Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Б.Гарамгайбаатар: Өрийн талаар нэгдсэн ойлголтод хүрэх нь зүйтэй гэж үзсэн

АН-ын бүлгийн хуралдаанаар Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн мэдээллийг сонсчээ. Гишүүд малын хөлийн болон нийслэлийн татвар, зарлага бууруулж, орлого нэмэгдүүлэхийн тулд эдийн засгийн хоёр дахь зах зээл болох Хөрөнгийн биржийг хэрхэн ажиллуулах талаар голчлон саналаа хэлжээ. Мөн арилжааны банк, банк санхүүгийн байгууллагуудын дүрмийн санг нэмэгдүүлэх замаар далд байгаа мөнгийг ил гаргах талаар ч байр сууриа илэрхийлсэн байна.

Түүнчлэн Өрийн удирдлагын хуулийн төслийг өргөн барьсантай холбогдуулан Сангийн яамныхнаас мэдээлэл сонсож, зарчмын хувьд хэлэлцэхийг дэмжжээ. Сангийн яамнаас дөрөв хоногийн дотор нэмэлт мэдээлэл өгсний дараа  нэгдсэн ойлголтод хүрэх нь зүйтэй гэж бүлгийн гишүүд үзжээ. Үүнээс гадна Тавантолгой төслийн талаар М.Энхсайхан сайдын мэдээллийг сонссон аж. Тус төслийн талаар 7-14 хоног тутамд мэдээлэл авч, ажлын явцтай танилцан, Засгийн газрын болон УИХ-ын шийдвэрийн биелэлтэд хяналт тавьж байхаар болсон байна.

Мэдээллийнхээ дараа АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар сэтгүүлчдийн асуултад хариуллаа. 

 

-Төсвийн тодотголын хүрээнд хэлэлцэж буй зарим төрлийн татвартай холбоотой асуудлаар Бүлгийн гишүүд байр сууриа нэгтгэсэн үү?

-Ажлын хэсэг шинээр байгуулж, зөрүүтэй ойлголтуудаа нэгтгэнэ. Хөдөө, орон нутаг болон тойрогтоо ажиллаад ирсэн гишүүд татвартай холбоотой асуудлуудад нэлээд болгоомжтой хандах ёстойг анхааруулж байгаа.

Тодотголын төсөлд “авлигажсан” гэх зарим төсөл багтжээ. Тухайлбал, авто замын засвар, арчилгаанд 25 тэрбум төгрөг төсөвлөсөн байна. Эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотойгоор тэдгээрийг хойшлуулж болдоггүй юм уу?

-Бүлгийн гишүүд мөн энэ саналыг тавьсан. Зам бол нялх хүүхэдтэй адил. Барьж дууссаны маргаашаас л арчилгаа шаарддаг. Дээрх зардал Авто замын тухай хуулийн дагуу Замын сангийн хөрөнгө оруулалтад хамаардаг. Өнөөдөртөө замын засвар, арчилгааг зогсоож болох ч алсдаа илүү их зардал шаардах болно.

Нөгөө талаас аж ахуйн нэгжүүдээр гүйцэтгүүлсэн барилгуудын санхүүжилтийг  энэ оны төсөвт тусгахгүй бол өрийн сүлжээ улам газар авна.

-Өрийн удирдлагын тухай хуулийн төсөлд Засгийн газар баталгаа гаргах талаар тусгасан байсан. Баталгаа гаргуулах компанид ямар шалгуур тавих вэ?

-Эхний ээлжинд өр гэж юуг хэлэх, дээрх хуульд алийг нь хамруулахаа тодорхой болгосны дараа нарийвчилж ярилцахаар болсон. Өөрөөр хэлбэл, энэ асуудлыг хараахан ярилцаагүй байна.

-Өрийн удирдлагын тухай хуулийн төсөлд өрийн таазын хэмжээг тусгасан уу?

-Эл асуудлын хүрээнд парламентад суудалтай намуудтай байгуулсан хамтын ажиллагааны гэрээг мөрдөж байгаа. Гэрээнд өрийн таазыг нэмэгдүүлэхгүй байхаар тусгасан учраас Өрийн удирдлагын тухай хуульд тийм зүйл тусгаагүй. Харин Засгийн газрын баталгааны асуудлаар ярилцаж байна. Өөрөөр гэрээг зөрчсөн зүйл байхгүй.

Гэхдээ бодит байдлыг харахад өрийг нэмэгдүүлэхээс өөр аргагүй байгаа юм биш үү?

-Энэ тодотголын хүрээнд талууд өнөөгийн байдлыг хүлээн зөвшөөрье, цаашид бондын болон богино хугацаатай зээл авахгүй байхаар тохиролцсон.

-Банк, санхүүгийн байгууллагуудын дүрмийн санг нэмэгдүүлбэл хэд нь давж гарах бол?

-Энэ бол Р.Амаржаргал гишүүний гаргасан энэ санал. Үүнийг олон гишүүн дэмжсэн. Энэ нь эдийн засгийг сайжруулах, эх үүсвэрийг нэмэгдүүлэх арга зам олох тал дээр Сангийн яам болон холбогдох байгууллагууд учир дутагдалтай ажиллаж байна гэж үзсэнтэй холбоотой. Өнөөдөр арилжааны банкнаас том дүрмийн сантай Банк бус санхүүгийн байгууллагууд байна. Дээр нь арилжааны банкууд ББСБ байгуулан ашиг олж байгаад гишүүд шүүмжлэлтэй хандсан. Иймд үүнийг судалж үзэх зайлшгүй шаардлага тулгарч байгаа юм. Түүнчлэн Монголд үйл ажиллагаа явуулж байгаа гадаадын хөрөнгө оруулалттай компаниудын хувьцааг монголын Хөрөнгийн биржээр худалдаалах тухай ч хөндсөн.

-АН-ын дарга З.Энхболд нарийн бичгийн дарга нараа парламентын гишүүдээс сонгосон байна. Энэ нь дүрэмдээ нийцэж байгаа юм уу?

-АН-ын дарга бүтэц, бүрэлдэхүүнээ хэрхэн томилох нь түүний эрх. Энэ хүрээнд намын шинэ дарга УИХ-ын гишүүдээс намын нарийн бичгийн дарга нарыг сонгохоор оруулж ирснийг Бүлгийн гишүүд дэмжсэн.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.