Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ЧОЙЖИН ЛАМЫН СҮМ МУЗЕЙ АНХНЫ ЗАРГАА АВЛАА

Чойжин ламын сүм музейг түүх, соёлын хосгүй дурсгал хэмээн олон нийт төдийгүй соёлын салбарынхан хүлээн зөвшөөрдөг хэрнээ эргэн тойрныхоо өндөр барилгуудад сүр бараагаа даруулж, хамгаалалтын бүсээсээ хумслуулж байхад нь харьяалах яам, өмгөөлөх ёстой Төрөөс нь ямар ч арга хэмжээ авалгүй өдий хүрсэн юм. Харин музейн удирдлага болон ажилтнууд газрын асуудлаа шийдүүлэхээр шат шатны төрийн байгууллагад өргөдөл өгч, шүүхэд нэхэмжлэл гаргаж явсаар таван жилийг ардаа үджээ. Уг нь тус музейн хамгаалалтын бүсийг хоёр га газар байхаар заасан ч 2001 онд гаргасан Засгийн газрын тогтоол 2010 онд хэрэгжиж, газрын гэрчилгээ, кадастрын зурагтай болсон юм. Нийслэлийн Засаг даргын 2000 оны нэгдүгээр сарын 24-ний захирамжаар Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороо буюу Чойжин ламын сүм музейн хамгаалалтын бүсэд 0.36 га газрыг хоёр жилийн хугацаатай, амины орон сууцны зориулалтаар иргэн Д.Эрдэнэбилэг, Ш.Төмөрбаатар, Д.Авирмэд, Д.Баатарсүрэн нарт ашиглуулахаар болсон байдаг. Засаг дарга найман сарын дараа энэ шийдвэрээ хүчингүй болгосон ч тухайн газарт баригдсан барилга өдий хүртэл байсаар байна. Иргэн Ш.Баярсайханы эзэмшлийнх болж өөрчлөгдсөн, улаан тоосгон, нэг давхар байшин Чойжин ламын сүм музейн ямпай (халхавч) хаалганы урд талд бий. Гэвч энэ байшин үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээтэй учраас музейн удирдлагууд албадан нураалгах эрхгүй байсан юм. Угтаа бол газрын гэрчилгээнд үндэслэн Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргуулах ёстой байтал зөвшөөрөл нь хүчингүй болсон газарт хэрхэн барилга барьж, УБЕГ-аас гэрчилгээ авсан нь сонирхолтой. Энэ хууль бус үйл ажиллагааны тухай тус музейнхэн 2010 оноос хойш харьяа яамандаа мэдэгдэж, МХЕГ-аар шалгуулж, нийслэлийн ЗДТГ-т өргөдөл явуулаад эцэст нь Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхээс 2014 оны арванхоёрдугаар сарын 23-нд тус барилгын үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийг хүчингүй болгох шийдвэр гаргажээ. Ийнхүү таван жилийн дараа Чойжин ламын сүм музейнхэн заргаа авч, хамгаалалтын бүсдээ баригдсан хувийн сууцыг албадан нураалгах эрхтэй боллоо.

МАРГААН ҮҮГЭЭР ДУУССАНГҮЙ

Хотын төвд байрлалтай түүх, соёлын хосгүй үнэт өв сэтгэлгүй, харалган хүмүүсийн балгаар хэрхэн сүйдэж болох аюултайг бодитоор харуулж байгаа Чойжин ламын сүм музейд тулгарсан бэрхшээл үүгээр дууссангүй. Одоо тэд өөр хоёр ч зарга мэдүүлэн, шүүхийн шатанд шилжүүлээд байгаа юм. 2007 онд тус музейг удирдаж байсан Х.Пүрэвтогтох, Д.Пүрэвжаргал нар “Чоно” групптэй гэрээ байгуулж, музейн хамгаалалтын бүсийг тус компанид зогсоолын зориулалтаар ашиглуулахаар болжээ. Тэгэхдээ дуусах хугацаагүй, хэт нэг талыг барьсан гэрээ байгуулснаар музейн хэрмэн хашаа эвдэрч, гэмтсэн байна. Музейн захирал Д.Отгонсүрэн хамтран ажиллах энэ гэрээг цуцлуулахаар “Чоно” ХХК-д олон удаа албан бичиг өгсөн ч тэд татгалзсаар байсан тул арга буюу шүүхэд нэхэмжлэл гаргасан аж. Гэтэл нэхэмжлэлийн хариуцагчаар татагдсан “Чоно” ХХК албан ёсны хаягтаа байрладаггүйн улмаас Хан-Уул дүүргийн шүүхэд гаргасан нэхэмжлэл нь буцаагдаж, дараа нь Сүхбаатар дүүргийн шүүхэд очиж, дамжин явсаар Дүүргийн иргэний хэргийн анхан шатны хоёрдугаар шүүхэд арайхийн шилжиж, өнөөдөр шүүх хурал болохоор товлогджээ. Чойжин ламын сүм музейн газрыг автомашины зогсоолын зориулалтаар ашигласнаар хэрмэн хашааны хадгалалт, хамгаалалтад сөргөөр нөлөөлж буйг шинжээчид тогтоогоод байгаа юм. Энэ хэрмэн хашааг нэн ховор хөх тоосгоор барьсан учраас нөхөн сэргээх боломж тун ховор. Тиймээс автомашины зогсоол болгосон талбайг яаралтай чөлөөлөх шаардлагатай аж.

ХАЯА ДЭРЛЭСЭН БАРИЛГЫН АЮУЛ

Хэдэн талаасаа хашигдаж, харагдахаа болих шахаад байгаа, 100 гаруй жилийн түүхтэй музейн барилгатай хаяа дэрлэн нэгэн шинэ барилга сүндэрлэж байна. Музейн зүүн талын хаалгатай тулган барьж буй үйлчилгээ, оффисын зориулалттай 14 давхар байшин болон газрыг иргэн Б.Батзориг эзэмшдэг аж. Түүнд газар олгохдоо 199 ам метр талбайг музейн хамгаалалтын бүстэй давхцуулж олгосноор үл ойлголцол үүссэн байна. Газар эзэмшүүлэх эрх олгосон Нийслэлийн Засаг даргын захирамжийг хүчингүй болгуулахаар Чойжин ламын сүм музейнхэн Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Газар давхцуулан олгосон тухай шинжээчийн анхны дүгнэлт өнгөрсөн оны есдүгээр сард гарсан юм билээ. Чойжин ламын сүм музейнхэн хамгаалалтын бүс дэх газрынхаа гэрчилгээг 2010 онд буюу Засгийн газрын тогтоол гарснаас хойш есөн жилийн дараа авсан нь иргэн Б.Батзоригт олз болоод байгаа юм билээ. Тэрбээр энэ нөхцөл байдлаар далимдуулж шүүхийн нэхэмжлэл хүлээн авахаас татгалзаад байгаа аж. Гэтэл энэ зуны турш тус барилга баригдах явцад музейн хашаанд хөрөө, том чулуу, барилгын шавар, торон хаалт зэрэг зүйлс унаж ирсээр байсан гэнэ. Музейн ажилтнууд тухай бүрт нь гэрэл зураг авч баталгаажуулсан юм билээ. Олон нийтэд үйлчилж, гадаад, дотоодын жуулчдыг “цуглуулдаг” энэ музейн дээрээс байнга барилгын хог хаягдал унах болсон нь бас нэг том аюул. Барилгын аюулгүй байдал, стандарт алдагдсанаас монгол хүний эрдэнэт амь эрсэдсэн аймшигтай жишээг бид сүүлийн хэдэн жилд хангалттай сонссон. Тэгвэл муугаар бодвол Монгол Улстай танилцахаар ирсэн жуулчин музейн хашаанд гэмтэж бэртэж болзошгүйд санаа зовохгүй байхын аргагүй. Гаднын улс орны жишиг ярих дуртай манай төрийн “томчууд” бусад улс түүх соёлын дурсгалт газрынхаа хамгаалалтын бүсийг хэрхэн тогтоодог тухай судалж, үзсэн байж таарна. Тэгвэл XX зууны Монголын уран барилга, уран зургийн давтагдашгүй цогцолбор болсон Чойжин ламын сүм музейн хашаанаас нэг метр гаруй зайтай барилгын ажил явагдаж, түүнийх нь балгаар музейн хашаа нурж, сүйдэж байна. Цаашдаа энэ өндөр байшингийн цонхоор хэн нэгэн санамсаргүйгээр ямар нэг зүйл унагахад л сүмийн дээврийг цоолж, эсвэл гал түймэр гаргаж мэднэ. Модон хийцтэй эдгээр сүмд гал гарах аюултай нь хэдийнэ тогтоогдож, цахилгааны тусгай монтаж хийж аюулаас аврагдаж байсан юм. Хувьсгалт тэмцэл, үймээн самуун, шашны эсрэг төрийн үзэл суртлыг даван бидний үед ирсэн өв соёлоо ийнхүү хөсөр хаяж, хүнийрхүү сэтгэлээр хандвал ирээдүй хойчдоо бид юу үлдээх билээ. Аялал жуулчлалын салбараа хөгжүүлж, жилдээ хоёр сая жуулчин хүлээн авдаг болно гэсэн мөрөөдөл тээн ажиллаж байгаа Нийслэлийн Засаг дарга ч нэгийг бодмоор.

МУЗЕЙН АЖИЛТНУУД ДАВХАР АЖИЛ ХИЙЖ БАЙНА

Монголын уран барилга, уран зургийн дахин давтагдашгүй цогцолбор бүтээлийн нэг нь Чойжин ламын сүм юм. Энэ сүмийг 1904-1908 онд Чойжин лам Лувсанхайдав, Богдын их шавь ард олны өглөг барьцаар Их хүрээний нэрт уран барилгач Омбо ламын удирдлагаар Монголын шилдэг 300 гаруй урчууд бүтээжээ. Сүмийн үйл ажиллагаа 1938 онд хаагдаж, 1942 оноос эхлэн гадаад, дотоодын зочид төлөөлөгчдөд тусгай зөвшөөрлөөр үзүүлэх шашны музей, 1960-1961 онд улсын хөрөнгөөр сэргээн засварлаж, олон нийтэд үйлчлэх музей болгон өргөжүүлсэн түүхтэй. Энэ музейн таван сүмд Монгол орны түүх, соёлын өв, шашны уламжлалт зан заншлыг илэрхийлсэн 6000 гаруй үзмэр, түүний дотор Өндөр гэгээн Занабазарын урласан гайхамшигт сонгодог бүтээлүүд хадгалагддаг юм. Музейн ажилтан болон удирдлагууд эдгээр өв соёлоо зүй зохистой хадгалж, олон нийтэд үзүүлж, сурталчлан таниулж, судалгаа шинжилгээ хийх ёстой боловч өдгөө газрын маргаантай асуудал шийдэгдэхгүй, музейн барилгад аюул учирч байгаагаас болж нэг хүн олон ажил давхардуулан хийж байгаа гэнэ. Тэд бүх нөөц бололцоогоо ашиглан өв соёлоо хамгаалж байгаа боловч, мөнгөтэй, эрх мэдэлтэй эрхмүүдийн дарамт шахалтыг мэдэрч, нэлээд бэрхшээл туулж буйгаа ч бидэнд хэлсэн юм.

Ж.СОЛОНГО

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.