Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ЮУН БӨӨС…

 

Нийгмийн халдварт өвчин хэмээн нэгэн үе нэрлэж байсан бөөс 2000-аад оны эхэн үеэс бүр мөсөн алга болж, сүүлийн хорь гаруй жил бид энэ шавьжийг умартжээ. Бөөс ор мөргүй алга болсныг иргэд зах зээлийн нийгэмд шилжин, хувийн ариун цэвэр сайжирсантай холбон тайлбарладаг. Тэгвэл ноднин жилээс эхлэн сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийн дунд бөөс алаг цоог тархаж, өдгөө нийгмийн анхаарах ёстой асуудал болчихлоо. Оны өмнө нийслэлийн 149, 162, 82 дугаар цэцэрлэгийн ахлах, дунд ангийн хэсэг хүүхдийн толгой бөөстөж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр нэлээн шуугисан. Орон нутагт ч ялгаагүй, Дорноговь, Төв, Хэнтий аймгийн цэцэрлэгийн хүүхдүүд бөөстсөн талаар мэдээлж байв. Тэгвэл шинэ оны эхний сард ч энэ асуудал намжсангүй. Хэдхэн хоногийн өмнө Ховд аймгийн төвийн зарим цэцэрлэгийн 3-5 насны хүүхдийн толгой бөөстөж байгаа тухай гомдол эцэг эхчүүдээс багш нарт ирэх болжээ.

“Хятадаас оруулж ирж буй үсний төрөл бүрийн боолт, хавчаараас бөөстөж байна” гэж цэцэрлэгийн багш нар нь эцэг эхчүүдэд хэлсэн байна. Гэхдээ тэр нь хүмүүсийн мэддэг бөөснөөс өөр, хар өнгөтэй, үсэрдэг, хурдан хөдөлгөөнтэй, баригддаггүй, устдаггүй гэнэ. Ямар ч угаалгын бодисоор угааж цэвэрлээд устахгүй байгаа аж. Бөөс гэж андуурахаар энэ халдварт шавьж чухам ямар гаралтай, юунд устдаг, яаж сэргийлэхийг эцэг эхчүүд мэдэхийг хүсэж байгаагаа бидэнд уламжилсан юм. Энэ дагуу Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Эрүүл мэнд, боловсрол, соёл, шинжлэх ухааны хяналтын газрынхантай уулзлаа. Газрын дарга нь өвчтэй байгаа, мэддэг ганц мэргэжилтэн нь ажлаа аваад хоёр сар болж буйгаа учирлаад ерөнхий мэдээлэл л өгсөн. “Төв, Хэнтий аймгийн цэцэрлэгийн хүүхдүүдийн толгойноос бөөс илэрсэн гэсэн мэдээллийн дагуу Хэнтийд шалгалт явуулсан. Хүүхдүүдээс ямар ч бөөс илрээгүй. Харин Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газарт зөвлөмж хүргүүлж, шалгалт явуулахыг үүрэгдсэн. Хариу нь ирэх долоо хоногоос тодорхой болно.

Эцэг, эхчүүдийн яриад байгаа бөөс бол толгойных. Энэ бол ариун цэвэр, халдвар хамгааллын дэглэм алдагдсантай холбоотой. Хэрвээ ЭМСЯ холбогдох байгууллагуудад үүрэг чиглэл өгвөл хамтран шалгалт хийж болно. Тэрнээс биш манайх тэр бөөсний үүсгэгчийг шинжлэх, юунаас болж ингэж газар аваад байгааг шалгах үүрэггүй” гэсэн юм. Тэднээс Дорноговь, Ховд аймагт хүүхдүүд бөөстсөн талаар лавлахад ямар ч мэдээлэл МХЕГ-т алга байв. “Хүүхдүүд бөөстсөн тухай мэдээллийг нийслэлийн Эрүүл мэндийн газарт бүртгэсэн байж магадгүй. Тэднийхээс асуу” гэсний дагуу НЭМГ-аас тодруулахад “Манайд тийм мэдээлэл байхгүй. ЭМСЯ-аас лавла” гэсэн юм. Харамсалтай нь салбарын яаманд ч энэ талаарх мэдээлэл байсангүй. Мэргэжлийн байгууллагууд асуудлыг энэ мэтчилэн бие бие рүүгээ бухаж, чулуу хөөлгөв. Уг нь МХЕГ энэ асуудлыг хамгийн сайн мэдэж, шийдвэрлэх учиртай. Гэтэл “Наадах чинь цэцэрлэг болон гэр орны хувийн ариун цэвэртэй холбоотой” гээд нүдэн балай, чихэн дүлий сууж боломгүй санагдана. Нэг ёсондоо мэргэжлийн хяналтынхан тэр өчүүхэн шавьжны учрыг олж чадахгүйдээ биш, олохыг хүсэхгүй байгаад л асуудлын гол нь байна. Гэтэл хот, хөдөөгүй бөөс, хуурсны сам сурагласан хүмүүс бий болсныг юу гэж ойлгох вэ.

Орон нутгийн зарим бизнесмэн Эрээн, Замын-Үүдээс хэдэн мянган ширхгээр нь бөөс, хуурсны сам оруулж ирж байна, цаана чинь. Бизнесмэнүүд хэзээ ч ашиггүй наймаа хийдэггүй. Энэ нь юуг хэлээд байна вэ гэхээр монголчууд яалт ч үгүй бөөстжээ. Эцэг эхчүүд ч гэсэн бөөсний талаар янз бүрийн таамаг дэвшүүлж, “Хятадын үсний резин, боолтоос халдварлаж байна, хятадууд биднийг бөөстүүлж устгахаар шийдсэн бололтой. Энэ бол бидний мэдэх бөөс биш. Халдварт өвчин” гэцгээж байна. Харин эмч нар “Бөөс амьд организмаар тэжээгддэг тул үсний боолтоор дамжин халдварлах ямар ч боломжгүй” гэж байгаа. Тэгэхээр МХЕГ-ынхны хэлснээр хот, хөдөөгийн цэцэрлэгүүд болон хувь хүмүүсийн ариун цэврийн дэглэм ихэд алдагдаж буй бололтой. Иргэдийг ингэтлээ хэлж яриад байхад ЭМСЯ, МХЕГ-ын аль нь ч тоохгүй, өнөөг хүртэл олны яриаг намжаах гэж оролдоогүй, үнэн бодит мэдээлэл өгөөгүй. Тэд өөрсдөө ч үзэж хараагүй хэрнээ тэр шавьжийг ариун цэвэртэй холбоотой гэж итгэсэн бололтой. ЭМСЯ, МХЕГ-т бөөс жижигдээд байгаа юм болов уу. Том асуудал шалгадаг, шийддэг байгууллагуудад тэр жижигхээн шавьж юу ч биш үү. Цаст уулын цагаан арслан цагаа ирэхээр өчүүхэн шоргоолжид бариулдаг бус уу. Монгол даяараа бөөсөнд бариулчихмааргүй л байх юм. Ард иргэдийн хувьд энэ бөөс үнэндээ арслангаас ч том асуудал болчихоод байна. Дорноговь, Замын-Үүд зэрэг урд бүсийн, хил залгаа газарт энэ шавьж тархаад байгаа нь асуудал мөн үү, гэвэл тийм. Баруун аймагт хүртэл бөөс “зочилчихоод” байхад учрыг олж, хужрыг тунгаахгүй байгаа нь гайхмаар. Ёстой л нөгөө юун бөөстэй, манатай л болоод байх шиг байна.

О.БАТ-УНДРАХ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.