Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“БҮГДИЙГ ӨРШӨӨСӨН”

 

Энэ сарын 7-нд хэт үзэлтнүүдийн халдлагад өртсөн Францын “Шарли Эбдо” сэтгүүлийнхэн эрхлэгчээсээ гадна хэд хэдэн сэтгүүлч, редактор, зураачдаа алан хядагчдын гарт алдсан. Гэхдээ “Сэтгүүлээ урьдын адил гаргана, тэнэгүүдэд бууж өгөхгүй” гэж мэдэгдсэн ёсоороо шинэ дугаараа маргааш хэвлэхээр болжээ. Шинэ дугаарын нүүрэнд “Би ч бас Шарли” гэсэн бичиг барьсан, нулимс унагаж буй зөнч Мухамедийг дүрсэлсэн байна. Харин зөнчийн дээхнэ талд “Бүгдийг өршөөсөн” гэж бичжээ. Энэ үг нэг талаар наргиа хэдий ч, нөгөө талаар үзэн ядалтыг дэвэргэж болохгүй гэсэн санаа агуулсан гэж сэтгүүлийнхэн ярьсан байна. Сэтгүүлийн хөрөнгө оруулагч Эрик Портогийн хэлснээр цаашид зөвхөн “Шарли Эбдо”-гийн үндсэн ажилтнууд сэтгүүлээ эрхлэн гаргах гэнэ. “Хамтран ажиллах, шог зураг зурж өгөх санал олон хүнээс ирсэн. Гэхдээ амь үрэгдсэн хамтран зүтгэгчдээ бодож, сэтгүүлийнхээ нэр хүндийг алдахгүйн тулд хэний ч тусламж авахгүй” гэж тэрбээр ярьжээ. Ердийн үед долоо хоногт 60 мянган хувь зарагддаг “Шарли Эбдо”-гийн шинэ дугаар гурван сая гаруй хувь хэвлэгдэх аж. Уг сэтгүүлийн газраас гадна их дэлгүүр, цагдаагийн газарт болсон халдлагын улмаас нийт 17 хүн нас барсан юм. Алан хядагчдыг цагдаа нар хэргийн газарт хороосон ч хэт үзэлтнүүд Францын нутагт дахин хэдийд ч халдлага үйлдэж магадгүй гэж тус улсын албаныхан анхааруулж байна.

Г.ЛХАГВА

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.