Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ЭНД Ч, ТЭНД Ч ХАЙХРААГҮЙ Ш.АЛТАНТУЯАГИЙН АМИЙГ ЕСӨН ЖИЛИЙН ДАРАА МАЛАЙЗЫН ШҮҮХ “ҮНЭЛЭВ”

-Монголоос Ажлын хэсэг томилогдож очихын өмнөхөн шүүх хурал болжээ

Монгол Улсын иргэн Шаарийбуугийн Алтантуяаг Малайзын цагдаа нар хэрцгийгээр хөнөөсөн хэрэг гарснаас хойш есөн жил өнгөрсөн. Гэвч хэрэг хуучирдаггүйг батлан өчигдөр тус улсын Холбооны дээд шүүхээс Азилах Хадри болон Сирул Азхар Умар нарыг уг хэрэгт буруутган цаазаар авах ял ногдуулжээ. “Монгол эмэгтэйг онц хэрцгийгээр хөнөөсөн хэрэг малайзчуудын сэтгэхүйд одоо ч нөлөөлдөг” гэж Куала-Лумпур дахь BBC-гийн сурвалжлагч Женнифер Пак бичсэн байна. Улс төрийн элит хүрээнийхнээс хол байх хэрэгтэйг энэ явдал малайзчуудад сануулдаг агаад “Болгоомжтой байхгүй бол дэлбэлүүлнэ шүү” гэсэн яриа байдаг нь ч Ш.Алтантуяагийн хэрэгтэй холбоотой гэнэ. Малайзын хэвлэл мэдээллийн гол хэрэгслүүд төрийн мэдэлд байдаг. Тиймээс өөр эх сурвалжаас мэдээлэл олох, улс төрч, элитүүдийн тухай сонин хачныг олж сонсоно гэдэг “амттай” ч, аюултай ч хэрэг гэдгийг Пак онцолсон байна. Эл тогтсон “уламжлал”-ын хохирогч нь Ш.Алтантуяа. Түүнийг Франц, Малайзын Засгийн газар хоорондын 1.3 тэрбум ам.долларын шумбагч хөлгийн хууль бус наймаа болон Францын хөлөг худалдаалагчдаас Малайзын улстөрчид их хэмжээний хахууль авсан хэргийн гэрч болсон учраас амиа алдсан гэж үздэг. Өчигдөр Малайзын Холбооны дээд шүүхээс цаазын ял сонссон Азилах Хадри, Сирул Азхар Умар нар одоогийн Ерөнхий сайд, Ш.Алтантуяаг амиа алдах үед Ерөнхий сайдын орлогч байсан Нажиб Разакийг хамгаалдаг, Цагдаагийн тусгай хороонд ажиллаж байсан юм. Тэдэнд өмнө нь 2009 онд ялын дээд хэмжээ оноож байсан ч дөрвөн жилийн дараа ялыг хэрэгсэхгүй болгожээ. Харин энэ удаа тэдний давж заалдах эрхийг цуцалж, Малайзын хуулийн дагуу дүүжилж хороохоор болж байна. Гэхдээ тэд өөрсдийгөө гэм буруугүй гэдэг. Нэг нь шүүх танхимд өөрийгөө бусдын гар, хөл болсон гэж ам алдаж байсан ч хэргийн цаад эзэн хэн болохыг илчлээгүй. Талийгаачтай хувийн харилцаатай байсан гэх, Нажиб Разакийн ойрын холбоотон, улс төрч Абдул Разак Багиндаг аллагад холбон баривчилсан ч 2008 оны аравдугаар сарын 31-нд цагаатгасан байдаг. Одоо тэрбээр Их Британид амьдардаг гэх мэдээлэл бий. Харин Нажиб Разак энэ хэргийн талаар юу ч мэдэхгүй, Малайзад хэлмэрчээр ажиллаж байсан Ш.Алтантуяатай нэг ч удаа уулзаж байгаагүй гэдэг юм.

С.ШААРИЙБУУ: ЭНЭ БОЛ “МАНАЙ ТАЛ ЯЛЧИХЛАА” ГЭЖ БАЯРЛАХ ЗҮЙЛ БИШ

Шүүх хурлын талаар манай талд албан ёсны мэдээлэл ирүүлсэн, эсэхийг тодруулахаар ГХЯ-ны Консулын газрыг зорин очсон ч харганын ноос түүж, эсгий хийхийн үлгэр шиг юм болов. Консулын газрынхнаас мэдээлэл авахын тулд ГХЯ-ны хэвлэлийн албаар дамжуулан хүсэлт гаргах ёстой гэнэ. Хэвлэлийн албанаас тэр хүсэлтийг нь авахын тулд бас нэг анкет бөглөх шаардлагатай аж. Түүнийгээ авчирч өгөхийг нь хүлээх зуур идэвхтэй нь аргагүй бичих үзэг, балаа бэлдчихээд зогсож байтал “Шүүх хурлын шийдвэрийн талаар албан ёсны мэдэгдэл ирээгүй байгаа учраас хэвлэлийнхэнд мэдээлэл өгөхгүй. Албан ёсны мэдээллийг нэгтгэж дуусахаар хэвлэлийн хурал зарлана. Харин талийгаачийн аав Шаарийбуу гуай манайхтай байнга холбоотой байгаа учраас тэр хүн бүх зүйлийг мэдэж байгаа. Өөрөө зөвшөөрвөл түүнээс мэдээлэл авч болно” гэсэн хариу сонсох нь тэр. Монгол бүсгүй хүний нутагт харамсалтайгаар амиа алдсан хэргийг Малайзын шүүх энэ олон жилийн дараа хааж байхад манай ГХЯ, Консулын газрынхан “Бидэнд албан ёсоор мэдэгдээгүй” гээд сууж байгаа хэрнээ сэтгүүлч миний хийх ажлыг заадаг нь зүйд нийцэх болов уу.

Талийгаачийн аав С.Шаарийбуутай ярилцлаа.

-Монголын иргэн Алтантуяаг хөнөөсөн хэрэгт холбогдуулан Малайзын шүүх хоёр цагдаад ялын дээд хэмжээ оноосон байна. Энэ бол охиноо харамсалтайгаар алдсан аав хүний хувьд баярлаад байх зүйл биш ч, шударга үнэний төлөө олон жилийн турш уйгагүй тэмцсэн таны хувьд нааштай мэдээ байх. Энэ тухай та хэзээ мэдэв?

-Энэ бол “Манай тал ялчихлаа” гэж баярлаад байх зүйл биш. Харин ч энэ бол Монгол Улс эзэнгүй, арчаагүй, сул дорой байгаагийн илрэл гэж хэлнэ. Яагаад гэхээр бүс нутагтаа хамгийн их анхаарал татсан, ээдрээтэй орон гэгддэг Малайзад хэдэн зуун монголчууд амьдарч байхад тэнд манай Консулын газар байхгүй. Малайзад Монголын Консулын газар байгуулах тухай асуудлыг би Н.Алтанхуягийг Ерөнхий сайд байхад нь хэлж байсан. Энэ бол ганц миний бус, олон монгол хүний эрх ашиг. Гэтэл мөнгөгүй гээд ганц Малайзыг л Засгийн газрын хуралдаанаар хассан. Ямар учиртайг нь мэдэхгүй юм. Уржигдар буюу энэ сарын 12-нд Малайзын хэвлэл мэдээллийн хэрэгслээр шүүх хурал болох гэж байгаа тухай анх цацсан юм билээ. Тэр даруйд нь Малайзаас хүмүүс над руу мэдэгдсэн. Би ч Гадаад харилцааны яамныханд энэ тухай хэлсэн. “Манайх чинь тусгаар тогтносон улс байна даа. Та нар Малайзын талд ноот бичиг юм уу, эсвэл төлөөлөгчөө явуулах ёстой юм биш үү. Тэд биднийг үл тоож, манай талд урьдчилан мэдэхгүйгээр шууд шүүх хурал хийж болохгүй биз дээ. Олон улсын эрх зүйн хэм хэмжээ гэдэг чинь нэгнийхээ эрхэнд дураараа халдаж болдог тийм хэврэг зүйл юм уу” гэж хүртэл амыг нь асуулаа. Өөрөө ч бас өнөөдөр (өчигдөр) Малайзын талд мэдэгдэл хүргүүлсэн байгаа. “Энэ хэргийг шударгаар шийднэ гэдэгт итгэж байна. Үүнийг яаж шийдэхээс хоёр улсын ард түмний эрх ашиг хөндөгдөнө шүү” гэсэн мэдэгдэл юм.

-Тэр мэдэгдлээ та ГХЯ-аар дамжуулж явуулсан юм уу. Эсвэл танд тэднээс ч түргэн шуурхай холбоо тогтоох эх сурвалжууд байдаг уу?

-Хүн чанартай хүмүүс муугаасаа олон шүү дээ. Малайзад ажиллаж амьдардаг, сурдаг олон монгол хүн надад тусалдаг. Дээрээс нь тэндхийн сөрөг хүчнийхэн гэж том сүлжээ байна. Тэднээр дамжуулан мэдэгдлээ явуулсан. Цагийн дараа гэхэд олон нийтийн хэрэгслээр нь цацна гэсэн.

-Есөн жилийн дараа ч болов Малайзын тал энэ хэргийг эцэслэн шийдлээ. Та ер нь үүний учир шалтгааныг хэрхэн харж, дүгнэж байна вэ?

-Энэ хэргийг эцэслэн шийдсэнээрээ тэд олон улсад унаад буй нэр хүндээ сэргээх үүрэгтэй байсан. Үүнийгээ л биелүүллээ. Гэхдээ энэ хэргийн тухай үнэнийг ам нээх магадлалтай сүүлчийн хоёр гэрчийг цааш нь харуулах сонирхол хамгийн их байсан нь бас үнэн. Бүх гэрч, өмгөөлөгчийг устгасан шүү дээ. Одоо харин тэр хоёр цагдаад бүх зүйлийг үүрүүлээд, ард нь байгаа жинхэнэ хэрэгтнийг сул орхилоо гэж харж байгаа. Тиймээс бид ингээд л орхичихож болохгүй. Энд нэг нууц дэлгэхэд, шинээр томилогдсон Гадаад харилцааны сайд саяхан намайг хүлээн авч уулзаад Хууль зүйн яам, Консулын газрын төлөөлөл, Хүний эрхийн үндэсний комиссын дарга тэргүүтэй хүмүүсийг байлцуулан хуралдсан юм. Тэгээд энэ хэрэг дээр Монголоос анх удаа ажлын хэсэг томилон, нэгдүгээр сард Малайз руу явуулахаар тохирч, тэдний талд мэдэгдсэн. Малайзын тал ч биднийг хүлээж авахаар зөвшөөрсөн байсан. Тиймээс тэд манайхныг очихоос өмнө яаран шүүх хурал хийсэн байж болох талтай.

-Ямартай ч та энэ олон жилийн турш итгэл найдвараа алдаагүй зүтгэсний хүчээр тэднийг давж гарлаа шүү дээ.

-Монголд хүний эрх гэдэг зүйлийг эдлэх нь байтугай эрээд олддоггүй юм байна гэдгийг би сайн ойлгосон. Гэхдээ итгэл найдвараа алдаагүй. Манай өмнөх өмгөөлөгч ч тэгж хэлдэг байсан. Тийм ч учраас би дахиад өмгөөлөгч хөлсөлсөн. Нэгэнт амь насаараа хохирсон эхийг нь байг гэхэд амьд байгаа хүүхдүүдийнх нь эрхийг хамгаалаад өгөөч гэж олон жил хөөцөлдлөө. Хүүхдийн төлөө үндэсний газрыг би хүүхдийн эрхийг хамгаалдаг конвенц байхаас нь л хандаж, “Малайзын Хүүхэд, эмэгтэйчүүдийн яамныхантай холбоо тогтоогоод өгөөч. Тэд хүмүүнлэгийн янз бүрийн арга хэмжээ их зохиодог юм билээ. Тиймээс охины минь ард бүлтийгээд үлдсэн эрүүл, өвчтэй хүүхдүүдийнх нь эмчилгээ, сургалтын зардалд нэмэрлэе” гээд өргөдөл өгтөл өнөөхийг минь олохоо байчихсан гэсэн. Ийм л байна. Аргаа бараад би сүүлийн үед хоёр л зүйл хэлдэг болсон. Монголын хүний эрхийн болон хууль, хяналтын байгууллагууд, холбогдох төрийн түшээдэд “Хэрэв та нарын эрх мэдэл, чадал чансаа, хүсэл зориг дутаад миний гомдлыг шийдэж өгч чадахгүй гэвэл тийм бичгээ хийгээд өгчих. Тэгвэл өнчин өрөөсөн хүүхдүүдийг нь дагуулаад бидний эрхийг хамгаалах өөр улсад очиж амьдаръя. Тийм орон байх байлгүй” гэдэг. Гэвч тийм бичиг хийж өгөхгүй юм. Малайзын талд харин “Та нар миний охиныг хөнөөсөн нь тогтоогдсон алуурчдыг суллаж байгаа юм чинь монгол хүн, тухайлбал би малайзчуудыг яасан ч болох нь ээ. Энд мөн л танайхны нэгэн адил хууль үйлчлэхгүй” гэдэг асуудал сөргүүлэн тавьдаг болсон.

Г.ЛХАГВА

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.