Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Нууцыг” задруулсан захиа энэ байна

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүүгийн талаарх нэгэн захидал сүүлийн хэд хоногт олны анхаарлыг татлаа. ЭМС-ын сайд Г.Шийлэгдамбад хаягласан буцах эзэн, буух тодорхой хаяггүй тэр захиаг тус төвийн эмч, ажилтнууд нь энэ сарын 6-нд сайддаа хүргүүлжээ. Энэ захиаг бид уншигчдадаа бүрэн эхээр нь дэлгэж байна. Эмч, эмнэлгийн ажилтнууд нь захирлынхаа хувийн зан байдлаас болоод нэр усаа нууцалж байгаа аж. Тэд эмнэлэгтээ бугшсан “идээ бээрийг” илчлэхдээ баримтад 100 хувь тулгуурласан гэдгээ онцолж байна. Уг захидлын агуулгад “Д.Нямхүү захирлын шударга бус үйлдэл хэрээс хэтэрч, бүр даварч байна. Тиймээс бид энэ байгууллагад өрнөж буй үйл явдлыг зориглон хэлэхээр шийдсэн юм. Манай захирал хаанаас, яаж мөнгө “сааж”, хувьдаа завших, хэнийг дарамталж эрхэндээ оруулах, хууль бус үйлдлүүдээ хэрхэн далдлах аргад суралцсан нэгэн. Шалгалтынхныг ирэхэд архидуулж, арга саам хайж байгаад аргалчихдаг. Долоо хоногийн 1-2 өдөр нь ажилдаа ирэхдээ үдээс хойш морилж, өрөө тасалгаагаа тойрон хүрээлдэг олон “хүүхэлдэйтэйгээ” архидан согтуурч, хов живээр ажлаа явуулж, хамт олноо бутаргаж байна. Манай байгууллага 700 гаруй ажилтантай.

Гэтэл 2014 оны арванхоёрдугаар сарын 23-нд шинэ жил тэмдэглэх нэрийдлээр нэг хүнээс 95 мянган төгрөг татсан хэрнээ цаад байгууллагатайгаа нэг хүнийг 60 мянган төгрөгөөр тооцон, дундаас нь 24.5 сая төгрөг завшсан. Тэтгэвэрт суух нас нь аль хэдийнэ болчихсон хэдэн арван хүнийг өөрийнхөө ивээлдээ байлган, хууль зөрчин ажиллуулсаар байна. Тухайлбал, халдварт өвчний тандалт судалгаа эрхэлсэн дэд захирал Г.Сүрэнхандын нас 60 хол давсан байх жишээтэй. Мөн эмч, ажилтнуудын эрх ашгийг хамгаалах үүрэгтэй Үйлдвэрчний хорооны ажилд шууд оролцож, удирдлагаа эсэргүүцсэн эмч, ажилтнуудаа өрөөндөө дуудан, дарамталж, айлган сүрдүүлдэг нь төрийн албан хаагчийн ёс зүйд нийцэх үү. Дээрээс нь эмэгтэй ажилчдаа “хоргоож”, бэлгийн харилцаанд орохыг шаардан, эсэргүүцсэн нэгнийг доромжилж, хална солино гэж сүрдүүлдэг. Байгууллагын ерөнхий нягтлан Д.Алтанхуягийг дарамталж, өөрийн “явалддаг” ажилтан болох Б.Нарангаравын дансанд 2014 оны сүүлчээр гурван сая төгрөг шилжүүлүүлсэн. Нийгмийн эрүүл мэндийн сурталчилгаанд зориулсан таван сая төгрөгийг хувьдаа завшсан. Иймээс энд бичсэн зүйлүүдийг шалгах эрх бүхий албан тушаалтныг томилж өгөхийг хүсэж байна” хэмээн өгүүлжээ. Тэдний гол зорилго энэ хүнийг албан тушаалаас нь чөлөөлүүлэхдээ биш аж. Улс орны эрх ашиг хөндөгдөн, ард иргэдэд үзүүлэх эмнэлгийн тусламж, үйлчилгээ доголдож, эмнэлгийн байгууллагууд албан тушаал, авлига хээл хахуульд өртсөнийг харуулахыг зорьсон гэдгээ хэлж байна. Баттай эх сурвалжийн мэдээлснээр энэхүү захидлыг бичихээр шийдсэн, захирлынхаа хууль бус үйлдлийг эсэргүүцэн нэгдсэн 20 гаруй эмч, ажилтан байгаа аж. Тэд шүүхийн өмнө очсон ч үнэний талд зогсох баримт хангалттай гэдгээ хэлсэн юм. Г.Шийлэгдамба сайд тэдний захидалд хариу өгөх нь битгий хэл ЭМСЯ-ны Төрийн захиргаа удирдлагын газраас эмч нарын гаргасан гомдлыг эзэн “биегүй” гэж үзэн энэ сарын 9-нд хаажээ.

Тодруулбал, буцаад холбоо барих утас, хаяггүй гэсэн шалтгаанаар хаасан гэнэ. Эмч нарын “илчилсэн” мэдээлэл ийм ноцтой байхад шалгах үүрэг өгсөн ч болох байсан биз ээ. Харин эмч нар тэмцлээ үргэлжлүүлэн УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү гишүүнд хандахаар төлөвлөж буй аж. “Хэрвээ Д.Нямхүү захирал нэр төрөө сэргээлгэх нэрийдлээр хуулийн байгууллагад хандвал бидэнд илүү ашигтай байх болно” гэж эмч нар үзэж байна. Энэ талаар Д.Нямхүү захирлаас тодруулах гэсэн боловч холбогдож чадсангүй. Тэрбээр “Монголын мэдээ” сонины өчигдрийн дугаарт өөрийн байр сууриа илэрхийлжээ. “Тийм мэдээлэл гарсан гэж сонсоогүй. Үнэхээр мөнгө төгрөг завшсан бол хууль хяналтын байгууллагад хандаад шалгуулж болно. Хоосон, хий үзэгдэл шиг “амаараа” ажилладаг байж болохгүй шүү дээ. Эцэст нь хэлэхэд, хүнийг хэвлэл мэдээллээр гүтгэж, нэр төрд нь халдах бус эхлээд хууль хяналтынхнаар шалгуулж, гэмт буруутай, эсэхийг нь тогтоолгочихоод дараа нь ингэж ярих хэрэгтэй” гэсэн байв. Уг нь ХӨСҮТ улсын хэмжээнд халдварт өвчнийг эрт илрүүлэх, оношлох, эмчлэх, урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ шуурхай авах, бэлэн байдлыг ханган ажилладаг, нийгмийн эрүүл мэнд, эмнэлгийн тусламж, үйлчилгээг хүн амд тэгш, хүртээмжтэй үзүүлэх учиртай онцгой объект. Хууль хяналтынхан учрыг олж, хужрыг даруй тунгаахгүй бол ХӨСҮТ-ийн дарга, ажилтнуудыг ийн “байлдаж” байх зуур өнөөх эбола хаалга тогшоод ороод ирэх вий. Уг нь өдийд тус төвийн эмч, удирдлагууд хоорондоо юун ам муруйх манатай, завгүй л сууж баймаарсан.

Б.ОРГИЛ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.