буурсан. Аливаа оронд эдийн засаг нь хямрахаар хамгийн түрүүнд ард иргэдийнхээ эрүүл мэндэд санаа тавьж, илүү мөнгө төсөвлөдөг. Яагаад гэхээр эдийн засгийн хямрал хүмүүсийн эрүүл мэндэд хамгийн их нөлөөлдөг юм байна. Гэтэл манайх болохоор хямралд оруулчихаад, дээрээс нь нэмээд эрүүл мэндээр нь чангалаад байдаг.

-Тэгээд одоо эмнэлгүүд эмгүй яах юм бэ. Хагас жилийн сүүлээр эм, тариагүй гээд өвчтөнүүдээ буцаахгүйн тулд ямар нэгэн арга хэмжээ авах уу?

-Төсвийн тодотголоор энэ асуудлыг дахин авч хэлэлцэх болов уу гэж найдаж байгаа. Гэхдээ бид огт зүгээр суугаагүй. Энэ сарын 30-нд нийслэлийн бүх өрхийн эмнэлэгт нийлүүлэх лабораторийн багаж, тоног төхөөрөмж орж ирнэ. 1.2 тэрбум төгрөгийн үнэ бүхий эдгээр тоног төхөөрөмжийг нийслэлийн Эрүүл мэндийн газар өөрсдийнхөө боломж, нөөцөө ашиглан, гадаад хамтын ажиллагааныхаа шугамаар авч байгаа юм. Өрхийн эмнэлгүүд ийм төхөөрөмжтэй болсноор иргэдээ заавал дүүргийн Нэгдсэн эмнэлэг рүү явуулалгүй, шээсний шинжилгээг нь өөрсдөө аваад, хариуг нь богино хугацаанд гаргадаг болох юм. Оношлуур нь гурван жилийн баталгаатай. Харин одоо өнөө тоног төхөөрөмжүүдийг маань хил гаалиар нэвтрүүлэх гэж бөөн юм болох вий гэж санаа зовж байна. Нэг ч төгрөг төлөөгүй авч байгаа юм чинь Монгол Улс ядаж өөрсдөө гаалийн татварыг нь төлөх ёстой байх аа. Гэтэл түүнийг нь төлөхгүй гааль дээр удаавал араас нь нөгөө доктор, профессорууд нь сургалтаа хийх гээд иртэл төхөөрөмж нь алга байж нүүр улайлгах вий. Ингээд нэг юм хийх гэсэн хүмүүстээ манай хууль эрх зүйн зохицуулалт дандаа саад, тушаа болдог. Элэгний В, С вирусийн эмийг оруулж ирэх гэхээр бас л бүртгэхгүй удлаа. Яагаад гэхээр тухайн улсдаа 2-3 жил хэрэглэж, туршсан эмийг оруулж ирэх ёстой гэдэг журамтай. Тэр хугацааг хүлээсээр байтал вирустэй хүмүүсийн өвчин улам даамжирна биз дээ. Тийм учраас л би Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагийн дарга байхдаа Америк, Япон, Солонгос, Европын холбооны дэлхийд алдартай байгууллагуудын үйлдвэрлэсэн эмийг хурдан хугацаанд эх орондоо оруулж ирэх боломжийг нь нээж өгсөн. Гэтэл Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдангуутаа хуучин арга барилаар нь ажиллаж эхэлсэн. Шинэ юмыг бүтээхэд хамгийн хэцүү нь хуучин арга барилаасаа салах. Яагаад Монголд эрүүл мэндийн салбар хөгжихгүй байна вэ гэхээр хуучин арга барилаасаа бүрэн салахгүй байгаатай л холбоотой. Улс нь зах зээлийн замаар яваад, 20 гаруй жил болчихоод байхад эрүүл мэндийн салбар нь социализмын үеийн арга барилаараа байгаад байдаг. Зах зээлийн нийгэм хөгжсөн оронд иргэд нь эмнэлэгт л хэвтэхгүй юмсан гэдэг. Учир нь тэнд эрүүл мэндийн үйлчилгээ өндөр өртөгтэй. Харин манай монголчууд яаж ийж байгаад жилд 1-2 удаа эмнэлэгт хэвтэх юмсан гэдэг. Эмнэлгийнхээ үйлчилгээг манайхан өөрсдөө үнэгүйдүүлсэн.

Л.ГАНЧИМЭГ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.