Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Автобусны жолоочийг есөн жил хорихоор болов

Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг, Баяндавааны адагт орон нутагт нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлдэг “Дайчин сүх” компанийн эзэмшлийн 05-22 СҮА улсын дугаартай “Хьюндай Аэробус” маркийн автобус өнгөрсөн оны зургадугаар сарын 21-нд онхолдсон. Автобусанд 40 гаруй хүн зорчиж явсан бөгөөд ослын улмаас долоон хүн амь насаа алдаж, есөн иргэн хүнд, 13 хүн хүндэвтэр, 15 хүн хөнгөн гэмтсэн юм. Мөн “Дайчин сүх” компанийн автобус дахиж ашиглах  боломжгүй болтлоо эвдэрч, 36.4 сая төгрөгийн хохирол компанид учирсан юм. Тухайн үед автобусын С.Болдбаатар гэх хүн жолоодож явсан. Түүнийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам, Замын хөдөлгөөний дүрмийн “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөн хэмээн Тээврийн прокурорын газраас үзэж Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн дөрөв дэх хэсэгт заасан “Жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас хоёр ба түүнээс дээш хүний амь нас хохирсон бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг таван жил хүртэл хугацаагаар хасч, таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлджээ.Уг хэргийг Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны II шүүхэд хэлэлцээд шүүгдэгч С.Болдбаатарыг чанга дэглэмтэй хорих ангид есөн жил хорих ялаар шийтгэлээ. С.Болдбаатар нь өмнө өөр нэгэн нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлэгч компанид автобус жолоодож байхдаа хүн гэмтээсэн хэргээр ял шийтгүүлж байсан нэгэн.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.