Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ТҮМЭНЦОГТЫНХОН ГАЗАР ТАРИАЛАНГАА СЭРГЭЭЖ БАЙНА

Сүхбаатар аймгаас УИХ-д сонгогдсон Мөнхчулууны Зоригт жилдээ нэгээс хоёр удаа тойргынхоо бүх сум, багаар тойрч, иргэд, сонгогчидтойгоо уулздаг. 2014 оны ирцээр тойрогтоо хамгийн их ажилласан гишүүнээр тодорсон тэрбээр энэ сарын 15-ны өдрөөс тойрогтоо ажиллаж байна. Эхний зогсоол Түмэнцогт сум байлаа. Өмнөх нийгмийн үед аймгийнхаа хүнсний ногооны хэрэгцээг бүрэн хангаж байсан тус сум сүүлийн хорин жил тасалдаад байсан газар тариалангаа сэргээж, тариалан эрхлэхийг хүссэн иргэд, аж ахуйн нэгжүүдэд газраа дуудлага худалдаагаар эзэмшүүлж, орлогыг Орон нутгийн хөгжлийн санд төвлөрүүлэх болсноор төсвийн орлогын алдагдлаа нөхөж, цөөнгүй тооны ажлын түр байр бий болгож чадсан байна. Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийг иргэдийнхээ саналыг эрэмбэлэн зарцуулахын зэрэгцээ буцалтгүй тусламжаар гэр олгох өрхүүдийг сонгохдоо ч Иргэдийн нийтийн хурлаараа хэлэлцэж олгодог байна. Мөн захиргааныхаа өрөөнүүдийг шилэн хана, хаалгатай болгосон нь хэн хэрхэн ажиллаж байгаа нь иргэддээ нээлттэй харагдах нөхцөлийг бүрдүүлжээ. Энэ мэт жижиг гэлтгүй туршлагыг нь сайшааж, бусад сумдад хэрэгжүүлэх хэрэгтэй гэж үзэж байгаагаа М.Зоригт гишүүн илэрхийллээ.
Түмэнцогт сумын хувьд жилийн жилд түймэрт өртдөг нь хамгийн том бэрхшээл байдаг. Түймэр гарсан тохиолдолд гал унтраах зориулалтын багаж хэрэсэл гэх юмгүй хэдэн хүн дайчилдаг нь үр дүн муутай байдаг, тэдний томилолтын зардалд жилдээ багагүй мөнгө зарцуулагддаг, энэ мөнгөөр хүчин чадал сайтай гал унтраах аппарат худалдаж авах нь илүү үр дүнтэй байж болох талаар санал дэвшүүлж байлаа. Мөн есөн жил ашигласан эмнэлгийн машин нь эвдэрч муудсан тул солих шаардагатай байгааг, мөн Түмэнцогтоос Баруун-Урт хүртэлх замын трансыг хийлгэх хөрөнгийг шийдвэрлүүлэх талаар анхаарахыг УИХ-ын гишүүнээс хүслээ. Түүнчлэн олон жил хэл ам дагуулсан эрчим хүчнийхээ асуудлыг шийдвэрлэхээр трансорматорынхаа хүчин чадлыг нэмэгдүүлсэн ч ахиц гарсангүй. Энэ нь сумын ойролцоо орших “Монгол жюн жү” жоншны уурхайтай холбоотой гэнэ. Тус уурхай Түмэнцогт, Бэрхийн уурхайн хооронд татсан шугамаас салаалан эрчим хүчинд холбогдсоноор шугамын хүчийг бууруулж, тасалдуулахад хүргэжээ. 
УИХ-ын гишүүн М.Зоригт “Монгол жюн жү” уурхайн үйл ажиллагаатай танилцсан юм. 2006 оноос 100 хувь Хятадуудын мэдэлд шилжсэн тус уурхай хэдий хэмжээний жонш олборлодог, үүнээсээ хэдэн хувийг нь экспортолдог, хэдэн хувийг дотооддоо нийлүүлдэг вэ, сум орон нутаг болон улсад хэдий хэмжээний татвар төлдөг вэ гэхчлэн мэдээлэл авах гэсэн ч тодорхой мэдээлэл өгсөнгүй, тамга тэмдэг, тайлан баланс, санхүүгийн баримтууд Улаанбаатарт байгаа гэсэн тайлбар өгч байв. Уурхайн удирдлагуудтай уулзах үеэр Түмэнцогт сумын удирдлага болон 2-р багийн иргэд байлцаж, санал хүсэлтээ илэрхийлсэн юм. Тэд жилдээ тэрбумаас дээш төгрөгийн борлуулалттай тус уурхай ажилчдынхаа нийгмийн даатгалын шимтгэл болон орлогын албан татвараа төлөөгүй, сумын иргэд болон мал ундалдаг худгийн усанд түлш асгаж бохирдуулсан, бүтээгдэхүүнээ даац хэтрүүлэн ачуулж, зам эвдэж байгаа, гадаад ажилчдын квотыг хэтрүүлсэн ч квотын төлбөрөө төлөөгүй, нийгмийн хариуцлагын хүрээнд хийж буй ажил нь цагаан сараар 25 ахмадад бэлэг өгөхөөс хэтэрдэггүй гэхчлэн уурхайтай холбоотой асуудлуудыг тавьж байв. УИХ-ын гишүүн М.Зоригт уурхайн удирдлагад эдгээр зөрчлөө шийдвэрлэхийг анхааруулж, орон нутгийн удирдлага, болон байгаль орчны байцаагч мөн 2-р багийн иргэдээс үйл ажиллагаа явуулахыг нь зөвшөөртөл уурхайг хаахыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт үүрэгдлээ.

 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.