Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

П.Нямлхагва: ХАЙРЫН ШАНАЛАЛ, ЗОВЛОНГ ХҮН ЗҮРХЭЭРЭЭ ИЛҮҮ МЭДЭРДЭГ

Яруу найрагч П.Нямлхагвагыг “Зочин” буландаа урьж ярилцлаа.

-Сүүлийн үед Та нам жим байх боллоо. Уншигчидтай шинэ бүтээлтэй уулзах гээд үүцлээд байна уу?

-Уран бүтээлийн тухайд сонирхуулж ярих зүйл бий. Оноос өмнө “Алтан хагсуурга” нэртэй яруу найргийн номоо хэвлүүллээ. Бүтээл маань олон хүний сэтгэлд нийцсэнд их баярлаж, урам орсон шүү. Үргэлжилсэн үгийн бүтээл сонирхож, аян замын тэмдэглэл, хөрөг найруулал бичиж эмхтгээд байна. Саяхан хоёр ихэр хүүтэй боллоо. Гэр зуураа аавын үүргийг гүйцэтгээд ойрд зав муутай. 

-Баяр хүргэе. Та чинь хөл газарт хүрэхгүй баярлаж яваа хүн байна шүү дээ? 

-Тийм ээ. Би их бэлгэшээж байгаа. Надад ихэр хүү заяана гэдэг бурхны хайрласан бэлэг, буурлын минь зөв сайхан амьдарсны буян. Эхнэр бид хоёрын баяр төдийгүй, удам судар, өвөг дээдсийн минь бахархал юм даа. 

-Танд жүжгийн зохиолын санал хэр их ирж байна вэ? 

-Нэг бус удаа санал ирсэн. Ардын жүжигчин Энхтайван ахын найруулсан “Тэнгэрийн хүү” кино зохиол бичсэн. Өнөө цагийн уран бүтээлчид найраглал, дурсамж, роман, сонет бичихээ больжээ. Уран бүтээлч хүнийхээ хувьд утга зохиолын бичлэгийн бүх төрөл зүйлд өөрийгөө сорьж үзье гэсэн бодолтой явдаг. Гавьяат жүжигчин Түвшинтөгс ах санал тавьснаар шашин соёл, этник чиглэлийн сэдэв хамарсан “Уяхан замбуу тив” нэртэй жүжгийн зохиол туурвиж байна. Төвд хэл, буддын шашин соёл бол миний мэргэжил. Надад энэ талаар бичих илүү дөхөм санагддаг. 

-Бурхны сургаалийн ном уншиж байхад ямар бодол төрдөг вэ? 

-Бурхны сургаал амар амгалан, ёс суртахууныг шингээсэн байдаг. Буддын гүн ухааныг уншиж байхад хүн байхын утга учир, амьдралын нарийн ширийн олон зүйлийн тухай бодогдуулдаг. Хүн төрөлхтөн өөрийн шүтдэг шашнаасаа урваж, буддын сургаал номлолыг судалж, агууг нь мэдрэх тусам сүсэг бишрэл нь өөрийн эрхгүй төрдөг. Хүн итгэж, үнэмшсэн зүйлээ хайрлаж, дээдэлдэг шүү дээ. Миний хувьд мухар сүсгээс ангид байдаг. Гэхдээ огт сүсэггүй бас биш ээ. Cуварга, бурхан харж залбирахаасаа илүү гүн бишрэлийг сэт гэлдээ илүү тээж боддог. 

-Ta морины дуутай цомог гаргасан байх аа? 

-Тийм ээ. “Морин зул салхи” нэртэй цомог 2008 онд гаргасан. Тэр жил өөрийнхөө шүлгүүдээр уран бүтээлийн цэнгүүн хийсэн юм. Миний олон шүлэг дуу болсон. Би дууны яруу найраг арай өөр байх ёстой гэдгийг 1997 оны үеэс мэдэрч эхэлсэн. Дуу заавал нэг мөрөндөө дөрвөн үгтэй, нэг бадагтаа дөрвөн мөртэй, дахилтаар хайрцагласан байх албатай биш. 1999 онд анх “Галбингаа цэнхэр дэлхий” дууны үгийг зохиож, дуучин Ариунбаатар дуулан, хайрын дууны наадамд оролцож байлаа. Үг, аялгуу нь өнөөгийн дуулагдаад байгаа дуунаас өөр л дөө.

Миний дуунууд нийтэд түгэх байдлаараа, хүн болгоны сэтгэлд амархан буугаад байдаггүй. Энэ ч утгаараа дууны шүлэгт шүүмжлэлтэй ханддаг. Үеийнхээ уран бүтээлч найз нөхдөд байнга шүүмжийн үг хэлж, дургүйг нь хүргэдэг тал бий. Хамгийн сүүлд хөгжмийн зохиолч Т.Сэр-Одтой хамтарч, “Сэтгэлийн цэнхэр хорвоо” дуу бүтээсэн.

Энэ дууг ТV-9 телевизийн хөтлөгч Болорчимэг амилуулсан. Хамтарч уран бүтээл хийсэн дуучдаас Хишигбаяр “Зоргоор жаргалтай эх орон”, Ариунбаатар “Галбингаа цэнхэр дэлхий”, хөгжмийн зохиолч Мөнхжаргал “Аав минь”, Өлзийбаяр “Хайрла юу” гээд цомгоо нэрлэсэн. 

-Таны хайрын шүлгүүд их гэгэлгэн санагддаг… 

-Хүн төрөлхтний мөнхийн сэдэв бол хайр. 1990-ээд оны үед хүмүүсийн оюун санаа, сэтгэл зүрх нь ариун байжээ. Нэгнээ чин сэтгэлээсээ хайрлаж, бас хамгаалж чаддаг байсан. Залуу насанд тохиолддог гэнэн дэврүүн сэтгэлээр дурлан, тунирхаж явсан дурсамжууд бий л дээ. Энэ бүхэн уран бүтээлд минь шингэж үлдсэн.

Хайрыг би хамгийн нандин зүйл гэж боддог. Нандин зүйлээ нандин чигээр нь хадгалж үлдэнэ гэдэг өнөө үед эргэлзээтэй болчихсон. Хайр үнэ цэнэгүй болсон тул хүн төрөлхтөн эргүүлж бий болгохоор эрэлд мордож байна шүү дээ. 

-Хүмүүс өөрсдөө хайрыг үнэ цэнэгүй болгоод байгаа юм биш үү? 

-У.Шекспир “Ромьео Жульетта” хэмээх алдартай бүтээлээ бичиж байх тэр үед хайртай хүнийхээ хойноос өөрийгөө золиосолж чаддаг байжээ. Ийм хайр тухайн үед үнэхээр байсан. Биднээс өмнөх үеийн зохиолчдын бүтээлд хайрынхаа төлөө тэмцсэн тэмцлийг өгүүлсэн л байдаг.

Тухайлбал Ж.Бямба гуайн “Энэрэлгүй хорвоо” романд дурлалт бүсгүйгээ оргуулж аваад, хошуу нутгаасаа хөөгдөж, хүний нутаг дамжин амьдарч байсан бодит амьдралын тухай тусгасан л байдаг. Хайртай бол хадан агуйд ч амьдрах сэтгэл байсан. Гэтэл өнөөгийн залуус хайртай хүнийхээ төлөө үхнэ гэвэл их гайхна. Үнэн хэрэгтээ үхэж чадах зориг ч байхгүй. Энэ чинь хайр гэдэг нандин зүйл байхгүй болсныг хэлээд байна.

Сэтгэлээс илүү эд хөрөнгө залуусын сэтгэлийг илүү ноёлж байгаа. Хүнтэй танилцсан нэгнээсээ нөгөө нь “Энэ нөхөр чинь байр, машинтай юм уу” гээд асууж байх жишээтэй. 

-Сүүлийн үед телевизээр гарч буй Солонгосын цуврал кино залуусын хайр сэтгэлд хандах сэтгэлгээг өөрчлөөд байна? 

-Манайхан гаднаас ямар нэг зүйлийг халдварлаж авахдаа амархан. Азийн орнуудаас солонгос, япончууд хамтран амьдрах хэлбэрийг илүү сонгодог. Гэр бүлийн амьдралд тэгш эрхтэй байх ёстой гэж үздэг. Залуус хайрыг өнгөц ойлгоод байна. Гэрлэсэн бол нэг нь нөгөөдөө захирагдаж, эрх чөлөөгүй болно гэж буруу боддог.

Сүүлийн үед солонгос кино монголчуудын сэтгэлгээг эвдэн, цөвтүүлж байна. Хайрын үнэ цэнэ байхгүй болчихсон учраас үүнийг мэдрүүлэхийн тулд солонгосчууд цуврал кино хийсээр байна. Залуус нь кино үзчихээд, нээрээ л ийм хайр байдаг юм байх даа гэж гайхаж байсан гэдэг. 

-Хамтран амьдрах хэлбэр монгол ёс заншилд зохихгүй юм биш үү? 

-Монголчууд гал голомтоо бадрааж амьдрахад ухаантай хандаж ирсэн. Энэ нь зөвхөн бүсгүйн хүрээний асуудал биш юм. Үе үеийн монгол залууст бүсгүй хүнтэй дэр нэгтгэх нь удам судрынхаа уран тангаргыг хойшид ариунаар нь авч явах томоохон асуудал байсан.

Өөрөөр хэлбэл өвөг дээдсийнхээ удмын ариун голомтыг сэвтээхгүй авч явна гэдэг эр хүн бүрийн үүрэг байж. Түүнээс биш гэргийдээ үнэнчдээ бус, бие биедээ хайртайдаа бус гал голомтоо ариунаар нь бадраах агуу бодол байсан. Монгол эр хүн гал голомт нь хэдий чинээ ариун нандин, өнгөлөг дүрэлзэн бадарч байна, төдийчинээ итгэл дүүрэн, сэтгэл хангалуун амьдарч чаддаг.

Эмс хүүхэнтэй самуурч, архи дарсны хойноос хөөцөлдөөд эхлэхээр удам сударт нь сэв сууж эхэлдэг. Хүн хэдий чинээ жудагтай явна төдий чинээ ухаантай амьдарна. Хүн хэдий чинээ замбараагаа алдана төдий чинээ үр хойчдоо гай удна. Хүн хэрхэн амьдарсны үр дүн нь хэзээ хойно гардаг гэдгийг мартаж болохгүй. Энэ хорвоод нэг л удаа амьдрах юм чинь сэтгэлдээ харамсал тээх хэрэггүй шүү дээ.

-Одоо хоёулаа энгийн зүйл ярилцъя. Гэр бүлээ танилцуулаач?

  -Манай гэр бүлийн хүнийг Амгалан гэдэг. Улаанбаатар их сургуульд япон хэлний багш. Бид гурван хүүхэдтэй, өнөр өтгөн, энгийн гэр бүл. 

-Ханьтайгаа анх хаана, хэрхэн танилцаж байв даа? 

-Дорно дахины судлалын сургууль дүүргээд, Улаанбаатар их сургуульд багшилсан. Тэнд эхнэр маань ажиллаж байсан. Тэр үеэс дотносож, нэг нэгнийхээ зан араншинг танин, гэр бүл болсон. Эхнэр маань их дайчин, шаргуу, өөртөө итгэлтэй, юманд нямбай, цэгцтэй ханддаг. Энэ занд нь сэтгэл татагдсан. 

-Анхны харцаар дурласан уу? 

-Үгүй ээ. Анхны харцаар дурладаг гэдэгт би итгэдэггүй. Үзэл бодол, хүсэл сонирхол нийлэхээр хүн нэг нэгэндээ өөрийн эрхгүй татагдаж эхэлдэг. Бид ингэж л анх нөхөрлөсөн. Амьдралд сонголт гэдэг зүйл хамгийн чухал. Сонголтыг дагаад мэдрэмж бас байх хэрэгтэй.

Би амьдралыг тэр чигээрээ мэдрэмж гэж ойлгодог. Мэдэрч байж аливаа сонголтыг хийнэ. Надад баримталж явдаг нэг философи байдаг. “Хэмнэж биш олж амьдрах юмсан. Зүтгэж бус мэдэрч амьдрах юмсан” гэж. Амьдралд хайраас илүү ухаан, тэвчээр их хэрэгтэй. 

-Өнөө үед эрчүүдийн амьдралд эзэн байх байр суурь уначихаад байгаатай Та санал нийлэх үү?

 -Би эрчүүдээ өмөөрөх дуртай. Монгол эрчүүдэд дэлхийд гайхагдах ухаан, авьяас, чадвар бий. Гэр бүлээ хэнээс ч дутахааргүй, өөдрөг сайхан авч яваа залуус олон. “Хань болж чадвал хар чөтгөр ч хамаа байж уу” гэж монголчуудын эртний аман зохиолд өгүүлсэн байдаг. Энэ үг нэг нэгнээ хайрлаж байгаа бол гадаад үзэмж хамаагүй гэсэнтэй дөхөж очих болов уу.

-Аз жаргал ойрхон байдаг юм уу?

  -Аз жаргал хүнд өөрт нь л байдаг. Түүнийг холоос хайх хэрэггүй. “Мөнгө газраар нэг байдаг зүйл. Харин түүнийг бөхийж авах хэрэгтэй” хэмээх эртний мэргэн үг бий.

Өөртөө аз жаргал байгааг мэдэр л дээ. Мэдэрч чадвал жаргана. Амьдрал их сонин. Жаргалаа зовлон, зовлонгоо жаргал болгож байгаа хүн олон байх юм. Ингээд бодохоор аз жаргал сэтгэлийн асуудал юм шиг ээ.

Түүнээс биш хундага дарсны амтанд байдаг зүйл биш байх. Дээрхийн гэгээнтэн далай лам Данзанжамц “Аз жаргал гэж дотоод сэтгэлийн ариуслыг хэлнэ” гэж хариулсан байдаг. Хүн сэтгэлээрээ ариун байгаа үедээ жаргалтай байдаг. Хүнд атаархаж, баяжихын тухай өдөр шөнөгүй мөнгө зүүдлээд байвал зовлон болж хувирна.

Бурхан багш “Хүн өөрөө өөрийнхөө аврал” гэж хэлсэн байдаг даа. 

-Та амьдралд хэр хүлээцтэй ханддаг хүн бэ?

  -Намайг хүмүүс дүрэлзсэн, омголон зантай гэж хэлдэг. Би хүнийг араас нь биш нүүр рүү нь хараад үнэнийг нь шударга хэлэх дуртай. Энэ зан маань олон хүний дургүйцлийг төрүүлдэг байж болох. Хүн л юм чинь уурлаж, бухимдах асуудал амьдралд гарна. Бухимдсандаа зарим найз нөхөдтэйгээ гар зөрүүлчихмээр, бас элдэв муугаар хэлчихмээр санагдах үе байдаг. Ийм үедээ дотоод сэтгэлтэйгээ ярилцах дуртай. 

-Сэтгэл гэдэг хуурамч, харин зүрх үнэнч гэж ярьдаг биз дээ? 

-Тийм ээ. Зүрх цохилж байгаа цагт хүн амьдардаг. Өнөө үед зүрхгүй юм шиг хүн олон болжээ. Хүн тархиараа биш зүрхээрээ дурладаг. Хайрын шаналал, зовлонг зүрхээрээ илүү мэдэрдэг. Хүний дотоод таван цул эрхтэн сэтгэлийг илэрхийлж байдаг. Элэгний хорт хавдрын эсрэг дэлхий нийтээрээ толгойгоо гашилгаж байсан үе бий. Элэг амьтай эрхтэн юм. Хүн баясах тусам эдгэдэг.

Монголчууд хэзээ ч дэмий үг хэрэглэдэггүй. Тухайлбал, энэ хүү манайд өссөн хэрнээ элэг нь буруу хүн байгаа юм гэж хөгшчүүл ярьдаг даа. Тэгэхээр элэг сэтгэлийн, харин зүрх хайрын эрхтэн байна шүү дээ. Шинжлэх ухаан ч үүнийг хүлээн зөвшөөрөх болсон. Сэтгэл гэдэг зүйлийн гол түлхүүр нь үг. Хүний нандин чухал харилцааны хэлбэр юм.

Үгээр хүнийг үхүүлж, бас амьдруулж ч болно. Монгол хүнд хэлж болдоггүй үг гэж бий. Өнөө үед хэлд, хөлд орж байгаа хүүхэд элдвийн үг хэлж өсөж байна.

-Гэр бүлдээ хэр халамжтай хүн бэ, Та?

-Аль болох халамжлахыг хичээдэг. Гэртээ амарч байх хугацаандаа нялх биетэй эхнэрээ хөдөлгөөд байхыг боддоггүй. Амьдралд би шунаж амьдрахыг хүсдэггүй. Мөрөөдөл, хүслээ дагаж амьдарсаар ирлээ. Уран бүтээлч болох юмсан гэж мөрөөддөг байсан минь биелсэн. Авьяас гэдэг арвайг ургуулахын тулд чамгүй ч хичээсэн. 

-Та яруу найрагч болсон түүхээ ер ярихгүй юм аа? 

-Энэ их сонин түүхтэй. Үнэнийг хэлэхэд би үг зөв бичиж чаддаггүй хүүхэд байсан. 10 үг бичихэд есийг нь алддаг байлаа. Хөдөө дөрвөн жил мал малласан маань яруу найрагч болоход их нөлөөлсөн гэж боддог. Хүн зэлүүд газар байхаараа их уйддаг юм билээ. Унших дургүй ч байсан уйдсандаа ном сонирхон уншиж эхэлсэн. Унших тусам номны ид шидэнд татагдсан гэх үү дээ. Нэг л мэдэхэд шүлэг холбодог болчихсон байлаа. 

-Зун болчихлоо. Нутгаа санаж байна уу?

  -Их хотын нүргээнт дуу чимээ, олны уурлаж бухимдсан цухалдлаас түр боловч холдохыг хүсдэг. Амар тайван, уудам сайхан талаа өөрийн эрхгүй санана. Үүрэн телефон хөгжсөн болохоор утсаар хоёр хөгшинтэйгээ ярилцаж, амар мэндийг нь асуучихна.

Нутагтаа хөл тавихад шороо нь хүртэл сайхан үнэртдэг. Заримдаа бүр зүүдлэнэ гээч. Тэндээс уран бүтээл туурвих эрч хүч тээж ирдэг. Нутгийнхаа өвгөдтэй уулзаж, яриаг нь сонсох дуртай. Буурлуудын минь туулсан амьдрал нэг бодлын боть, судар шиг санагддаг. “Цаг цагаараа байдаггүй, цахилдаг хөхөөрөө байдаггүй”-н учрыг асуухад үзсэн дуулснаасаа авахуулаад амьдрал, дэлхий ертөн цийн гайхамшгийн тухай өгүүлдэг.

Г.БАТЦЭЦЭГ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.