Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Академич Д.Цэрэнсодном “Алтан медаль” хүртсэн хоёр дахь монгол эрдэмтэн боллоо

Шинжлэх ухааны академийн Хэл зохиолын хүрээлэнгийн Монголын нууц товчоо судлалын төвийн захирал, академич Д.Цэрэнсодномыг Олон улсын Алтай судлалын байнгын бага хурлаас алтан медалиар шагналаа. Шагналыг өнөөдөр Германы монгол судлаач Оливер Корфф гардуулж  өгсөн юм.

Энэхүү дэлхийн хэмжээний нэр хүндтэй шагналыг өмнө нь 1965 онд Бямбын Ринченд олгож байсан бөгөөд энэ удаа академич Д.Цэрэнсодном шагнагдаж байгаа нь хоёр дахь монгол эрдэмтэн болж байна.

Германы монгол судлаач Оливер Корфф “Олон улсын Алтай судлалын байнгын бага хурал ( PIAC)-ын алтан медалийг 1963 онд Бельгийн Монголч эрдэмтэн Антоон Мостартад анх гардуулсан байдаг. Үүнээс хойш жил бүр Алтай судлалд өндөр хувь нэмэр оруулсан олон улсын нэр хүндтэй эрдэмтдэд уг шагналыг олгож эхэлсэн. Энэхүү шагналыг 1964 онд Германы эрдэмтэн Э.Хэйниш, 1966 онд Унгарын эрдэмтэн Гюла Немет, 1970 онд Америкийн эрдэмтэн Н.Поппе нараас эхлээд О.Латтимор (1974), В.Хайссиг, Дэнис Синор (1982 ) зэрэг 49 эрдэмтэн хүртээд байна ” гэлээ.

Академич Д.Цэрэнсодном:  

“Маш их урам хайрласан шагнал гэж ойлгож байна. 1965 онд Бямбын Ринчен Олон улсын Алтай судлалын байнгын бага хурлын гурав дахь шагналыг авч шөвгөрсөн. Энэхүү шагналыг үүнээс хойш 50 жилийн дараа монгол хүнд өгч байгаад их баярлаж, бэлгэшээж байна. Германы агуу их эрдэмтэн профессор Э.Хэйнишийг нас барсны дараа түүний ширээн дээр жил зургаан сар сууж Турфанийг судалж байсан. Энэ мөн их бэлгэ дэмбэрэлтэй юм. Э.Хэйниш гуай нууц товчооны судалгааг бүрэн хийсэн хүн. Тэрээр мөн Турфаний цуглуулгын хувьд дэлхийн эрдэмтдийн замыг засаж, мөрийг нь гаргаж өгсөн.

Бямбын Ринчен гуай дэлхийн хэмжээний том эрдэмтэн. Түүний нөмөр нөөлөг, алсын тусгалаар энэхүү шагналыг авч байна. Энэ жил түүний мэндэлсний 110 жилий ой болно. Олон улсын Алтай судлалын байнгын бага хурлаас олгодог энэ шагнал өнөө үеийн монгол судлал, тэр тусмаа монгол орон дахь монгол судлалыг өндрөөр үнэлж байгаа хэрэг юм” гэж ярилаа.

-Турфаны тасархайг судлаад шинжлэх ухааны нээлт хийж байсан. Энэ тухайгаа ярихгүй юу?

-Турфаны нээлт гэдэг бол агуу их зүйл юм. Турфан одоогийн БНХАУ-ын баруун хойд Уйгар Шинжааны нутагт Германы шинжилгээний ангийхан гурван жил малтлага хийгээд хуучин булагдсан номын сангийн дээрээс асар их зүйлийг олсон.

Үүнээс 56 тасархай хуудас байдаг. Үүнийг Э.Хэйниш профессор зэрэг олон эрдэмтэн судалж байсан. Э.Хэйниш гуайг нас барахад Германд намайг урьж аваачсан. Тэгээд Германы эрдэмтэдтэй ажиллаад турфаны монгол бичиг гэсэн хамтын бүтээл гаргасан. Энэ ном ямар номын тасархай вэ гэдгийг нь эх бичвэр, бичвэр судлалын үүднээс тогтоосон. Үүн дээр тухайн үедээ Хятад, Япон, Герман зэрэг олон хэлээр шүүмж, тайлбар гарч байсан. 14 дүгээр зууны үед Монголчууд өөрийнхөө төрөлх хэлээр Буддын шашны ном зохиол орчуулахаас гадна, энэ ном зохиолыг эх хэлээрээ туурвиж, барлаж, хэвлэж байсан гэдгийг энэ үед анх удаа хэлсэн. Үүгээрээ шинэлэг ажил болсон. Тийм ч учраас олон улсад энэ бүтээлийг үнэлсэн.

Д.Цэрэнсодном 1962 оноос эхлэн ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнд эрдэм шинжилгээний дэд ахлах, тэргүүлэх ажилтан, секторын эрхлэгч, төвийн захирлаар ажиллаж байна.

Өнгөрсөн хугацаанд XIV зууны үеийн Чойжи-Одсэр, Монгол шүлгийн онол, түүхийн зарим асуудалд, Турфаны цуглуулгын монгол бичгийн дурсгал зэрэг судалгааны ганц сэдэвт зохиол, их дээд сургуулийн сурах бичиг тэргүүтэй 20 гаруй ном зохиол туурвижээ.

Түүний бүтээл, өгүүллүүд Англи, Герман, Орос, Монгол, Солонгос, Унгар, Хятад, Япон хэлээр орчуулагдсан байна.

М.Болорцэцэг

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.